НҮБ-ын Хүн амын хорооны тооцоогоор энэ оны сүүлээр дэлхий долоон тэрбум дахь иргэнээ хүлээж авна. Энэ нь дэлхийн хүн ам хурдацтай өсч буйн хамгийн том илрэл. Өдгөө амьд сэрүүн буй дэлхийн зургаан тэрбум дахь иргэн Боснийн Аднан Невич ердөө 11 настай билээ. Өрх, хот, улс, цаашлаад бүс нутаг, тивдээ шинэ хүн мэндлэх нь таатай мэдээ ч илүү өргөн цараагаар тунгаавал гариг дэлхий маань энэ олон тэрбум хүнийг энгэртээ багтааж чадах уу гэдэг асуулт эрхгүй ургана.
Бүр ч аймшигтай өөр нэг баримт бол энэ зууны дунд гэхэд дэлхийн хүн ам есөн тэрбумд хүрнэ гэсэн тооцоо юм. 1.5 тэрбум хүн хоногт 1.25 ам.доллар ч хүрэхгүй мөнгөөр амь зуудаг, тэрбум орчим хүн өлсгөлөнд нэрвэгдсэн, байгаль орчин сүйрлийн ирмэгт тулчихаад байгаа одоогийн дэлхий удахгүй долоон тэрбум асуудалтай болох нь. Энэ тухай хүн ам зүйч, эрдэмтэн Роберт Кунзиг "Үндэсний газарзүй" сэтгүүлийн шинэ дугаарын тэргүүн өгүүлэлд дэлгэрэнгүй тайлбарлажээ. Түүний онцолсноор зөвхөн энэ цаг үед л дэлхийн хүн ам онцгой хурдаар өссөн. Хүн төрөлхтөн тэрбумуулаа болох гэж 1800 гаруй жил "зүдэрсэн" атлаа гурван тэрбумаас долоон тэрбум болохдоо ердөө 50 гаруйхан жил л зарцуулжээ.
Энэхүү хурдацтай өсөлт юуны түрүүнд хүний оюун ухааны хөгжил, ололт амжилттай холбоотой. Эрт цагт дэлхийн хаана ч эмэгтэй хүн арван хүүхэд төрүүлэх нь хэвийн үзэгдэл байлаа. Хүүхдүүд нь бүгд идэр настай золгохгүй гэдгийг эцэг, эхчүүд мэддэг байв. Харин энэ ойлголт анагаах ухаан, ахуй орчин сайжирснаас шалтгаалан өдгөө нэгэнт үгүй болжээ. Төрөх насны эмэгтэйд ногдох нярайн тоо дэлхийн хэмжээнд буурсан нь өрхүүд хөдөөгөөс хот суурин уруу шилжиж, цөөн гэлтгүй төрүүлсэн хүүхэд бүрээ эрүүл орчинд өсгөх чадвартай болсонтой холбоотой. Дэлхийн хүн ам одоогийн хурдаар өссөөр байвал 2050 он гэхэд дэлхий 8-11 тэрбум хүнтэй болох төлөвтэй байна. Мумбай, Лагос зэрэг их хотуудын зах дахь ядуусын хорооллоор явахад "Яаж илүү хүн агуулна даа" гэж бодогддог.
Ийн санаа зовсон эрдэмтдийн нэг, "Хүн амын тэсрэлт" номоороо алдаршсан Пол Эрлихийг Р.Кунзиг иш татжээ. "Хэт их хүн хэчнээн их гамшиг дагуулахыг би эртнээс тооцсон. Гэхдээ хэдэн жилийн өмнө Делид байхдаа хэзээ ч мартахааргүйгээр, тун аймшигтайгаар их хүний аюулыг мэдэрч билээ. Бараг 50 хэм давсан халуунд утаа, тоос, үнэр гэдэг тамтаггүй. Хүмүүс энд тэндгүй идэж, ууж, угааж, унтана. Хэрэлдэж, хэлэлцэж, зарим нь хашгирна. Таксины цонхон дээр алгаа нааж, гуйлга гуйна. Автобус, галт тэргээс зүүгдэнэ. Булан тохойд тамхи татна, бие засна. Хүмүүс,хүмүүс... Хаа сайгүй нэгнээсээ ялгагдахааргүй хүмүүс"... П.Эрлих 1966 онд буюу Энэтхэгийн хүн ам 500 сая байхад ийн бичжээ.
Өдгөө тус улсын хүн ам 1.2 тэрбумд хүрсэн бөгөөд энэ зууны дунд гэхэд 1.7 тэрбум болох төлөвтэй байгаа. Гэхдээ дэлхийд хангалттай орон зай бий эсэх нь гол бэрхшээл биш гэнэ. Р.Кунзигийн тооцоогоор есөн тэрбум хүн дэлхийгээр нэг тархан суурьшлаа ч дэлхийн хүн амын дундаж нягтрал өнөөгийн Францынхтай дүйнэ. Тиймээс хүн ам зүйчид орон зайд биш байгалийн чадамж хийгээд хүний өөрийгөө тэтгэх хүч суларна гэж эмээж байгаа юм. Вашингтон дахь Дэлхийн бодлого хүрээлэнгийнхний үзэж буйгаар хэт их хүн хүнсний хомсдол дагуулж, хоол хүнсний гачаал хүн төрөлхтөн, дэлхийн соёл иргэншлийг мөхөөх гэнэ.
Тус хүрээлэнгийн санал болгосноор хүн төрөлхтнийг аврах ганц арга дэлхий нийтийг дайны үеийнх шиг бэлэн байдалд байлгах. Тэгж байж л дэлхийн хүн амыг найман тэрбумаас өсгөхгүй байх, өссөн ч хүнсний хомсдолоос сэргийлнэ гэж Дэлхийн бодлогынхон үзжээ. Найман тэрбум гэдэг НҮБ-ын 2050 онд тогтоосон хамгийн бага үзүүлэлт. Хүнсний гачаалаас гадна нийгмийн олон сөрөг хандлага хүн амын хэт өсөлтийг дагана. Дэлхийн хүн ам хурдацтайгаас гадна тун тэгш бусаар өсч байгаа. Хүнийхээ тоогоор Хятадыг хэдхэн жилийн дотор гүйцэх нь тодорхой болсон Энэтхэг ирэх хагас зуун жилд 500 сая хүн угтаж авах бол хөгжингүй орнууд гэнэтийн их наслалттай тулна.
"Дэлхийн хүн ам-2010" тайланд дурдсанаар Япон, Итали, Герман зэрэг чинээлэг орнуудад тэтгэврийн насны нэг хүнийг ердөө гуравхан хүн тэтгэхээр байгаа аж. Харин энэ үзүүлэлт Африк, Ойрхи Дорнодод 25:1 гэсэн харьцаатай байна. Дэлхийн хүн ам өсөхийн хэрээр энэ үзүүлэлт бүр ч дордож, олон улсын эдийн засаг тэтгэврийн насныхныг тэтгэх гэж туйлдаж эхэлнэ. АНУ л гэхэд ДНБ-ийхээ 8.4 хувийг нийгмийн халамжид зориулдаг бөгөөд энэ зууны дунд гэхэд эл тоо 14.5 хувьд хүрэх төлөвтэй байна.
2050 оны дэлхий хүн амын нягтрал ихтэй, настнууд олонтой, бухимдаж, цөхөрсөн улстөрчид, туйлдаж, доройтсон эдийн засагтайгаар төсөөлөгдөж байна. Ийм ирээдүйгээс зугтах арга бий юу? Боловсрол, ахуйн шинэчлэл онцгой чухал ч ихэнх шинжээчийн санал нийлдгээр цагаачлал хамгийн зөв шийдэл байж мэдэх юм. Зуун хүрэхгүй хугацаанд хөгжингүй орнууд хөдөлмөрийн насныхангүй болж, хөгжиж буй орнууд хүүхэд, залуусаар дүүрнэ. Хүн ам зүй, эдийн засгийн тогтворгүй байдлыг "анагаах" хамгийн боломжит арга тэгэхээр яах аргагүй цагаачлал юм. Улстөр, нийгмийн олон бэрхшээл үүсгэж мэдэх ч хүнээ багтааж ядсан дэлхийд их нүүдлээс өөр ямар ч арга үлдэхгүй. Өнөөгийн Америк, Японы хүн амын үзүүлэлтүүдийг харьцуулахад л цагаачлалын эерэг талыг харж болно.
Г.Лхагва
Цааш нь...