Friday, October 17, 2008

Монголын маркетингийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж багштай хийсэн ярилцлага


Маркетинг бол зах зээлийн судасны цохилтыг мэдрэгч,
бүтээлч шинжлэх ухаан

Өнгөрсөн бямба гариг буюу 10 сарын 11нд “Монгол Шилтгээн” цогцолборт их дээд сургуулийн профессор,багш нар”Маркетингийн сургалт судалгаа, бизнесийн хөгжил” сэдэвт үндэсний семинар амжилттай болж өндөрлөлөө. Үндэсний семинарт маркетингийн сургалт эрхэлдэг 20 гаруй их дээд сургуулийн багш судлаагчид бизнесийн байгууллагад ажилладаг практикийн маркетерууд нийтдээ 90 орчим маркетингийн мэргэжилтэн оролцсон юм. Үндэсний семинарыг удирдсан Монголын Маркетингийн Холбооны ерөнхийлөгч, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Дагвадорж багштай уулзаж ярилцсан юм. Үндэсний семинарт Проф.Д.Дагвадорж, Док Б.Даваасүрэн, Л. Бурмаа нарын багш судлаачид , “ Зоос банкны хүний нөөц хөгжлийн төвийн захирал Ш.Алтанцэцэг, Маркетингийн судалгааны “ MMCG” компанийн захирал Д,Бумэрдэнэ нарын тавих 10 орчим илтгэлийг шүүн хэлэлцэж Монголын маркетингийн хөгжлийн өнөөгийн байдалд үнэлгээ өгөн зах зээлд ажиллах стратеги бодлогыг боловсруулахад маркетеруудын гүйцэтгэх шинэ үүргийг тодорхойлов. Даяаршлын шинэ ертөнцөд зах зээлийн өрсөлдөөн хурцдаж байгаагийн улмаас бизнес менежментийн төвд маркетингийн удирдлага зайлшгүй тавигдах болсоныг онцолж маркетингийн сургалт судалгааг бизнесийн практиктай уялуулах арга замыг хэлэлцэн зөвлөмж гаргасан байна. Семинарын үйл ажиллагааг мэдээлэл холбооны зах зээлд тэргүүлэгч “ Скайтел” компани дэмжиж ажилласан.
Дагваа багшийн бодол, дүгнэлт маркетеруудад нэгийг бодогдуулах болов уу гэдэг үүднээс тэрхүү ярилцлагаа та бүхэнд толилуулж байна.
С.Мөнхбаяр/ С.М/ - Маркетингийн үндэсний семинарын үр дүнг товчхон илэрхийлнэ үү?
Проф. Д.Дагвадорж / Д.Д/: “Монгол шилтгээн”-д болсон үндэсний семинар Монголын маркетингийн хөгжлийн өнөөгийн төвшинг үнэлж дүгнэн цаашдын хөгжлийн арга замыг тодорхойлсон бүтээлч ажил хэрэгч арга хэмжээ боллоо гэж үзэж байна. Семинарт оролцогчдын бичиж үлдээсэн сэтгэгдлүүд ийм дүгнэлт хийх боломж олгож байна л даа.



С.М : Монголын Маркетингийн хөгжлийн хүрсэн төвшиний талаар ямар бодолтой байна вэ?

Д.Д: Монголд маркетингийн шинжлэх ухаан хөгжих практик хэрэглээ нь бизнесийн хүрээ төдийгүй улс төр, нийгэм, соёлын хүрээний маркетингийн асуудлыг хамарсан эргэлт буцалтгүй үйл явц болон дэлгэрч байна. Маркетингийн асуудлыг зааж эзэмшүүлдэг дэлхий болон монголын бизнесийн практиктай уялдуулан судалгаа хийж, ном бүтээл туурвидаг маркетингийн судлаач эрдэмтдийн бүхэл бүтэн хамтлаг бий болсон нь Монголын маркетингийн хөгжлийн өнөөгийн шатны чанарлаг онцлог мөн. Энэ хамтлаг бизнесийн байгууллагад ажиллаж маркетингийн нарийн ширийн асуудалтай өдөр тутам тулж байгаа шинэ сэтгэлгээтэй залуу маркетерууд судлаачдаар эгнээгээ өргөжүүлж байгаа нь маркетингийн онол, практик гүнзгийрэн хөгжих таатай хөрс суурь болж байгааг үндэсний семинарын үеэр болсон хэлэлцүүлэг давхар баталж байна.
С.М: Шүүмжлэлтэй саналууд ч хэлэлцүүлгийн үеэр гарч байна лээ?
Д.Д: Тийм ээ. Маркетингийн зарим багш нарын лекцээс харахад ахиц дэвшил багатай байна гэж зарим маркетер шүүмжилж байсан. Ер нь шүүмжлэл бол нэн үнэ цэнэтэй зүйл. Тиймээс энэ шүүмжийг зааж буй хичээл, хийж буй эрдэм шинжилгээний ажлаа бизнесийн практиктай улам нарийн уялдуулах эрэлт хэрэгцээг илэрхийлсэн зөв зүйтэй шаардлага гэж монголын маркетингийн эрдмийн хамтлаг хүлээн авч байгаа. Нөгөөтэйгүүр манай залуус гүнзгий ба гүехэн маркетингийн ялгааг ойлгож өөрийгөө боловсруулах нэн чухал шаардлага байгаа нь тэдний тавьж буй зарим асуулт, хийж байгаа дүгнэлтээс илэрхий байсан шүү.
С.М: Та гүнзгий маркетинг гэв үү?
Д.Д: Яг тэгж хэллээ. Учир нь, маркетинг бол бизнест тулгарч буй судалгаа, сурталчилгаа, борлуулалт зэрэг өдөр тутмын асуудлыг судалж шийдвэрлэхээр асуудлаа хязгаарладаг гүехэн ухаан төдий биш бөгөөд бакалаврын түвшиний мэдлэгийн магистр, докторын төвшинд үргэлжлүүлэн нэг сэдэвт гүнзгийрүүлсэн судалгаа хийж монголын ба дэлхийн маркетингийн нууцад нэвтэрсэн маркетингийн нарийн мэргэжлийн судлаач эрдэмтэд, мэргэшсэн маркетер болж эх орныхоо хөгжилд жинтэй үнэтэй хувь нэмэр оруулах сайхан ирээдүй манай залууст бий. Ер нь маркетингийн бизнесийн практикаар баяжин хөгжиж зах зээлийн судасны цохилтыг мэдэрч байдаг, бүтээлч шинжлэх ухаан, бизнесийн удирдах урлаг, хэрэглэгч түншүүдээрээ хүрээлүүлэх өдөр тутмын шаргуу үйл ажиллагаа хэмээн олон талаас нь өргөн хүрээтэй ойлгож хандах хэрэгтэй л дээ.
С.М. Та маркетингийн эрдэмтэн судлаачдын эн тэргүүний зорилтыг юу гэж үзэж байна вэ?
Д.Д: Монголын маркетингийн орчин, монгол хэрэглэгч, монгол хүний оюун сэтгэлгээний өвөрмөц онцлог, даяаршлын үзүүлж буй нөлөөллийг тал бүрээс нь судалж Монголын онцлогтой маркетингийн удирдлага – МММ / Mongolian Marketing Management / баримтлалыг шинэ төвшинд гарган хөгжүүлэх талаар даацтай бүтээл туурвих зорилт маркетингийн эрдэмтэн багш нарт тулгарч байна. Бас уламжлалт ба оюун сэтгэлгээний маркетингийг эзэмшсэн бүтээлч сэтгэлгээтэй шинийг эрэлхийлэгч маркетеруудыг бэлтгэх, мэргэжлийг нь дээшлүүлэх шаардлагатай байна.
С.М: Монголын Маркетингийн Холбоо ойрын хугацаанд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
Д.Д: 2009 онд болох Монголын Маркетингийн Холбооны 15 жиийн ойг угтар олон чухал ажлууд хийхээр төлөвлөөд байгаа. Эхнийх нь саяын болдог үндэсний семинар. Ирэх 11 сарын сүүлчээр манай Холбоо олон улсын томоохон сургалт зохион байгуулах гэж байна. Францын Проф.Доминик Хардел бидний урилгаар 3 дах удаагаа хүрэлцэн ирж орчин үеийн дэлхий дахины маркетингийн удирдлагын шинэлэг асуудлуудаар 2 өдрийн турш лекц унших юм. Мөн Маркетингийн асуудлаар эрдмийн зэрэг хамгаалсан эрдэмтдийн бүтээлийг Монголын шинжлэх ухааны цуврал ботийн нэг болгож хэвлүүлэхээр бэлтгэж байна. Их дээд сургуулийн маркетингийн оюутнуудын дунд томоохон олимпиад зохион байгуулах болно. “Соёмбо” телевизтэй хамтран маркетингийн ур ухааны хүн ардад эзэмшүүлэх зорилготой “Шидэт тархи” хэмээх маркетингийн шилдэг оюутны багийг шалгаруулах цуврал нэвтрүүлэн зохион байгулахаар ярилцаж байна.
С.М.: Манай залуу маркетеруудад таны ярилцлагыг уншаад маркетингийн шинжлэх ухааны гүнд нэвтрэх талаар илүү бүтээлч ажиллана байх аа. Танд баярлалаа.
Д.Д: Баярлалаа. Маркетингийн мэдлэг ур чадварыг хүн арддаа эзэмшүүлэх талаар идэвхи чармайлт гарган ажиллаж байгаа “ Залуу маркетер клуб”-н гишүүд болон энэ үйлсийг залуусдаа интернэтээр дамжуулан цаг алдалгүй хүргэж байгаа та бүхний гэгээн үйлс үргэлж өөдрөг дээшээ байг.

Ярилцлагын төгсгөлд маркетингийн үндэсний семинарт Дагваа багшийн илтгэсэн “Маркетинг ба бизнесийн хөгжил : Хаилцан шүтэлцэл, хэтийн төлөв” илтгэлийг сайтдаа тавих зөвшөөрөл хүсэхэд тэрбээр уриалгахан зөвшөөрч илтгэлийн талаарх асуулт санал сэтгэгдлээ dagva_d@ses.edu.mn хаягаараа илүүлж болно гэснийг уламжилж байна. Илтгэлийг татах


4 comments:

Anonymous said...

XaPXyH: hey chuxal medeelel orulsand bayarlalaa.
11 sariin surgaltand ni suuxiig bodnoo!
Stay in touch

Anonymous said...

11 sariin surgaltni vnetei bgad yum boluu xariu ugch bolxuu bas tanaid gishvvneer elsej boloxuu

Anonymous said...

linkee tsaasaarai iltgel tataj avch bolohgui bn

Anonymous said...

tataj bolq bna. linkee yaraltai zasaad ogooch

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008