Wednesday, February 2, 2011

Тошиба тусгай нүдний шил шаардлагагүй анхны 3D дэлгэц бүтээжээ


3D киног тусгай нүдний шил зүүж үздэгийг хүн бүр мэддэг. Тэгвэл Японы Тошиба компани шил зүүхгүйгээр 3D кинонуудыг үзэх боломжтой тусгай дэлгэцтэй анхны дижитал зурагт бүтээсэн тухайгаа зарлалаа.

Дэлхийн анхных гэгдэж буй энэхүү зурагт 12 инчийн дэлгэцтэй юм байна. Тус компанийн шинэ бүтээгдэхүүн 12GL1 нь 119 800 иен буюу 923 еврогийн үнэтэй бөгөөд 20 инчийн дэлгэцтэйг Зул сарын баяраар хэрэглэгчдэд хүргэхээр зэхэж байгаа аж.

Харин 40 инчийнхийг нь ирэх дөрөвдүгээр сард худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

Б.Тамир

Цааш нь...

“Wikileaks” сая гаруй еврогийн ашиг олов


Шуугиан тарьсан “Wikileaks” сайт энэ онд сая гаруй еврогийн ашиг олжээ. Хамгийн гол нь энэ бүх мөнгө сайн санаат хүмүүсийн хандив аж.

Харин тус сайтын зардал нь 400 мянган евро болжээ. Зарлагын ихэнх хэсэг нь, компьютерын тоног төхөөрөмж худалдаж авах, интернэтийн төлбөр, ажилтнуудын томилолтын зардалд урссан байна.

“Wikileaks” сайт Ирак, Афганистаны дайн, АНУ-тай холбоотой ажилладаг дипломатуудын тухай нууц материал нийтэлснээрээ нэрд гарсан юм. Энэ материалуудад энгийн номхон иргэдийн амь үрэгдсэн тоо, баригдсан хүмүүсийг тамлан зовоосон, бүтэлгүйтсэн байлдааны ажиллагааны тухай мэдээлсэн билээ.

Д.Түвшинтөр

Цааш нь...

Friday, January 28, 2011

Дэлхий долоон тэрбум хүнд бэлэн үү


НҮБ-ын Хүн амын хорооны тооцоогоор энэ оны сүүлээр дэлхий долоон тэрбум дахь иргэнээ хүлээж авна. Энэ нь дэлхийн хүн ам хурдацтай өсч буйн хамгийн том илрэл. Өдгөө амьд сэрүүн буй дэлхийн зургаан тэрбум дахь иргэн Боснийн Аднан Невич ердөө 11 настай билээ. Өрх, хот, улс, цаашлаад бүс нутаг, тивдээ шинэ хүн мэндлэх нь таатай мэдээ ч илүү өргөн цараагаар тунгаавал гариг дэлхий маань энэ олон тэрбум хүнийг энгэртээ багтааж чадах уу гэдэг асуулт эрхгүй ургана.

Бүр ч аймшигтай өөр нэг баримт бол энэ зууны дунд гэхэд дэлхийн хүн ам есөн тэрбумд хүрнэ гэсэн тооцоо юм. 1.5 тэрбум хүн хоногт 1.25 ам.доллар ч хүрэхгүй мөнгөөр амь зуудаг, тэрбум орчим хүн өлсгөлөнд нэрвэгдсэн, байгаль орчин сүйрлийн ирмэгт тулчихаад байгаа одоогийн дэлхий удахгүй долоон тэрбум асуудалтай болох нь. Энэ тухай хүн ам зүйч, эрдэмтэн Роберт Кунзиг "Үндэсний газарзүй" сэтгүүлийн шинэ дугаарын тэргүүн өгүүлэлд дэлгэрэнгүй тайлбарлажээ. Түүний онцолсноор зөвхөн энэ цаг үед л дэлхийн хүн ам онцгой хурдаар өссөн. Хүн төрөлхтөн тэрбумуулаа болох гэж 1800 гаруй жил "зүдэрсэн" атлаа гурван тэрбумаас долоон тэрбум болохдоо ердөө 50 гаруйхан жил л зарцуулжээ.

Энэхүү хурдацтай өсөлт юуны түрүүнд хүний оюун ухааны хөгжил, ололт амжилттай холбоотой. Эрт цагт дэлхийн хаана ч эмэгтэй хүн арван хүүхэд төрүүлэх нь хэвийн үзэгдэл байлаа. Хүүхдүүд нь бүгд идэр настай золгохгүй гэдгийг эцэг, эхчүүд мэддэг байв. Харин энэ ойлголт анагаах ухаан, ахуй орчин сайжирснаас шалтгаалан өдгөө нэгэнт үгүй болжээ. Төрөх насны эмэгтэйд ногдох нярайн тоо дэлхийн хэмжээнд буурсан нь өрхүүд хөдөөгөөс хот суурин уруу шилжиж, цөөн гэлтгүй төрүүлсэн хүүхэд бүрээ эрүүл орчинд өсгөх чадвартай болсонтой холбоотой. Дэлхийн хүн ам одоогийн хурдаар өссөөр байвал 2050 он гэхэд дэлхий 8-11 тэрбум хүнтэй болох төлөвтэй байна. Мумбай, Лагос зэрэг их хотуудын зах дахь ядуусын хорооллоор явахад "Яаж илүү хүн агуулна даа" гэж бодогддог.

Ийн санаа зовсон эрдэмтдийн нэг, "Хүн амын тэсрэлт" номоороо алдаршсан Пол Эрлихийг Р.Кунзиг иш татжээ. "Хэт их хүн хэчнээн их гамшиг дагуулахыг би эртнээс тооцсон. Гэхдээ хэдэн жилийн өмнө Делид байхдаа хэзээ ч мартахааргүйгээр, тун аймшигтайгаар их хүний аюулыг мэдэрч билээ. Бараг 50 хэм давсан халуунд утаа, тоос, үнэр гэдэг тамтаггүй. Хүмүүс энд тэндгүй идэж, ууж, угааж, унтана. Хэрэлдэж, хэлэлцэж, зарим нь хашгирна. Таксины цонхон дээр алгаа нааж, гуйлга гуйна. Автобус, галт тэргээс зүүгдэнэ. Булан тохойд тамхи татна, бие засна. Хүмүүс,хүмүүс... Хаа сайгүй нэгнээсээ ялгагдахааргүй хүмүүс"... П.Эрлих 1966 онд буюу Энэтхэгийн хүн ам 500 сая байхад ийн бичжээ.

Өдгөө тус улсын хүн ам 1.2 тэрбумд хүрсэн бөгөөд энэ зууны дунд гэхэд 1.7 тэрбум болох төлөвтэй байгаа. Гэхдээ дэлхийд хангалттай орон зай бий эсэх нь гол бэрхшээл биш гэнэ. Р.Кунзигийн тооцоогоор есөн тэрбум хүн дэлхийгээр нэг тархан суурьшлаа ч дэлхийн хүн амын дундаж нягтрал өнөөгийн Францынхтай дүйнэ. Тиймээс хүн ам зүйчид орон зайд биш байгалийн чадамж хийгээд хүний өөрийгөө тэтгэх хүч суларна гэж эмээж байгаа юм. Вашингтон дахь Дэлхийн бодлого хүрээлэнгийнхний үзэж буйгаар хэт их хүн хүнсний хомсдол дагуулж, хоол хүнсний гачаал хүн төрөлхтөн, дэлхийн соёл иргэншлийг мөхөөх гэнэ.

Тус хүрээлэнгийн санал болгосноор хүн төрөлхтнийг аврах ганц арга дэлхий нийтийг дайны үеийнх шиг бэлэн байдалд байлгах. Тэгж байж л дэлхийн хүн амыг найман тэрбумаас өсгөхгүй байх, өссөн ч хүнсний хомсдолоос сэргийлнэ гэж Дэлхийн бодлогынхон үзжээ. Найман тэрбум гэдэг НҮБ-ын 2050 онд тогтоосон хамгийн бага үзүүлэлт. Хүнсний гачаалаас гадна нийгмийн олон сөрөг хандлага хүн амын хэт өсөлтийг дагана. Дэлхийн хүн ам хурдацтайгаас гадна тун тэгш бусаар өсч байгаа. Хүнийхээ тоогоор Хятадыг хэдхэн жилийн дотор гүйцэх нь тодорхой болсон Энэтхэг ирэх хагас зуун жилд 500 сая хүн угтаж авах бол хөгжингүй орнууд гэнэтийн их наслалттай тулна.

"Дэлхийн хүн ам-2010" тайланд дурдсанаар Япон, Итали, Герман зэрэг чинээлэг орнуудад тэтгэврийн насны нэг хүнийг ердөө гуравхан хүн тэтгэхээр байгаа аж. Харин энэ үзүүлэлт Африк, Ойрхи Дорнодод 25:1 гэсэн харьцаатай байна. Дэлхийн хүн ам өсөхийн хэрээр энэ үзүүлэлт бүр ч дордож, олон улсын эдийн засаг тэтгэврийн насныхныг тэтгэх гэж туйлдаж эхэлнэ. АНУ л гэхэд ДНБ-ийхээ 8.4 хувийг нийгмийн халамжид зориулдаг бөгөөд энэ зууны дунд гэхэд эл тоо 14.5 хувьд хүрэх төлөвтэй байна.

2050 оны дэлхий хүн амын нягтрал ихтэй, настнууд олонтой, бухимдаж, цөхөрсөн улстөрчид, туйлдаж, доройтсон эдийн засагтайгаар төсөөлөгдөж байна. Ийм ирээдүйгээс зугтах арга бий юу? Боловсрол, ахуйн шинэчлэл онцгой чухал ч ихэнх шинжээчийн санал нийлдгээр цагаачлал хамгийн зөв шийдэл байж мэдэх юм. Зуун хүрэхгүй хугацаанд хөгжингүй орнууд хөдөлмөрийн насныхангүй болж, хөгжиж буй орнууд хүүхэд, залуусаар дүүрнэ. Хүн ам зүй, эдийн засгийн тогтворгүй байдлыг "анагаах" хамгийн боломжит арга тэгэхээр яах аргагүй цагаачлал юм. Улстөр, нийгмийн олон бэрхшээл үүсгэж мэдэх ч хүнээ багтааж ядсан дэлхийд их нүүдлээс өөр ямар ч арга үлдэхгүй. Өнөөгийн Америк, Японы хүн амын үзүүлэлтүүдийг харьцуулахад л цагаачлалын эерэг талыг харж болно.

Г.Лхагва

Цааш нь...

Thursday, January 27, 2011

2011 он тоймчдын толинд


Үйл явдлаар баян нэгэн он шувтарч, адал явдлаар дүүрэн бас нэгэн жил эхэлж байна. Шинэ жил бидэнд юу зэхээ бол. Олон улсын тоймчдын энэ оны таамаглалуудаас хамгийн онцгойг нь түүвэрлэн хүргэе.

Хүнсний хямрал дэгдэх үү
Санхүү, эдийн засгийн хямрал гэж олон жил ярьсан дэлхий дахин үүнээс хэд дахин дор гамшигт хямралтай энэ жил анх удаа нүүр тулж мэдэхээр байна. Импортын хүнсний өртөг дэлхийн хэмжээнд энэ жил 2008 оны рекорд үзүүлэлтийг ч давах гэнэ. Мөн хөдөө аж ахуйн гол бүтээгдэхүүнүүдийн үнэ хамгийн өндөр гэгдсэн өмнөх үзүүлэлтээс давах төлөвтэй байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тооцоогоор эрдэнэшиш, буудай, буурцгийн шош зэрэг бүтээгдэхүүний үнэ урьд байгаагүйгээр өсч, зөвхөн цагаан будааны үнэ л тогтвортой байх аж. Хүнсний үнийн өсөлтөд таагүй цаг агаар хамгийн их нөлөөлдөг. Био түлш зэрэг нийтийн хэрэгцээ, шаардлага ч багагүй нөлөөлж байгаа. Энэ оны хүнсний хямрал нэг бус содон шинжтэй. Хамгийн сонирхолтой нь дэлхийн хамгийн өлсгөлөн тив гэгддэг Африкт байдал хавьгүй дээрдсэн үзүүлэлт байна. Тиймээс 2007-2008 оных шиг хүнснээс үүдэлтэй жагсаал цуглаан энэ онд цөөн болно.

Хоёр Солонгос нэгдэх үү
Яав ч үгүй. Солонгосын хойгийн асуудлыг нэгмөсөн шийдэх хамгийн зөв арга яах аргагүй нэгдмэл Солонгос Улсыг байгуулах ч одоогоор энэ нь хамгийн боломжгүйд тооцогдоод байна. Ким Чен Ирийн суудлаа хүлээлгэх явц тун ээдрээтэй байгаа энэ үед Пхеньяны дотоод хүрээллийнхэн хүртэл ихэд барьц алдаж байгаа бололтой. Сөүлийн албаныхан ч мөн ямар нэг үйл явдлын гэнэтийн өрнөлөөс эмээж байгаа. Солонгос үндэстэн нэг л өдөр нэгдэхийг үгүйсгэх аргагүй ч тийм онцгой чухал түүхэн эргэлт энэ онд л лав болохгүй.

АНУ, НАТО-гийн хүчин Афганистаны дайнд ялах уу
Арав дахь оноо угтаж буй Афганистаны дайн чухам энэ жил л НАТО-гийн албаныхны хүссэнээр өрнөж мэдэх юм. АНУ болон тус улсын холбоотнууд өдгөө талибуудын гол түшиц газрыг овоо хараандаа аваад байгаа. НАТО-гийн албан хаагчид туршлагатай, тооны хувьд чамлагдахааргүй болж, Афганы арми ч хүн, хүчний хувьд хурдацтай өссөн. Гэсэн ч амар дайн гэж үгүй. Афганистан, Пакистаны хилийн зурвас нутагт пакистан босогчид хүчирхэгжсэн нь америкчуудыг зовоож эхэлсэн бол Кабулын эрх баригчдын дунд авлига, засаглалын "гажиг" бүр ч дордсоор байна. Юутай ч зэвсэгт босогчдын хүч өмнөх жилүүдийнхээс суларсан тул энгийн иргэд болон энхийг сахиулагчдын эндэгдэл буурна гэдэгт ажиглагчид итгэлтэй байгаа.

Мубаракийн эрин төгсөх үү
Мубаракийнхан хүсэхгүй бол үгүй. Бие нь сүүлийн хэдэн жилд ихэд чилээрхэх болсон Ерөнхийлөгч Хосни Мубарак 1981 оноос хойш хашсан төрийн тэргүүний албаа амар хүлээлгэж өгөхгүйгээ нуухгүй байгаа. Харин эрүүл мэнд нь дордсоор байвал энэ оны сонгуульд оролцолгүй өөрийнхөө оронд хүү Гамалаа удирдагчийн суудал уруу зүтгүүлж мэдэх юм. Хүүгээ үнэхээр залгамжлагчаа болгохыг хүсвэл ахмад Мубарак залуу Мубаракийг Ерөнхийлөгч болгох ажлыг өөрөө ахлах хэрэгтэй. Түүнийг үгүй болчихвол армийнхан төдийгүй эрх баригч Үндэсний ардчилсан намд залуу Мубаракийг дэмжигчид олон үлдэхгүй болов уу.

Суданд иргэний дайн дэгдэх үү
Энэ улс ямар ч үед үймээнтэй байдаг нь бараг л бичигдээгүй хууль. Олны тэсэн ядан хүлээж байгаа энэ сарын бүх нийтийн санал асуулга Өмнөд Судан тусгаар улс болох эсэхийг шийдэх бөгөөд дүн нь ямар байхаас үл хамааран тус улс үймж мэдэхээр байна. Гэхдээ Хартумын эрх баригчид, өмнөдийн зэвсэгт босогчдын хэн хэн нь Африкийн хамгийн олон жил үргэлжилсэн иргэний дайныг сэдрээхийг хүсэхгүй нь мэдээж. Өмнөд, умардын хилийн бүс нутаг дахь газрын тосны арвин нөөцийг ашиг, тус болгох эсэх нь мөн талуудын зөвшилцөл, ойлголцлоос хамаарна. Өмнөд Судан Хартумын засаглалаас хараат бус болох нь бараг л тодорхой болсон энэ үед Суданы төдийгүй бүс нутгийн зэвсэгт хүчнийхэн болзошгүй аюулд бэлэн байхыг хичээж байна. Дэлхийн отгон улсыг цогцлоох явц дайнтай биш юм гэхэд түгшүүртэй байх нь гарцаагүй.

Европын нийгмийн хямрал даамжрах уу
Европын холбоо даяар эрх баригчид хэмнэх бодлого баримталж, ажилгүйчүүдийн эгнээ тэлэх болсон. Өнгөрсөн сарын эхээр Европын олон улсад эсэргүүцлийн жагсаал цуглаан гаарсан бөгөөд бүгд гүндээ өөр өөр шалтгаантай ч иргэдийн дунд нийтлэг нэг эмзэглэл, дургүйцэл байсан нь албаныхны хэмнэх, хөрөнгө танах бодлого юм. Санхүү, эдийн засгийн хямралд барих төрийнхөө шийдвэрийг эсэргүүцэгчид энэ онд бүр ч нэмэгдэнэ. Эдийн засгийн суурь нь бүхлээрээ ганхсан Грек, Ирланд Олон улсын валютын сангийн хэмнэлтийн олон бодлогод түүртэж эхэлсэн бол Португали, Испани, магадгүй Итали, Бельги зэрэг улс гадны зээлдээ бүр ч орооцолдож мэдэх юм. Хэмнэх бодлого Британийн улстөрд ч нөлөөлж магадгүй. Ерөнхийлөгч Николя Саркозийн нэр хүнд мөн л эдийн засгийн шалтгаанаар улам бүдгэрч, Францыг сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй улстөрийн хямрал уруу чирч мэднэ. Зарим шинжээчийн таамаглаж буйгаар европчууд 1848, 1968 оныг санагдуулам их эсэргүүцлийн хөдөлгөөнийг энэ жил өрнүүлэх гэнэ.

"WikiLeaks" сэргэх үү
Мэдээж сэргэнэ. Гэхдээ цахим талбарыг урьдын адил эзэгнэхгүй. Афганистан, Иракийн дайны олон нууцыг дэлгэснийхээ хариуд Жулиан Ассанж нэр хүндтэй нэгэн болсон ч хүчингийн хэрэгт холбогдсон, дипломат төлөөлөгчдийн маш нууц захидал, баримтыг дэлгэсэн зэрэг нь түүнийг сүүдэрлэн дагасаар байх болно. Ж.Ассанжийн "тэрслэх" кампанит ажил дуусаагүй нь мэдээж. Гэхдээ "WikiLeaks''-ийн хувьд нууц баримт хуулбарлагчдын шинэ цахим хуудсууд энэ оны гол шалгуур байна. Яг л дуу татах "Napster" сайт байр сууриа алдсан шиг "WikiLeaks" содон бизнесээ алдаж эхэлнэ.

Нефть дуусах уу
Газрын тосны хэрэгцээ, шаардлага энэ онд бүр ч өснө. Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоогоор өнгөрсөн онд дэлхий дахины нефтийн хоногийн хэрэглээ 2.3 сая баррель байсан нь түүхэн дэх хоёр дахь өндөр үзүүлэлт юм. Олон орны эдийн засаг хурдацтай өсч байгаа нь үүнд хамгийн их нөлөөлж байгаа. Гэвч ОПЕК-ийн орнууд хар алтны нөөц, олборлолтоос илүү үнэд илүү санаа зовж байна. Тиймээс нефтийн үнийг хэт өсгөж, хэт бууруулахгүй байхад газрын тосны салбарынхан энэ онд хамгийн их анхаарна. Шинжээчдийн санал нийлж байгаагаар 2011 он баррель нефтийн үнэ дахин 100 ам.доллар давсан жил хэмээн түүхэнд үлдэнэ.

Г.Лхагва

Цааш нь...

Tuesday, January 25, 2011

2010 онд Британийн 160 иргэн саятан болжээ


Их Британийн 160 орчим иргэн 2010 онд сугалаанд аз таарч саятан болсон тухай Үндэсний сугалааны (National Lottery) зохион байгуулагчид мэдэгдэв.

Өнгөрсөн онд тус улсын 26 оршин суугч National Lottery-ийн ачаар саятан болсон байна. Тэгвэл өнгөрсөн онд 158 хүн гол шагналын эзэн болж нийт 775 сая паунд хожсон аж.

Хамгийн том буюу 113 сая паундыг хожсон хүн нэрээ нууцлахыг хүссэн бөгөөд тэрээр Британийн хамгийн баян 589 хүний нэг болсон юм.

Зул сарын баярын сугалаагаар 25 хүн шинээр саятны жагсаалтад орж иржээ. 16 жилийн өмнөөс эхэлсэн National Lottery сугалаа 2010 оны аравдугаар сард 2500 дахь саятнаа төрүүлсэн байна.

Цааш нь...

Monday, January 24, 2011

Япон: Стратегийн металлын зах зээл


Өөрийн гэх бараг нөөцгүй Япон улс, аж үйлдвэрийнхээ орчин үеийн салбарыг хөгжүүлэхийн тулд стратегийн гол түүхий эдээр тогтвортой хангах асуудлыг эрчимтэй авч үзэх болжээ. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс тус улсын Засгийн газар нь хувийн хэвшилтэйгээ гэрээтэй ажиллаж эхэлж байна.

Гадаад түншүүдтэй ажиллах үндсэн хэлбэр нь хөрөнгө оруулалт хийж, хамтарсан шинэ үйлдвэр байгуулж байна. Түүнээс гадна төр нь байгалийн баялаг ихтэй улс оронд эдийн засгийн дэмжлэг үзүүлдэг байна.

Их Наран улсад ховор металл нэлээд эрэлт хэрэгцээтэй байдаг. Эдгээр металлаар тэд цахилгаан болон эрлийз автомашин, нарны зай болон галт тэрэгний гол хөдөлгүүр үйлдвэрлэдэг бөгөөд үүгээрээ дэлхийд өрсөлдөх чадвараараа дээгүүрт ордог.

Өнгөрсөн наймдугаар сард Японы Гадаад харилцааны сайд К.Окада Хятадаас нийлүүлэгдэх стратегийн металлд хязгаар тавьсныг хүчингүй болгох асуудлаар Бээжинд хэлэлцээр хийсэн нь амжилтгүй болсон байна. Харин жил бүр ховор металлын худалдааны асуудлаар дэд сайдуудын хэмжээнд талууд ярилцахаар тогтжээ.

Цааш нь...

Saturday, January 22, 2011

Facebook-ийн хөрөнгийг 50 тэрбум доллараар үнэллээ


Хөрөнгө оруулалтын "Goldman Sachs" банк Faсеbook нийгмийн сүлжээний нийт хөрөнгийг 50 тэрбумд хүргэлээ.

Тус банк Оросын хөрөнгө оруулалтын "DST" компанитай хамтран Facebook-ийн хөгжилд 500 сая доллар оруулсан байна.

Тодруулбал, "Goldman Sachs" 450 сая, "DST" 50 сая доллар хандивлажээ. "Goldman Sachs''-ийн үнэлснээр, эдүгээ Facebook нь Yahoo!, eBay, Time Warner зэрэг корпорациудаас ч илүү үнэлгээтэй болсон ажээ.

Цааш нь...

Friday, January 21, 2011

"Wikipedia" 10 нас хүрлээ


Интернэт соёлын ойлголттой хүмүүст ч байх боломжгүй мэт санагдаж байсан цахим нэвтэрхий толийг бодит хэрэглээ болгож, дэлхий нийтийг танин мэдэхүй, мэдээллийн их сүлжээнд холбосон "Wikipedia"-гийнхэн өнгөрөгч бямба гаригт 10 насныхаа ойг тэмдэглэлээ.

Уг сайтыг үндэслэгчийн нэг Жимми Уэйлсийн хэлснээр цахим нэвтэрхий толийн төрсөн өдөр интернэтээс мэдлэг, мэдээлэл олж авдаг хүн бүрийн баяр юм. 2000 оны эхээр "мэндэлсэн" цахим нэвтэрхий толь 2001 оны нэгдүгээр сарын 16-нд анх интернэтэд үйлчилж эхэлжээ.

Мэдээллийн нэгдсэн сан байгуулах хүсэл нь 270 хэлээр үйл ажиллагаа явуулдаг, 17 сая нийтлэлийн сантай, хоногт 400 сая гаруй хэрэглэгч хүлээж авдаг дэлхийн хэмжээний үзэгдэл болно гэж Ж.Уэйлс төсөөлөө ч үгүй гэдэг. Өдгөө "Wikipedia" дэлхийн топ арван сайтын нэг болсон төдийгүй уншигчдынх нь тоо хамгийн хурдтай өсч буй цахим хуудсаар сүүлийн гурван жил дараалан шалгарчээ.

Гэвч цахим нэвтэрхий толийн зохиогч, техникчид энэ амжилтыг "Wikipedia"-ийн оргил гэж үзэхгүй байна. Ж.Уэйлс тэргүүтэй танин мэдэхүйн эрэлчид тэрбум хүнийг байнгын хэрэглэгчээ болгох зорилт тавьжээ. Мөн АНУ-аас гадна байрлах офисуудынхаа тоог нэмэх гэнэ. Ойн өмнөхөн Америкаас гаднах "Wikipedia"-ийн анхны салбар Энэтхэгт үүдээ нээсэн юм.

Г.Дулам

Цааш нь...

iPad планшетийн зах зээлийн 87% хангаж байна

Судалгааны IDC компани 2010 оны 3-р улирлын планшетийн зах зээлийн үзүүлэлтийг гаргалаа. Дэлхийн планшетийн зах зээл 45,1 хувиар өссөн бөгөөд 4,8 сая планшет 2010 оны 3-р улиралд үйлдвэрлэгдсэн байна. Харин 2010 оны 2-р улиралд 3,3 сая планшет үйлдвэрлэгджээ. IDC судалгаагаар дэлхийн зах зээлийн дийлэнх буюу 87,4 хувийг Apple iPad планшет эзэлж байгаа юм.

2010 онд дэлхийн зах зээлд 17 сая планшет худалдаалагдсан бөгөөд шинжээчдийн тооцоолсноор 2011 онд 44,6 сая, 2012 онд 70,8 сая планшет зарагдах аж. Энэ онд Android 3.0 удирдлагатай планшет болон Windows 7 webOS моделийн планшет ихээр үйлдвэрлэгдэх төлөвтэй байна.

Цааш нь...

Thursday, January 20, 2011

2010 оны хамгийн муу рекламыг шалгаруулжээ


Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгааThe Tracy Awards нь 2010 оны хамгийн муу рекламыг тодрууллаа. 11 “ялагчдын” жагсаалт The Tracy Awards-ийн албан ёсны сайт дээр тавигдсан байна. Энэ жилийн жагсаалтад хуучин “ялагчид” болон шинэ оролцогчид багтсан байна. Ингээд хамгийн муу жүжигчилсэн тоглолтоороо “Oreo” жигнэмэгийн "Heads or Tails" /сүлд эсвэл тоо/ реклам шалгарчээ. Сонордуулахад, уг брэндийн реклам өнгөрсөн оны номинацид мөн байсан юм.

Энэ жил “‘Шилдэг фотошоп’, ‘Шилдэг копирайтинг’” зэрэг номинацуудыг шалгаруулсан. Үүнээс гадна АНУ-ын “Хариуцлагатай эмч нарын холбоо” /PCRM /-оос гаргасан McDonald's-ын антиреклам багтсан байна.

2010 оны хамгийн муу рекламаар мөн шар айрагны The Tube брэндийн видео шалгарсан юм. Шүүгчид уг рекламыг Bud Light шар айрагны “шар айраг сайхан, эрэгтэй хүмүүс тэнэг” гэсэн санааг хулгайлсан гэж үзжээ.

The Tracy Awards нь дэлхийн олон улс орнуудын рекламууд дундаас “шилдэг”-ээ шалгаруулсан ба 9-11-р сарын дунд хүртэл үргэлжлэн явсан ба хүссэн хүн бүр рекламаа явуулах боломжтой ажээ.

“Ялагчдын” жагсаалтыг хүргэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Oreo – " Heads or Tails" - Хамгийн муу жүжиглэлт
Doubletree – Double - “Шилдэг фотошоп”
Sizzler – "How do you Sizzler?" – “Шилдэг копирайтинг”
Foundation – For A Better Life "Sportsmanship" – Утга санаагаа буруу гаргаж, бусдыг доромжилсон
Summer's Eve – "How to ask for a raise." – 1963 оноос хойших “шилдэг” сексизм
Heineken – "The Tube" – Дуурайх гэсэн “шилдэг” оролдлого
State Farm – "Dap" – Албан шахалтаар олон талыг харуулах гэсэн “шилдэг” оролдлого
PCRM – "Consequences" – Гиперболын “шилдэг” ашиглалт
Courvoisier – You wish – Ихэмсэг зангийн “шилдэг” ашиглалт
Cold-EEZE – "Facebook Packaging Tie-in" – Хүүхдийн хөдөлмөр ашигласан “шилдэг” жишээ
Gravity Defying Shoes – "Sperm Logo" – Лого зохиох тухай “шилдэг” арга

Цааш нь...

“Apple” амжилт тогтоожээ


“Apple” компанийн “i Phone”, “i Pad” өнгөрсөн зул сарын баяраар хамгийн гүйлгээтэй бараа байжээ. Эдгээр болон бусад барааны тус компанид оруулсан сүүлийн гурван сарын орлого нь зургаан тэрбум ам.доллар болсон байна.

Тус компанийн тэргүүн Стив Жобс “Барааны борлуулалт өндөр хувьтай байгаад сэтгэл хангалуун байна. Бидний энэ амжилт технологийн дэвшилтэй салшгүй холбоотой” гэжээ. Дашрамд дуулгахад, тэрбээр өнгөрсөн даваа гаригаас эхлэн эмнэлгийн тодорхойлолтоор хэсэг хугацаанд ажлаасаа хөндийрснөө мэдэгдсэн юм.

Лондонгийн төвийн дүүрэгт электрон барааны худалдаа эрхэлдэг Санчес Скуз “Би Apple компанийн бараагаар дэлгүүрийнхээ лангууг дүүргэх дуртай. Тэд үргэлж шинэлэг зүйлийг бүтээдэг нь бидний ашигт сайнаар нөлөөлдөг” гэжээ.

Үйлдвэрлэгдсэн цагаасаа хойш эрэлттэй байгаа “i Phone” гар утасны борлуулалт өнгөрсөн онд тус компанид 16.24 сая ам.долларын орлого оруулжээ. Харин хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд байгаа “i Pad” 7.33, “i Pod” 19.45 сая ам.долларын орлого олсон байна. Мэргэжилтнүүдийн тогтоосноор өнгөрсөн онд “Apple” компани цагт 354 ам.доллар олсон гэнэ. Энэ бол тус компанийн түүхэнд байгаагүй үзүүлэлт ажээ.

Д.Түвшинтөр

Цааш нь...

Интернэт худалдааны хэмжээ дөрвөн триллионд хүрэв


Өнгөрсөн онд Хятадын интернэт худалдааны зах зээлийн арилжааны хэмжээ дөрвөн триллион 500 тэрбум юаньд хүрч, өмнөх оныхоос 22 хувиар нэмэгдсэн гэж тус улсын Интернэт худалдааны судалгааны төвийнхэн мэдээлжээ.

Интернэт худалдааны арилжаа ийнхүү нэмэгдсэн нь ихэвчлэн жижиг дунд аж ахуйн нэгжийн цахим худалдаанд оролцохыг дорвитой дэмжиж ирсэнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Үүний сацуу цахим худалдааны бизнесменүүд шинээр хөгжиж байгаа аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлсэн аж.

Хятадын Интернэт худалдааны судалгааны төвийн мэргэжилтэн Ян Жоупин “Интернэт худалдаа нь мэдээллийн зуунд ихээхэн ашиг олох боломжтой хувилбар. Одоо бараагаа зах дээр зарах цаг нь үеэ элээж байна” гэв.

Цааш нь...

Monday, January 17, 2011

Хятадуудын гуравны нэг нь интернэт хэрэглэдэг


Хятад улсын интернэт хэрэглээний 2010 оны тайлан саяхан гарчээ. Уг тайланд 2010 оны эцсийн байдлаар Хятад улсад интернэт хэрэглэгчдийн тоо 457 саяд хүрч, өмнөх онтой харьцуулахад 73,3 саяаар өссөн байна. Хятадын интернэт хэрэглэгчид нэг долоо хоногт дунджаар 18,3 цаг, нэг хоногт 2,61 цагийг интернэт орчинд өнгөрүүлдэг болжээ. Хятадын алслагдсан муж, хөдөө тосгонд интернэт хэрэглэгчид 16,9 хувиар өсч, 125 саяд хүрсэн нь Хятад улсад интернэтийн дэд бүтэц сайжирсныг харуулж байна.

Түүнчлэн интернэтээр төлбөр тооцоо хийх, бараа бүтээгдэхүүн захиалж, худалдан авах хэмжээ 2009 онтой харьцуулахад 48 хувиар өсчээ. Нийт интернэт хэрэглэгчдийн 66,2 хувь нь гар утаснаасаа интернэтэд холбогддог бөгөөд өмнөх оноос мөн 5,4 хувиар өсчээ. Харин интернэтийн хурд 2009 онд харьцангуй удаан 100.9 кб/с байсан бол 2010 онд 212.5 кб/с болсон ч, дэлхийн интернэтийн хурдны дундаж хэмжээнд хараахан хүрээгүй байна.

Б. Энхцэцэг

Цааш нь...
:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008