Monday, October 4, 2010

АНУ, Хятад хоёрын хооронд худалдааны дайн эхэллээ


Юанийн дуулиан тасрахгүй л байна. АНУ-ын Сангийн сайд Тимоти Гайтнер Хятадын бодлого боловсруулагчдад хандаж, валютын ханшаа дорвитойхон шиг өсгөөд өгөөч хэмээн аргадах, уурлахын дундуур хэлсэн нь саяхан.

Үүнээс нь эмээсэндээ ч юм уу үнэхээр л Хятадын төв банкнаас юанийн ханшийг хэдэн өдөр дараалан өсгөснөөр нэг ам.доллар 6.711 юаньтай тэнцэх болов. Энэ нь 2008 онд валютаа ам.доллараас уяж байсан үеийнхээс даруй 1.8 хувиар чангарсан дүн байв.

Гэхдээ зүгээр ч нэг өсгөсөнгүй. Төв банкны мэргэжилтэн, эдийн засагчид нь удаа дараалан мэдэгдэл хийж, америкчуудыг удахгүй болох сонгуульдаа бэлтгэж, хий сүржигнэн шоу хийж байна гэх утгатай зүйл ярьсан нь бий.

Барак Обамагийн засаг захиргааныхны үзэж буйгаар Хятадын бодлого боловсруулагчид юанийн ханшийг чөлөөлнө гэсэн амлалтаа биелүүлэхэд хэтэрхий хойрго хандаж байгаа аж.

Сүүлийн үед дэлхийд тэргүүлэгч гүрнүүдийн эдийн засаг хүндхэн байдалд ороод байгаа. Тэд дотоод зах зээлдээ түшиглэхээс илүү экспортоо нэмэгдүүлэх замаар хөл дээрээ босохыг чармайж байна. Ингэхийн тулд хямд валютаар үнэлэгдсэн бараа бүтээгдэхүүн худалдах хэрэгтэй. Тиймээс хөгжингүй орнууд валютынхаа ханшийг сулруулахын тулд юу ч хийхээс буцахаа больсон гэхэд болно. Тэдний нэг нь АНУ.

Америкчууд өнгөрсөн зургадугаар сард Хятадын талтай тохиролцоонд хүрч байв. Хятадын Ерөнхий сайд Вэн Зябао юанийн ханшийг 20 хүртэл хувиар чангаруулж болно хэмээн зөвшөөрсөн. Тэгэхдээ аажим бөгөөд алгуурхан хөдөлнө гэдгээ мэдэгдсэн юм. Америкчууд үүнийг зөвшөөрсөн боловч одоо "Хэтэрхий удаан байна" хэмээн ундууцах болжээ.

Өнгөрсөн долоо хоногт болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр Б.Обама, Вэн Зябао нар ганцаарчилж уулзан юанийн ханшийн талаар нухацтай хэлэлцсэн билээ. Гэхдээ сүүлийн үед олон улсын хэвлэлүүдээр шуугиад байгаа худалдааны дайны талаар ярилцаагүй аж.

Уг нь тэд аль хэдийнэ хоёр улс хоорондын худалдаандаа хориг тавиад эхэлсэн юм.

Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Конгресс валютын ханшаа хүчээр тогтоон барьж буй орнуудаас импортоор орж ирсэн бараа бүтээгдэхүүнд ноогдуулах татвараа нэмнэ хэмээн мэдэгдсэн. Үүнийгээ Конгрессын хороогоор хэлэлцэн баталжээ.

Тэдний энэ бодлого шууд Хятадын эсрэг чиглэсэн гэдгийг ажиглагчид нотолж байна. АНУ-ын Худалдааны яамнаас дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжихийн тулд ийм шийдвэр гаргасан гэдгийг онцолсон нь мэдээж.

Үнэхээр Хятадын талынхны шантаачилж байгаачлан Б.Обамагийн засаг захиргаа ирэх арваннэгдүгээр сарын 2-нд болох сонгуульд бэлтгэж, иргэддээ дорвитой юм хийсэн болж харагдах гэж ч байж магадгүй.

Тус улсын Сангийн сайд Т.Гайтнер хоёр долоо хоногийн өмнө Конгрессын хуралдаан дээр АНУ Их 20-ийн орнуудтай хамтарч, Хятадыг валютын бодлогоо хурдан өөрчлөхөд хүргэнэ гэдгээ мэдэгдэж байсан билээ.

Уржигдар Бразилийн төв банкны тэргүүн Хенрик Мейриллис Т.Гайтнерийн саналыг дэмжиж, "Их 20-ийн орнууд валют арилжааны тэнцвэрт байдлыг хангах нь зайлшгүй юм" хэмээн онцолсон байна.

Хэдийгээр бусад орны санхүүгийн зохицуулагчдын зүгээс ямар нэг хариу өгөөгүй боловч АНУ Хятадыг "чангалах"-ын тулд эгнээгээ өргөтгөхөөр давших нь зайлшгүй юм.

Хариуд нь Хятадын тал ч зүгээр суусангүй. Тус улсын Засгийн газар АНУ-аас орж ирдэг тахианы маханд импортын татвар ноогдуулахаар болсон. Тус улсын Худалдааны яамны мэдэгдэлд дурьдсанаар АНУ-аас авах импортын татвар 105.4 хувиар нэмэгдэх аж. Ингэхдээ мөн л дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж байна хэмээн гэмгүй сайхан тайлбарлажээ.

Уг шийдвэрээ өнгөрсөн даваа гарагаас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд ойрын таван жилд хүчин төгөлдөр байх аж. Энэ нь АНУ-ын тахианы махны үйлдвэрлэлийг тун хүнд байдалд оруулах нь ойлгомжтой юм.


Хоёр орны харилцааг муутгах шалтгаан ганц юань ч биш юм. АНУ Тайваньд зэвсэг нийлүүлсэн явдал,
Далай ламын айлчлал, "Google"-ийн дуулиан, хамгийн сүүлд АНУ-ын холбоотон Япон, Өмнөд Солонгостой Хятадын харилцаа муудсан нь хоёр их гүрний асуудалд нэрмээс болно уу гэхээс өөр зүйлгүй.

Үүнтэй зэрэгцээд эдийн засагчдын дунд юанийн ханшийн өсөлт нь америкчуудад үнэхээр хэрэгтэй эсэхэд эргэлзэх хүн олон байна.

Нобелийн шагналт эдийн засагч Роберт Манделл энэ талаар "Bloomberg"-т өгсөн ярилцлагадаа дурьджээ. Тэрбээр "Б.Обамагийн засаг захиргааныхны онцлоод байгаа ажилгүйдлийн түвшний үзүүлэлт юанийн ханшийн өөрчлөлтөөс хамаарч буурахгүй" гэсэн байна. "Энэ бол зүгээр л гамшиг" хэмээн тэрбээр нэрлэжээ.

Колумбийн их сургуулийн профессор Р.Манделлийн үзэж буйгаар АНУ-ын төсвийн алдагдал 1980-аад оноос хойш зах зээлийн жамаараа өсөн нэмэгдэж эхэлсэн аж. Түүнээс Хятадын бодлого боловсруулагчид юанийн ханшийг ам.доллартай уяснаас болсон хэрэг биш юм. Одоо тэднийг валютын бодлогоо өөрчлөхийг хүчээр шахаж шаардах болсон. Гэтэл энэ нь ам.доллар, еврогийн ханшийн хэлбэлзэл дээр тоглох боломжийг Хятадад олгож байгаа аж.

Тус улс түүхий эдийн эрэлтийг дангаараа бүрдүүлж байна. Хэрэв тэднийг хүчээр юанийн ханшаа чангаруулахаас өөр аргагүйд хүргэвэл, газрын тос зэрэг түүхий эдийн үнэд нөлөөлөх замаар валютын ханшаа дахин сулруулж мэдэх юм. Энэ нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж, томоохон аюул дагуулна гэдгийг ч Нобелийн шагналт эрдэмтэн онцолжээ.

Т.Элиса

0 comments:

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008