Tuesday, March 9, 2010

МОНГОЛ УЛСАД ҮНДЭСНИЙ ИННОВАЦИЙН ТОГТОЛЦОО ХӨГЖҮҮЛЭХ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ШИНЭ ПАРАДИГМ




МОНГОЛ УЛСАД ҮНДЭСНИЙ ИННОВАЦИЙН ТОГТОЛЦОО
ХӨГЖҮҮЛЭХ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ,
ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ШИНЭ ПАРАДИГМ

док(ScD)., проф. Л. Оюунцэцэг

ШУТИС, КтМС, Маркетинг үйлдвэрлэлийн профессорын баг,
Жижиг дунд үйлдвэрлэлийн судалгаа сургалтын төв
loyun2001@yahoo.com, loyuns@csms.edu.mn

Хураангуй

Даяаршлын өнөөгийн нөхцөлд улс орнуудын нийгэм- эдийн засгийн хөгжилд шинжлэх ухаан технологийн гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэх хандлагатай болж байна. Улс орны өрсөлдөх чадвар хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, байгалийн баялгаар бус, харин мэдлэг оюунд түшиглэн нөөцөө хэрхэн үр өгөөжтэй ашиглаж байгаагаас ихээхэн хамаарч, үүнд инноваци шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх болов. Шинжлэх ухааны мэдлэгийг үр ашигтай хэрэглээ болгон хувиргахад чиглэсэн инновацийн үйл ажиллагаа ихээхэн эрчимжиж, түүнийг баримжаалах явдал эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжлийн цоо шинэ хандлагыг тодорхойлж байна. Дэлхий дахины ололт туршлагаас үзэхэд олон улс орон өөрийн онцлогт тохирсон инновацийн бодлого боловсруулан хэрэгжүүлж, үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоо бүрдүүлж хөгжүүлэн багагүй амжилтанд хүрээд байна. Үндэсний инновацийн тогтолцоо(ҮИТ)-г хөгжүүлэх нь өндөр хөгжилтэй орнуудын хувьд аж үйлдвэржилтийн дараах нийгэм, мэдлэгт түшиглэсэн эдийн засгийг хөгжүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байгаа төдийгүй, хөгжиж буй орнуудын тухайд хөгжлийн хурдацаа нэмэгдүүлэх, хоцрогдлоо богино хугацаанд даван туулах чухал арга зам мөн. Манай улсын хувьд дэлхий дахины энэхүү нийтлэг чиг хандлагыг харгалзан хөгжлийнхөө бодлого стратегийн хүрээнд инновацийн чиг баримжааг тусгаж, бодитойгоор хэрэгжүүлэх явдал ирээдүйн ололт амжилтын түлхүүр нөхцөл юм. Манай Засгийн газраас “Монгол улсад үндэсний инновацийн тогтолцоо хөгжүүлэх хөтөлбөр”(ЗГ-ын 306 тоот тогтоол, 2007.11.28) батлан гаргаж, хэрэгжүүлэх үйл ажиллагаа явагдаж эхлээд байгаа билээ. Илтгэлд инноваци, үндэсний инновацийн тогтолцооны онолын үндэс, Монгол улсын ҮИТ-ны онол-арга зүйн загвар, улс орны инновацийн хөгжлийн түвшин, ҮИТ хөгжүүлэх урьдач нөхцөл болон үзэл баримтлал, үндэсний хөгжлийн шинэ парадигм зэрэг асуудлуудыг хөндөн авч үзэв.

Түлхүүр үг: инноваци, үндэсний инновацийн тогтолцоо, хөгжлийн үзэл баримтлал,
парадигм

Инноваци ба үндэсний инновацийн тогтолцооны онолын үндэс
Инноваци(innovation) гэсэн ойлголт нь шинжлэх ухааны мэдлэг, шинэ, үр ашигтай зүйлсийг нэвтрүүлж, хэрэглээний эргэлтэнд оруулахтай шууд холбоотой. Эдүгээ эдийн засгийн онол, практикт инновацийн утга агуулгыг олон талтайгаар, тодруулбал, “инноваци бол үр дүн”, “инноваци нь процесс(үйл ажиллагаа)”, “инноваци - арга хэрэгсэл, тогтолцоо, үзэгдэл” гэсэн гурван өөр хандлагаар тодорхойлж байна. Эдгээрээс эхний хоёр нь явцуу, сүүлийнх нь өргөн хүрээтэй хандлага юм. Түүнчлэн нэг дэхийг үр дүнгийн, хоёр дахийг үйл явцын, гурав дахийг системийн хандлага гэж тодорхойлж болох талтай[2, 3]. 2006 онд шинэчлэгдэн батлагдсан Монгол улсын Шинжлэх ухаан технологийн тухай хуульд: “Инноваци гэж эрдэм шинжилгээний ажлын үр дүнг эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээл, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх цогц үйл ажиллагаа” хэмээн заасан[4]. Энд инновацийг үйл явцын хандлагаар тодорхойлсон гэж үзэж болно.

Ер нь инновацийг шинжлэх ухаан технологийн хувьд шинэлэг, практикт хэрэгжүүлэх болон үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой, арилжигдахуйц, өөрөөр хэлбэл, зах зээлд борлогдон, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангах чадвартай байх гэсэн гурван үндсэн шалгуурт нийцэж байх ёстой гэж үздэг. Инновацийн объектод бүтээгдэхүүн(нэр төрөл, чанар), үйлчилгээ, материал түүхий эд, үйлдвэрлэлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, технологийн процесс, хүний хүчин зүйл(хүний хөгжил), удирдлага, зохион байгуулалтын үйл ажиллагаа, тогтолцоо, нийгмийн салбар зэргийг хамруулж болно.

Зохиогчийн зүгээс өмнөх судлаачдын хандлагуудыг нэгтгэн харгалзаж, инновацийн мөн чанар агуулгыг дараах байдлаар тодорхойлон авч үзэх санал дэвшүүлж байгаа болно: “Эдийн засгийн хувьд үр өгөөжтэй хэрэглээ болон үйлдвэрлэл, практикт нэвтэрсэн шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүн, технологи, түүнчлэн борлуулалт, удирдлага- зохион байгуулалт, санхүү-эдийн засгийн болон бусад дэвшилтэт шийдлийг инноваци гэнэ”[2, 3].

Инновацийн онолын хөгжил 1950-иад оноос, түүнийг үндэслэгч Австрийн эдийн засагч И. Шумпетерийн судалгаа бүтээлээс эх үндэстэй бөгөөд тэрбээр инновацийг орчин үеийн хандлагаар анхлан авч үзэж, түүний эдийн засгийн өсөлтөнд гүйцэтгэх үүргийг тодорхойлжээ[5]. Инновацийн онол нь аж ахуй эрхлэлтийн онол, өрсөлдөөний онол, эдийн засгийн мөчлөгийн онол, эдийн засгийн өсөлт ба хөгжлийн онолтой нягт уялдаатайгаар онолын нэг бие даасан чиг хандлага болон эрчимтэй хөгжиж байна. Сүүлийн жилүүдэд инновацийн онолын хүрээнд шинэ чиг хандлагууд бий болж байгаагаас эдийн засгийн хөгжлийн кластерийн онолыг дурьдаж болно. Энэхүү чиг хандлагын хөгжилд М. Портер, С. Стерн нар чухал үүрэг гүйцэтгэжээ[6]. Инновацийн онол, практикийн хүрээнд явуулсан судалгааг үндэслэн инновацийн онолын түүхэн хөгжлийн үйл явцыг дараах 5 үндсэн чиг хандлага-үе шатаар авч үзэж болно хэмээн үзэж байна[2, 3]. Эдгээр нь:
I. 1950-1960-аад он.Нийлүүлэлтийн чиг хандлага(Technology Push);
II. 1960-1970-аад он. Эрэлтийн чиг хандлага(Market Pull);
III. 1970-1980-аад он. Хосолмол чиг хандлага(Technology Push- Market Pull);
IY.1980-1990-ээд он. Интеграцчиллын буюу инновацийн системийн чиг хандлага;
Y. 1990-ээд он-өнөө үе. Сүлжээ интеграцчиллын буюу Үндэсний инновацийн тогтолцооны чиг хандлага;
1980-аад оны дунд үеэс ҮИТ-ны чиг хандлагын хүрээнд онол, практикийн өргөн хүрээтэй судалгааг янз бүрийн орны эрдэмтэн судлаачид эрчимтэй явуулж эхэлсэн бол 1990 –ээд оноос уг чиг хандлага ихээхэн түгээмэл болж, өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн практикт ҮИТ бодитойгоор хэрэгжсэн байна. АНУ, Европын холбооны тэргүүлэгч орнууд үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлж чадсан бөгөөд “шинжлэх ухаан-боловсрол-бизнес- төр”-ийн нягт уялдаа, хамтын ажиллагааг хангах хөгжлийн нэг шинэ, үр өгөөжтэй механизм хэмээн үзэж байна. Улс орнуудын хувьд ҮИТ-г хөгжүүлэх гол үндэслэл шаардлага нь нийгэм эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, өрсөлдөх чадварыг бэхжүүлэх явдал мөн. Эдүгээ энэхүү чиг хандлага нь онол арга зүйн хүрээнд инновацийн онолын нэг бие даасан чиглэл болсны зэрэгцээ, практик хэрэгжилтийн хувьд улс орнуудын нийгэм- эдийн засгийн тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг, төрийн эдийн засгийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх механизм болон эрчимтэй хөгжиж байгаа билээ.
ҮИТ-ны чиг хандлагын эдийн засгийн онолын үндэс нь Германы эдийн засагч Фредрих Лист(1841)-ийн “үндэсний үйлдвэрлэлийн систем” –ийн үзэл баримтлалтай холбоотой гэж үздэг. Харин орчин үед, 1970-аад оноос онолын бие даасан хандлага болж хөгжихөд К.Фримен, Д. Кларк, Л. Соете нарын технологийн системийн судалгаа болон С. Девис, Э. Мэнсфилд, А. Ромео нарын зэрэг эрдэмтдийн инновацийн нэвчилт(диффузи)-ийн үйл явцын судалгаа чухал үүрэг гүйцэтгэжээ. ҮИТ-ны чиг хандлагын хөгжилд К. Фримен(1987), Р. Нельсон(1988), Б.Лундвол (1988) нарын судалгаа бүтээлүүд онцгой байр суурь эзэлдэг[7, 8, 9]. ОХУ-ын эрдэмтэд ҮИТ-ны чиг хандлагыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байна. Энэ чиглэлээр цөөнгүй эрдэмтэд судалгаа явуулж, олон тооны бүтээл туурвил гаргажээ. Гол төлөөлөгчдийг дурьдвал В.В. Иванов, Н.А. Иванова, Н. В. Бекетов, В. Н. Фридлянов, В. А. Васин, Л. Э. Мендель, О. Г. Голиченко нар юм[2, 3].

Өнөөгийн байдлаар ҮИТ-ны чиг хандлагын хөгжилд хэд хэдэн тулгамдсан асуудал ажиглагдаж байна. Эдгээр нь юуны өмнө ҮИТ-ны мөн чанар, агуулгын тодорхойлолт нэг мөр болоогүй, нөгөө талаар инновацийн процесс үйл ажиллагааны мөн чанарын талаар бүрэн гүйцэт нэгдмэл ойлголт төлөвшөөгүй байгаатай холбоотой гэж үзэж байна.

ҮИТ-ны мөн чанар, агуулгын олон тодорхойлолтыг судлаачид боловсруулаад байна. Эдгээрийг иш үндэс болгон: “Үндэсний инновацийн тогтолцоо бол шинэ, эдийн засгийн хувьд үр ашигтай мэдлэгийг бий болгон нэвтрүүлж, хэрэглээний эргэлтэд оруулан ашиглахад тодорхой үүрэг гүйцэтгэн, хувь нэмэр оруулдаг, өөр хоорондоо харилцан уялдаатайгаар инновацийн хүрээнд хамтран ажилладаг төр, олон нийтийн болон хувийн хэвшлийн байгууллага, субъектүүдийн цогц нэгдэл” хэмээн тодорхойлж байгаа болно[2, 3].

Инновацийн процесс, үйл ажиллагаа нь судалгааны болон арилжааны гэсэн 2 үндсэн мөчлөгөөр явагддаг байна. Инновацийн хүрээн дэх интеграцийн үйл явц нь хэд хэдэн чиглэлээр хөгжиж иржээ. Эдгээрийг товч дурьдвал:

1. Салбар, сектор хоорондын интеграци(шинжлэх ухаан-боловсрол-бизнес, төр-бизнес г.м.);
2. Босоо/вертикаль интеграци (инновацийн үйлдвэрлэгч -хэрэглэгч хоорондын);
3. Хэвтээ/горизонталь интеграци (инновацийн үйлдвэрлэгчдийн хоорондын);
4. Сүлжээ интеграци(дээрх төрлүүдийн хосолмол хэлбэр);

Сүлжээ интеграцийн хөгжил нь шинжлэх ухаан технологи, инновацийн хүрээнд технологи бизнесийн инкубатор, инновацийн төв, технологи дамжуулах төв, шинжлэх ухаан, технологи, аж үйлдвэрийн парк гэх мэт шинэ бүтцүүд бий болох, кластер, технополис үүсч хөгжихөд чухал түлхэц өгчээ. Эдгээр нь инновацийн дэд бүтцийг бүрдүүлэгч үндсэн элементүүд юм. Чухамхүү сүлжээ интеграци өргөжин гүнгийрсэний үрээр инновацийн тогтолцоо, тэр дундаа үндэсний инновацийн тогтолцоо эрчимтэй хөгжиж байгаа билээ. Иймээс ҮИТ-ны үүсэл хөгжлийн үйл явцыг шинжлэх ухаан технологи, инновацийн хүрээнд эрчимтэй өрнөж буй интеграцийн процессийн үр дагавар гэж дүгнэж болно.

Бүрэн эхээр нь татаж авахыг хүсвэл ЭНД ДАРНА УУ

1 comments:

sudlaach said...

saihan medeelel ugsund bayarlalaa

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008