Friday, March 20, 2009

Сергей Брин толгойгоо зөв ажиллуулж тэрбумтан болсон залуу



Өнгөрсөн оны байдлаар дэлхий дээр 700 гаруй тэрбумтан байгаа тухай Америкийн нэр хүндтэй “Forbes ” сэтгүүл мэдээлсэн. Энэ тоо өдөр ирэх тусам өсч байгаа. Тэрбумтан бүрийн баяжсан түүх адилгүй. Өнөөдөр хорвоогийн хамгийн баян хүн гэгдэж байгаа хүн өмнө нь сохор зоос ч үгүй нэгэн байсан байх нь цөөнгүй.

АНУ-ын Калифорни мужийн Стэнфордын Их сургуулийн сайт дээр 1996 оны намраас эхлэн “BackRub” нэртэй хайлтын нэгэн электрон хуудас ажиллаж эхэллээ. Энэ нь тус сургуулийн аспирант Сергей Брин, Ларри Пейж нарын эрдэмийн ажил байв. Харин нэг терабайтын хүчин чадалтай винчестертэй сервер сургуулийн нийтийн байран дахь Брины өрөөнд байрлаж байв. “BackRub” цоо шинэ үйлчилгээг санал болголоо. Хайлт хийхэд олдсон хуудсууд нь өөр интернэт сайт руу орж байлаа. Энэ хайлт тун амар дөхөмтэй байсан тул сургуулиас гадуур ч их алдартай боллоо.

1998 оны зун гэхэд “BackRub” өдөр бүр арван мянга гаруй хүнд үйлчилж байв. Энэ ажил эрдэм шинжилгээний хүрээнээс хэдийнэ гарч бүр их сургуулийн дотоод бичиг баримтыг хүртэл бүгдэд нээлттэй болгож өгсөн тул сургуулийн захиргаа сайтыг хааж зохиогчдыг нь “компьютерийн танхайрал” хийсэнд буруутгалаа. “Үргэлжлүүлэн сурах уу, эсвэл өөрийн бизнесээ эхлэх үү гэдэг сонголт нэг л өдөр миний өмнө босч ирсэн” гэж хожим нь Сергей Брин ярьсан юм. Тэрбээр “өөрийн бизнесээ” эхлэхийг сонгосон бөгөөд алдаагүй юм. Гэхдээ түүнд санаанаас өөр юу ч байсангүй. Бизнес санааг нь дэмжих, бас хөрөнгө оруулалт хийх хүн тэдэнд хэрэгтэй байлаа. Сергей Брин, Ларри Пейж хоёр “Sun Microsystems” компанийг үндэслэгчдийн нэг Энди Бехтольштаймтай уулзаж өөрийн хайлтын сайтын тухай ярьсан байна. Харин Энди “Тун сонирхолтой юм. Гэхдээ би их яарч байна. Танай компани тэгээд ямар нэртэй юм бэ дээ” гэснээ чекийн дэвтрээ гаргаж 100 мянган ам.долларын чек бичиж өгчээ. Алмайрч гүйцсэн хоёр залуу “Google Incorporated” нэрээс өөр юу ч үгүй хоосон компани бас 100 мянган долларын чектэй үлдэв. Гэхдээ мөнгийг авахын тулд яаралтай “Google Incorporated” компанийг бүртгүүлэх хэрэгтэй байлаа. Тэд сургуулиасаа академик чөлөө аваад хамаг найз нөхөд хамаатан садандаа утасдан тусламж хүсч улмаар долоо хоногийн дараа буюу 1998 оны есдүгээр сарын долоонд нэг сая ам.долларын үндсэн хөрөнгөтэй “Google Inc” компани албан ёсоор бий болжээ.



Вундеркинд

Америкийн иргэн Орост төрсөн еврей үндэстэн Сергей Михайлович Брин 1973 оны наймдугаар сарын 21-нд Москвад мэндэлжээ. Түүний эцэг нь Москвагийн их сургуульд математик заадаг байв. Харин 1979 онд тэдний гэр бүл АНУ руу цагаачилжээ. Зөвлөлтийн математикийн ухаан олон улсад нэр хүндтэй байсан тул эцзг Михаил Брин нь удалгүй Коллеж хотын их сургуульд багшлах болж, харин инженер мэргэжилтэй эхнэр нь АНУ-ын сансар судлалын НАСА агентлагт мэргэжилтнээр оров. Бяцхан Сережа ч шинэ нутагтаа төвөггүй дассан байна. Математикчийн хүүхэд тэрбээр тоондоо бусдаас илүү байсан нь тодорхой. Түүнийг арван нас хүрэхэд аав нь тухайн үед ховор эдэд тооцогддог байсан компьютер бэлэглэв. Сургуулийн хажуугаар Сережа гэрээрээ математик, орос хэл сурч байлаа. 1990 онд сургуулиа төгсөөд Сергей эцгийнхээ хичээл заадаг Мэрилэндийн их сургуулийн математикийн ангид элсч хугацаанаасаа өмнө улаан дипломтой төгсөв. Дараагаар нь АНУ-ын “нэр хүндтэй компьютерийн сургууль” гэгдэх Стэнфордын их сургуульд элссэн юм. Америкийн зарим сургуулиуд бакалаврын зэрэгтэй оюутнуудыг шууд докторантурт элсээд сургалтынхаа явцад магистрын диплом авахыг зөвшөөрдөг. Ингэснээр их сургуулиуд авьяаслаг оюутнуудаа ямар нэгэн төсөлд хамруулах боломжтой болж харин оюутнууд нь сурахын хажуугаар мөнгө олохын тулд өөр ажил хийж хичээлээ цалгардуулахгүй болдог аж.

“GOOGLE'’-ийн анхны офис гараашид

Сергей, Ларри хоёр Стэнфордод танилцсан байна. Тэд ямар нэгэн асуудлаар үргэлж өөр өөрийн бодолтой байдаг тул байнга маргалддаг байсан ч хагацашгүй найзууд болж чадсан гэнэ. Найзуудын эрдэм шинжилгээний ажил нь дэлхий нийтийг хамарсан интернэт сүлжээн дэх сая сая баримт материал дотроос өөрт хэрэгтэй мэдээллээ хэрхэн олох тухай байв. Сергей 1994 онд хайлтын нэгэн программ бий болгов. Энэ программ нь “Playboy” сэтгүүлийн сайт руу ороод автоматаар элдэв зураг хайж олдог байлаа. Гэхдээ тэдэнд зөвхөн ганц сайтан дотор хайлт хийдэг биш харин бүх интернэт сүлжээд хайлт хийдэг тийм программ сонирхолтой байлаа. Харин дээр өгүүлсэн үйл явдал өрнөж Сергей, Ларри хоёр нэг сая ам.долларын үндсэн хөрөнгөтэй “Google” компаниа бүртгүүлсний дараа анхны офисоо найзуудынхаа нэгнийх нь машины гараашид нээсэн юм. Тэд олсон бүх мөнгөө бизнестээ зориулав. Харин 1999 оны эхээр АНУ-ын томоохон сонин хэвлэлүүд хүмүүст маш хэрэгтэй хайлтын сайт бий болсон талаар бичиж эхэлсэн нь тэдэнд сайхан сурталчилгаа болж өгөв. Үүсэн бий болсноос хойш жил хагасын дараа “Google” ашиг орлоготой компани боллоо. Улмаар 2004 оны зун хөрөнгийн бирж дээр тус компанийн хувьцааг байрлуулахад Сергей Брин ч түүний компани ч нэр хүндийн оргилд нэгэнт гарсан байлаа. Хувьцаа байрлуулалт тун амжилттай болж жилийн дараа тус компанийн орлого 100 тэрбумд хүрлээ. Ташрамд хэлэхэд Америкийн сурагчдын дунд “Google хийх” гэсэн хэллэг бий. Энэ нь тодорхой бизнес төлөвлөгөөгүй мөртлөө их мөнгө олох гэсэн утгыг илэрхийлдэг. Шинэхэн тэрбумтан Сергей Брин тун даруухан амьдардаг.

Тэрбээр саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа урьдын адил гурван өрөө байрандаа амьдардаг, бас “Мерседес”-ээр биш, харин экологийн цэвэр хөдөлгүүртэй “Toyota Prius” машин унадаг тухайгаа ярьжээ. Харин тэрбээр ажил дээрээ тансаг уур амьсгалыг бүрдүүлсэн нь гайхалтай. Ажилчдын хоолны газарт нь нэртэй тогооч нар урилгаар ажилладаг. Харин ажилтнуудын танхимд халуун кофе хүйтэн ундаа үнэгүй байдаг. Ташрамд хэлэхэд энэ уламжлалыг тэрбээр “Microsoft” компаниас зээлдсэн. Мөн компанийн ажилчдад зориулсан хэд хэдэн массажист ажилладаг. Ажил дээрээ гэрийн тэжээвэр амьтдаа авчрахыг зөвшөөрдөг. Үүнээс гадна ажлын цагийн 20 хувьд нь ажлаас өөр юу хүссэнээ хийж болох гэнэ. Нэг үгээр хэлэхэд газар дээрх диваажин л гэсэн үг. Дэлхийд нэр хүндтэй энэ томоохон компанид ажиллах нэр төрийн хэрэг. Сергей Брин, Ларри Пейж хоёр Стэнфордын их сургуулиасаа докторын зэрэг авч чадаагүй орхисон хэдий ч өөрсдийн компанидаа техникийн мэргэжлээр докторын зэрэг авсан хүмүүсийг л ажилд авдаг.

Сергей Брин ойрын жилд хүнтэй суух төлөвлөгөөгүй байгаа гэнэ. Тэрбээр бараг бүх хүсэл мөрөөдлөө биелүүлсэн ч биелээгүй нэг мөрөөдөлтэй гэнэ. “Таны яг юу эрж байгааг мэддэг, танд хэрэгтэй үр дүнг гаргаж өгдөг тийм хайлтын сайт бий болгохыг” тэрбээр мөрөөддөг. Нэг талаас хүний хуслийг таана гэдэг үлгэрийн ид шид шаардах хэрэг. Нөгөө талаас Сергей Бриний мөрөөдөл юм чинь биелэхгүй гэх газаргүй.

1 comments:

Anonymous said...

Nemj helehed Brin anh server PC avch chadahgui bolohooroo LEGO-r PC-niihee case-iig hiisen gedeg. Mun google-iin ajillah zarchim n hereglegch SEARCH hiihed buh site-duudaas haidaggui buguud umnu n google buh siteduudaas uurtuu huulbarlasan hiimel site-uudiig google-iin uuriin arhivt bii bolgon hailtiig hiideg bolgosnoor hamgiin hurdan search-iig bii bolgoson gedeg. Munkhbayaraa sonirholtoi bichleguud ih oruuldag boljee

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008