Wednesday, May 27, 2009

Дэлхийн худалдаа 27 дахин өссөн байна


Катарын Доха хотноо 2001 онд болсон ДХБ-ын Сайд нарын IV бага хурлаас хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдаанд учирч буй тарифын болон тарифын бус хориг саадыг багасгах замаар хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, дэлхийн худалдаан дахь оролцоог нь нэмэгдүүлэх зорилго бүхий худалдааны хэлэлцээний шинэ үе шат эхлүүлэх шийдвэр гаргасан нь Дохагийн хөгжлийн хөтөлбөр гэж нэршсэн.

Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээр байгуулагдсан 1948 оны худалдаатай харьцуулахад дэлхийн худалдаа 27 дахин өссөн байна. Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд явагдсан хэд хэдэн үе шатны хэлэлцээний үр дүнд хөгжингүй орнуудын импортын дундаж тариф 20-30 хувиас 4 орчим хувь болж буурчээ.

Гэвч тариф, тоон хязгаарлалт зэрэг хүчин зүйлээс гадна барааг импортлох, экспортлох болон транзит тээврийн төвөгтэй, шат дамжлага ихтэй процедур, захиргааны дүрэм журам, хүнд суртал, хилийн хяналтын давхардсан, хэт нүсэр процедур зэргээс үүдсэн саад бэрхшээл нь гадаад худалдаа эрхлэгчдийн бизнесийн зардлыг ихээхэн нэмэгдүүлж байна.

Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээ нь Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн чөлөөтэй дамжин өнгөрөх боломжийг хангах импортлох, экспортлохтой холбогдсон хураамж болон бүрдүүлэлтийн горим, худалдааны зохицуулалтын журмыг хэвлэн нийтлэх зохион байгуулан хэрэгжүүлэх тухай заалтуудыг сайжруулах, түүнчлэн хөгжиж байгаа болон нэн буурай хөгжилтэй орнуудад худалдааг хөнгөвчлөх бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, гишүүн орнуудын гаалийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм.

Өнөөгийн байдлаар ДХБ-ын гишүүд худалдааг хөнгөвчлөх чиглэлээр 50 гаруй санал боловсруулан хэлэлцэж байгаагаас манай улс гаалийн брокер, худалдаатай холбоотой эрх зүйн баримт бичгийг урьдчилан хэвлэх, зөвлөлдөх, баримт бүрдүүлэлтийг хялбарчлах, уялдуулах, олон улсын стандартыг хэрэглэх, мэдээллийг хэвлэн нийтлэх, нийтэд хүртээмжтэй болгох зэрэг асуудлаар найман санал боловсруулаад байна.

Дохагийн үе шатны хэлэлцээ амжилттай дуусвал хэлэлцээний "ширээнд" буй эдгээр саналуудыг нэгтгэсэн Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр байгуулагдах юм.

Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр байгуулагдсаны дараа хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлэх үүднээс гишүүн орон бүр хэрэгжилтийн хугацаа бүхий үүрэг амлалтын нарийвчилсан жагсаалт гарган ДХБ-д мэдүүлж, тус байгууллага буюу гишүүн орнуудын өмнө үүрэг хүлээнэ.
Эх сурвалж: Өнөөдрийн Монгол

0 comments:

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008