Thursday, January 27, 2011

2011 он тоймчдын толинд


Үйл явдлаар баян нэгэн он шувтарч, адал явдлаар дүүрэн бас нэгэн жил эхэлж байна. Шинэ жил бидэнд юу зэхээ бол. Олон улсын тоймчдын энэ оны таамаглалуудаас хамгийн онцгойг нь түүвэрлэн хүргэе.

Хүнсний хямрал дэгдэх үү
Санхүү, эдийн засгийн хямрал гэж олон жил ярьсан дэлхий дахин үүнээс хэд дахин дор гамшигт хямралтай энэ жил анх удаа нүүр тулж мэдэхээр байна. Импортын хүнсний өртөг дэлхийн хэмжээнд энэ жил 2008 оны рекорд үзүүлэлтийг ч давах гэнэ. Мөн хөдөө аж ахуйн гол бүтээгдэхүүнүүдийн үнэ хамгийн өндөр гэгдсэн өмнөх үзүүлэлтээс давах төлөвтэй байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тооцоогоор эрдэнэшиш, буудай, буурцгийн шош зэрэг бүтээгдэхүүний үнэ урьд байгаагүйгээр өсч, зөвхөн цагаан будааны үнэ л тогтвортой байх аж. Хүнсний үнийн өсөлтөд таагүй цаг агаар хамгийн их нөлөөлдөг. Био түлш зэрэг нийтийн хэрэгцээ, шаардлага ч багагүй нөлөөлж байгаа. Энэ оны хүнсний хямрал нэг бус содон шинжтэй. Хамгийн сонирхолтой нь дэлхийн хамгийн өлсгөлөн тив гэгддэг Африкт байдал хавьгүй дээрдсэн үзүүлэлт байна. Тиймээс 2007-2008 оных шиг хүнснээс үүдэлтэй жагсаал цуглаан энэ онд цөөн болно.

Хоёр Солонгос нэгдэх үү
Яав ч үгүй. Солонгосын хойгийн асуудлыг нэгмөсөн шийдэх хамгийн зөв арга яах аргагүй нэгдмэл Солонгос Улсыг байгуулах ч одоогоор энэ нь хамгийн боломжгүйд тооцогдоод байна. Ким Чен Ирийн суудлаа хүлээлгэх явц тун ээдрээтэй байгаа энэ үед Пхеньяны дотоод хүрээллийнхэн хүртэл ихэд барьц алдаж байгаа бололтой. Сөүлийн албаныхан ч мөн ямар нэг үйл явдлын гэнэтийн өрнөлөөс эмээж байгаа. Солонгос үндэстэн нэг л өдөр нэгдэхийг үгүйсгэх аргагүй ч тийм онцгой чухал түүхэн эргэлт энэ онд л лав болохгүй.

АНУ, НАТО-гийн хүчин Афганистаны дайнд ялах уу
Арав дахь оноо угтаж буй Афганистаны дайн чухам энэ жил л НАТО-гийн албаныхны хүссэнээр өрнөж мэдэх юм. АНУ болон тус улсын холбоотнууд өдгөө талибуудын гол түшиц газрыг овоо хараандаа аваад байгаа. НАТО-гийн албан хаагчид туршлагатай, тооны хувьд чамлагдахааргүй болж, Афганы арми ч хүн, хүчний хувьд хурдацтай өссөн. Гэсэн ч амар дайн гэж үгүй. Афганистан, Пакистаны хилийн зурвас нутагт пакистан босогчид хүчирхэгжсэн нь америкчуудыг зовоож эхэлсэн бол Кабулын эрх баригчдын дунд авлига, засаглалын "гажиг" бүр ч дордсоор байна. Юутай ч зэвсэгт босогчдын хүч өмнөх жилүүдийнхээс суларсан тул энгийн иргэд болон энхийг сахиулагчдын эндэгдэл буурна гэдэгт ажиглагчид итгэлтэй байгаа.

Мубаракийн эрин төгсөх үү
Мубаракийнхан хүсэхгүй бол үгүй. Бие нь сүүлийн хэдэн жилд ихэд чилээрхэх болсон Ерөнхийлөгч Хосни Мубарак 1981 оноос хойш хашсан төрийн тэргүүний албаа амар хүлээлгэж өгөхгүйгээ нуухгүй байгаа. Харин эрүүл мэнд нь дордсоор байвал энэ оны сонгуульд оролцолгүй өөрийнхөө оронд хүү Гамалаа удирдагчийн суудал уруу зүтгүүлж мэдэх юм. Хүүгээ үнэхээр залгамжлагчаа болгохыг хүсвэл ахмад Мубарак залуу Мубаракийг Ерөнхийлөгч болгох ажлыг өөрөө ахлах хэрэгтэй. Түүнийг үгүй болчихвол армийнхан төдийгүй эрх баригч Үндэсний ардчилсан намд залуу Мубаракийг дэмжигчид олон үлдэхгүй болов уу.

Суданд иргэний дайн дэгдэх үү
Энэ улс ямар ч үед үймээнтэй байдаг нь бараг л бичигдээгүй хууль. Олны тэсэн ядан хүлээж байгаа энэ сарын бүх нийтийн санал асуулга Өмнөд Судан тусгаар улс болох эсэхийг шийдэх бөгөөд дүн нь ямар байхаас үл хамааран тус улс үймж мэдэхээр байна. Гэхдээ Хартумын эрх баригчид, өмнөдийн зэвсэгт босогчдын хэн хэн нь Африкийн хамгийн олон жил үргэлжилсэн иргэний дайныг сэдрээхийг хүсэхгүй нь мэдээж. Өмнөд, умардын хилийн бүс нутаг дахь газрын тосны арвин нөөцийг ашиг, тус болгох эсэх нь мөн талуудын зөвшилцөл, ойлголцлоос хамаарна. Өмнөд Судан Хартумын засаглалаас хараат бус болох нь бараг л тодорхой болсон энэ үед Суданы төдийгүй бүс нутгийн зэвсэгт хүчнийхэн болзошгүй аюулд бэлэн байхыг хичээж байна. Дэлхийн отгон улсыг цогцлоох явц дайнтай биш юм гэхэд түгшүүртэй байх нь гарцаагүй.

Европын нийгмийн хямрал даамжрах уу
Европын холбоо даяар эрх баригчид хэмнэх бодлого баримталж, ажилгүйчүүдийн эгнээ тэлэх болсон. Өнгөрсөн сарын эхээр Европын олон улсад эсэргүүцлийн жагсаал цуглаан гаарсан бөгөөд бүгд гүндээ өөр өөр шалтгаантай ч иргэдийн дунд нийтлэг нэг эмзэглэл, дургүйцэл байсан нь албаныхны хэмнэх, хөрөнгө танах бодлого юм. Санхүү, эдийн засгийн хямралд барих төрийнхөө шийдвэрийг эсэргүүцэгчид энэ онд бүр ч нэмэгдэнэ. Эдийн засгийн суурь нь бүхлээрээ ганхсан Грек, Ирланд Олон улсын валютын сангийн хэмнэлтийн олон бодлогод түүртэж эхэлсэн бол Португали, Испани, магадгүй Итали, Бельги зэрэг улс гадны зээлдээ бүр ч орооцолдож мэдэх юм. Хэмнэх бодлого Британийн улстөрд ч нөлөөлж магадгүй. Ерөнхийлөгч Николя Саркозийн нэр хүнд мөн л эдийн засгийн шалтгаанаар улам бүдгэрч, Францыг сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй улстөрийн хямрал уруу чирч мэднэ. Зарим шинжээчийн таамаглаж буйгаар европчууд 1848, 1968 оныг санагдуулам их эсэргүүцлийн хөдөлгөөнийг энэ жил өрнүүлэх гэнэ.

"WikiLeaks" сэргэх үү
Мэдээж сэргэнэ. Гэхдээ цахим талбарыг урьдын адил эзэгнэхгүй. Афганистан, Иракийн дайны олон нууцыг дэлгэснийхээ хариуд Жулиан Ассанж нэр хүндтэй нэгэн болсон ч хүчингийн хэрэгт холбогдсон, дипломат төлөөлөгчдийн маш нууц захидал, баримтыг дэлгэсэн зэрэг нь түүнийг сүүдэрлэн дагасаар байх болно. Ж.Ассанжийн "тэрслэх" кампанит ажил дуусаагүй нь мэдээж. Гэхдээ "WikiLeaks''-ийн хувьд нууц баримт хуулбарлагчдын шинэ цахим хуудсууд энэ оны гол шалгуур байна. Яг л дуу татах "Napster" сайт байр сууриа алдсан шиг "WikiLeaks" содон бизнесээ алдаж эхэлнэ.

Нефть дуусах уу
Газрын тосны хэрэгцээ, шаардлага энэ онд бүр ч өснө. Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоогоор өнгөрсөн онд дэлхий дахины нефтийн хоногийн хэрэглээ 2.3 сая баррель байсан нь түүхэн дэх хоёр дахь өндөр үзүүлэлт юм. Олон орны эдийн засаг хурдацтай өсч байгаа нь үүнд хамгийн их нөлөөлж байгаа. Гэвч ОПЕК-ийн орнууд хар алтны нөөц, олборлолтоос илүү үнэд илүү санаа зовж байна. Тиймээс нефтийн үнийг хэт өсгөж, хэт бууруулахгүй байхад газрын тосны салбарынхан энэ онд хамгийн их анхаарна. Шинжээчдийн санал нийлж байгаагаар 2011 он баррель нефтийн үнэ дахин 100 ам.доллар давсан жил хэмээн түүхэнд үлдэнэ.

Г.Лхагва

0 comments:

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008