Monday, October 4, 2010

Кофены дэлхийн экспортын бууралт


Олон улсын кофены байгууллага /IСО/-ын мэдээгээр, энэ оны эхний найман сарын байдлаар кофены дэлхийн экспорт өнгөрсөн жилийн мөн үеэс 8 хувиар буурч, 61.6 сая шуудай байлаа.

Тухайлбал, "арабик" сортых 7.34 хувиар, харин "робуста"-гийх 9.44 хувиар тус тус доошилжээ.
ICO-ийн дүгнэлтээр, кофены дэлхийн экспорт 2009 онд 95.5 сая шуудайд хүрч байсан бол мөнгөн дүнгээр 13.2 тэрбум доллар байв. Экспортын бууралт нь энэ Хүнсний үнийн бууралт болон нийлүүлэлтийн хэмжээнээс шалтгаалсан гэж олон улсын шинжээчид үзэж байна.

Кофены дэлхийн томоохон экспортлогч Энэтхэг улс энэ оны эхний найман сарын хугацаанд нийлүүлтээ 2.9 сая шуудайд хүргэж, өнгөрсөн жилийн мөн үеэс 42.64 хувиар өсгөжээ.

Цааш нь...

Tuesday, August 17, 2010

Хувь хүний мэдээллийн сайттай болно


Интернэт хайлтын "Google" компани хэрэглэгчдийг татахын тулд "Facebook", 'Twitter", "Hi5" шиг хувь хүний мэдээллийн сайт нээхээр ажиллаж байгаа гэнэ.

Тэд уг сайтын нэрийг нууцалж байгаа юм. Мөн бусад сайтаас илүү олон төрлийн үйлчилгээтэй хэмээн амлажээ. Тиймдээ ч тэдгээр сайтыг орлогогүй болгох аж.

"Google" компани шинэ сайтыг хэзээ ашиглаж эхлэхийг нууцалж байгаа аж. Ямартай ч хэрэглэгчдэд 100 хувь сэтгэл ханамжийн баталгаа олгох аж.

Сайтын хамгийн давуу тал нь өөрсдийн холбоос дахь нэг хүнтэй шууд ярьж болох гэнэ. Тайлбарлавал, та өөрийн тухай мэдээллийг уг сайтад оруулж, улмаар өөр нэгэн хүнтэй найзын холбоо тогтооно. Харин та өөрийн хуудсандаа ажиллаж байх үедээ холбоосонд байгаа найз руугаа залгах боломжтой гэсэн үг.

Цааш нь...

Monday, August 16, 2010

Билл Гейтс: Би дээд зиндааны гэж нэрлэгдсэн энгийн л хүн


“Майкрософт” компанийг үндэслэгч, тэрбумтан Билл Гейтс Испанийн Мадрид хотын “Лос 40 Принсиралес” радиод ярилцлага өгчээ. Тэрбээр өнгөрөгч сард тус улсад болсон олон улсын хүмүүнлэгийн их хуралд оролцсон юм. Тухайн үед олон улсын хүмүүнлэгийн байгууллагад 50 мянган ам.доллар хандивлажээ. Түүний хувьд дэлхийн хамгийн баян хүний жагсаалтыг 10 гаруй жил тэргүүлсэн гэдэг.

-Та хэдхэн хоногийн өмнө олон улсын хүмүүнлэгийн санд 50 мянган ам.доллар хандивласан. Энэ таны хэд дэх удаагийн хандив бэ?
-Би тоолж үзээгүй. Ямартай ч өөрийгөө хоослоогүй л байна.

-Та бүх өөрийнхөө бүх хөрөнгийг хандивлаж чадах уу?
-Магадгүй. Яахав, би нас барах хугацаагаа бүрэн мэдчихсэн тохиолдолд байж болох л юм.

-Хандив өгөх үедээ юу боддог вэ?
-Хүний харцнаас аз жаргалыг хардаг. Хүн бүхэн намайг баян гэж боддог. Би үүнд баярладаг.

-Яагаад. Зарим хүмүүс ингэж хэлэхэд дургүй байдаг шүү дээ?
-Би компаниа байгуулахдаа халаасанд минь 200 ам.доллартай л байлаа. Энэ мөнгө бол Америкийн нөхцөлд компани байгуулахад эрхийг бичиг авах л мөнгө. Тэгээд л эрхийн бичгээ авсан даа.

-Тэр үед хүндрэлтэй асуудал нь юу байв?
-Мэдээж АНУ-ын хууль чанга шүү дээ. Хүссэн хүн болгон компани байгуулчихдаггүй. Миний хувьд компанийн гэрчилгээгээ авах гэж таван долоо хоног явсан. Энэ хугацаанд гэдэс минь өлөн явж байсан өдөр ч бий.

-Харин анх удаа өөрийн гэсэн мөнгөтэй болоход ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Миний хамгийн сайхан мөчүүдийн нэг. Учир нь 1500 ам.долларыг банкнаас авсан. Тэгээд гарч яваад цадталаа хооллосон доо.

-Та үнэхээр өлсдөг байжээ?
-Тиймээ. Олон цаг тоног төхөөрөмжүүдийн дэргэд сууна гэдэг хэцүү.

-Компьютерийн ажил эрхэлдэг хүмүүсийн дийлэнх нь тарган байдаг шүү дээ?
-Таргалахын тухайд уу. Би 20 жилийн өмнө их иддэг байсан. Хүмүүс надад хандаж энэ тухай хэлдэг л байсан. Гэвч би төдийлөн ач холбогдол өгөөгүй. Яагаад би хүссэнээр идэж болохгүй гэж. Тэгээд ч би таргалахгүй. Дорныхны хэлдэгээр таргалана гэдэг хүний бодлоос хамаарна.

-Дорно дахин гэснээс Далай ламтай уулзаж байсан шүү дээ. Тэр ямар хүн бэ?
-Үнэхээр сайхан хүн. Хүн бүхэн түүнтэй хамт байхаар тайван байдаг гэж ярьдаг. Энэ үнэн юм билээ.

-Та нөлөө бүхий хүмүүстэй найз. Тэгэхээр та өөрийгөө дээд зиндааны хүн гэж боддог уу?
-Би дээд зиндааны гэж нэрлэгдсэн энгийн л хүн. Намайг дээд зиндааны гэж нэрлэдэг хүмүүс миний хэтэвчний зузааныг л харж байгаа юм. Би баян уу гэвэл тийм. Харин дээд зиндааных уу гэвэл үгүй. Би тэгэхээр энгийн нэгэн эр.

-Та олон одтой зочид буудалд буудаггүй чинь үүнтэй холбоотой юу?
-Тийм. Би зарим илүү зүйлд мөнгө үрэх дургүй. Та намайг харамч гэж бодож байна уу. Тэгвэл үгүй. Баян хүмүүс өөрийгөө бусдад мэдрүүлэх гэж үнэтэй зүйл хэрэглэдэг. Мөн өндөр үнэтэй буудалд буудаг. Учир нь өндөр үнэтэй буудал сайн хамгаалалттай байдаг юм. Тэгэхээр тэд энгийн хүмүүс дунд амьдарч чадахгүй. Тэднээс айж байгаа хэрэг.

-Та тэгвэл хэдэн одтой зочид буудалд буудаг вэ?
-Гурав, дөрөв. Зарим тохиолдолд улс төрийн эрх бүхий хүмүүс намайг урихдаа дээд зэрэглэлийн зочид буудалд буухыг санал болгодог. Түүнийг нь хүндэтгэдэг.

-Танд 1990 оны “Порше-911” байгаа шүү дээ. Өөр автомашинтай юу?
-Би “Порше-911” автомашиндаа үнэхээр хайртай. Одоо ч унадаг. Надад бас “Ройлс Ролл” бий. Гэхдээ түүнийг унахад сэтгэлд нэг л хүрэхгүй юм. Унаад явахад хэцүү. Тэгээд л дасал болсон “Порше”-гоо унана даа.

-Та гольф тоглож, виски уух дуртай юу?
-Вүүдстэй хэд хэдэн удаа тоглож байсан. Гэхдээ би нэг хожоогүй л дээ. Ер нь нэг их тоглоод байдаггүй. Нэг үгээр хэлбэл завгүй. Тэгж тоглож байхаар сангийнхаа ажлыг хийдэг. Учир нь манай санд сая сая хүн ханддаг. Тэдний захидалтай уншиж танилцдаг.

-Тэдгээр захидалд хариу өгдөг үү?
-Захидал болгонд хариу өгөх боломжгүй. Гэхдээ манай сангийн ажилчид цаг тухай бүрт нь хариу явуулахыг эрмэлздэг. Миний хувьд хамгийн хүндрэлтэй гэсэн захидлуудыг хүлээн авдаг. Хүндрэлтэй гэдэг нь амьдралын хувьд юм шүү.

-Опра таныг шоундаа урих гэж байгаа тухай сонссон энэ үнэн үү?
-Би мэдэхгүй юм байна. Хэрэв завтай үедээ болох л юм. Би дуртайяа хүлээж авна. Учир нь тэр их энэрэнгүй эмэгтэй. Түүнээс суралцах зүйл их.

-Хэрэв Опра тантай хүмүүнлэгийн асуудлаар хамтарч ажиллахыг хүсвэл?
-Би мэдээж дургүйцэхгүй. Харин ч том үйл ажиллагаа болно гэж бодож байна. Бас дэлхийн нөлөө бүхий хүмүүсийг урьж, хандив цуглуулж, тусламж хэрэгтэй байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлэгт хандив өгөх нь сайхан ажил.

-Та хэн нэгэн гэнэтийн бэлэг барих дуртай юу?
-Үнэхээр дуртай. Би Мелиндад олон ч удаа гэнэтийн бэлэг барьсан. Тэр бүхэнд түүний сайхан инээмсэглэлийг харахыг хүсдэг. Бид учраагүй бол би өнөөдрийн түвшинд очих эсэхийг бурхан л мэдэх байх.

-Мелинда таныг сайхан инээмсэглэлээрээ өөртөө дурлуулсан гэсэн үг?
-Яг тийм. Тэр намайг байнга дэмждэгт баярладаг.

-Та хоёр хэрхэн танилцаж байв?
-Бид 1992 онд Флоридагийн нэгэн зоогийн газар танилцаж байв. Тухайн үед тэр над руу хараад л байсан. Би ч гэсэн. Тэгээд л улаан дарс бариад очсон доо. Би тэгэхэд үнэхээр их сандарч байлаа. Яагаад гэвэл түүний гайхалтай нүд намайг алмайруулсан гэхэд болно.

-Эцэг болно гэдэг таны хувьд биелэшгүй мэт санагдсан гэсэн. Яагаад?
-Тиймээ. Би жаахан хүүхдүүдийг их ядаргаатай гэж боддог байв. Гэтэл 1996 онд Женнифер төрсөн. Би тэр үед эцэг болсондоо нэг л итгэж өгөхгүй байлаа. Женнифер үнэхээр зөөлөн бас шингэн биетэй санагдсан. Тэр үе үе уйлна. Одоо дурсахад тэр үе сайхан байж.

-Та хүүхдүүддээ хөрөнгөө өвлүүлэх үү?
-Энэ их хэцүү асуудал. Өвлүүлэхгүй бол хүүхдүүд маань гомдоно. Харин өвлүүлэхээр миний сангийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэх нь бүрхэг.

-Яагаад. Тэдний таны хүүхдүүд шүү дээ?
-Би өвлүүлэхгүй гэж яриагүй шүү дээ. Ямартай ч энэ тухай бодоход хэтэрхий эрт байна.

-Та бизнес эрхэлж байхдаа дампуурч байсан удаа бий юу?
-Дампуурал гэдэг төлөвлөгөө муутай бизнесмений сул тал. Эхэндээ төлөвлөгөө муутай байснаас дампуурч байсан удаа бий. Ер нь дахин сэхнэ гэдэг тийм ч амар биш. Хамгийн чухал нь маш сайн төлөвлөгөө зохиох хэрэгтэй. Тэгвэл чи амжилтад хүрнэ.

-Өнгөрсөн оны дэлхийн эдийн засгийн хямрал “Майкрософт” компанид хэр зэрэг нөлөөлсөн бэ?
-Тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Манай эдийн засагчид сайн төлөвлөгөө боловсруулсны үр дүнд хямралыг амжилттай давсан.

-Дэлхийн томоохон компаниуд мянга мянган ажилчнаа цомхотгосон. Харин танайх?
-Бид аль болох манайд итгэж, ажилд орсон хүмүүсийг цомхотгохгүйг хичээсэн. Тиймээс нэг ч ажилтнаа халаагүй.

Д.Түвшинтөр http://www.niigmiintoli.mn/

Цааш нь...

Thursday, April 8, 2010

Багаар ажиллах чадвар буюу Гэхдээ...

Монголчууд бидний хувьд энэ үг танил болоод удаж буй. Гэхдээ би л хувьдаа ЯГ юу гэсэн үг болохыг мэддэггүй.

Интернэт ухаж явтал Ж. Лувсандорж гэдэг залуу “Бидэнд багаар ажиллах чадвар дутмаг байдаг нь жижиг, том аль ч хүрээнд мэдрэгддэг. Энэ чадвар дутмаг байдаг нь монголчууд бид эртнээс бие дааж, бор гэртээ Богд болж амьдардаг байсантай холбоотой юм болов уу. ...” гэжээ.

Үүнийгээ “1 айл өрх гэртээ бүхий л ахуйн хэрэгцээний зүйлсээ бие даагаад хийчихнэ, хувцасаа хийгээд өмсчихнө, хоолоо хийгээд идчихнэ, архиа нэрээд уучихна. Тийм болохоор бусдаас гуйгаад байх зүйл байхгүй, хамтран ажиллах шаардлага бараг гардаггүй байсан юм болов уу” гэсэн жишээгээр тайлбарлажээ.

ГЭХДЭЭ тэр нэгэн айл өрхийн бодвол аав нь олон таван үггүй лидердээд ээж, охидууд нь хувцасаа залхууралгүй хийгээд, хоолоо хийгээд, архиа нэрээд бодвол хөвгүүд нь хариуцлагатайхан шиг хонь малаа хариулдаг байсан биз. Тэгэхээр энэ бараг л баг мөн байх аа.

ТЭРГҮҮН АСУУЛТ: ҮҮНИЙГ БАГ БИШ ГЭЖ ҮЗВЭЛ ЯГ ЮУГ БАГ ГЭХ ВЭ?
Ганц хүн айл болохгүй гэсэн ардын сайхан үгэнд үндэслэн энэ бол баг юм хэмээн итгэн цааш үргэлжлүүлье. Гэхдээ учир бий.

Баг олон хүнээс бүрдэх ёстой юм бол цэргийн хороо баг мөн үү?

ГЭХДЭЭ...
3. Асуудлыг шийдвэрлэхэд бүх гишүүд оролцох
7. Харилцах, нэвтрэлцэх, хэл амаа ололцох чадвараа сайжруулах. Үүнд харилцааны соёл эзэмших, хэлний мэдлэгээ сайжруулах гэх мэт асуудал хамаарна.
Гэсэн зүйлсийг http://mergenii.blog.banjig.net/post.php?post_id=123615 –оос
уншлаа.

Гэтэл цэргийн ангид 1. Ямагт даргын зөв, 2. Даргын буруу чиний зөв санагдаад байвал нэгдүгээр дүрмийг сана гэсэн ДҮРЭМ бий. Олон тулалдаанд орж ялалт байгуулсан цэргийн хороодод энэ дүрэм бий...
Тэгэхээр багийн гишүүн зөвхөн гүйцэтгэгч байж болно.
ДЭД АСУУЛТ: БАГИЙН ДЭГЛЭМ АВТОРИТАР УУ? ТОТАЛИТАР УУ?
Бас нэгэн зөрчилдөөн байна аа.

Монголчуудыг багаар ажиллах чадваргүй гэж спорт дээр жишээ аван тайлбарлах нь түгээмэл байдаг. Бокс, сумо, жудод амжилт гаргадаг атлаа хөлбөмбөг, сагсан бөмбөгт 00 гэх зэргээр. Бодит байдал дээр тийм л дээ.

ГЭХДЭЭ...
Түвшинбаяр ганцаараа бэлтгэл хийгээд, өөрөө мөнгөө гаргаад, өөрөө бусад бүх асуудл
ыг шийдээд Олимпийн аварга болоогүй ээ. Түүний ард менежер, дасгалжуулагч, санхүүжүүлэгч, дэмжигч гэх мэт олон хүн бий. Тэдний зорилго түүнийг олимпийн л аварга болгох байсан...

Тэгвэл тэд багийн гишүүдэд орох уу?
Орохгүй гээд үзвэл нэгдсэн зорилготой хүмүүс байдаг, орно гэчихвэл дэвжээн дээр барилдаагүйгээс гадна Монголчууд бид багаар ажиллах чадвартай хүмүүс болчихлоо.

ГУТГААР АСУУЛТ: МОНГОЛЧУУДАД БАГААР АЖИЛЛАХ ЧАДВАР БИЙ ЮУ?
Энэ асуулт гарсан чинь “Багаар ажиллах чадвар гэж юу вэ?” хэмээх асуудал гарч ирлээ. Онлайн буй хэдэн найзаасаа асуулаа.

Х. Хангал: Тойрч суугаад эвтэйхэн пиводох
М. Үүрийнтуяа: busdiig ayataihan ayaldan dagah hadvar.......kkkk
Ц.Ганцоож: “Эвт шаазгай буга барина" Энэ л багаар ажиллах чадвар юумуу да

За тэгвэл ямар ч байсан бусадтайгаа эв зүйгээ олоод дагаад явах чадвар гэсэн дүгнэлт энэ гурван гишүүний үгнээс гарлаа.

Арга ч үгүй биз. 5 хүнтэй “баг” хуралдаад асуудал шийдвэрлэлээ. Санал үл нийлэх нэг нөхөр бөөн бухимдал болов. Бид түүнийг “муйхар , зөрүүд” гэж нэрлэдэг.

ГЭХДЭЭ...
Нөгөө талаас Чукча нарын нэгэн тосгонд дэлхий бөөрөнхий хавтгай эсэхийг шийдвэрлэх хурал болжээ. Дийлэнхийн саналаар дэлхий хавтгай гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Эвт шаазгай буга барьдгийн үлгэрээр бөөрөнхий хэмээн саналаа өгсөн нөхдүүд санал нэгдлээ.

Мэдээж буруу дүгнэлт. Хэрвээ өмнө хэлснийг багаар ажиллах чадвар гэдгийг хүлээн зөвшөөрөх юм бол “Дэлхий бөөрөнхий” хэмээн хэлсэн нөхдүүд итгэл үнэмшилдээ үнэнч байсныхаа төлөө “муйхар , зөрүүд” болж таарч байна.

СҮҮЛИЙН АСУУЛТ: Тэгэхээр өөрийн саналдаа үнэнч байх нь багаар ажиллах чадвар уу? Бүлгийн саналыг дагах нь багаар ажиллах чадвар уу?
Б.Жавхаа

Цааш нь...

Monday, April 5, 2010

5 сарын 08- нд “Дэв” уран сайхны кино нээлтээ хийнэ


Синебокс арт группын залуу уран бүтээлчдийн шинэ бүтээл “Дэв” сэтгэлзүйн аймшгийн кино удахгүй үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Өнөөгийн нийгэмд өсөж дэвжиж яваа залуусын нийгэмд эзэлж буй байр суурь, амжилт, архидалт, садар замбараагүй амьдралаас болж хэрхэн амьдрал нь нуран унаж байгааг киноны турш гарах олон үйл явдлаар үзүүлсэн.

2010 оны 05 сарын 06 –ны 12.00 цагт Хэвлэлийн хүрээлэн хэвлэлийн бага хурал болох юм байна.
“ДЭВ” уран сайхны киноны гол дүрд УДЭТ –ын жүжигчин Ц.Цэрэнболд, С.Болд-Эрдэнэ, М.Тогтохжаргал мөн жүжигчин Э.Тамир, Б.Энх-Дөлгөөн, Б.Мөнхжин нар тоглолоо. Кино 2010 оны 5 сарын 08-нд Тэнгис, Өргөө, Соёмбо, М-Cinema кино театруудад нэгэн зэрэг нээлтээ хийх гэж байгаа юм байна. Мөн Соёмбо кино театрын 12.00 цагийн нээлтийн арга хэмжээнд эхний ирсэн 100 үзэгчдэд урилга өгөх болно.

Уг кино нь зураглал, дуу шумны хувьд маш өндөр түвшинд хийгдсэн ба Монголын кино урлагт мартагдаад байсан киноны хөгжим гэдэг зүйлийг жинхэнэ утгаар нь бүтээн туурвижээ. Хөгжмийн зохиолыг Пүрэвсүх бичиж Арга Билэг хамтлагийн тоглосон 8 бүрэн хэмжээний хөгжим бүхий СD 5 сарын 8-нд киноны нээлттэй зэрэгцэн худалдаанд гарах ба Улаанбаатар хотын бүх СD шопуудаас худалдан авах боломжтой юм.

2009 оны 8 сараас эхэлсэн энэхүү кино төслөө хамгийн шилдэг болгохын тулд маш чадварлаг олон уран бүтээлчидтэй хамтран ажилласан нь Синебоксын залуусын хийсэн ажлаас нь бэлхэн харагдаж байлаа. Уг кинонд зөвлөх найруулагчаар Ардын Жүжигчин Г.Жигжидсүрэн, хөгжмийн зохиолчоор A-Sound, Арга Билэг хамтлагийн төгөлдөр хуурч Пүрэвсүх, дууны инженерээр “Prosounds” Студийн Баттуваан, Рагу нар ажиллажээ. Мөн Залуу Маркетер Клуб ТББ киноны маркетингийн ажлыг хариуцан ажиллаж байна.

Орчин үеийн Монголын кино урлагт үзэгчид ам муутай байдаг тэр ойлголтыг өөрчлөн үнэхээр том тэсрэлт хийхээр ДЭВ киног бүтээсэн тухайгаа залуу уран бүтээлчид онцолж байсан. Юутай ч 5 сарын 8- наас эхлэн үзэгчдийн дунд шуугиан тарих сэтгэхүйн аймшгийн кино гарч эхлэх нь ээ.
www.gogo.mn

Цааш нь...

Tuesday, March 23, 2010

Ялгааг ол

www.shuud.mn

www.news.mn


www.shuud.mn хотын төвийн зам дагуул гэрэлт самбаруудад дээр Түс Тас уриатай шинэхэн вэб хуудасны танилцуулга гарсан байсныг та бүхэн уг нь анзаарсан байх. Өчигдөр шөнө нээлтээ хийсэн энэ сайт саяхан өөрчлөгдсөн www.news.mn сайттай их л төсдөө болчиж.

Уг нь www.news.mn хуучин загварыг хархаар www.time.com санаанд ордог байсан юм л даа.

гадны сайтуудаас санаа авах нь байж болох ч жижигхэн зах зээл дээр нэг дор төстэй 2 сайт бүр төөрөгдүүлчихлээ. гэхдээ юм болгоныг шууд үзүүлвэл сайхан л байх гэхдээ л уриа үгийг нь сонсхоор наалдан пад санагдаад байхын.


www.news.mn бол монголын www.cnn.com юм байна.

Цааш нь...

Thursday, March 11, 2010

ШУТИС, КтМС-ийн профессор док(ScD)., проф. Л. Оюунцэцэгийн товч намтар


Овог: Ишгомбо
Эцгийн нэр: Лувсандондов
Нэр: Оюунцэцэг
Төрсөн он: 1963-11-16
Төрсөн газар Улаанбаатар хот
Жил: Туулай
Ам бүл: Нөхөр, 3 хүүхэдтэй
Төгссөн сургууль:
1971-1981, Завхан, Улиастай, 10 жил
1981-1982, Эрхүү, Улсын Их сургуулийн бэлтгэл курс
1982-1987, Эрхүү, Улс Ардын Аж Ахуйн Дээд сургууль
1994-1998, МУИС-ийн Аспирантур
2004-2007, ОХУ-ын Г.В. Плехановын нэрэмжит Эдийн засгийн
академийн докторантур

Мэргэжил: Хөдөлмөрийн эдийн засагч

Эрдмийн зэрэг, цол: 1998, Эдийн засгийн ухааны доктор(PhD)
2009 Эдийн засгийн шинжлэх ухааны доктор(ScD)
2003 Дэд профессор
2006 Профессор

Албан тушаал: ШУТИС-ийн профессор

Хамгаалсан сэдэв: 1998 он, ”Бүтээмжийн удирдлагыг боловсронгуй болгох нь.
(Монгол улсын Хөнгөн аж үйлдвэрийн салбарын жишээн дээр)”
2009 он, “Үндэсний инновацийн тогтолцоо бүрдүүлэх онол- арга зүйн
үндэс (Монгол улсын жишээн дээр)”

Ажилласан байдал:
1987-1988 Хөдөлмөр нийгэм хангамжийн улсын хороо, Мэргэжилтэн
1988-1992 Дорноговь, НААҮУГ, хөдөлмөрийн эдийн засагч
1992-2001 Шинжлэх ухаан технологийн их сургууль, Компьютерийн
техник менежментийн сургуульд багш, ахлах багш
2001-2002 Шинжлэх ухаан технологийн их сургууль, Компьютерийн
техник менежментийн сургууль, Үйлдвэрлэл технологийн
удирдлагын тэнхимийн эрхлэгч
2002 -2004 Шинжлэх ухаан технологийн их сургууль, Компьютерийн
техник менежментийн сургууль, Үйлдвэрлэл, бүтээмжийн
удирдлагын тэргүүлэх профессор
2003 оноос ШУТИС-ийн Жижиг дунд үйлдвэрлэлийн судалгаа,
сургалтын төвийн захирал
2004-2007 Шинжлэх ухаан технологийн их сургууль, Компьютерийн
техник менежментийн сургууль, Маркетинг, үйл
ажиллагааны удирдлагын тэргүүлэх профессор
2008 оноос Шинжлэх ухаан технологийн их сургууль, Компьютерийн
техник менежментийн сургууль, Маркетинг, үйлдвэрлэлийн багийн профессор


Мэргэжил дээшлүүлсэн байдал:

2009 Зардал бууруулах арга зам, удирдлагын бүртгэл, ОХУ-ын Г.В.
Плехановын нэрэмжит Эдийн засгийн академийн Улаанбаатарын салбар
2007 Байгууллагын өөрчлөн байгуулалт, инновацийн удирдлага, ОХУ-ын
Менежментийн олон улсын хүрээлэн
2007 Бүтээмжийн хэмжилт, шинжилгээ(BSС), ҮБХТ, Улаанбаатар
2006 Олон улсын маркетинг, Сургалт-семинар, Улаанбаатар, ММХ
2003 Бизнесийг инкубацийн хөгжил, Семинар, АББ, Тайван, Тайпей
2002 Жижиг ба том бизнесийг уялдуулан хөгжүүлэх асуудал, Сургалт
семинар, АББ, Тайван, Тайпей
2001 Үйлдвэрлэлийн менежмент, Аж үйлдвэрийн инженеринг, Чанарын
менежмент, Бизнес консальтинг, Модулийн сургалт, Тайван, Чао
Янгийн Технологийн их сургууль
2001 ISO 9000 ба ISO 14000, Сургалт семинар, ОУСБ, СХҮТ, Улаанбаатар
1999 Бүтээмжийн мэргэжилтэн бэлтгэх сургалт, АББ, Энэтхэг, Шинэ Дели
1998 Эдийн засаг, менежментийн модулийн сургалт, Австрали, Перт,
Куртины Технологийн их сургууль
1998 Бизнесийн англи хэлний курс, Австрали, Куртины Технологийн их
сургууль
1995 Бизнесийн англи хэлний 6 сарын курс, ТЗАХИ
1992 Бизнесийн удирдлагын дээд курс, ТЗУХИ

Эрдэм шинжилгээний ажлын үндсэн чиглэл:
Инновацийн удирдлага
Бүтээмж, чанар, үйлдвэрлэлийн менежмент
Жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийн хөгжил, төлөвшил
Технологи бизнесийн инкубаци, аж үйлдвэрийн парк
Брэндийн удирдлага, маркетингийн инноваци
Эдийн засгийн онол, сэтгэлгээний түүх
Дээд боловсролын менежмент

Мэргэшин заадаг хичээл:
Бүтээмжийн менежмент(бакалавр)
Чанарын менежмент(бакалавр)
Бүтээмжийн судалгаа ба шинжилгээ(магистр)
Чанарын шинжилгээ ба хяналт(магистр)
Инновацийн удирдлага(магистр)
Бизнесийн зөвлөгөө(магистр)
Брэндийн удирдлага(магистр)
Бүтээмжийн удирдлагын онол, парктикийн асуудлууд(доктор)
Чанарын удирдлагын онол, парктикийн асуудлууд(доктор)
Инновацийн удирдлагын онол, парктикийн асуудлууд(доктор)

Эрдэм шинжилгээний бүтээл:
эрдэм шинжилгээний өгүүлэг: 78
эрдэм шинжилгээний илтгэл: 63
төсөл, гэрээт ажил: 17
сургалт арга зүйн материал 33
монограф, ном, сурах бичиг, гарын авлага 14
эмхэтгэж хэвлүүлсэн, редакторласан ном бүтээл 14

Хэвлүүлсэн гол бүтээлүүд:

1. Формирование национальной инновационной системы: проблемы теории и практики /монография. –УБ, ”Бемби сан”, 2009, -541 c., 33.8 пл. ISBN 978-99929-77-71-X
2. Ф. Грей, Ф. Харрис, Жинхэнэ саятан /орч. Л. Оюунцэцэг, -УБ., “Бемби сан” хэвлэлийн үйлдвэр, 2008, -330 х.
3. Оюунцэцэг Л. Бүтээмжийн менежментийн онол арга зүйн асуудал, -УБ., “Бемби сан” хэвлэлийн үйлдвэр, 2003, -170 х.
4. Оюунцэцэг Л., Шүрчулуу П. Аж ахуйн нэгж байгууллагад бүтээмжийн удирдлагын боловсронгуй болгох нь. –УБ, “Эрдэм” хэвлэх үйлдвэр, 1999, -187 х.
5. Оюунцэцэг Л. Жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийн төсөл боловсруулах аргачилсан зөвлөмж, -УБ, “Бемби сан” хэвлэх үйлдвэр, 2003, -64 х.
6. Оюунцэцэг Л. Бүтээмжийн мөн чанар агуулга/ гарын авлага. –УБ, КтМС-ийн хэвлэл, 2000, -37 х
7. Швандер В.А., Праслова В. П. Үйлдвэрийн газрын эдийн засаг: тест, бодлого, нөхцөл. / Орч. Б. Цэрэндорж, Д. Алтанцэцэг, Л. Оюунцэцэг. –УБ.: ТИС-ийн хэвлэх үйлдвэр, 1999, 5.5 хх.
8. Д. Речмен, М. Мескон ба бусад. Орчин үеийн бизнес. II дэвтэр / Орч. Б: Даваасүрэн, Б. Нарангэрэл, Л. Оюунцэцэг. –УБ.: Есөн эрдэнэ, 1997, -144 х.
9. Д. Речмен, М. Мескон ба бусад. Орчин үеийн бизнес. I дэвтэр / Орч. Б: Даваасүрэн, Б. Нарангэрэл, Л. Оюунцэцэг. –УБ.: Есөн эрдэнэ, 1997, -141х.

Төсөл, гэрээт болон судалгааны ажил гүйцэтгэсэн, оролцсон байдал:

2007 “Монгол улсын үндэсний хөгжлийн цогц бодлого” шалгаруулах уралдаан
2006-2007 Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Чанар хяналтын хэлтэсийн
бүтээмжийг дээшлүүлэх нь
2006-2007 Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Бүтээмжийн хэмжилт шинжилгээний
нэгдсэн аргачлал нэвтрүүлэх нь
2005-2006 ШУТИС-д Хоолны үйлчилгээний сүлжээ нэвтрүүлэх боломж, ШУТИС,
ШУТ-ийн сан
2005-2006 ШУТИС-д технологи бизнесийн инкубацийг хөгжүүлэх боломж, ШУТИС,
ШУТ-ийн сан
2004-2005 Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Бүтээмжийн хэмжилт шинжилгээний
нэгдсэн аргачлал нэвтрүүлэх нь, Баяжуулах фабрик
2003-2004 Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Бүтээмжийн шинжилгээ, Баяжуулах
фабрик
2004 Төмөр замын Олон улсын тээвэр зуучлалын төвийн үйл ажиллагаа,
бүтээмжийн судалгаа, ТЗОУТЗТ
2002-2003 Дунд орлоготой бүлгийг ядуурлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаархи
судалгаа, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, “MON/01/U01” Төсөл
2002-2003 Шинжлэх ухаан-Боловсрол-Бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааны
уялдаа холбоог хангах зохистой хувилбар, ШУТ-ийн төсөл, БСШУЯ
2002-2003 Ноос, ноолуурын салбарын жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжих төсөл,
ШУТИС, Нэхмэлийн хүрээлэн, GTZ
2001-2002 Барилгын мэргэжил олгох сургалт, төсөл, “БАБ импекс” ХХК
1998-2000 Компаний бизнес төлөвлөгөө боловсруулах, бизнесийн зөвлөлгөө, “БАБ
импекс” ХХК
1996-1999 Сүрлэн барилга барих төсөл, НҮБХХ, Отгонтэнгэр трейд ХХК
1996-1998 Компаний үйл ажиллагааг сайжруулах төсөл, судалгаа, зөвлөлгөө, МОН ТБ
импекс ХХК
1994-1997 Монголын аж үйлдвэрийн салбарын бүтээмжийн судалгаа (ноос, ноолуур,
нэхмэл, оёдол, гутал, арьс шир боловсруулах үйлдвэрлэл)
1992- 1994 Бүтээмж, чанар, үйлдвэрлэлийн менежментийн онол, парктикийн судалгаа,
ТИС
1988- 1991 Хөдөлмөрийн нормчлолын судалгаа, ХНХУХ, Хөдөлмөр зохион байгуулалт, нормчлолын төв
1985- 1987 БНМАУ-ын хөдөлмөрийн нөөцийн ашиглалтын үр ашгийг дээшлүүлэх, оновчтой байршуулах асуудал
1982- 1984 Хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрийн газрын ажиллагчдын хөдөлмөрийн
бүтээмжинд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа, Оюутны эрдэм
шинжилгээний дугуйлан, Эрхүү хот, УАААДС

Гавъяа шагнал
2007 Боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдэг
2007 ШУТИС-ийн чансаа өндөртэй профессор
2006 ШУТИС-ийн Тэргүүний профессор
2005 БСШУЯ-ны Жуух бичиг
2005 КтМС-ийн Тэргүүний профессор
2004 КтМС-ийн Шилдэг судлаач багш
2004 ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн шагнал
2003 КтМС-ийн Тэргүүний судлаач багш
2001 Худалдаа аж үйлдвэрийн тэргүүний ажилтан цол, тэмдэг
2000 КтМС-ийн Сургалтын тэргүүний багш
1998 КтМС-ийн Тэргүүний судлаач багш

Хэлний мэдлэг:

 Орос хэл - онцсайн
 Англи хэл - сайн

Док(Sc.D)., проф. Л. Оюунцэцэг

E-mail: loyuns@csms.edu.mn,

Цааш нь...

Монгол улсын нийгэм эдийн засгийн үзүүлэлт 2010 оны эхний 2 сарын байдлаар...



I.Нийгмийн үзүүлэлт

-Ажил эрхлэлтийн байдал-
Үндэсний статистикийн газраас ажиллах хүчний судалгааг явуулсан байна. Судалгаанд нийт 3204 өрхийг хамруулсан байна.

Судалгааны дүнгээр 15 ба түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн амын тоо 1120.3 мянга байгаагийн 53.2 хувь нь эрэгтэй, 46.8 хувь нь эмэгтэйчүүд байна.

Эдийн засгийн идэвхтэй хүн амын 977.4 мянга нь ажиллагчид, 142.9 мянга нь ажилгүй иргэд байна. Ажилгүйдлийн түвшин 2009 оны 4-р улиралд улсын хэмжээнд 12.8 хувь, хотод 16.5 хувь, хөдөөд 7.9 хувьтай байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 11.6 хувиар нэмэгдсэн байна.

Улсын хэмжээгээр 19.5 мянган эмэгтэй ажилгүй гэж бүртгүүлсэн нь нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 54.3 хувийг эзэлж байгаа юм.

Бүртгэлтэй ажилгүй иргэдээс 2010 оны эхний 2 сарын байдлаар 3000 хүн ажилд орсон байна. Үүний 18.1 хувь нь төрийн өмчит үйлдвэрийн газар, төсөвт байгууллагад, 81.9 хувь нь компани, хоршоо, бусад байгууллагад ажилд оржээ.

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 349.1 мянган төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 1.6 хувиар өссөн үзүүлэлт байна. Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 368.3 мянган төгрөг байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.

Нийгмийн даатгалд 2010 оны эхний 2 сард 353.3 мян.хүн хамрагдаж, шимтгэл төлж байгаагийн 59 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагын, 41 хувь нь төсөвт байгууллагын даатгуулагчид байна. Нийгмийн даатгалын сангаас 2010 оны эхний 2 сард нийт 55.4 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгожээ. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийг 2010 оны эхний 2 сард 172.7 мянган хүнд олгож, 7.9 тэрбум төгрөг зарцуулжээ.

-Улсын хэмжээнд 2010 оны эхний 2 сард 3000 хүн нас баржээ-
Улсын хэмжээнд төрсөн хүүхдийн тоо (амьд төрөлтөөр) 2010 оны эхний 2 сард 11253 болж, өмнөх оны мөн үеийнхээс 983 хүүхдээр, амаржсан эх 11219 болж, 991 эхээр хувиар нэмэгдсэн байна. Улсын хэмжээгээр нэг хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 243 болж, өмнөх оны мөн үеийнхээс 25 хүүхдээр,1-5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 64 болж, 33 хүүхдээр нэмэгдэж, харин эхийн эндэгдэл 7 болж, 4 эхээр буурсан байна.

Халдварт өвчнөөр 2010 оны эхний 2 сард 4.9 мянган хүн өвчилжээ. Салхин цэцэг, вируст хепатит, тэмбүүг, цусан суулга, трихомониаз зэрэг халдварт өвчний тохиолдол буурсан байна. ХДХВ/ДОХ-ын тохиолдол 2010 оны эхний 2 сард хоёр бүртгэгдэж, 65 тохиолдол болжээ.

Улсын хэмжээнд 2010 оны эхний 2 сард 3000 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс 576 хүн буюу 23.9 хувиар өссөн байна. Эмнэлэгт нийт 111.5 мянган хүн хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 5.9 мянган хүн буюу 5.6 хувиар нэмэгдэв.

-Гэмт хэрэг-
Улсын хэмжээнд 2010 оны эхний 2 сард 3175 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 191 хэргээр буюу 5.7 хувиар буурчээ. Зарим төрлийн гэмт хэрэг өссөн ч өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг, хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг, аж ахуйн эсрэг гэмт хэрэг 4.9-53.3 хувиар буурсан нь нийт гэмт хэргийн тоо буурахад нөлөөлжээ. Гэмт хэрэг үйлдэгдсэн газраар нь авч үзвэл 38.9 хувь нь гэр, орон сууцанд, 18.0 хувь нь гудамж талбайд, 14.2 хувь нь олон нийтийн газарт, 1.3 хувь нь нийтийн тээвэрт, 2.7 хувь нь төрийн байгууллагад, 2.1 хувь нь төрийн бус байгууллагад, 4.4 хувь нь аж ахуйн нэгжид, 4.5 хувь нь авто зам дээр, 13.9 хувь нь бусад газарт үйлдэгджээ.

II.Макро эдийн засгийн үзүүлэлт
Хэрэглээний үнийн улсын индекс 2010 оны 2 дугаар сард өмнөх сартай харьцуулахад 3.0 хувь, өмнөх оны жилийн эцсийнхээс 5.4 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 8.3 хувиар тус тус өссөн байна. Ерөнхий индекс өмнөх сартай харьцуулахад 3.0 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 6.2 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Түүнчлэн согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 0.3 хувь, хувцас, бөс бараа, гутлынх 1.5 хувь, гэр ахуйн тавилга, барааных 1.1 хувь, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээнийх 0.1 хувь, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээнийх 8.4 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээнийх 0.6 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээнийх 2.9 хувь, бусад бараа, үйлчилгээнийх 1.0 хувиар тус тус өсчээ.
Харин орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 0.1 хувь, тээврийн бүлгийнх 0.9 хувиар буурч, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ тогтвортой байв. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2010 оны 2 дугаар сард өмнөх сартай харьцуулахад Өмнөговь аймагт 0.2 хувиар буурсан бөгөөд бусад 20 аймаг, Улаанбаатар хотод 0.3-7.7 хувиар өссөн байна.

-Банкуудын чанаргүй зээл 442,5 тэрбум төгрөгт хүрчээ-
Mонголбанкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт 2010 оны 2 дугаар сарын эцэст 2960.0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 89.0 тэрбум төг буюу 3.1 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 645.2 тэрбум төг буюу 27.9 хувиар өсчээ. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2010 оны 2 дугаар сарын эцэст 352.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 1.5 тэрбум төг буюу 0.4 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 45.0 тэрбум төг буюу 11.3 хувиар буурчээ. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2010 оны 2 дугаар сарын эцэст 2682.0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 7.6 тэрбум төг буюу 0.3 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 3.3 тэрбум төг буюу 0.1 хувиар буурчээ.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2010 оны 2 дугаар сарын эцэст 142.8 тэрбум төгрөгт хүрч, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.3 хувийг эзэлж байгаа бөгөөд өмнөх сарынхаас 20.3 тэрбум төг буюу 16.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 0.2 тэрбум төг буюу 0.1 хувиар тус тус өсчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2010 оны 2 дугаар сарын эцэст 442.5 тэрбум төг болж, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 16.5 хувийг эзэлж байгаа нь өмнөх сарынхаас 15.7 тэрбум төг буюу 3.4 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 243.9 тэрбум төг буюу 2.2 дахин нэмэгдсэн байна.

-Төсвийн алдагдал 36,6 тэрбум байна-
Үнэт цаасны арилжаа 2010 оны 2 дугаар сард 18 удаа явагдаж, 1.9 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 3.8 сая ш үнэт цаас арилжигдсан байна. Арилжигдсан үнэт цаасны тоо өмнөх сарынхаас 2.8 сая ш буюу 3.7 дахин өсч, өмнөх оны мөн үеийнхээс 8.5 сая ш буюу 3.2 дахин буурчээ. Гүйлгээний хэмжээ өмнөх сарынхаас 1.3 тэрбум төг буюу 3.0 дахин, өмнөх оны мөн үеийнхээс 0.5 тэрбум төг буюу 39.0 хувиар өсчээ. Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ 2010 оны эхний 2 сард 326.7 тэрбум төг, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 378.1 тэрбум төг болж, нийт тэнцэл 51.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Төсвийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 60.8 тэрбум төгрөгөөр буурахад төсвийн орлогын өсөлт зарлагынхаас 53.8 пунктээр их байгаа нь нөлөөлжээ. Төсвийн урсгал орлого 311.8 тэрбум төг, урсгал зардал 348.4 тэрбум төг болж,урсгал тэнцэл 36.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 119.9 тэрбум төг буюу 74.8 хувиар өсөхөд зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлого 37.0 тэрбум төг буюу 227.4 дахин, аж ахуйн нэгжийн орлогын албан татварынх 33.5 тэрбум төг буюу 2.2 дахин, нэмэгдсэн өртгийн албан татварынх 14.4 тэрбум төг буюу 34.6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

-Манай улсад оруулсан шууд хөрөнгө оруулалт 184,5 сая ам.доллар байна-
Хөрөнгө ба санхүүгийн данс 2009 оны IV улиралд 363.3 сая ам.долларын ашигтай гарч, 2008 оны мөн үеийнхтэй харьцуулахад 55.0 сая ам.доллар буюу 17.8 хувиар өссөн байна. 2009 оны IV улиралд 284.1 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдсэн ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 157.5 сая ам.доллар буюу 2.2 дахин өсчээ. Үүнд манай улсад оруулсан шууд хөрөнгө оруулалт 184.5 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 57.2 сая ам.доллар буюу 1.4 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Манай улс 2010 оны эхний 2 сард дэлхийн 86 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 607.6 сая ам.доллар, үүнээс экспорт 311.7 сая ам.доллар, импорт 295.8 сая ам.долларт хүрчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 169.4 сая ам.доллар буюу 38.7 хувь, үүний дотор экспортын хэмжээ 79.3 сая ам.доллар буюу 34.1 хувь, импортын хэмжээ 90.0 сая ам.доллар буюу 43.7 хувиар өсчээ. Гадаад худалдааны тэнцэл 2010 оны эхний 2 сард 15.9 сая ам.долларын ашигтай гарсан ч, өмнөх оны мөн үеийнхээс 10.6 сая ам.доллар буюу 40.0 хувиар багасав.

Хэдийгээр боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспортын биет хэмжээ 85.1 хувь, үнийн дүн нь 83.5 хувиар буурсан боловч нийт экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс өсөхөд зэсийн баяжмалын биет хэмжээ 2.1 хувь, үнийн дүн нь 2.2 дахин, цайрын баяжмалын биет хэмжээ 3.8 дахин, үнийн дүн 8.0 дахин, төмрийн хүдрийн биет хэмжээ 2.3 дахин, үнийн дүн нь 3.0 дахин өссөн нь голлон нөлөөлжээ.

III.Эдийн засгийн салбарын үзүүлэлт

-Улсын хэмжээнд 3 сая 397,4 мянган мал хорогджээ-
Улсын хэмжээгээр 2010 оны эхний 2 сарын байдлаар 2.1 мянган тэмээ, 110.7 мянган адуу, 186.4 мянган үхэр, 1196.2 мянган хонь, 1901.9 мянган ямаа буюу оны эхэнд тоологдсон нийт малын 7.7 хувьтай тэнцэх 3397.4 мянган том мал зүй бусаар хорогдсон байна. Нийт хорогдсон малын дийлэнх буюу 56.0 хувийг ямаа эзэлж байна. Том малын хорогдол 2010 оны эхний 2 сард 2002 оноос хойшхи онуудын бүтэн жилийн хорогдлоос давсан байгаа бөгөөд дээрх хугацааны жилийн дундаж хорогдолтой харьцуулахад 3.7 дахин их байна.

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлт 2010 оны эхний 2 сард (2005 оны зэрэгцүүлэх үнээр) 266.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 38.7 тэрбум төг буюу 17.0 хувиар өслөө. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеийнхээс 17.0 хувиар өсөхөд 35 хувийн агуулгад шилжүүлснээр зэсийн баяжмал, 47 хувийн агуулгад шилжүүлснээр молибдений баяжмал болон цайр, хайлуур жоншны баяжмал, нүүрс, газрын тос, бүх төрлийн малын мах, гурил, архи, дарс, пиво, катодын зэс, металл цувимал, ган төмөр хийц зэрэг аж үйлдвэрийн салбарын голлох нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өссөн нь нөлөөлсөн байна. Аж үйлдвэрийн салбарын дүнгээр 2010 оны эхний 2 сард 507.3 тэрбум төгрөгийн (оны үнээр) бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд борлуулав.

-Төмөр зам болон агаарын тээврийн салбарын орлого 51,1 тэрбум болжээ-
Улсын хэмжээнд 2010 оны эхний 2 сард нийт 3.9 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсний 2.6 тэрбум төгрөг буюу 66.3 хувь нь дотоодын, 1.3 тэрбум төгрөг буюу 33.7 хувь ньгадаадын барилгын байгууллагуудад ногдож байна.

Төмөр замын тээврээр 2010 оны эхний 2 сард давхардсан тоогоор 549.4 мянган зорчигч зорчиж, 2425.5 мян.т ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс зорчигчдын тоо 36.3 мян.хүн буюу 7.1 хувь, тээсэн ачаа 424.4 мян.т буюу 21.2 хувиар өсчээ.

Агаарын тээврээр 2010 оны эхний 2 сард давхардсан тоогоор 43.9 мянган зорчигч зорчиж, 237.0 тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс зорчигчдын тоо 9.9 мян.хүн буюу 29.0 хувь, тээсэн ачаа 53.8 тонн буюу 29.4 хувиар өсчээ.

Төмөр зам болон агаарын тээврийн салбарын нийт орлого 2010 оны эхний 2 сард 51.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 9.3 тэрбум төгрөг буюу 22.2 хувиар өсчээ.

Аюулт үзэгдэл, осол 2010 оны эхний 2 сард 563 удаа гарсны улмаас 53 хүн амь насаа алдаж, 2.9 сая мал хорогджээ. Аюулт үзэгдэл, ослыг төрлөөр нь авч үзвэл объектын түймэр 522 удаа, хүчтэй цасан болон шороон шуурга 8 удаа, газар хөдлөлт 2 удаа бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас 157.4 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Монгол Улсын Үндэсний Статистикийн хороо

Цааш нь...

Tuesday, March 9, 2010

“Монголын инновацийн холбоо” ТББ байгуулагдлаа


“Монголын инновацийн холбоо” ТББ-ын зорилго, зорилт, үйл ажиллагааны үндсэн чиглэл

“Монголын инновацийн холбоо” ТББ-ын эрхэм зорилго:

“Иргэдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, нийгэмд инновацийн соёлыг төлөвшүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулах замаар шинжлэх ухаан технологи, инновацийн хөгжлийн таатай орчин бий болгох, үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоо бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж, улмаар мэдлэгт суурилсан инновацийн эдийн засагтай, хөгжингүй Монгол улсыг бүтээн байгуулахад хувь нэмэр оруулах явдал мөн”.

“Монголын инновацийн холбоо” ТББ-ын үйл ажиллагааны зорилтууд:

1. Холбооны гишүүд, дэмжигчдийн инновацийн чадавхийг нэгтгэн, тэдний хүч чармайлтыг нийгэмд эерэг хандлага, эрүүл уур амьсгал бий болгох, инновацийн соёлыг төлөвшүүлэх, иргэдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, нийгмийн сэтгэлгээний инноваци хийхэд чиглүүлэх(сэтгэлгээний инноваци)

2. Мэдлэгт суурилсан эдийн засагтай, хөгжингүй Монгол улсыг бүтээн байгуулах үндэс болох инновацийг хөгжүүлэх нийгэм, эдийн засаг, улс төр, шинжлэх ухаан технологийн таатай орчин бүрдүүлэх(инновацийн таатай орчин)

3. ШУТ, инновацийн салбарт холбооны гишүүдийн тэргүүлэгч байр суурийг бататгах, тэдний нэр хүндийг өсгөж, эерэг дүр төрхийг бий болгон, улс орны хөгжлийн гол зүтгүүр болох инновацийн манлайллыг төлөвшүүлэх(инновацийн манлайлал)

4. Инновацийг хөгжүүлэх чиглэлд шинжлэх ухаан- боловсрол-бизнес-төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж, үр ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх замаар инновацийн түншлэлийг бий болгох(инновацийн түншлэл)

5. Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг бататгахуйц инновацийн чиг баримжаатай хөгжлийн зөв бодлого, стратеги боловсруулж хэрэгжүүлэхэд гишүүд дэмжигчдийн хүчийг чиглүүлж, бодлогын инновацийг хэрэгжүүлэх (бодлогын инноваци)

Монголын инновацийн холбоо” ТББ-ын үйл ажиллагааны үндсэн чиглэл:

• Монгол улсад Үндэсний инновацийн тогтолцоо бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төрийн инновацийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцох;

• Гишүүд, дэмжигчдийн хүрээнд инновацийн үр ашигтай түншлэлийг хөгжүүлэх замаар тэдний инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлэх;

• Үндэсний инновацийн соёлын төлөвшүүлэх, иргэдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх үүднээс бүх нийтийн инновацийн боловсрол олгох сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;

• Инновацийн төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, шалгаруулах, тэдгээрт оролцох;

• ШУТ, инновацийн чиглэлээр уралдаан тэмцээн, үзэсгэлэн, хурал, семинар, уулзалт, зөвлөгөөн зохион байгуулах, тэдгээрт оролцох;

• Эрдэм шинжилгээ судалгаа, туршилт зохион бүтээлтийн ажил гүйцэтгэх, оролцох;

• Инновацийн менежмент, технологи дамжуулалтын чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах;

• ШУТ, инновацийн чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгөх, экспертиз, аудит хийх;

• Инновацийн мэдээлэл сурталчилгаа, хэвлэл нийтлэлийн үйл ажиллагаа явуулах, иновацийн мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээлэл түгээх сүлжээ байгуулах;

• Өндөр технологийн аж үйлдвэр, инноватив ЖДҮ, бизнесийг хөгжүүлэх, технологи, бизнесийн инкубацийн үйл ажиллагаа явуулах(эдийн засаг, менежмент, маркетинг, санхүү, хөрөнгө оруулалтын талын туслалцаа дэмжлэг, техник технологийн хангамж, сургалт);

• ШУТ, инновацийн хүрээнд гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;

• Холбооны гишүүд дэмжигчдийн зүгээс дүрмийн зорилгыг хэрэгжүүлэх чиглэлээр явуулж буй үйл ажиллагааг дэмжих;


Цааш нь...

МОНГОЛ УЛСАД ҮНДЭСНИЙ ИННОВАЦИЙН ТОГТОЛЦОО ХӨГЖҮҮЛЭХ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ШИНЭ ПАРАДИГМ




МОНГОЛ УЛСАД ҮНДЭСНИЙ ИННОВАЦИЙН ТОГТОЛЦОО
ХӨГЖҮҮЛЭХ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ,
ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ШИНЭ ПАРАДИГМ

док(ScD)., проф. Л. Оюунцэцэг

ШУТИС, КтМС, Маркетинг үйлдвэрлэлийн профессорын баг,
Жижиг дунд үйлдвэрлэлийн судалгаа сургалтын төв
loyun2001@yahoo.com, loyuns@csms.edu.mn

Хураангуй

Даяаршлын өнөөгийн нөхцөлд улс орнуудын нийгэм- эдийн засгийн хөгжилд шинжлэх ухаан технологийн гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэх хандлагатай болж байна. Улс орны өрсөлдөх чадвар хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, байгалийн баялгаар бус, харин мэдлэг оюунд түшиглэн нөөцөө хэрхэн үр өгөөжтэй ашиглаж байгаагаас ихээхэн хамаарч, үүнд инноваци шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх болов. Шинжлэх ухааны мэдлэгийг үр ашигтай хэрэглээ болгон хувиргахад чиглэсэн инновацийн үйл ажиллагаа ихээхэн эрчимжиж, түүнийг баримжаалах явдал эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжлийн цоо шинэ хандлагыг тодорхойлж байна. Дэлхий дахины ололт туршлагаас үзэхэд олон улс орон өөрийн онцлогт тохирсон инновацийн бодлого боловсруулан хэрэгжүүлж, үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоо бүрдүүлж хөгжүүлэн багагүй амжилтанд хүрээд байна. Үндэсний инновацийн тогтолцоо(ҮИТ)-г хөгжүүлэх нь өндөр хөгжилтэй орнуудын хувьд аж үйлдвэржилтийн дараах нийгэм, мэдлэгт түшиглэсэн эдийн засгийг хөгжүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байгаа төдийгүй, хөгжиж буй орнуудын тухайд хөгжлийн хурдацаа нэмэгдүүлэх, хоцрогдлоо богино хугацаанд даван туулах чухал арга зам мөн. Манай улсын хувьд дэлхий дахины энэхүү нийтлэг чиг хандлагыг харгалзан хөгжлийнхөө бодлого стратегийн хүрээнд инновацийн чиг баримжааг тусгаж, бодитойгоор хэрэгжүүлэх явдал ирээдүйн ололт амжилтын түлхүүр нөхцөл юм. Манай Засгийн газраас “Монгол улсад үндэсний инновацийн тогтолцоо хөгжүүлэх хөтөлбөр”(ЗГ-ын 306 тоот тогтоол, 2007.11.28) батлан гаргаж, хэрэгжүүлэх үйл ажиллагаа явагдаж эхлээд байгаа билээ. Илтгэлд инноваци, үндэсний инновацийн тогтолцооны онолын үндэс, Монгол улсын ҮИТ-ны онол-арга зүйн загвар, улс орны инновацийн хөгжлийн түвшин, ҮИТ хөгжүүлэх урьдач нөхцөл болон үзэл баримтлал, үндэсний хөгжлийн шинэ парадигм зэрэг асуудлуудыг хөндөн авч үзэв.

Түлхүүр үг: инноваци, үндэсний инновацийн тогтолцоо, хөгжлийн үзэл баримтлал,
парадигм

Инноваци ба үндэсний инновацийн тогтолцооны онолын үндэс
Инноваци(innovation) гэсэн ойлголт нь шинжлэх ухааны мэдлэг, шинэ, үр ашигтай зүйлсийг нэвтрүүлж, хэрэглээний эргэлтэнд оруулахтай шууд холбоотой. Эдүгээ эдийн засгийн онол, практикт инновацийн утга агуулгыг олон талтайгаар, тодруулбал, “инноваци бол үр дүн”, “инноваци нь процесс(үйл ажиллагаа)”, “инноваци - арга хэрэгсэл, тогтолцоо, үзэгдэл” гэсэн гурван өөр хандлагаар тодорхойлж байна. Эдгээрээс эхний хоёр нь явцуу, сүүлийнх нь өргөн хүрээтэй хандлага юм. Түүнчлэн нэг дэхийг үр дүнгийн, хоёр дахийг үйл явцын, гурав дахийг системийн хандлага гэж тодорхойлж болох талтай[2, 3]. 2006 онд шинэчлэгдэн батлагдсан Монгол улсын Шинжлэх ухаан технологийн тухай хуульд: “Инноваци гэж эрдэм шинжилгээний ажлын үр дүнг эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээл, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх цогц үйл ажиллагаа” хэмээн заасан[4]. Энд инновацийг үйл явцын хандлагаар тодорхойлсон гэж үзэж болно.

Ер нь инновацийг шинжлэх ухаан технологийн хувьд шинэлэг, практикт хэрэгжүүлэх болон үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой, арилжигдахуйц, өөрөөр хэлбэл, зах зээлд борлогдон, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангах чадвартай байх гэсэн гурван үндсэн шалгуурт нийцэж байх ёстой гэж үздэг. Инновацийн объектод бүтээгдэхүүн(нэр төрөл, чанар), үйлчилгээ, материал түүхий эд, үйлдвэрлэлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, технологийн процесс, хүний хүчин зүйл(хүний хөгжил), удирдлага, зохион байгуулалтын үйл ажиллагаа, тогтолцоо, нийгмийн салбар зэргийг хамруулж болно.

Зохиогчийн зүгээс өмнөх судлаачдын хандлагуудыг нэгтгэн харгалзаж, инновацийн мөн чанар агуулгыг дараах байдлаар тодорхойлон авч үзэх санал дэвшүүлж байгаа болно: “Эдийн засгийн хувьд үр өгөөжтэй хэрэглээ болон үйлдвэрлэл, практикт нэвтэрсэн шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүн, технологи, түүнчлэн борлуулалт, удирдлага- зохион байгуулалт, санхүү-эдийн засгийн болон бусад дэвшилтэт шийдлийг инноваци гэнэ”[2, 3].

Инновацийн онолын хөгжил 1950-иад оноос, түүнийг үндэслэгч Австрийн эдийн засагч И. Шумпетерийн судалгаа бүтээлээс эх үндэстэй бөгөөд тэрбээр инновацийг орчин үеийн хандлагаар анхлан авч үзэж, түүний эдийн засгийн өсөлтөнд гүйцэтгэх үүргийг тодорхойлжээ[5]. Инновацийн онол нь аж ахуй эрхлэлтийн онол, өрсөлдөөний онол, эдийн засгийн мөчлөгийн онол, эдийн засгийн өсөлт ба хөгжлийн онолтой нягт уялдаатайгаар онолын нэг бие даасан чиг хандлага болон эрчимтэй хөгжиж байна. Сүүлийн жилүүдэд инновацийн онолын хүрээнд шинэ чиг хандлагууд бий болж байгаагаас эдийн засгийн хөгжлийн кластерийн онолыг дурьдаж болно. Энэхүү чиг хандлагын хөгжилд М. Портер, С. Стерн нар чухал үүрэг гүйцэтгэжээ[6]. Инновацийн онол, практикийн хүрээнд явуулсан судалгааг үндэслэн инновацийн онолын түүхэн хөгжлийн үйл явцыг дараах 5 үндсэн чиг хандлага-үе шатаар авч үзэж болно хэмээн үзэж байна[2, 3]. Эдгээр нь:
I. 1950-1960-аад он.Нийлүүлэлтийн чиг хандлага(Technology Push);
II. 1960-1970-аад он. Эрэлтийн чиг хандлага(Market Pull);
III. 1970-1980-аад он. Хосолмол чиг хандлага(Technology Push- Market Pull);
IY.1980-1990-ээд он. Интеграцчиллын буюу инновацийн системийн чиг хандлага;
Y. 1990-ээд он-өнөө үе. Сүлжээ интеграцчиллын буюу Үндэсний инновацийн тогтолцооны чиг хандлага;
1980-аад оны дунд үеэс ҮИТ-ны чиг хандлагын хүрээнд онол, практикийн өргөн хүрээтэй судалгааг янз бүрийн орны эрдэмтэн судлаачид эрчимтэй явуулж эхэлсэн бол 1990 –ээд оноос уг чиг хандлага ихээхэн түгээмэл болж, өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн практикт ҮИТ бодитойгоор хэрэгжсэн байна. АНУ, Европын холбооны тэргүүлэгч орнууд үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлж чадсан бөгөөд “шинжлэх ухаан-боловсрол-бизнес- төр”-ийн нягт уялдаа, хамтын ажиллагааг хангах хөгжлийн нэг шинэ, үр өгөөжтэй механизм хэмээн үзэж байна. Улс орнуудын хувьд ҮИТ-г хөгжүүлэх гол үндэслэл шаардлага нь нийгэм эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, өрсөлдөх чадварыг бэхжүүлэх явдал мөн. Эдүгээ энэхүү чиг хандлага нь онол арга зүйн хүрээнд инновацийн онолын нэг бие даасан чиглэл болсны зэрэгцээ, практик хэрэгжилтийн хувьд улс орнуудын нийгэм- эдийн засгийн тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг, төрийн эдийн засгийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх механизм болон эрчимтэй хөгжиж байгаа билээ.
ҮИТ-ны чиг хандлагын эдийн засгийн онолын үндэс нь Германы эдийн засагч Фредрих Лист(1841)-ийн “үндэсний үйлдвэрлэлийн систем” –ийн үзэл баримтлалтай холбоотой гэж үздэг. Харин орчин үед, 1970-аад оноос онолын бие даасан хандлага болж хөгжихөд К.Фримен, Д. Кларк, Л. Соете нарын технологийн системийн судалгаа болон С. Девис, Э. Мэнсфилд, А. Ромео нарын зэрэг эрдэмтдийн инновацийн нэвчилт(диффузи)-ийн үйл явцын судалгаа чухал үүрэг гүйцэтгэжээ. ҮИТ-ны чиг хандлагын хөгжилд К. Фримен(1987), Р. Нельсон(1988), Б.Лундвол (1988) нарын судалгаа бүтээлүүд онцгой байр суурь эзэлдэг[7, 8, 9]. ОХУ-ын эрдэмтэд ҮИТ-ны чиг хандлагыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байна. Энэ чиглэлээр цөөнгүй эрдэмтэд судалгаа явуулж, олон тооны бүтээл туурвил гаргажээ. Гол төлөөлөгчдийг дурьдвал В.В. Иванов, Н.А. Иванова, Н. В. Бекетов, В. Н. Фридлянов, В. А. Васин, Л. Э. Мендель, О. Г. Голиченко нар юм[2, 3].

Өнөөгийн байдлаар ҮИТ-ны чиг хандлагын хөгжилд хэд хэдэн тулгамдсан асуудал ажиглагдаж байна. Эдгээр нь юуны өмнө ҮИТ-ны мөн чанар, агуулгын тодорхойлолт нэг мөр болоогүй, нөгөө талаар инновацийн процесс үйл ажиллагааны мөн чанарын талаар бүрэн гүйцэт нэгдмэл ойлголт төлөвшөөгүй байгаатай холбоотой гэж үзэж байна.

ҮИТ-ны мөн чанар, агуулгын олон тодорхойлолтыг судлаачид боловсруулаад байна. Эдгээрийг иш үндэс болгон: “Үндэсний инновацийн тогтолцоо бол шинэ, эдийн засгийн хувьд үр ашигтай мэдлэгийг бий болгон нэвтрүүлж, хэрэглээний эргэлтэд оруулан ашиглахад тодорхой үүрэг гүйцэтгэн, хувь нэмэр оруулдаг, өөр хоорондоо харилцан уялдаатайгаар инновацийн хүрээнд хамтран ажилладаг төр, олон нийтийн болон хувийн хэвшлийн байгууллага, субъектүүдийн цогц нэгдэл” хэмээн тодорхойлж байгаа болно[2, 3].

Инновацийн процесс, үйл ажиллагаа нь судалгааны болон арилжааны гэсэн 2 үндсэн мөчлөгөөр явагддаг байна. Инновацийн хүрээн дэх интеграцийн үйл явц нь хэд хэдэн чиглэлээр хөгжиж иржээ. Эдгээрийг товч дурьдвал:

1. Салбар, сектор хоорондын интеграци(шинжлэх ухаан-боловсрол-бизнес, төр-бизнес г.м.);
2. Босоо/вертикаль интеграци (инновацийн үйлдвэрлэгч -хэрэглэгч хоорондын);
3. Хэвтээ/горизонталь интеграци (инновацийн үйлдвэрлэгчдийн хоорондын);
4. Сүлжээ интеграци(дээрх төрлүүдийн хосолмол хэлбэр);

Сүлжээ интеграцийн хөгжил нь шинжлэх ухаан технологи, инновацийн хүрээнд технологи бизнесийн инкубатор, инновацийн төв, технологи дамжуулах төв, шинжлэх ухаан, технологи, аж үйлдвэрийн парк гэх мэт шинэ бүтцүүд бий болох, кластер, технополис үүсч хөгжихөд чухал түлхэц өгчээ. Эдгээр нь инновацийн дэд бүтцийг бүрдүүлэгч үндсэн элементүүд юм. Чухамхүү сүлжээ интеграци өргөжин гүнгийрсэний үрээр инновацийн тогтолцоо, тэр дундаа үндэсний инновацийн тогтолцоо эрчимтэй хөгжиж байгаа билээ. Иймээс ҮИТ-ны үүсэл хөгжлийн үйл явцыг шинжлэх ухаан технологи, инновацийн хүрээнд эрчимтэй өрнөж буй интеграцийн процессийн үр дагавар гэж дүгнэж болно.

Бүрэн эхээр нь татаж авахыг хүсвэл ЭНД ДАРНА УУ

Цааш нь...
:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008