Monday, October 11, 2010

Аз жаргал 75 мянган ам.доллараас эхэлдэг


Принстоны их сургуулийн эрдэмтэд аз жаргал 75 мянган ам.доллараас эхэлдэг гэж үзэж байна. Жилдээ энэ хэмжээний орлого олдог иргэдийн амьдрал амгалан, сэтгэлзүй ихэд өөдрөг болдог гэнэ.

Ангус Дитон, Дэниел Канеман нарын эрдэмтэд 2008-2009 онд АНУ-ын 450 мянган иргэний дунд санал асуулга явуулсны дүнд ийм шийдэлд хүрчээ.

"Жилийн орлого нь 75 мянгаас давсан гэр бүлийнхэн өдөр тутмын амьдралдаа санаа зоволгүй амьдарч эхэлдэг. Тэд даатгалаа бүрэн хэмжээгээр төлчихсөн тул гэнэтийн аюулаас ч айхгүй. Үүнийгээ дагаад амьдралдаа сэтгэл хангалуун, өөдрөг болдог" гэж Дитон тайлбарлажээ.

Аз жаргалын үнийг тогтоохын тулд эрдэмтэд олон судалгаа, санал асуулга явуулж байснаас энэ удаагийнх илүү бодитой болж чадсан гэж үзэж байгаа юм.

"Мөнгө хүнийг шууд аз жаргалтай болгодог гэж хэлж болохгүй. Гэхдээ хоол унд, хувцас хэрэглэл, орон сууц, эрүүл мэндийн асуудалдаа толгой өвдөхөөргүй мөнгөтэй, орлоготой болсон цагт л хүн амгалан, сэтгэл хангалуун байх боломж нээгддэг. 75 мянган ам.доллараас доош орлоготой гэр бүл өөрсдийгөө аз жаргалыг бүрэн мэдэрдэггүй гэж ойлгож болохгүй. Гэр бүл хэдэн гишүүнтэй, ямар хотод, санхүүгийн ямар нөхцөл байдлын дор амьдардаг нь энд бас хамаарна. Тэгэхээр зөвхөн 75 мянга гэсэн тоог шүтэх хэрэггүй" гэж эрдэмтэн Дитон үргэлжлүүлэн ярьжээ.

Ядуу гэр бүлийнхэн өвчлөх нь элбэг, салалт ч төдий хэмжээгээр нэмэгддэг гэнэ. Мөн амралтын өдрүүдээр биеийнхээ алжаалыг бүрэн тайлж чаддаггүй ажээ.

"Амьдрал шударга биш гэдгийг хүмүүс бүгд мэддэг. Гэхдээ бидний судалгаа үнэхээр аз жаргалын босго мөнгө байж л хүмүүс алжаалаа бүрэн тайлж, амгалан амьдарч болохыг нотолсон" гэж Дитон дүгнэлтдээ дурьджээ.

Р.Гэгээ

1 comments:

Unknown said...

75к-д хүрээгүй хүмүүс илүү сонирхолтой олон асуудалтай сайхан амьдрах байх да. :)

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008