Sunday, May 31, 2009

Хатаасан мах дэлхийн брэнд болсон түүх


1990 онд 200 юанаар хөрөнгө оруулалт хийж Чу И Цай бизнесийн гараагаа эхэлсэн байна. Дахин боловсруулсан хагас бэлэн бүтээгдэхүүний бизнесийн хүрээнд Yurun компаний нэр эхний жагсаалтанд орлоо.

Хөлдөөсөн махан бүтээгдэхүүнээр бизнесийн гараагаа эхэлсэн Чу И Цай Хятадын зах зээлд шинэ төрлийн хүнсний бүтээгдхүүнийг бий болгосон байна.

Зоорин доторхи оффис

Хэн ч хөлдүү хөргөгчөөр өөрийн ажлын байраа хийхийг хүсэхгүй биз ээ. Аньхуэй мужын дундаж орлоготой нэгэн айлын хүү Чу И Цай сургуулиа төгсөөд Далайн компанид ажилд оржээ. Өдөржин оффисийн ширээний ард суух нь түүнд нэн уйтгартай байсан тул өөрийн шинэ бизнесийг эрхлэхээр ажлаа хаясан байна.

Чу И Цай загас худалдсанаас мах худалдсан нь дээр юм байна гэсэн шийдвэр гаргаж, дахин боловсруулсан махан бүтээгдэхүүн хийхийг зорьжээ. Хотын хүн ам баян чинээлэг болж, махан бүтээгдхүүн сонирхох байдал ажиглагдаж эхэлсэн тул тэрээр махыг хэрхэн амттай, хямд өртгөөр боловсруулах арга ухааныг хайж эхлэв. Тухайн үед түүний энэхүү санааг том компаниуд аль хэдийн хэрэгжүүлээд эхэлсэн байлаа. Тэд 120 хэмээс өндөр температурт махыг маш хурдан хугацаанд болгож, боловсруулах технологийг тэд хэрэглэж байлаа. Энэ технологиор тасалгааны тепературт махыг удаан хадгалж болно. Гэвч энэ аргыг тэр сонгосонгүй. Өөрөөр хэлбэл бусдыг дууриасангүй. Хятадад хараахан дэлгэрээгүй байсан гадаадын нэгэн технологийг тэрээр олж авсан бөгөөд энэ нь эсрэгээр 100 хэмээс бага температурт махыг хатааж боловсруулах арга байлаа. Ингэж боловсруулсан махан бүтээгдэхүүн амтаар илүү бөгөөд тэжээллэг чанараа алддаггүй сайн талтай байсан юм.

Түүнд ердөө 200 юань байлаа. Эхний ээлжинд тэр 200 юанаараа ногоог механик аргаар хатаах төхөөрөмж худалдан авч түүндээ мах хатаах туршилт хийсэн нь амжилттай болов. Ердөө иймхэн мөнгөөр Хятадын том компани байгуулах гараагаа эхэлсэн гэвэл итгэмээргүй байгаа биз.

Өөрийн гэсэн ажлын байр худалдан авах хөрөнгө мөнгө гэвэл түүнд байсангүй. Иймд айлын ногооны зоорийг ажлын байр болгох санаа түүнд төржээ. Санаанд оромгүй энэ шийдвэр түүнд 2 жилийн дараа 5 сая юаньтай баян эр болгох замыг тавьсан юм. Учир нь Хятадын болон Америк Японы агаарын тээврийн том компаниуд болон далайн тээврийн усан онгоцнууд түүний хатаасан махыг их хэмжээгээр худалдан авч хэрэглэж байна.

Эдүгээ Чу И Цай -ийн Yurun группийн 60 гаруй компани бүх улс даяар үйл ажиллагаагаа явуулж байна. 2008 оны байдлаар Yurun групп 2,4 миллиард доллорын хөрөнгөтэй болж, Хятад улсын тэргүүн 20 баяны жагсаалтанд оржээ.

Зураг дээр: Чу И Цай -ийн хатаасан мах

Махыг хатаах технологийн нууцыг анх Монголчууд нээсэн билээ. Харин 100 хэмээс бага температурт махыг амталж болгоод хатаах технологийн Хятад эр сэдэж гаргаад дэлхийн брэнд болгочихоод байна. Энэ нэг бизнес санаа шүү...

Эх сурвалж: http://www.mychina.biz/pages/meat.html

Цааш нь...

Friday, May 29, 2009

КтМС-ийн багш Д.Ганбаатар: Маркетингийн тулаан III - Архины зах зээлийн өрсөлдөөн


Маркетингийн тулаан III - Архины зах зээлийн өрсөлдөөн-

Уншигч та бүхэндээ маркетингийн тулаан булангаараа Монголын томоохон зах зээлийн компаниудын маркетингийн стратегуудийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаараар архины зах зээл дэх маркетингийн тулааныг хүргэж байна.

Том жижиг 2 өрсөлдөгч тулалдаанд ороход бурхан томынх нь талд л ордог. Эзлэгдээгүй талбар дээр худалдааны олон ажилтантай компани нь бүхнээс илүү хувийг эзлэх болно. Зах зээл хуваагдсаны дараа том хувь эзэлж байгаа компани мөн жижгүүдийнхээ үйлчлүүлэгчдийг зулгаасаар байдаг. Том компани зар сурталчилгаанд их мөнгө гаргаж, судалгааний том баг хөлсөлж, борлуулалтын олон цэгтэй байж чадна. Баян нь улам л баяжаад ядуу нь улам л хоосроод байдаг нь гайхах зүйл биш.

Тэгэхээр жижиг өрсөлдөгчид огт ирээдүйгүй гэсэн үг үү? яалаа гэж дээ, тийм байгаа болохоор гол нь зах зээл дээр бага хувьтай байгаа компаниуд энэ талаар цэргийн жанжин шиг бодох хэрэгтэй. Тэд байлдаан явуулах анхны зарчим -хүчний зарчмыг санаж явах нь чухал. Наполеон - хүн цөөтэй армийн байлдах урлаг нь дайрах юм уу хамгаалах цэг дээрээ дайснаасаа илүү цэрэг хуримтлуулахад оршино гэж хэлсэн удаатай.

Цэргийнхэн хүчний зарчмын чухлыг сайн ойлгодог. Тийм ч учраас тагнуулын мэдээг судлахдаа их цаг зарцуулдаг. Энэ нь маркетингийн хувьд судалгаа, шинжилгээний зардал юм. Ихэнх компаниуд маркетингийн судалгаа шинжилгээнд хөрөнгө зарахгүйгээр борлуулалтаа нэмэгдүүлэх өсгөх талаар ярьдаг. Энэ бол мөрөөдөл. Иймээс та зах зээл дээр хувиа өсгөх борлуулалтаа нэмэгдүүлэх гэж бодож байгаа бол зардал гаргахаа мартаж болохгүй. Жанжингууд цэргүүдийнхээ сэтгэл санааг өргөх зорилгоор тэд үргэлж л манай цэргүүд шиг цэрэг алга, манай зэвсгийг гүйцэх зэвсэг алга гэцгээдэг.

Маркетингийн олонхи удирдагчид тэдэн шиг аашилж, тэгснээрээ өөрсдийнхөө гоё үгэнд хууртдаг. Өөрсдийгөө хамгийн шилмэл хүмүүс, өөрсдийнхөө барааг хамгийн шилдэг гэж төөрөгдүүлснээр унадаг.

Монголын архины зах зээлд АПУ, Спирт бал бурам, Жем интернейшнл, UFC гэсэн компаниуд голлох байр суурийг эзэлж байгаа. Эдгээр компаниуд үнийн өөр өөрийн стратегийг хэрэглэсээр ирсэн. Энэ зах зээл нь өөрөө онцлог зах зээл учраас үнэ, бүтээгдэхүүн, хувиарлалтын стратегийг зөв барьснаар амжилт гаргах магадлал өндөр.

“АПУ” нэр хүндийн стратеги
АПУ компанийг мэдэхгүй, бүтээгдэхүүнийг нь хэрэглэж үзээгүй хүн ховор. Байгуулагдаад удсан, үйлдвэрлэлтийн олон жилийн туршлагатай, бүтээгдэхүүний чанар нь хэрэглэгчдэд танигдсан архины зах зээлд өөрийн гэсэн байр суурийг эзэлсэн гээд давуу тал ихтэй. Тиймээс нэр хүндийн буюу манлайлагчийн стратегийг хэрэгжүүлж байгаа. Бүтээгдэхүүний чанар сайн, үнийг нь өндөр түвшинд байлгах бодлого барьдаг. Өндөр чанартай бүтээгдэхүүнийг өндөр үнээр гаргах, дунд чанартай бүтээгдэхүүнийг дундаж үнээр гаргах, эсвэл чанарын түвшин доогуур бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдах стратегиуд нэг ижил зах зээл дээр зэрэгцэн оршино. Нэр төрлөө олшруулах гэж нэг их яардаггүй. Хуваарилалтын сувагтаа анхаарал тавьдаг. Гэхдээ сувгуудын борлуулалтын мэдээлэлийг авдаггүй сул тал ажиглагддаг. Бүтээгдэхүүн нь сегмент бүрт тохирсон байдаг ба зах зээлийн талбарыг бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, ажиллагчдын хүчээр эзэлж байгаа. Бөөний буюу жижиглэнгийн худалдаанд идэвхижүүлэлт бага хийдгээс зах зээлийг бүрэн хамарч чаддаггүй сул талтай. Архины зах зээлд хүчтэй өрсөлдөгчийн тоонд зүй ёсоор ордог.

“Спирт бал бурам” өндөр үнэлгээний стратеги
“Спирт бал бурам” компани бүтээгдэхүүнийхээ чанарт анхаарч, үнийг дунд түвшинд барих бодлого барьдаг. Энэ нь масс хэрэглэгчдийг татах маркетингийн аргуудын нэг. Баяр ёслолын үеэр хэрэглэгчид СББ компанийн бүтээгдэхүүнийг их худалдан авдаг. Хэрэглэгчдийн худалдан авах чадварт тохируулж бүтээгдэхүүнийхээ үнийг тогтоодог давуу талтай. Хэрэглэгчдийн сэтгэлзүйд брэнд бүтээгдэхүүнээ хоногшуулахад их анхаарсаар ирсэн. СББ компанийн “Хар Чингис” хэрэглэгчдийн сэтгэлзүйд хоногшсон нэр хүндтэй брэнд болж чадсан. Идэвхижүүлэлтэд анхаарал хандуулдаг компаниудын нэг. Хувиарлалтын зохион байгуулалт өндөр. Гол арга нь маркетингийн компанит бодлого болох Сайн үйлсийн аян, нийгэмд хандсан үйл ажиллагаа нь талбарыг эзлэх боломжийг олгож байна. Тулаанд орохдоо өөрийгөө бусдад хүчтэй, сул талгүй гэдгээ сайн ойлгуулж чаддаг. Хэрэглэгчдийн худалдан авах чадвар болгонд тохируулсан бүтээгдэхүүнийг санал болгодог. СББ компани хэзээ ямар стратеги хэрэгжүүлэхээ мэддэг. Брэнд бүтээгдэхүүнийг сайжруулан тулаанд орвол манлайлагчийн стратегийг хэрэгжүүлж байр сууриа сэлгэх магадлалтай.


“Жем интернейшнэл” дэврүүлсэн стратеги
“Жем интернейшнэл” компани бүтээгдэхүүнийхээ сав баглаа, боодолд анхаарал хандуулдаг. Худалдааны энэ арга нь тухайн бүтээгдэхүүний хувьд тохиромжтой боловч түүнийгээ төгс сайн хийж чадахгүй байна. Бүтээгдэхүүнийхээ чанарыг дундаж, үнийг өндөр түвшинд барьж дэврүүлсэн стратеги хэрэгжүүлсээр ирсэн. Хэрэв чанар нь мэдэгдэхүйц өндөр байвал хэрэглэгчид эдгээр өрсөлдөгчдөд итгэж тэднээс илэрхий худалдан авч, мөнгөө хэмнэнэ. Бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийн толгойд өндөр зэрэглэлийнх гэж хоногшуулахыг хичээдэг. Лидерыг дагаж дууриадаг. Ижил төрлийн бүтээгдэхүүнд үнэ өндөр гэж амладаг. Зах зээлд хүчтэй өрсөлдөгч гарч ирсэн үед үнээ тогтвортой барьдаг.
“UFC” гойд сайн үнэлгээний стратеги
Шинэ брэнд гаргаж, хямд үнийн бодлогоор хэрэглэгчдийг татахыг зорьдог. Тиймээс чанар өндөр, үнээ хямд байлгах бодлого барьдаг. Архины зах зээлд гойд сайн үнэлгээний стратегийг хэрэгжүүлсээр ирсэн. Тэд зах зээлийг үнэд мэдрэмжтэй гэж төсөөлөн үнээ доогуур тогтоодог. Үүнийг зах зээлд гүн нэвтрэх үнэ гэж нэрлэдэг. Доорхи нөхцөлд үнийг доогуур тогтоож болно.
- Зах зээл нь үнийн мэдрэмж өндөртэй бөгөөд доогуур үнэ нь зах зээлийн илүү өсөлтийг урамшуулж байх
- Үйлдвэрлэлийн туршлага хуримтлагдахын хэрээр үйлдвэрлэл, хуваарилалтын зардал буурч байх
- Доогуур үнэ нь одоогийн болон далд өрсөлдөгчдийг шахаж байх

“АПУ” компанийн алдаа
Хэрэглэгчдийн сэтгэлзүйд хоногшсон зах зээлд нэр хүнд бүхий Болор брэндийг эвдсэн нь АПУ компанийн хувьд алдаа болсон. Бүтээгдэхүүний шинэчлэлтийг хийхдээ хоногшлийг тооцож үзээгүй. Зах зээлд тэргүүлэгч бүтээгдэхүүнээ тэр хэвээр нь хадгалж чадсан бол зах зээлээ алдахгүй байж болох байсан. Брэндээ хүчирхэг болгохоор эрс шинэчлэл хийж, сансрын хөлөгийн зураг бүхий шошгыг өөрчилсөн. Ингэснээр цоо шинэ бүтээгдэхүүн бий болж байгаа учраас зах зээлд дахин нэр хүндийг нь өсгөхөд асар их хөрөнгө, зарцуулах талтай. Coca-Cola өөрийн борлуулалтаа буурснаас болж 1985 онд New Coke!- ийг зах зээл дээр гарган ирлээ. Зах зээл хуучин бүтээгдэхүүнээ санагалзаж өдөрт 2000 илүү хүн залгаж хуучин Cola-г эргүүлэн өгөхийг шаардаж байлаа. Нэг хүн 1000$ оор хуучин Cola-г худалдан авсан нь бүр их сенсааци тарисан. Гэвч 79 хоногийн дараа Classic Coca-Cola- г зах зээлд буцааж гаргахаас өөр аргагүй болов. Бүтээгдэхүүнийг шинэчлэхдээ хоногшлоо тооцож үзэх хэрэгтэй.Зах зээлд тэргүүлэгч байхын тулд анхдагч байх. Харин энэ байр сууриа хадгалж үлдэхийн тулд бүх чадлаа дайчлах хэрэгтэй

“СББ” компанийн алдаа
Өмч хувьчлалын үеэр АПУ компанийн ажил нэг хэсэг доголдож, түр зогсолт хийсэн. Энэ үед СББ компани архины зах зээлийн хоосон орон зай руу довтолсон. Үүний үр дүн ч гарч “Хараа” брэндийн нэр хүнд маш огцом өссөн. Амжилтандаа хэтэрхий эрдсэн. Энэ үйл явдалд маркетингийн гол бодлого нөлөөлөөгүй бөгөөд харин АПУ компаний алдаа гаргасан гэж ойлгож болно. Иймээс энэ давуу талаа хадгалах үүднээс маркетингийн бодлогоо идэвхижүүлэх шаардлагатай. Үйл ажиллагаагаа идэвхижүүлэхгүй байгаа сул тал ажиглагдаж байна. Хөдлөхгүй бол өрсөлдөгчид орж ирэх аюултай.

“Жем интернейшнэл” компанийн алдаа
Хэрэглэгчдэд чанарыг мэдрүүлэх гэж хичээдэг. Ингэж бүтээгдэхүүндээ хэтэрхий өндөр үнэ тогтоох нь дайны талбарт хүчирхэг зэвсэгтэй хэрнээ явган цэрэггүй тулаанд орж байгаатай адил. Энэ нь нэг жигүүрийг нь эзлэж нөгөө жигүүрийг алдах магадлалыг нэмэгдүүлдэг. Тиймээс шинэ зах зээлийг хайх хэрэгтэй. Жижиг сегментийг орхигдуулсан сул тал ажиглагдаж байна. Хэтэрхий нэг тал руу зүтгэх нь өрсөлдөгчийнхөө давуу талыг анзаарахгүй байх нөхцлийг бүрдүүлдэг. Хэтэрхий лидер компанийн стратегийг дагах нь оновчтой бус.

“UFC” компанийн алдаа
Архины зах зээлд хамгийн бага үнэ тогтоосон компани. Бусад өрсөлдөгчид өндөр үнэ тогтоож байхад “UFC” хямд үнээ барьдаг. Энэ нь дайны талбарт явган цэрэгтэй, хүчирхэг зэвсэггүй тулаанд орж байгаатай ижил. Мэдээж техник технологийн хүч бага болохоор хүчтэй цохилтонд өртөж, эрсдэл учрах магадлалтай. Өөрийн давуу тал болох чанарыг зах зээл дээр төдийлөн сайн ялгаруулж өгч чадаагүй. Тансаг зэрэглэлийн брэндийг бий болгох шаардлагатай.

Цааш нь...

“Сейко”-ийн шинэ загвар 2060 ам.долларт хүрчээ


Япон улс цаг үйлдвэрлэлтээрээ алдартай, дэлхийд номер нэг гэж хэлж болно. Тэр тусмаа алдарт "Сейко"-г мэдэхгүй хүн бараг байхгүй ээ. Тэгвэл тус фирмийн цоо шинэ загварын цагнууд Японы нийслэл Токио хотын үзэсгэлэнгийн танхимыг чимж байна. "Spring drive" хэмээх энэхүү шинэ загварын цаг нь олон талын давуу талтай ажээ. Хамгийн энгийн давуу чанарыг нэрлэхэд ус нэвтэрдэггүй.

Бас та алхаар нүдсэн ч "чаг чаг" гээд дуугарч л байна гээч. Хаа нэг газар төөрвөл зүг чигээ олох луужин суурилуулсан цаг хүртэл бий аж. Энэ мэтчилэн "Spring drive''-ын 30 орчим төрлийн цаг Токио хотын үзэсгэлэнгийн танхимд олны нүдийг хужирлаж байгаа бололтой. Дашрамд сонирхуулахад, үзэсгэлэнд тавигдсан цагнуудын хамгийн доод үнэ нь 260 ам.доллар байгаа бол хамгийн өртөг өндөртэй нь 2060 ам.доллар байгаа аж.
Эх сурвалж: Өнөөдрийн Монгол

Цааш нь...

Wednesday, May 27, 2009

Дэлхийн худалдаа 27 дахин өссөн байна


Катарын Доха хотноо 2001 онд болсон ДХБ-ын Сайд нарын IV бага хурлаас хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдаанд учирч буй тарифын болон тарифын бус хориг саадыг багасгах замаар хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, дэлхийн худалдаан дахь оролцоог нь нэмэгдүүлэх зорилго бүхий худалдааны хэлэлцээний шинэ үе шат эхлүүлэх шийдвэр гаргасан нь Дохагийн хөгжлийн хөтөлбөр гэж нэршсэн.

Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээр байгуулагдсан 1948 оны худалдаатай харьцуулахад дэлхийн худалдаа 27 дахин өссөн байна. Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд явагдсан хэд хэдэн үе шатны хэлэлцээний үр дүнд хөгжингүй орнуудын импортын дундаж тариф 20-30 хувиас 4 орчим хувь болж буурчээ.

Гэвч тариф, тоон хязгаарлалт зэрэг хүчин зүйлээс гадна барааг импортлох, экспортлох болон транзит тээврийн төвөгтэй, шат дамжлага ихтэй процедур, захиргааны дүрэм журам, хүнд суртал, хилийн хяналтын давхардсан, хэт нүсэр процедур зэргээс үүдсэн саад бэрхшээл нь гадаад худалдаа эрхлэгчдийн бизнесийн зардлыг ихээхэн нэмэгдүүлж байна.

Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээ нь Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн чөлөөтэй дамжин өнгөрөх боломжийг хангах импортлох, экспортлохтой холбогдсон хураамж болон бүрдүүлэлтийн горим, худалдааны зохицуулалтын журмыг хэвлэн нийтлэх зохион байгуулан хэрэгжүүлэх тухай заалтуудыг сайжруулах, түүнчлэн хөгжиж байгаа болон нэн буурай хөгжилтэй орнуудад худалдааг хөнгөвчлөх бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, гишүүн орнуудын гаалийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм.

Өнөөгийн байдлаар ДХБ-ын гишүүд худалдааг хөнгөвчлөх чиглэлээр 50 гаруй санал боловсруулан хэлэлцэж байгаагаас манай улс гаалийн брокер, худалдаатай холбоотой эрх зүйн баримт бичгийг урьдчилан хэвлэх, зөвлөлдөх, баримт бүрдүүлэлтийг хялбарчлах, уялдуулах, олон улсын стандартыг хэрэглэх, мэдээллийг хэвлэн нийтлэх, нийтэд хүртээмжтэй болгох зэрэг асуудлаар найман санал боловсруулаад байна.

Дохагийн үе шатны хэлэлцээ амжилттай дуусвал хэлэлцээний "ширээнд" буй эдгээр саналуудыг нэгтгэсэн Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр байгуулагдах юм.

Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр байгуулагдсаны дараа хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлэх үүднээс гишүүн орон бүр хэрэгжилтийн хугацаа бүхий үүрэг амлалтын нарийвчилсан жагсаалт гарган ДХБ-д мэдүүлж, тус байгууллага буюу гишүүн орнуудын өмнө үүрэг хүлээнэ.
Эх сурвалж: Өнөөдрийн Монгол

Цааш нь...

Tuesday, May 26, 2009

Амжилтад хүрэх есөн алхам


Их хүч гаргалгүйгээр хүссэн бүхнээ олж авдаг хүмүүс бишгүй байдаг. Тэд хорьхон насандаа эхний мянган долларыг олж, харин 25 насандаа карьерын шатаар өгсөх таатай боломжийг шүүрэн авч амжсан байдаг юм. Гэсэн хэр нь амжилтад хүрэхийн тулд ямар нэг хатуу хязгаарлалт хийдэггүй. Энгийн жижиг ч гэмээр баяр баясгалант мөчүүд, таатай амжилтаар дүүрэн амьдардаг юм. Тэднийг харахад алдаагүй, зуун хувийн ашигтай үйлдэл бүрийг бүр урьдаар мэддэг юм шиг сэтгэгдэл төрөх болно. Юутай ч тэд санаатай болон санамсаргүйгээр хэд хэдэн хялбар дүрмийг мэддэг юм шүү.

Нэг. Би чадна Сэтгэл зүйн зөв хөг амжилтын барьцаа болдог гэх. Толгойноосоо дийлдэх, ялагдах гэсэн бодол санааг авч хаях хэрэгтэй. Үүний тулд ямар нэг шинэ ажил эхэл. Тэгээд бүгдэд дуулдахаар “Би үүнийг хийж чадна” хэмээн хэл. Ямар ч “оролдоод үзэх”, “хичээх” гэсэн ойлголт байхгүй. Амжилт таны сэтгэл санааны өчүүхэн хэлбэлзлээс шууд хамаарна. Үүнийг биеийнхээ бүх л эд эс бүрээрээ мэдрэх хэрэгтэй.

Өнөөдрийн саятнууд ийм сэтгэлгээтэйгээр өөрийн карьераа эхэлж байсан юм. Бэрхшээлтэй асуудлыг хялбархан зохицуулах авьяастай хэмээн өөрийгөө төсөөлөөрэй.

Хоёр. Төлөвлө Төлөвлөгөө ямар ч зорилгыг хэрэгжихэд тусалдаг. Сэтгэл зүйчид ялалтад хүрэх хамгийн чухал алхамыг төлөвлөлт хэмээн нэг дуугаар баталж байна. Тиймд хуудас цаас аваад өөрийн зорилгоо бич. Дараа нь түүнд хүрэх арга замаа тодорхойлоод хэд хэдэн үе шат болгон хуваах хэрэгтэй. Одоо та эрдэнэсийн санд хүрэх газрын зурагтай боллоо. Өдөр бүр түүнийгээ харж хянаж, нэмж сайжруулж байх хэрэгтэй.

Гурав. Буцах гүүрээ "шатаа"Магадгүй та хэт өндөр зорилго тавиад түүнд хүрэхдээ бүрэн итгэлгүй байж болно. Хэрвээ та байнга л эргэлзээд байвал одоо байгаа газраасаа нэг ч алхам урагшилж чадахгүй. Зарцуулсан бүх хүч, цаг хугацаа үргүй дэмий өнгөрнө. Тиймд шийдсэн л бол бусад бүх гүүрийг “шатаа”. Таны урд зорилгодоо хүрэх ганц л шулуун дардан зам байна. Хоосон эргэлзээнээс болж, өөр зорилгын хойноос үргүй гүйхээ болих хэрэгтэй.

Дөрөв. Шийдвэртэй байдлаа хадгал Таны оюун ухаан тодорхой, товч тушаалыг хүлээж байгаа. Зорилгодоо хүрэхдээ шийдэмгий байх хэрэгтэй. Энэ юу гэсэн үг вэ? Амжилтад хүрэх хүсэлтэй хэний боловч хамгийн чухал зан чанар нь шийдмэг байх явдал. Алдартай зкохиолч Брайан Трейсигийн зөвлөснөөр, “ Би өөртөө таалагддаг”, “ Би үүнийг хийж чадна” эсвэл “Би жилд …хэмжээний мөнгө олно” зэргээр өөрийн дотоод ухамсараа байнга цэнэглэж байх хэрэгтэй аж. Иймд шийдэмгий байж чадвал бүх хаалга таны өмнө нээгдэх болно.

Тав. Шинэ зам хай. Шинийг эрэлхийлэгч л жинхэнэ амжилтад хүрч чадна. Амжилтанд хүрэгч нь шинийг эрэлхийлдэг бол дархан хүн нэг зүйлийг дахин давтан хийдэг. Амжилтад хүрэгч нь зорьсон газартаа хүрээд зогсдоггүй бол дархан хүн юу чаддагаа л давтан хийсээр байдаг. Асуудлыг шийдэх шинэ замыг эрэлхийл. Тухайлбал: Та ямар нэг төсөл бэлэн болгох хэрэгтэй байг. Хамт ажилладаг хүнийхээ яаруу сандруу хийснээр нь бус өөрийнхөө санаа оноогоор хий. Гэхдээ мэдээж хэрэг нэг биш бүр хэд хэдэн санаа гарга. Асуудлыг шийдэх тав эсвэл арван хувилбарыг гаргах хэрэгтэй. Хамгийн эхний хувилбарыг та бараг хэзээ ч ашиглахгүй байх шүү. Шинэ санаа олох эхэндээ хэцүү байдаг, гэхдээ хэн ч ийм авьяастай төрдөггүй, энэ нь зөвхөн туршлаган дээр тулгуурлаж л бий болдог юм.

Зургаа. Just do it! Одоо хийж болох зүйлийг маргааш гэж хэзээ ч битгий хойшлуул. Хийгээгүйн нэг эсвэл зуун шалтгааныг хайж олох хэрэггүй. Ямар нэг шилдэг санаа төрмөгц түүнийг дэр дор нь хэрэгжүүлж эхэл. Тэгвэл тэр мөчөөс л төсөөлөх аргагүй сайхан мэдрэмж, их эрч хүч, баяр баясгаланг мэдрэх болно.

Ийм боломжийг алдаж болохгүй. Бүр шөнө дунд ч сонирхолтой санаа төрлөө гэхэд залхуурч хэрэггүй, ядаж бичээд төлөвлөөд авчих. Минутын дотор янзалчих зүйлсийг “Кофе уусны дараа” хэмээн хойшлуулах нь утгагүй хэрэг.

Долоо. Зорилгоо харах Ой ухаандаа зорилгоо байнга сануулж байх хэрэгтэй. Нэг ийм адилтгал байдаг. “Та огт танихгүй хотод очиод хаанаас нь ч харагдах өндөр байшинд очих хэрэгтэй болж” Тэгвэл очих байшин чинь нэгэнт харагдаж байхад аль ч замыг сонгож болно биз дээ. Үүнтэй нэг адил зорилгоо өөрийн боломжийн хүрээнд харах хэрэгтэй. Бодит амьдрал дээр маш олон саад бэрхшээл тулгардаг. Тиймд хөл дээрээ бат зогссон үедээ урагш алхахдаа зорилгоо харагдах хүрээнд барьж байх хэрэгтэй. Тэгвэл зам аяндаа олдоно.

Найм. Эерэгээр сэтгэ Зорилгодоо хүрэх нь нэн таатай хэрэг ч амаргүй даваа. Энэ хугацаанд юу ч тохиолдож болно. Гол нь түр зуурын саад бэрхшээлийг сүйрэл мэт хүлээн авахын хэрэггүй. Зорилгод хүрэх замд хөөрөлт, ялагдал аль нь ч байхгүй зөвхөн дээш өгсөх шат л байна. Дүлий хана ч бас шат. Хэсэг зуур ч гэсэн бие сэтгэлээ тайвшруулж сур. Тулгарсан асуудалд хошигнон, егөөтөй ханд. Амжилтанд хүрнэ гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй. Эерэг бодол санаа нь хамгийн зөв зуршил. Танд хүнд өдрүүд тохиож байсан уу? Тэгвэл сэтгэлээр унахын оронд хамгийн сайхан хувцаслаж, хамгийн үнэтэй кофе уу. Толинд өөрийгөө хараад инээмсэглэж, ялагчийн дүртэйгээр гэрээсээ гар. Энэ өдөр таны өдөр байх болно. Яагаад гэвэл та шийдвэрээ гаргасан.

Ес. Энергийн эх үүсвэрийг хай Амжилтанд хүрэхэд илүү их энерги шаардагдана. Баян, алдартай, амжилтанд хүрсэн хүмүүс их энерги цацруулж байдаг. Тийм дээ ч амралтын өдөр ч амралгүй, хэд хэдэн ажлыг нэг зэрэг хийж, нэг жил хийдэг ажлыг долоо хоногт л амжуулдаг юм.

Өөртөө энергийн эх үүсвэрийг эрж ол. Нэгд: муу зуршлаасаа сал. Хоёрт: хоолныхоо цэсэндээ анхаар. Гуравт: аминдэм хэрэглэ. Дөрөвт: йог, цигунээр хичээллэж бясалгалд суралцах хэрэгтэй.


Цааш нь...

Thursday, May 21, 2009

Эдийн засаг дахь эв зохицол


ТАТВАР ХУРААГЧ

( Дарс үйлдвэрлэгч Жан Боном, татвар хураагч Лясуш хоёр ярилцаж байна )

- Та хорин торх дарс хийсэн үү?
- Тийм ээ, хөлс хөдөлмөр, авъяас чадлаа шавхан байж ингэлээ шүү.

- Тэгвэл татварт зургаан торх хамгийн сайн дарс өгөгтүн.
- Юу гэнээ? Хорин торхоос зургааг нь уу? Бурхан минь, та чинь намайг хоослох гээ юү? Та энэ зургаан торх дарсаар юу хийх гэж байгаагаа надад тайлбарлаад өгөөч.

- Нэгийг нь зээлдүүлэгчид өгнө. Өртэй хүн түүнийхээ хүүгийн тухай бодохгүй бол болохгүй.
- Тэр хөрөнгө нь юунд зарцуулагдсан юм бэ?

- Яривал их урт түүх болно. Нэг хэсэг нь бидэнд алдар нэр авчирсан сум бэлтгэхэд зарцуулагдсан. Нөгөө нэг хэсэг нь харийн орныг цөлмөн хоосолж яваад эрэмдэг зэрэмдэг болсон хүмүүсийн тэтгэвэр тэтгэмжинд одсон. Дараа нь бас дээр дурдсан зардлуудын улмаас өөрөө өөртөө дайсан дуудсан биднээс мөнгө салгахгүйгээр манай орноос явахгүй гээд байсан тэр хүмүүст бас өгсөн.
- Ингэлээ гээд би юу хожих юм?

- Чамд гэж хэлэхэд энэ их жагсаал цувааг хараад би франц хүн гэдгээрээ бахархах сэтгэл төрж байна.
- Өрөндөө баригдсан улс орныг үр хүүхдүүддээ үлдээж өгч байна гэсэн гунигтай бодол ч бас төрж байна шүү.
Хичнээн бодлогогүй зарж, ашиггүй үрсэн ч гэсэн нэгэнт хийсэн өрийг дарах л хэрэгтэй юм даа. За, нэг торх нь ингээд ойлгомжтой боллоо. Үлдсэн тавыг нь яах юм бэ?

- Бас нэг торх дарсны хувьд гэвэл төрийн түшмэлүүдийн зардлыг нөхөх, таны хөршийн булаацалдаад байсан энэ газрыг эзэмших эрхийг танд олгосон шүүхийн түшмэлийн гарыг цайлгах, тэрчлэн таныг тайван амарч байх хооронд хулгайч дээрэмчдийн араас хөөцөлдөж явсан цагдаа, хот орох замыг харж хамгаалж байгаа манаач, хүүхдүүдийг чинь загалмайлдаг санваартан, тэднийг чинь бас сургаж, хүмүүжүүлж байдаг багш, эцэст нь хөлс мөнгөгүй ажиллахыг боддоггүй таны зарц өчүүхэн надад өгдөг юм даа.
- Тэгэхээр ажил хийсэн болгон ам тосддог юм байна. Үүнийг буруутгах аргагүй. Санваартан, багш гэх мэттэй би өөрөө яриад тохиролцочихож болно л доо, гэхдээ заавал тэгнэ гэхгүй ээ. Хоёрдахь торхны хувьд маргаангүй юм байна. Гэхдээ зургаагийн зургаан торх шүү.

- Арми, флотыг хангаж тэжээхэд оролцох таны оролцоо ердөө хоёрхон торхоор дуусчихна гэж та арай бодож байгаа юм биш биз?
- Харин л дээ. Хайртай хоёр хүүг минь аваад явчихсаныг бодоход ч ингээд дуусчихна гэж бодомгүй юмаа даа.

- Европын хүчний тэнцвэртэй байдлыг хангах хэрэгтэй шүү дээ.
- Бурхан минь, Бүгд л өөрийн хүчийг тэн хагас юм уу, дөрөвний гурваар багасгачихад хүчний тэнцвэртэй байдал хэвээр үлдэнэ шүү дээ. Ингэснээрээ бид үр хүүхдүүдээ гэртээ байлгаж, бас орлогоо ч хадгалж үлдэх шүү дээ. Хэл амаа л ололцох хэрэгтэй юм байна шүү дээ.

- Яагаад ч хэл амаа ололцохгүй юм чинь яах болж байна?
- Энэ чинь л жигтэй юм даа. Цөм л адилхан хохирч байгаа шүү дээ.

- Жак Боном, чи өөрөө үүнийг хүсээгүй шүү дээ.
- Ноён татвар хураагч, та лав тоглож байгаа байлгүй. Тэр хуралд чинь би хамаагүй шүү дээ.

- Тэгвэл та хэнийг өөрийнхөө депутатаар сонгосон билээ?
- Нэг эрэлхэг генерал байсан. Бурхан таалж нас нь уртасвал лав маршал болох байх.

- Тэр эрэлхэг генерал чинь хэний хөрөнгөөр хангамж эдлэн суудаг билээ?
- Миний бодоход, торхтой дарснуудаар минь л болов уу.

- Хэрэв тэр хүн чинь армийг хорогдуулж, түүнийг хангаж тэжээх ажилд таныг оролцуулахгүй байя гэж санал өгвөл өөрт нь ямар үр дагавартай байх бол?
- Маршал болох хөг нь өнгөрч чөлөөнд гарах байлгүй.

- Ингэхлээр та өөрөө...
- Болъё, ноёнтон минь. Тавдахь торхондоо оръё.

- Тэр дарс чинь Алжирт очно.
- Алжир аа? Нөгөө лалын шашинтнууд архи дарс хэрэглэдэггүй гэсэн яалаа. Муусайн худалч юмнууд. Өдий төдий их хөлс хөдөлмөр гаргаж байж хийсэн нандин идээг минь хүртчихээд оронд нь надад ямар ач тус үзүүлэх болж байна?

- Ямар ч ач тус үзүүлэхгүй. Тэгэхдээ таны торх дарсыг тэндхийн лалын шашинтнууд төдийгүй, бас Берберийд байнга амьдардаг христчүүд ч хүртэх болно.
- Надад тустай байж болох ямар юмыг тэд тэнд хийж байдаг билээ?

- Ийш тийш дайралт хийж, өөрсдөө ч мөн дайралтанд өртөж суудаг. Бусдыг алж өөрсдөө ч бас алуулж байдаг. Хижиг, цусан суулга мэтийн өвчинд нэрвэгдээд энд ирж эмчлүүлээд буцдаг. Зам тавьж, боомт барьж, тосгон суурин байгуулан тэндээ итали, испани, мальти, швейцари хүмүүсийг суулгаж байгаа. Тэр хүмүүсийг тэжээх өөр олон торх дарсыг би дараа ирж танаас авна.
- Өршөөж хайрла. Энэ чинь арай дэндэж байна. Танд энэ торхыг өгөхөөс би эрс татгалзана. Ийм тэнэг юм хийдэг дарсчиныг Бисетрийн шорон луу аваачих хэрэгтэй. Бурхан минь. Энд би хаашаа ч хөдөлж чадахгүй байхад Атлас орох зам тэнд тавьж байна гэнэ шүү. Гаронна өдрөөс өдөрт татарч байхад тэнд Берберийд боомт бариад байхдаа яадаг юм? Тэндхийн муусайн юмнуудтай зууралдуулах гэж миний хүүхдүүдийг аваачна гэж ер байх уу? Энд ядуу зүдүү хүмүүс үй түмээрээ байхад тэнд грек, мальт амьтдад өгөхийн төлөө байр байшин, нуга талбай, адуу малын татвар авч байх гэж.

- Ядуу зүдүү хүмүүс ээ? Тэднээс чинь, тэр илүүдэл хүмүүсээс чинь л улс орныг салгахыг хичээцгээж байна шүү дээ.
- Гомдмоор юм. Энд нь амьдрах боломж олгохын оронд Алжирт мөнгө хөрөнгө олуулахаар явуулж байгаа юм байна л даа.

- Түүнээс гадна та аугаа их эзэнт гүрний суурийг тэнд тавьж, Африкт соёл иргэншлийг бий болгон эх орныхоо алдар сүрийг мандуулж байна гээч.
- Ноён татвар хураагч та уран ярих юм. Би бол жирийн нэг дарсчин. Танд энэ дарсыг өгөхөөсөө татгалзаж байна.

- Та хэдхэн мянган жилийн дараа одоо энэ гаргасан зардлаа хэд нугалаад олчихно гэдгээ сайн бодоорой. Энэ ажил хэргийг удирдаж байгаа хүмүүс ингэж байгаа юм шүү.
- Одоо тэд тэнд гаргасан зардлаа нөхөхийн тулд эхлээд ганц торх, дараа нь хоёр, гурав, сүүлдээ бүр бүхэл бүтэн тонн дарс авна гэнээ. Би яасан ч татгалзах болно.

- Одоо зөрүүдлээд нэмэргүй болсон. Та нарын тэр итгэмжилсэн хүний чинь тогтоосноор танаас 1 тонн буюу дөрвөн торх дарсны татвар авна.
- Үнэн үнэнээрээ үлдэхээс хойш яая гэхэв. Хараал идсэн энэ сул дорой чанар. Тэр амьтанд итгэмжилж саналаа өгөх нь буруу гэж анхандаа санагдаад байсан юмаа. Цэргийн том генерал, ядуу дарсчин хоёрын дунд юуны нь адил юм байх билээ дээ.

- Та хоёрын хооронд байгаа нийтлэг зүйл бол дарс. Та түүнийг үйлдвэрлэж, тэр таны өмнөөс захиран зарцуулж байна.
- Би нэгэнт ийм байдалд байгаагаас хойш таны доог тохуу хийх ч зөв л дөө. Тэгэхдээ та жаахан бодолцож үзээд нада ядахдаа зургаа дахь торхыг нь үлдээчих л дээ. Улсын зээлийн хүүг төлчихлөө, төрийн тэргүүний хангамжийн зардлыг бас төлчихлөө, төрийн түшмэлүүдийн зардал хөрөнгийг ч төлчихлөө шүү дээ. Африктай хийх дайн эцэс төгсгөлгүй юм шиг байна. Танд өөр юу хэрэгтэй юм?

- Надтай наймаалцах хэрэггүй. Та энэ бодол санаагаа аль эрт тэр генералдаа хэлж байх байж дээ. Одоо бол усан үзмийн ургацын талаар тэрээр заавар тушаалаа нэгэнт өгчихсөн.
- Хараал идмэр. Ингэхэд та зоорины минь чимэг болсон миний нөгөөх торх дарсыг яах гэж байна? Та амсаад үз, зөөлөн, өтгөн, амтлаг, тос даасан сайхан дарс байгаа биз?

- Тийм ээ, сайхан юм. Үнэхээр гайхалтай. Хөвөн даавууны фабрикийн эзэн ноён Д-д мөн ч таалагдана даа.
- Ноён Д, фабрикийн эзэн гэнээ? Та яагаад ингэж хэлэв?

- Тэр хүн үүнээс маш их хожоо олдог гэж байна.
- Юу гэнээ? Чөтгөр ав гэж. Би юу ч ойлгохгүй байна.

- Ноён Д манай улс оронд маш ашигтай боловч эцсийн эцэст жил бүр асар их алдагдалтай нэгэн газар байгуулсныг та мэдэхгүй гэж үү?
- Би түүнийг чин сэтгэлээсээ өрөвдөж байна. Тэгэхдээ энэ чинь надад ямар хамаатай юм?

- Хэрэв үйл хэрэг нь иймэрхүү байгаа бол ноён Д нэг бол илүү сайн ажиллах, эсвэл тэр газраа бүрмөсөн хаах хэрэгтэй болохыг депататуудын танхим ойлгоод байна.
- Тэгээд ноён Д-гийн бүтэлгүйдэл, миний дарс хоёр хоорондоо ямар хамаатай болж байна?

- Хэрэв ноён Д-д таны зоориноос авсан жаахан дарсыг таны хөршүүдээс авах хэсэг үр тариа, бас ажилчдын хөдөлмөрийн хөлснөөс хэдхэн су аваад өгчихвөл алдагдал нь ашиг болж хувирах юм байна гэж танхим шийдсэн юм.
- Таны энэ тооцоо ухаалаг, бас үнэн юм байна. Тэгэхдээ, чөтгөр ав гэж, дэндүү шудрага бус юм. Тэгээд ноён Д миний дарсаар алдагдлаа нөхөх болж байна уу?

- Нарийндаа гэвэл дарсаар нь биш, харин үнээр нь. Энэ бол урамшууллын шагнал гэгддэг зүйл л дээ. Та тэгтлээ их гайхаад байна гэж үү? Тэгэхээр та эх орондоо ямар их тус болж байгаагаа одоо ойлгож байгаа биз дээ?
- Ноён Д-д гж хэлээч.

- Үгүй ээ, чухамхүү эх орондоо. Ийм зөвшилцөлд хүрвэл түүний аж үйлдвэр цэцэглэн хөгжиж, улмаар улс орон маань улам баян болно гэж депутат хүнийхээ хувьд ноён Д дахин дахин амласан юм.
- Ямар уран нарийн мэхлэлт вэ, энэ чинь. Юу болж байна аа, энэ чинь? Нэг тэнэг амьтан санаандаа орсон ажлыг эхэлж, хамаг хөрөнгөө шавхчихаад дараа нь надаас нэлээд дарс, бас үр тариа саан хамаг алдагдлаа нөхчихөөр л бүх нийтээрээ ашигтай болж байдаг болж байна уу?

- Таны сонгосон хүний үзэж байгаагаар яг л тийм юм. Тэгэхээр надад яах аргагүй 6 торх дарс өгөөд үлдсэн 14 торхоо л сайн үнээр худалдах хэрэгтэй болж байна.
- Наадах чинь миний мэдэх хэрэг.

- Тийм л дээ. Тэгэхдээ та дарсаа өндөр үнээр худалдахгүй бол их л харамсалтай хэрэг болно.
- Би энэ талаар өөрөө санаа тавина аа.

- Таны олсон мөнгө шаардагдах өөр олон хэрэгцээ танд бий шүү дээ.
- Мэдэж байна, мэдэж байна, ноёнтон минь больж үз.

- Нэгдүгээрт, хэрэв та уур нүдүүр, анжис борной мэтээ засахад хэрэгтэй төмөр худалдаж авах болбол дарханд үнийг нь хоёр нугалж төлөх ёстой гэж хуулинд заасан байгаа.
- Аа. Ёстой нэг луйварчингуудын ажил юмаа.

- Дараа нь, та мах, тос, даавуу, нүүрс, ноос, саахар худалдаж авбал худалдагч бүрд мөн хуулийн дагуу бүтээгдэхүүний үнийг хоёр нугалж төлөх болно.
- Энэ чинь булай явдал. Ёстой байж боломгүй зүйл.

- Энд ингэж гасалж гангинаад яах юм бэ? Та нар өөрийнхөө итгэмжилсэн хүнээр дамжуулаад л...
- Тэр эрхтэй минь хамт намайг тайван орхиж үз. Эрхээ буруу эдэлсэн минь үнэн. Дараагийн удаа би иймэрхүү занганд огт орохгүй. Би өөрийнхөө итгэмжлэгдсэн хүнээр энгийн, шудрага тариачныг сонгоно.

- Үгүй ээ. Та нөгөө генералаа дахиад сонгоно.
- Юу гэнээ? Миний дарсыг тэр африкийнханд, фабрикийн эздэд тараагаад өг гээд л дахиад түүнийг сонгож байх юм уу?

- Та дахиад л түүнийг сонгоно гэж би хэлээд байна шүү дээ.
- Тэр ч арай дэндэх байлгүй. Хэрэв би хүсэхгүй л бол тэрүүнийг сонгохгүй шүү дээ.

- Гэхдээ та түүнийг сонгохыг хүснэ, тэгээд сонгоно.
- Тэр муу оролдоод үзэг л дээ. Тэгээд намайг хэн болохыг мэдэж аваг.

- Харж л байя. За баяртай. Би таны 6 торх дарсыг авч яваад танай генералын хэлснээр хуваарилчихъя.

Цааш нь...

Tuesday, May 19, 2009

Дональд Трамп: Ялагч шиг сэтгэ


Дэлхийн тэргүүн баячуудын нэг Дональд Трамп Ларри Кингийн ярилцлагад уригджээ. Дэлхий дахиныг хамраад буй эдийн засгийн хямрал Трампт нэг их нөлөөлөхгүй байгаа гэнэ.
Тэрбээр "Ялагч шиг сэтгэ" хэмээх шинэ номоо найз Мередит МакИвертэйгээ хамтран бичжээ.

-Манай нэвтрүүлэгт оролцож байгаад баяртай байна. Яагаад ийм ном бичих болов?

-Олон жилийн өмнө нэвтрүүлэгт чинь оролцож байсан юм байна. Тэр үед "Art of the Deal" номоо гаргасан байж. Бизнесийн ертөнц дэх хамгийн их хувь борлогдсон ном болсон. Түүнээс хойш өөр өөр олон ч ном бичиж. Бүгд бестселлер болсон. Өнөөгийн ийм хүнд хэцүү цаг үеийн талаар ном бичээч гэж их олон хүн надаас хүссэн юм. Сонирхолтой зүйлүүдийн нэг байсаар байсан.

Хорвоо ертөнц гэдэг хоосон, улс орон ч мөн адил. Харин тэд намайг ном бичээч гэсэн. Ларри, бидний туулж өнгөрүүлж буй энэ хүндхэн өдрүүд, тулгарч буй тэр хэцүүхэн асуудлууд, мөнгө хэрхэн олох вэ, хэрхэн аз жаргалтай, сэтгэл хангалуун байх вэ гэх мэт олон талаар бид ярилцсан. Мөнгө олж байгаа үедээ л би жаргалтай байдаг учраас энэ талаар бодох, ярилцахад сайхан байдаг.

-Тэгэхээр ухаантай хүмүүс ийм үед л мөнгө хийх хэрэгтэй гэж та хэлэх гээд байна уу?

-Энэ бол ухаантай хүмүүсийн үе. Энэ бол хөрөнгө оруулагчдын үе. Над шиг хүмүүст зориулсан үе. Магадгүй чам шиг хүмүүст, Ларри. Яагаад гэвэл чамайг гайхалтай сайн хөрөнгө оруулагч гэдгийг би мэднэ.

-Энэ хямралыг та хэрхэн үнэлж дүгнэж байна?

-Хэрэв мөнгөөр банкуудыг жаахан ч гэсэн тэтгээгүй сэн бол бид энэхүү хямралын хоёр дахь нь шатанд одоо байх байсан, Ларри. Хоёр дахь өмнөхөөсөө илүү хүчтэй байх байсан. Тиймээс мөнгийг банк руу хийх ажил цорын ганц зөв зүйл болсон. Гэхдээ тэд хэт ихийг цацаж байсан. Тэрбум тэрбумаар нь цацаж байсан, банкууд руу.

Асуудлын гол нь банкнууд чинь мөнгө зээлүүлэхийн төлөө биш юм. Хэрэв та гэрээ хэлэлцээр хийхийг, шинэ байр авахыг, эсвэл хийх хэрэгтэй гэснээ хийхийг хүсч байгаа бол банк гэдэг мөнгө зээлдүүлэх ёстой юм биш. Тиймээс татвар төлөгчид банкуудыг эргээд хөл дээр нь босгохын тулд тэдгээр банкиндаа эргүүлээд тэрбум тэрбум долларыг хийдэг. Энэ чинь ичгүүртэй хэрэг. Банк гэдэг тоглоом анхнаасаа л ингэж тоглогдохоор зохиогдоогүй юм.

-Ийм хүндхэн үед шинэ байшин авахад тун ойрхон байгаа тийм залуус яг л ялагч шиг сэтгэх цаг уу?

-Тиймээ. Энэ бол ялагч шиг л сэтгэх цаг. Нэг жишээ хэлье. Тэр байшин түгжээтэй байна. Та банк руу явна. Магадгүй та хэлэлцэж чадна. Үгүй ч байж магад. Гэхдээ л та өөр нэг байшин авах тал дээр аль нэг банктай тохиролцож чадна. Тэр бол одоо амьдарч байгаагаас чинь илүү сайхан байна. Банкуудад энэ мэтчилэн олон боломж байдаг. Тиймээс энэ бол зүгээр суух цаг биш. Гадагшаа гарах цаг. Гарч тохиролцоо хийх, одоо амьдарч байгаагаасаа илүү том, тохилог, сайхан байр авах цаг. Зөвхөн банк танд 100 хувийн баталгаа гаргаж өгөхгүйг эс тооцвол шүү дээ. Хэрэв та өөрөө л юу хийж байгаагаа сайн мэдэж байвал өмнөхөөс чинь илүү амьдрал таныг хүлээж байна. Үүний тухай л би номондоо маш эрч хүчтэйгээр ярилцсан юм.

-Маш олон гайхалтай сэдвүүд байдаг. Тэдний нэг нь Барак Обама. Үнэндээ №1 сэдэв бол "Барак Обамагийн сонгууль өөр ертөнц рүү хөтөлж байна" гэх. Энэ талаархи таны бодол?

-Тэр надад маш их таалагддаг. Тэр үнэхээр шургуу ажиллаж байна гэж би боддог. Дэлхий дахинд бидний нэр хүндийг дахин сэргээхээр чармайж байна. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр бид нэр хүндээ их алдсан. Өнгөрсөн засгийн газар үнэхээр аймшигтай байсан. Жинхэнэ сүйрэл. Харин одоо дэлхий дахин бидэн рүү өөрөөр харж байна. Өмнө нь хардаг байсан тэр зуршлаасаа өөрөөр. Тэрбээр үнэхээр муу тооны хөзрүүдийг гартаа атгасан байгаа гэж би боддог. Обама үнэхээр хүндхэн байдлыг хүлээж авсан гэж би хэлэх гээд байгаа юм. Гэхдээ би түүний хийж байгаа бүхнийг хүлээж зөвшөөрдөг гэж хэлэх гээгүй байна. Банк, санхүүгийн салбарт хийж байгаа зүйлийг нь би дэмжиж байна. Тэднийг санхүүжүүлсэн эсвэл үндэс-нийх болгосон ч бай хамаагүй, банкны системийг аврах, цааш явуулах нь зайлшгүй хэрэгтэй. Үүнээс гадна би үүнийг хүлээн зөвшөөрч байна гэдэгтээ өөртөө итгэлтэй бус байгаа. Яагаад гэвэл би санаа зовж байна. Ялангуяа, үнийн өсөлтийн тухайд. Хэрэв ийм их мөнгийг авч, эдийн засгийг сэргээх гэж байна хэмээн цацаад байвал ирэх хоёр жилийн хугацаанд юу л болох бол доо гэж сэтгэл зовниж байна.

-Ерөнхийлөгчид та ямар зөвлөгөө өгөх сөн бол? Түүнийг буруу зүйл хийж байна, гэвч буруу гэж бодохгүй байна гэж хэлчихмээр ямар нэгэн бодол танд байдаг уу?

-Түүний хийж байгаа нь ч, хийхгүй байгаа зүйл нь ч эдийн засаг, улс орны талаар ярьж байгаа нь гэж боддог.
Эдийн засаг гэдэг өөрөө сэтгэлзүйн зүйл. Хэрэв хүмүүс банкууд сул дорой гэж бодвол улс орон ч гэсэн сул дорой болно гэсэн үг. Одоогийн асуудал бол банкууд сул дорой байна. Бид бүгд мэдэж байгаа. Тэд мөнгө зээлэхгүй байна. Харин одоо ерөнхийлөгч банкнуудыг урагш явах, мөнгө зээлж эхлэхэд л түлхэц өгөх хэрэгтэй.

-Тэрбээр нэр хүндээ хэрхэн хадгалж чадаж байна вэ?

-Ерөнхийлөгч хувь хүний гайхалтай шинж чанартай гэж би боддог. Гайхалтай уран илтгэгч. Хүмүүсийг итгүүлэгч нэгэн. Нөгөө талаас халаагаа өгсөн хүнээс тэс өөр хүн. Энэ л хүмүүст хамгийн их нөлөөлсөн байх. Харин хамгийн гунигтай нь тэрбээр зүгээр л сайн ажил хийж чадахгүй байна. Тэрбээр гайхалтай зүйлийг хийх ёстой. Сайн ажиллалаа ч улс оронд тэр нь бас хангалтгүй байна. Энэ чинь манайх ямар хөөрхийлөлтэй улс орон болчихсон байгааг харуулж байгаа юм.

-Та түүнийг ялагч гэж хэлэх үү?

-Тэгэлгүй яахав. Тэр бол ялагч. Тэрбээр ямар нэгэн гайхалтай зүйлсийг хийсэн. Анх хүмүүс түүнд боломж олгоогүй. Гэвч тэрбээр ялсан.

-Та номондоо айдсыг санаа зовох, асуудал шийдвэрлэх боломжуудтай эсрэгцүүлэн бичдэг. Харин одоо ихэнх хүмүүс эдийн засгийн тухайд айж байна. Ийм нөхцөл байдалд айх гэдэг хортой зүйл үү. Эсвэл бодит байдал уу?

-Энэ бол бодит гэж хэлэх байна, Ларри. Хүмүүс айж байна. Тэд айсан. Тэд ажилгүй болж байна. Гэр орноо ч бас алдаж байна. Үнэндээ бидний мэдэх айх гэдэг үг бодит юм. Айж байхад буруудна гэж огт байхгүй. Гэхдээ ямар нэгэн юм хийх хэрэгтэй. Энэ тухай л би номондоо бичсэн. Гар. Зөв газартаа оч. Хаана илүү сайн ажил олголт байна тэнд оч. Улс оронд маань байгаа тодорхой байршлуудыг би харж байна. Хананы цаагуур толгойгоо нуугаад байгаа тийм муу бизнесүүдийг ч харж байна.

Үүний тухай номондоо ярилцсан. "Ялагч" гэдэг үг сонирхолтой. Ялагч гэдэг мэдлэггүйгээр цааш явдаггүй юм. Тиймээс мэдлэг маш чухал.

-Энэ эдийн засгийн байдал танд хэрхэн нөлөөлж байна?

-Тэгэхээр би азтай хүн. Их олон ажил дуусгасан. Үүнийгээ аз гээд байгаа юм. Номондоо хэлэлцсэн өөр нэг зүйл маань энэ "аз" гэдэг үг. Танд бага ч гэсэн аз байх хэрэгтэй.


Цааш нь...

Saturday, May 16, 2009

...Нүүрний Баяслыг дагаж Аз Жаргал Ирдэг...


Хүн энэ сайхан дэлхий дээр ирээд л буцдаг. Мэлхий, хулгана зурам, араатан жигүүртэн, хорхой шавьж бус гагцхүү хүн болж төрнө гэдэг их хувь заяа. Цэнхэр уужим, тансаг гоёмсог энэ дэлхий дээр мөнх амьдрах юм шиг санаж, багталцаж ядан, бачимдан бухимдаж амьдрах нь хүн гэгч бодьгалын бас л нэг муу зуршил. Ирээд буцах энэ хугацаандаа утга учиртай, ууч сэтгэлтэй, баяр баясал, өөдрөг сайхан амьдрах нь ухаант хүмүүний шинж буюу.
Сүүлийн үед Монголчууд бид арай л их бухимдаж уцаарлаж амьдраад байх шиг. Саяхан болж өнгөрсөн 7-сарын 1-ний өймээнээс хойш иргэд 2 талцаж бүдүүлэг муухай доромж үгсийг бие бие рүүгээ чулуудаж байгаа нь үнэхээр харамсал төрүүлж байна. Бид хичнээн ихээр бухимдаж, дотор сэтгэлдээ шаналж хорсовч, энэ бүхнээс үл хамааран алтан нар манддагаараа мандаж, шувууд жиргэдгээрээ жиргэж байгаль дэлхий үзэсгэлэнт сайхнаараа гайхуулна. Бидний уур бухимдлаас болж галав юулж, дэлхий өөрчлөгддөггүй болохоор бид ердөө л өчүүхэн.

Харин та тэртээд харагдах уул руу алхаж очин орой дээр нь гарч тэртээх алсын барааг нэг ажаарай. Таны эргэн тойронд харагдах байгалийн үзэсгэлэн, уянгалаг хөг ялгуу, салхины зөөлөн илбээ юутай сайхан. Та хүн болж төрснийхээ хувьд энэ бүхнийг мэдэрнэ гэдэг их хувь заяа, аз жаргал бус уу. Уур уцаар зовлон шаналалаа тэртээд орхиод уртаар амьсгаа авч сайхан инээмсэглэ.

Тэнгэрт хуралдсан бараан үүлсийг зөөлөн салхи аядуухан хөөж, тэртээ чанад нар гарч ирэн, нарны бүлээн дулаахан цацраг бүхэн нь таныг илбэн аргадах мэт. Та бүхнийг умартаж, нарны цацрагаар бүх биед тань сүлэгдэн орж ирэх тэр л бүлээхэн, энхрийхэн илчинд сэтгэл тань уяран бүлээсч, хэн нэгнийг хайрламаар, уучилмаар бас баярлуулмаар санагдах вий. Энэ бүхний дэргэд таны сэтгэлийн бухимдал зовлон шаналал юу ч биш. Гагцхүү та хүн гэдэг агуу хувь заягагаа мэдрэх болно.

Бидний анзаардаггүй дарамт


Монголчууд бид яагаад ингэтлээ уцаарлан бухимдаж, бие биедээ эелдэг харилцаж, баярлуулахаас татгалздаг юм бол?
-Монголчууд бид хүүхдүүдээ багаас нь их төлөв зэмлэж зандарч хүмүүжүүлдэг. Алив зүйлийг бага гэлтгүй тайлбарлаж ойлгуулахын оронд "болохгүй " гэдэг ганцхан үгээр хориг тавина. Чанга дуугаар зандарч зэмлээд, өөрөөсөө айн эмээх хүүхдээ харахдаа өөрийн "сүр хүчээ" мэдэрч , үр хүүхдүүдийнхээ дуулгавартай хүмүүжилтэйд " сэтгэл ханана". Харин өтөлж хөгширсөн хойноо өөрийг нь зандран зэмлэх үр хүүхдийнхээ араншинг " байдаг л зүйл" мэтээр хандаж, өөрийг нь анхааран халамжилж байгаагийн нэг хэлбэр мэтээр хүлээн авна.
-Сургуульд орсон цагаасаа сургууль болон багш нарын олон хориг дарамттай учирна. Хүүхдийн сурч мэдэх оргилуун хүслийг нь " дүн" гээр ялгаж, хязгаарлана. Алив зүйлийг өөрийнхөө төлөө сурч мэдэхээс илүүтэй, багшдаа шалгуулж дүн авдаг энэ гаж тогтолцоо идэр насны олон хүсэл тэмүүллииг унтрааж байгаа нь нууц биш.

Манай ангийн "онц сурлагатан" сурагч бол бүхнээс онцгой мундаг хүүхэд, "дунд сурлагатан" миний бие түүний хэмжээнд хэзээ ч хүрч чадахгүй, дундаж хувь заяатай гэсэн ангилсан ойлголт нь маш олон хүүхдийн өөртөө итгэх итгэл, урам зориг, авьяас чадварыг үгүй хийж байна.
-Өөрийн иргэн бүртээ сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх, өөрийгөө хөгжүүлэх, сэтгэл тайван амьдрах тэгш боломжийг хангаж дэмжих учиртай төр засгийн шударга бус, арчаагүй байдал ард иргэдийг үнэхээр бухимдуулж байна. Ялангуяа хуулийн тэгш бус үйлчилгээ, нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалт, жирийн иргэдийг ялгаварлан гадуурхаж байгаа нийгмийн халамжийн үйлчилгээ тэдэнд өөртөө итгэх итгэлгүй, гутрал, бусдыг хардах, үзэн ядах олон шалтгийг бий болгож байна.
Монголчууд бидний бие биедээ үл итгэх, үзэн ядах олон шалтгуудын нэг хэсэг нь энэ.
Бид өөрсдөөсөө эхлээд олон юмыг өөрчлөх хэрэгтэй болж байна. Дэлгэсэн тэрлэг шиг тэр л сайхан газар нутагт та ганцаараа биш бид бүгдээрээ хамтдаа амьдрах болохоор хүссэн ч эс хүссэн ч бид бие биеээсээ хамааралтай болдог. Ядахнаа л бид гэр бүлдээ үр хүүдүүддээ хандахаас эхлээд боловсролын тогтолцоог шинэчлэх, нийгэмд шударга ёсыг тогтоох хүртэл олон зүйл та бидэнд адилхан хамаатай.

Хүн бүр сайхан үг урмаар дутаж байдаг


-Чи сайхан харагдаж байна шүү
-Битгий доромжлоод байгаарай, муухайгаа мэдэж байна
-Чамд их баярласан шүү
- За за юун сүртэй юм бэ
- Би чамдаа хайртай шүү
-Чи чинь юу болоод нялуураад унав? Ямар нэгэн юм болоо юу?
Хүн бүр дотор сэтгэлдээ урмын сайхан үгийг ямагт хүсч явдаг. Хийж бүтээснийхээ төлөө, бусдыг баярлуулсны төлөө хэн нэгнээс сонсох талархал, урмын сайхан үгс нь хүний сэтгэл зүрхэнд баяр баясгалан авч ирж, шувуу мэт дүүлэн нисэх хүсэл тэмүүлллиг өгдөг. ААв ээждээ магтуулж, сайхан үг сонссон бяцхан хүүхдийн нүд нь очтон гялалзаж, өөрөө ч мэдэлгүй хөөрч онгирох нь үнэхээр өхөөрдмөөр хөөрхөн харагддаг.
Бусдад урмын сайхан үг хэлж, бусдыг баярлаж байхыг харахдаа өөрөө ч баярлаж баясдаг хүмүүс ямагт өөрөөсөө гэрэл гэгээ цацруулж өнгөлөг сайхан харагдана.

Монголчууд бид хэдий болтол даруу төлөв, сэтгэлийн хөдөлгөөн багатайгаа илэрхийлж, талархал урмын сайхан үгсээ өөрөөсөө болон өрөөл бусдаас харамлаж явах билээ. Гэсэн атлаа маргалдаж муудалцахдаа зүрх зүсэж, сэтгэл хиртэн, дотор давчдам муу үгсийг хэлэх хэрэг юун.
Хайртай хань, алаг үр, асралт аав ээж, анд нөхөд бүгд л урмын сайхан үгээр дутаж л яваа.
-Хайрт минь, би чамдаа маш их хайртай шүү
-Хүү минь чамаг сайн хүн болж байгаад би үнэхээр баяртай байгаа шүү
-Миний төлөө гаргасан сэтгэл, хийж чадсан бүхэнд тань аав ээж та 2-тоо үнэхээр баярлан биширч явдаг шүү
-Найз минь чиний халуун сэтгэлийн илчийг мэдэрч байгаадаа би үнэхээр баяртай байна
-Таны дэмжлэг надад их хэрэг боллоо. Танд их баярлалаа гэхчилэн чин сэтгэлээсээ хэлж байх талархал, урмын сайхан үгс бидэнд үнэхээр дутагдаж байнаа,
Тэрчлэн гадаадад байгаа Монголчуудад маань ийм үгс , сэтгэл бүр ч их дутагдаж байгаа. Эцэж цуцатлаа ажиллаж ар гэр алив бүхнээ санан бэтгэрч байгаа тэдэнд илгээсэн мөнгөний нь хариуд: " Та биднийхээ төлөө ингэж зүтгэж байгаад чинь баярлаж байна. Та минь биеэ бодож байгаарай. Бид хамтдаа удахгүй сайхан амьдарцгаах болно. Үүний төлөө бид ч бас хичээнээ" гэж үнэн сэтгэлээсээ заавал хэлж байгаарай. Зусар хоосон биш, чин сэтгэлээсээ хэлж чадах урам талархлын сайхан үгс л хүний зүрх сэтгэлд хүрдэг. Юу ч болоогүй хэрнээ урсгаад байдаг зусар зулгуй үгс цаад хүнээ ч ядрааж өөрийгөө ч эвгүй байдалд оруулах нь бас бий.
Хэрэгтэй үед нь дутаж байгаа ганц сайхан үгийг нь олж хэлэх юутай сайхан.
Хүний сэтгэлийн далд утсыг онож хэлсэн ганц сайхан үг хөглөж, тэр хүнээс ундран гарах гайхамшигт аялгуу олон олон хүний зүрх сэтгэлд хүрч баясгадаг юм даа.
Нүүрний баяслыг дагаж аз жаргал ирдэг


-Өндөр хөгжилтэй орнуудад хүмүүсийг татдаг хамгийн сайхан зүйл нь, хүний төлөөх үйлчилгээ түүнийг дагасан үйлчлэгчийн сайхан инээмсэглэл. Банк дэлгүүр , ямар ч үйлчилгээний газар ороход, сайхан хувцасласан залуус таныг угтан тосч, " тавтай морил, танд юугаар тус болох вэ?" гэж сэтгэл татам инээмсэглэхэд л та өөрийн үнэ цэнээ жинхэнэ мэдэрнэ. Тэд алив асуудлыг тань шийдэхдээ ямар ч хүнд суртал, ихэмсэг төрх үзүүлэхгүй. Та баян ядуу хөөрхөн муухай алин байхаас хамаарахгүй тэгш үйлчилнэ. Тэр газрын хананд нь " Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага", " Хэрэглэгчдийг хаанд өргөмжилсөн хамт олон" гэхчилэн бичигтэй шар цацагтай хөх дарцаг болон жаазтай өргөмжлөл байхгүй хэдий ч тэд танд яг л " хаан" -д үйлчилж буй мэт хүндэлж үйлчилнэ.
Гадаадад явах гэж хүсээд байгаа Монголчуудын эдэлж үзэхийг хүсээд байгаа эрхийн нэг нь энэ. Харин одоо Монголд ажилд авах заранд бичигддэг "Залуу царайлаг, гоолиг сайхан биетэй" гэдэг үгээ " Сайхан инээмсэглэдэг, эелдэг сайхан харьцаатай" гэсэн үгээр солих цаг болжээ. Үйлчилгээнд сайхан инээмсэглэл хамгаас чухал байдаг ажээ.

-Монголчууд бид харилцаж байгаа хүн рүүгээ хөмсгөө зангидан, нүдээ хурцалж харах нь "эрэлхэг дайчин" эсвэл "эрх мэдэл"-ийн илэрхийлэл мэтээр төсөөлдөг үзэгдлээсээ салах цаг болжээ. Өөрт хичнээн хэцүү байсан ч бусад руу эелдгээр инээмсэглэж байх нь бусдаас хариу инээмсэглэл авч тэр хэрээрээ эерэг сайхан энергийг өөртөө шингээдэг. Талархал урмын сайхан үг сонссон хүний нүүрэнд инээмсэглэл тодорч жаргалтай сайхан харагддаг.
Өглөө ажил, хичээлдээ ирэхдээ тэр өдрийг хамтдаа өнгөрөөх хүмүүстээ сайхан инээмсэглэн мэндчилж, урам талархлын сайхан үгс хэлэлцэх нь тэр өдрийн ажил бүтэмжтэй сайхан болохын эхлэл болно.
Өглөө ажилд явах, орой ажлаасаа ирэхдээ сайхан хань, хайртай хүүхдүүдээ байнга үнсэж , баяртай сайхан үгс хэлэлцэж байх нь " нялуурч" байгаа хэрэг огтхон ч биш. Сэтгэлийн сайхан энергийг харилцан бие биедээ өгч байгаа хэрэг. Тэр л энергийн хүчээр та бүтэн өдөржингөө баяр хөөртэй, цоглог, эрч хүчтэй, хөгжилтэй байж чадах болно.
-Хүний амьдралд юу эс тохиолдох билээ. Үхэл хагацал, өвчин зовлон, сэтгэлийн шаналал, азтай учрал, баяр хөөр, аз жаргал ээлжлэн ирдэг энэ хорвоод хэн ч юуг ч урьдчилан таах аргагүй. "Хазгар", "сохор", "хэлгүй" "балай" гэхчилэн хүний ямар нэгэн золгүй гажигаар нь нэрлэн дуудах, шоолж тохуурхдаг базаахгүй зуршил Монголчууд бидэнд бий. Ийм золгүй тохиолдол бидний хэн нэгэнд учирч болох байсан төдийгүй тэдний өнөөдөр амьдарч яваад нь бид талархан урамшуулж баярлуулж байх учиртай. Золгүй тохиолдлоор өвдөж зовсон, тахир татуу болсон хэн нэгнийг сэтгэлээсээ хүндэтгэн, хэсэгхэн хоромд ч урмын сайхан үг инээмсэглэл бэлэглэж, баярлуулж чадвал тэр сайхан сэтгэлийн хариуд баярласан сэтгэлийн энерги нь танд очиж, тэр чигээрээ баяр баясал, гэрэл гэгээ өгч байдаг.
Өвдөж ядарсан хүнийг баярлуулж, тэдний баярлаж талархан инээмсэглэж байгааг харах нь хүнд их аз жаргал авчирдаг. Хүн өөрийгөө мөнх орших юм шиг санаж, хэзээ ч өвдөж зовохгүй юм шиг төсөөлж байдаг өчүүхэн бодлоо өөрөөсөө зайлуулж, энэ хорвоод хүн ирээд буцдаг гэдгийг жинхэнээр ойлгож чадсан хүн л хүнийг жинхэнээр хайрлаж бас баярлуулж чадддаг.
Тийм ээ! Бид хүн болж төрцгөөн нэг л орчлонд хамтдаа амьдарч байгаагийнхаа хувьд бие биеэ хүндэлж, урмын сайхан үг хэлж, баярлуулж байх нь тун чухал байна.
Төгсгөл

Монголчууд бидний эвтэй байхын гол үндэс нь бие биедээ урмын сайхан үг хэлж, сайхан инээмсэглэж, баярлуулж, хүндэлж байх явдал шүү. Та бусдыг хүндэлж баярлуулж байвал хариуд нь бусдаас хүндлэл баяр хөөр авна.
Цаг ямагт алив зүйлийг өөдрөг сайхнаар төсөөлж, бусадтай ийм байдлаараа харьцаж чадвалта ч өөрөө өөдрөг сайхан , жаргалтай амьдарч чадна. Хүнд сайхан сэтгэлийн энерги бэлэглэвэл хариуд нь сайхан энерги авч харилцан бие биеэ гэрэлтүүлж байх болно.
Чулууг чулуу хагалж харин голын ус мөлийлгөдөг билээ.
Уншигч та ч гэсэн энэ бүхнийг эргэцүүлж нэг бодоод өнөөдрөөс олон зүйлийг өөрчлөх гээд үз. Таны гэр орноос улс гүрэн эхэлдэг. Таны гэр бүлээс энэ ертөнц эхэлдэг.
Гадаа нар мандаж, шувууд жиргэн, модод найгаж, орчлон дэлхий үнэхээр үзэсгэлэн төгс харагдаж байна. Инээмсэглэхгүй байхын аргагүй. Та өнөөдрөөс эхлэн бусдад урмын сайхан үг хэлж чин сэтгэлээсээ инээмсэглэж, бусдыг баярлуулж байхыг хичээгээрэй. Та үнэхээр аз жаргалтай сайхан харагдаж байна шүү.
НҮҮРНИЙ БАЯСЛЫГ ДАГАЖ АЗ ЖАРГАЛ ИРНЭЭ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах.

Цааш нь...

Tuesday, May 12, 2009

Чавес, Обама хоёрын ачаар бестселлер болов


Америк тивийн улсуудын чуулга уулзалтын үеэр Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад Колумбийн зохиолч Эдуардо Галеаногийн "Las Venas Abiertas de America Latina" гэдэг номыг бэлэглэсэн нь энэ долоо хоногийн бестселлерүүдийн жагсаалтад оржээ.

Учир нь өнгөрсөн долоо хоногт Amazon.com интернэт худалдааны жагсаалтад 734-р байрт жагсч байсан бол энэ долоо хоногт хоёрт бичигдээд байна. Мөн "Las Venas Abiertas de America Latina" ном нь испани хэл дээрх эрэлттэй номын жагсаалтад 47468-аас дээшлэн, 283-д бичигдэж.

Нэрт нийтлэгч Эдуардо Галеано номондоо Латин Америкийг анхны колончлогчдоос эхлэн даяарчлалын корпорациуд хэрхэн тоносон түүхийг өгүүлсэн бөгөөд анх 1971 онд хэвлэгджээ. Чавес АНУ-ын ерөнхийлөгчид бэлэглэсэн .номдоо "For Obama, with affection" буюу "Обамад, чин сэтгэлийн угаас" гэж бичсэн байна.

Цааш нь...

Monday, May 11, 2009

Зар сурталчилгаа ба Үнэн худал-Япон луйвар


Луйвар 1:
Өнөөдөр эндэхийн нэг бизнесийн "луйвар" олж сонслоо. Тэр нь эдний Sharp компани эко гэсэн хөргөгч шинээр худалдаанд гаргаж гэнэ. Түүнийгээ юу гэж эрэхлаамдсан гэхээр хуучин пластикийг дахин боловсруулж хийсэн тул байгаль орчинд тустай, өөрөөр хэлбэл ЭКО хөргөгч гээд хаяж.

Гэтэл үнэн чанартаа энэ хөргөгчинд дахин боловсруулсан нэг ч зүйл байхгүй, дан шинэ эд анги орсон байсан тул хэрэглэгчийг хууран мэхэллээ хэмээн буруутгаж байна гэнэ. Шарфийн ерөнхийлөгч нь дахин хэрэглэгчдийн итгэл үнэмшлээ олж авахын тулд чармайн ажиллах болно гэж мэдэгдэж, бодвол бөхөлзсөн байх даа гэж би тааж байна.

Яах уу яагаад тэгж ЭКО гэв гэхээр, энд эко гэсэн бараа болгон асар их гүйлгээтэй байгаа гэнэ. Машин гэхэд л хайбрид гэвэл хүмүүс илүүтэй унахсан гэж боддог ч юм уу, ер нь байгаль орчинд хор нөлөөгүй, эсвэл хаягдлыг бид дахин боловсруулж байна гэвэл хэрэглэгчид илүү уярах жишээтэй байгаа энэ хандлага дээр эрхэм Шарф гуай "ажиллаж" байж баригдаж байгаа юм байна л даа.

Луйвар2:
Дээр бас эндэхийн нэг компани японд ургуулсан алимаар хийсэн алимны жүүс гэж савлагаан дээрээ бичээд жүүсээ худалдаад байсан байгаа юм. Гэтэл өнөөх нь үнэн чанартаа Хятадаас импортоор оруулж ирсэн алимаар жүүс хийж байсан нь ил болоод тэр компани газрын хөрснөөс арчигдаа. Тэр жүүс мэдээж 100%-н байсан нь ойлгомжтой, эндхийн зах зээл дээр борлуулагдаж байгаа тул, гээд гээд худал мэдээлэл л бол худал мэдээлэл.

Луйвар 3:
За бүр "хүнд гарын" луйвар нь гэхээр нэг шокладны компаны хугацаа дууссан шокаладаа шинэ шокалад хийхдээ хольж хайлуулж байгаад дахин савладаг байсан байгаа юм. Хэ хэ хэ, манайхаар бол одоо "хоносон хоол оо" идээд хаясан маягийн. Эд нар ёстой сүйд болж байгаа юм чинь, би энд сүртэй ш дээ гэж бодоод л. Тэр бас татан буугдсан.

Цааш нь...

Apple-ийн ашиг 15 хувиар нэмэгджээ


Дэлхий даяараа эдийн засгийн хямралд өртөөд байгаа хэдий ч Apple корпораци энэ жилийн эхний гурван сард анх удаа 15 хувиар нэмэгдсэн байна.

iPhone-ийн худалдаа өнгөрсөн жилийн мөн үеийг бодоход хоёр дахин нэмэгдгсэн бол iPod-ийнх ч өссөн байна. Харин "Macintosh" компьютерын эрэлт хэрэгцээ болоод худалдан авалт буурчээ. Apple-ийн цэвэр ашиг өнгөрсөн жилийн эхний гурван сард 1.05 тэрбум ам.доллар байсан нь одоо 1.21 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь худалдаа 8.7 хувь буюу 8.16 тэрбум ам.долларт хүрсэн гэсэн үг.

Үүний үр дүнд тус компанийн хувьцаа хэдхэн цагийн дотор 2,5 хувиар өсчээ. Мэргэжилтнүүд энэхүү үр дүнг сайшааж, эдийн засгийн уур амьсгалыг тусгайлан авч үзсэн ч "Энэ нь өргөн хэрэглээний зах зээл дээр ийм зүйлс сайжирч байна гэсэн үг биш" хэмээжээ.

"Northstar Investment Management''-ийн хөрөнгө оруулалтын ахлах ажилтан Эрик Куби "Apple” эдийн засгийн уналттай үед хүчтэй байгаа компаниудын нэг. Энэ үр дүн үйлдвэрлэн гаргагч "Apple" компанийн хувьд эерэг нөлөөтэй байгаа. Харин бүхэл бүтэн зах зээл сэргэж байна гэсэн үг биш" хэмээн мэдэгдсэн байна.

Цааш нь...

Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал өнгөрөгч дөрөвдүгээр сард


1.Нийгмийн үзүүлэлт
Улсын хэмжээгээр төрсөн хүүхдийн тоо 22070 болж, өмнөх оны мөн үеийнхээс 1886 хүүхдээр, амаржсан эх 21990 болж, 1868 эхээр буюу 9.3 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Нэг хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 480 болж, өмнөх оны мөн үеийнхээс 40 хүүхдээр, эхийн эндэгдэл 17 болж, 10 эхээр тус тус нэмэгдэж, харин 1-5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 62 болж, 22 хүүхдээр буурчээ.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгүүлсэн, ажил идэвхитэй хайж байгаа ажилгүйчүүдийн тоо 36,7 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 4769 хүн буюу 14,9 хувиар өсчээ. Үүнд Увс, Төв, Хэнтий, Булган, Хөвсгөл, Архангай аймаг болон Улаанбаатар хотод бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 18,6-80,8 хувь, Өмнөговь аймагт 2,0 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 12,7 мянга болж өмнөх оны мөн үеийнхээс 99 хүн буюу 0.8 хувиар буурахад вируст гепатитаар өвчлөгчдийн тоо 50.1 хувь, салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 10.8 хувь тус тус буурсан нь нөлөөллөө.

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 7246 болж өмнөх оны мөн үеийнхээс 428 хэрэг буюу 6,3 хувиар өсчээ. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеийнхээс өсөхөд бусдын бие махбодид гэмтэл учруулах, хулгай, дээрэм, залилан, завших, үрэгдүүлэх, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 2,2-71,4 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.


2.Макро эдийн засгийн үзүүлэлт

Хэрэглээний үнийн улсын индекс дөрөвдүгээр сард өмнөх сарынхаас 2,2 хувь, өмнөх оны жилийн эцсийнхээс 5,5 хувь, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12,5 хувиар тус тус өссөн байна.

Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн дүн 4,4 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн дүн өмнөх сарынхаас 2,0 хувь өссөн нь хэрэглээний үнийн улсын индекс өмнөх сартай харьцуулахад 2,2 хувиар өсөхөд голлон нөлөөлөв.

Монгол банкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт дөрөвдүгээр сарын эцэст 2400,6 тэрбум төгрөгт болж өмнөх сарынхаас 12,7 тэрбум төгрөг буюу 0,5 хувиар, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 66,1 тэрбум төгрөг буюу 2,7 хувиар тус тус буурав. Мөнгөний нийлүүлэлт оны эхнээс 81,7 тэрбум төгрөг буюу 3,5 хувиар нэмэгдэхэд бараг мөнгөний өсөлт голлон нөлөөлжээ.

Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 355,6 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаас 17,3 тэрбум төгрөг буюу 5,1 хувиар, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 11,5 тэрбум төгрөг буюу 3,3 хувиар тус тус нэмэгдлээ.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2580,2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 91,5 тэрбум төгрөг буюу 3,4 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 143,7 тэрбум төгрөг буюу 5,9 хувиар өслөө.

Үнэт цаасны арилжаа дөрөвдүгээр сард 22 удаа явагдаж, 15,6 сая ширхэг үнэт цаас арилжигдаж, 2,2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ.

Арилжигдсан үнэт цаасны тоог өмнөх сарынхтай харьцуулбал 22 дахин өсч, гүйлгээний хэмжээ нь 8,3 хувиар нэмэгдсэн ба өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад арилжигдсан үнэт цаасны тоо 12,2 сая ширхэг буюу 4,5 дахин өсч, гүйлгээний хэмжээ 1,5 тэрбум төгрөг буюу 40,8 хувиар буурчээ.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүн 469,5 тэрбум төгрөг, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүн 613 тэрбум төгрөг болж, нийт тэнцэл 143,5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Төсвийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 192,3 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд төсвийн зарлагын өсөлт, орлогынхоосоо 27,8 пунктээр өндөр байгаа нь нөлөөлөв.

Төсвийн урсгал орлого 468,8 тэрбум төгрөг, урсгал зардал 543,6 тэрбум төгрөг болж, урсгал тэнцэл 74,8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.

Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 207,8 тэрбум төгрөг буюу 35 хувиар буурахад зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар 109,4 тэрбум төгрөг буюу 91,8 хувь, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 46,4 тэрбум төгрөг буюу 45,6 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 18,9 тэрбум төгрөг буюу 18,5 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөллөө.

Татварын бус орлого өмнөх оны мөн үеийнхээс 3,9 тэрбум төгрөг буюу 4,4 хувиар буурсан нь төсөвт газрын өөрийн орлого 8,3 тэрбум төгрөг буюу 24,6 хувиар буурснаас голлон шалтгаалсан байна.

Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2009 оны эхний дөрвөн сард 613 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 22,8 тэрбум төгрөг буюу 3,6 хувиар буурчээ. Үүнд татаас ба шилжүүлгийн зардал 12,1 тэрбум төгрөг, эргэж төлөгдөх цэвэр зээл 21,1 тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлжээ.

Хөрөнгийн зардалд 53,3 тэрбум төгрөг зарцуулсан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 3,8 тэрбум төгрөгөөр буурсан байна. Хөрөнгийн зардал буурсан нь дотоод хөрөнгө оруулалт 9,8 тэрбум төгрөгөөр багассанаас шалтгаалжээ.

ДНБ 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2009 оны эхний улиралд 617,1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 27,4 тэрбум төгрөгөөр буюу 4,2 хувиар буурлаа. Үүнд аж үйлдвэр, барилгын салбарын үйлдвэрлэл болон бүтээгдэхүүний цэвэр татвар буурсан нь голлон нөлөөлж байна.

Манай улс 2009 оны эхний 4 сард дэлхийн 87 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 981.9 сая ам.доллар, үүнээс экспорт 444,3 сая ам.доллар, импорт 537,6 сая ам.доллар боллоо.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 653,8 сая ам.доллар буюу 40 хувь, өмнөх cap үүний дотор экспортын хэмжээ 326,8 сая ам.доллар буюу 42,4 хувь, импортын хэмжээ 327 сая ам.доллар буюу 37,8 хувиар тус тус буурчээ.

Гадаад худалдааны тэнцэл 93,3 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 0,2 сая ам.доллараар буурсан байна.

Нийт экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 326,8 сая ам.доллар буюу 42,4 хувиар буурсны 224,7 сая ам.доллар буюу 68,8 хувь нь үнийн бууралтаас, 102,1 сая ам.доллар буюу 31,2 хувь нь биет хэмжээний бууралтаас шалтгаалсан байна.

Нийт экспортын хэмжээ буурахад зэсийн баяжмалын биет хэмжээ 2,5 хувь, үнийн дүн 59,4 хувь, цайрын баяжмалын биет хэмжээ 57,1 хувь, үнийн дүн 80,1 хувь, боловсруулаагүй алтны биет хэмжээ 32,8 хувь, үнийн дүн 35,8 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлөв.

Нийт импортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 327 сая ам.доллар буюу 37,8 хувиар буурсны 21,3 сая ам.доллар буюу 6,5 хувь нь үнийн бууралтаас, 305,7 сая ам.доллар буюу 93,5 хувь нь биет хэмжээний бууралтаас шалтгаалсан байна.

3.Эдийн засгийн салбарын үзүүлэлт
Улсын хэмжээгээр 2009 онд нийт 18.5 сая эх мал төллөнө. 2009 оны эхний 4 сарын байдлаар 11.2 сая мал буюу оны эхний эх малын 60.6 хувь төллөсөн байна.

Улсын хэмжээнд 2009 оны эхний 4 сарын байдлаар 885.4 мянган мал хорогдсон нь өмнөх оны мөн үеийнхээс 207 мянгаар нэмэгдсэн байна.

ХХААХҮЯ-ны мэдээгээр хөрс боловсруулалт, тариалалтад ажиллах техникийн бэлэн байдал 2009 оны тавдугаар сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд 57,1-91,6 хувьтай байна.

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлт 2005 оны зэрэгцүүлэх үнээр 472,4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 38,6 тэрбум төгрөгөөр буюу 7,6 хувиар буурлаа. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлт 8,1 тэрбум төгрөгөөр буюу 2,9 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбар 33,1 тэрбум төгрөгөөр буюу 21,5 хувиар буурсан нь нөлөөлөв.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеийнхээс 2,9 хувиар буурахад газрын тос, зэсийн баяжмал, алт, хайлуур жоншны баяжмал, цайрын баяжмал зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0,2-25,0 хувиар буурснаас шалтгаалжээ.

Харин боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн 21,5 хувийн бууралтад самнасан ноолуур, хивс, дээд гурил, пиво, дарс амтат ус ундаа, тамхи, төмөр замын дэр мод, цемент, төмөр бетон эдлэл, бетон дэр, шохой, молибдений исэл, катодын зэс, металл бэлдэц, цувимал зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 14,2-86,5 хувиар буурсан нь нөлөөлсөн байна.

Улсын хэмжээнд 2009 оны эхний дөрөвдүгээр сард нийт 25,3 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэснээс 23 тэрбум төгрөг буюу 90,9 хувийг дотоодын барилгын байгууллага, 2,3 тэрбум төгрөг буюу 9,1 хувийг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн байна.

Төмөр замын тээврээр 4229 мянган тонн ачаа, давхардсан тоогоор 992,7 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 770,8 мянган тонн буюу 15,4 хувь, зорчигчдын тоо 420,2 мянган хүн буюу 29,7 хувиар буурчээ.

Агаарын тээврээр 315,3 тонн ачаа тээвэрлэж, давхардсан тоогоор 67,9 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 281,5 тонноор буюу 47,2 хувь, зорчигчдын тоо 31,6 мянган хүнээр буюу 31,8 хувиар тус тус буурчээ.

Үндэсний статистикийн хороо

Цааш нь...

Sunday, May 10, 2009

Хөгжилтэй бөгөөд үнэн Менежментийн ухааныг 5 минутад сурцгаая!


Хөгжилтэй бөгөөд үнэн Менежментийн ухааныг 5 минутад сурцгаая!

Хичээл #1

Нөхөр нь эхнэртэйгээ зөрөөд шүршүүрт орж явахад хаалганы хонх дуугарав. Дөнгөж душнээс гарсан эхнэр нь биеээ алчуураар ороогоод доошоо бууж хаалгаа тайллаа.

Хажуу айлын Боб хаалган дээр зогсоно. Эхнэр юм асуухаас өмнө Боб - Би чамайг наад алчуураа тайлвал 800 доллар өглөө гэх нь тэр. Хэсэг зуур бодсоны дараа хүүхэн зөвшөөрч алчуураа тайллаа. Хэдэн хормын дараа Боб түүний гарт 800 доллар атгуулаад яваад өгөх нь тэр.
Хүүхэн ч биеээ алчуураар эргэж ороогоод дээшээ өрөө лүүгээ явлаа. Дээшээ гарахад нөхөр нь хэн байсан бэ? гэж асуув.

Хажуу айлын Боб л байна гэж эхнэр нь хариулахад нөхөр нь цаадах чинь надаас зээлсэн 800 доллароо чамд өгөөгүй биз гэж асуусан байна.

Энэ түүхээс суралцах нь:

Хөрөнгө оруулагч нартаа зээлийн болон бодит эрсдэлийн талаар мэдээллийг цаг тухайд нь хуваалцвал эрсдэлээ ил тод гаргахаас зайлсхийх боломжтой юм.

*********
Хичээл #2

Нэгэн гэлэнмаа ламтантай машинд явж байж гэнэ. Гэлэнмаа машинд орж суугаад хөлөө ачиж суухад гуя нь ил гарч ламтан золтой л замын осол гаргасангүй. Машинаа бариж яваа ламтан эвтэйхэн гэлэнмаан хөлийг илж эхлэв.

Гэлэнмаа: Ламтаан та Псалм 129 ишлэлийг санаж байгаа биз дээ?

Ламтан гараа татаж аваад араагаа солив. Тэр эргээд гуяан дээр нь гараа аваачив.

Гэлэнмаа дахиад л Ламтаан та Псалм 129 ишлэлийг санаж байгаа биз дээ? гэж асуухад Ламтан: Намайг уучлаарай гэхдээ бие махбодь минь хүчгүйдэж байна гэж хэлэв.

Зорьсон газраа хүрээд гэлэнмаа нууцхан санаа алдаад яваад өгөв.

Ламтан Псалм 129 ишлэлийг яаран гаргаж ирж уншвал "Аажмаар яваад бай, дээшлээд гайхамшгийг мэдрэх болно" гэсэн байв.

Энэ түүхээс суралцах нь:

Ажил дээрээ хэрвээ мэдээлэлгүй байвал гайхамшигтай боломжийг ч алдаж мэднэ.


*********

Хичээл #3

Борлуулалтын төлөөлөгч, ахлах худалдагч болон дэлгүүрийн менежер 3 өдрийн хоолондоо орохоор алхаж явна. Тэд нилээд хуучны бололтой дэнлүү олоод үрж үзтэл Шидтэн гарч ирэх нь тэр.

Шидтэн: Би та бүхний нэг хүслийг биелүүлье.

Ахлах худалдагч: Би эхэнд нь, би эхлээд гэж хэлээд. Намайг Бахамийн арал дээр аваачаад би тэнд завь худалдан авч сайхан амьдармаар байна гэж хэлэв.
Хүслээ хэлж дуусмагц худалдагч алга болчихов.

Дараа нь би, дараа нь би гээд худалдааны төлөөлөгч би Хавайн арал дээр хувийн массажист-тай амарч Пина Колада шимэн хайртайгаа баймаар байна гэж хэлээд мөн алга боллоо.

Одоо чиний ээлж гэж хэлэхэд менежер Би энэ 2-ыг цайны цаг дуусмагц буцааж авчирахыг хүсэж байна гэж хэлжээ.

Энэ түүхээс суралцах нь:

Эхлээд боссоо юу ярихийг сонсох нь чухал юм.

*********

Хичээл #4

Нэгэн бүргэд модны оройд суугаад юу ч хийхгүй байж байв. Жижиг туулай тэр бүргэдийг хараад би бас тань шиг суугаад юу ч хийхгүй байж болох уу? гэж асуув. Бүргэд болно гэж хариуллаа.

Тэгээд туулай бүргэдийн доор суугаад юу ч хийхгүй сууж байв. Гэв гэнэт үнэг гарч ирээд түүнийг идэж орхиж.

Энэ түүхээс суралцах нь:

Юу ч хийхгүй суух хүсэлтэй бол маш өндөрт суух нь чухал юм.


*********

Хичээл #5
Нэгэн цацагт хяруул бухтай ярилцана. Би чам шиг наад модон дээр чинь гармаар л байна гээд санаа алдаад даанч надад тийм хүч чадал алга гэхэд бух чи миний бааснаас идвэл хүчтэй болно. Эдгээр нь дүүрэн енергитэй гэж хэлжээ.

Цацагт хяруул бааснаас ч идэж гарч тэрээр эхний өдөр модны хамгын доод талын мөчир дээр гарч чаджээ.

Энэ мэтээр явсаар дөрөв дэх өдрөө модны дээр бахархалтайгаар гарч ирлээ. Тэрээр модны орой гарсантай баярлаж байтал фермер түүнийг хараад буудаж унагав.

Энэ түүхээс суралцах нь:

Бухын баас нь чамайг өндөрлөгт гаргаж болно гэхдээ чи тэндээ удахгүй юм.

*********

Хичээл #6
Жижигхээн шувуу өвлийн хүйтэнд өмнө зүгт нисэж явна. Маш хүйтэн салхитай байсан тул тэрээр газарт унасан байна. Газар унаад хөдөлж чадахгүй хэвтэж байтал үхэр хажуугаар нь гарахдаа түүн дээр баачихаад яваад өнгөрчээ. Баасан дунд хэвтэж байхдаа тэрээр ямар дулаан болохыг нь мэдэрч эхлэв.

Баас нь түүнийг сайхан дулаацуулж байв. Дулаацаж урам орсон шувуухай баярлаад дуулж эхлэв.

Хажуугаар өнгөрч байсан муур дууг сонсоод хүрч ирлээ. Тэр баасан дундаас шувууг олж бааснаас гаргаад идсэн байна.

Энэ түүхээс суралцах нь:

(1) Чамд дээр баасан хүн бүр чиний дайсан биш юм.

(2) Чамайг бааснаас татаж гаргасан хүн бүр чиний найз биш юм.

(3) Хэрвээ чи баасан дунд гүнзгий орсон бол амаа хамхисан нь дээр!

Орчуулж, Монголчилсон Лхагва.Э
3 дугаар сарын 27, 2009 он

Цааш нь...

Friday, May 8, 2009

Брэнд: Өнгөний сэтгэл зүй


Брэндийн стратегийн нэгэн гол хүчин зүйл нь Өнгөний сэтгэл зүй юм. Маркетерууд хэрэгэлгчиддээ өөрийн брэндийг хэрхэн яаж ямар өнгөөр хоногшуулах талаар байнга судалж байдаг билээ.
Иймд өнгөний зохицолын талаар болон өнгө ямар утга илэрхийлдэг танай бүтээгдэхүүн үйлчилгээг илэрхийлж буй өнгө хэр зохцож байгааг эндээс сонирхоорой.

Улаан өнгө – сэтгэл хөдлөл, сэрэл мэдрэмж, хүч чадал, хайр дурлал, хурд хүч, осол аюул, анхаарал болгоомж
Цэнхэр өнгө – (хамгийн түгээмэл өнгө) итгэл найдвар, бат бөх үнэн зөв байдал, хүйтэн харьцаа
Шар өнгө – халуун дулаан, баяр хөөр, урам зориг, магтаал сайшаал, аз жаргал
Улбар шар – томоогүй, алиа зан, халуун дулаан илч, доргио
Ногоон – Байгаль дэлхий, шинэ ариун, амар тайван, өсөлт, элбэг дэлбэг, тоо томшгүй
Хөх Ягаан – эрхэм дээд, сүсэг бишрэл, нэр хүнд, өндөр цол
Ягаан – зөөлөн намуун тайван, аюулгүй байдал баталгаа, хамгаалалт
Цагаан – цэвэр ариун, цэмцгэр, залуу бага нас, зөөлөн, номхон дөлгөөн
Хар – Гоёмсог, гоё ганган дэгжин, нууц далд
Алтан шар – нэр алдар, нэр хүнд, үнэтэй

Цааш нь...

Мерседес - ийн сурталчилгааны компанит ажил - "Acts when you are distracted. Pre-safe. The intelligent brake system."




"Acts when you are distracted. Pre-safe. The intelligent brake system."

Цааш нь...

Thursday, May 7, 2009

Сонины зах зээл хийгээд сонин уншигчид



Саяхан “Нийслэл таймс” сонин шинээр гарсанаар өдөр тутмын сонины тоо 16-д хүрлээ. Сүүлийн үеийн судалгаагаар өдөр тутмын болон 7 хоног тутмын сонины тоо нэмэгдэж, түүнээс бага давтамжтай сонины тоо буурах хандлага ажиглагдлаа. Мөн сонины борлуулалтын тоо өмнөх жилээс гурван сая гаруй ширхэгээр буурсаныг интернэтийн хэрэглээ нэмэгдсэнээр сонины хэрэглээ буурч байгаа, залуучуудаас илүү дунд насныхан сонин уншдаг учир шинэ залуу уншигчдыг бэлтгэх хэрэгцээ шаардлага тулгарч байгаа, мөн шар болон сенсаацитай мэдээлэл бүхий чөлөөт сонины эрэлт эрс буурсан зэрэг хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байна

Дэлхийн сонины зах зээлийг ажиглахад өдөр тутмын сонины ноёрхол бий болж, өндөр хөгжилтэй улс орны сонины борлуулалтын 80-90 хувийг өдөр тутмын сонинууд эзэлж байна. Энэ үзэгдэл ч манайд давтагдаж жилдээ 24,5 сая ширхэг сонин борлогддогоос 1,6 сая буюу 70 орчим хувийг өдөр тутмын 15 сонин борлуулж байгаа юм.

Хэвлэлийн хүрээлэнгийн 2009 оны дөрөвдүгээр сарын “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-гаар хэвлэл уншигчдын тухай мэдээлэлд голлон анхаарч, энэ талын мэдээллийг түлхүү оруулсан байна.

Нийслэлчүүдийн тал хувь нь дор хаяж 7 хоногт нэг удаа сонин уншдаг бол сэтгүүлийг 29 хувь нь тогтмол уншиж байна. Гэвч өдөр тутам сонин уншдаг хүмүүсийн тоо өмнөх оны мөн үеэс 1,3 хувиар буурч харин сэтгүүлийг өдөр бүр ашигладаг хүмүүсийн тоо 3,5 хувиар өсжээ.

Нийт уншигчдын 15 хувь буюу 113 мянга орчим уншигчтайгаар “Өдрийн сонин” тэргүүлсэн бол удаах байранд “Өнөөдөр”, “Зууны мэдээ” сонинууд оржээ. Чөлөөт сониноос “Сэрүүлэг”, “Хүмүүс” сонинуудын уншигчдын тоо харьцангуй сайн байна.

Түүнчлэн интернэт хэмээх технологийн дэвшлээр өдөр тутмын сонинууд онлайн хэлбэрээр давхар гарч хэвлэл мэдээллийн салбар шинэ шатруу ахисаар байна. Сонин сэтгүүлийг хэн, хаана, яагаад хамгийн их уншдаг, аль сонин бусдаасаа тэргүүлж байгаа, ямар мэдээлэл уншихыг хүсдэг зэрэг хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн зах зээлийн бодит, дэлгэрэнгүй, цогц мэдээллийг манайхаас аваарай.

Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Мэдээлэл Судалгааны Алба:
Харилцах утас: 7011-3475

Цааш нь...

Wednesday, May 6, 2009

2007 оны дэлхийн шилдэг брэнд: INDITEX групп


2007 оны дэлхийн шилдэг брэнд

Interbrand компаниас Дэлхийн хамгийн алдартай 100 брэндийн жагсаалтыг гаргажээ. 2007 оны шилдэг брэндийн жагсаалтыг мөн л Coca-Cola тэргүүлсэн байна. Тус брэнд нь сүүлийн хэдэн жил тасралтгүй энэ жагсаалтыг тэргүүлж байгаа бөгөөд нэр хүнд нь хурдацтайгаар өсч байгаа брэндүүдийн тоонд Google, Zara, Apple болон Nintendo багтжээ.

Zara брэндийн үүсгэн санаачлагч Inditex Group-ын талаар:

INDITEX группын товч танилцуулга:
Үүссэн он: 1963
Ажилчдын тоо: 39.760
Борлуулалт: 4.59 тэрбум евро (5.09 тэрбум доллар) 2003 оны байдлаар
Нөөцийн нийлүүлэлт: Madrid
Бүтээгдэхүүний төрөл болон үзүүлж байгаа үйлчилгээний төрөл: Эмэгтэй хүн болон охидын бэлэн хувцас, эрэгтэй хүн болон хөвгүүдийн бэлэн хувцас, нялх хүүхдийн хувцас, бөөний худалдааны нийлүүлэлт, гэр бүлийн хувцасны дэлгүүрүүд, гутлын дэлгүүрүүд, хэрэглэгчдэд зээл олгох, үл хөдлөх хөрөнгө болон эд хөрөнгийн агент болон зуучлагч
INDITEX групп

Inditex, Industrias de Diseсo Textil (англиар Textile Design Industries, Inc.) компани нь Испаний том корпораци төдийгүй дэлхийн хамгийн том загварын группуудын нэг. Inditex Group нь нэхмэл эдлэлийн загвар, үйлдвэрлэл, дистрибютерийн бизнесийн хамтарсан 100 гаруй компаниудыг багтаадаг.

Inditex нь дэлхий дээрх хамгийн том загварын дистрибютэр бөгөөд худалдааны найман брендтэй. Үүнд: Zara, Pull and Bear, Massimo Dutti, Bershka, Stradivarius, Oysho, Zara Home болон Kiddy's Class ордог бөгөөд нийт 68 улсад 3777 дэлгүүртэй.

Inditex нь шинэ санаачилга болон уян хатан чанарт үндэслэгдсэн удирдлагын ер бусын загварынхаа амжилтын ачаар хамгийн том загварын дистрибютерийн групп болж чадсан. Тэдний загварын философи нь:
 Бүтээлч байдал болон зах зээлийн эрэлтийн хурдан хариу үйлдлээс гаргасан загварын шинж чанар
 Олон улсын зах зээлийн түргэн өсөлтийн үр дүн болон тэдний борлуулалтын маш сайн хариу үйлдэл зэрэг болдог.
Группын шинэ загварууд болон үйлдвэрлэлүүд бараг бүх зүйл нь хоёр долоон хоногийн дотор Zara дэлгүүрүүдэд хүргэгддэг.

Inditex группын соёл нь багийн ажиллагаа, нээлттэй харилцаа болон эрэлтийн дээд зэрэглэлийн түвшингээр тодорхойлогддог. Эдгээр бодлогууд нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжтай байдал хүртэл ажилчдын хувийн үүрэг даалгаврыг чиглүүлсэн баримт юм.

Inditex группын зорилтот зах зээл болон сегментүүд:

Бизнесийн сегмент:
Inditex группын үндсэн үйл ажиллагаа нь хувцас, гутал болон айл гэрийн нэхмэл эдлэлийн бүтээгдэхүүний жижиглэн худалдаа зэрэг худалдааны ялгаатай сегментүүдийг зорилгоо болгон ажилладаг юм. Эдгээр худалдааны бүрдэл нь группын эрсдэл болон шан харамжийн туршлага дээр үндэслэгдэн бий болсон бизнесийн сегментүүдийг байдаг. Inditex-ийн 8 бизнесийн бүрдэл байдаг. Эдгээр нь Zara, Kiddy’s Class, Pull & Bear, Massimo Dutti, Bershka, Stradivarius, Oysho and Zara Home юм. Бүрдэл бүр өөрсдийн эзэмшил сүлжээ дэлгүүр болон корпорацийн бодлогод захирагддаг.

Газарзүйн сегмент:
Inditex группын бүх худалдааны бүрдлүүдээ өөрчлөгдөж байгаа эдийн засагтай ялгаатай зах зээлүүд, худалдааны болон хууль зүйн орчин болон түүнчлэн ялгаатай эрсдэл болон шан харамжийг судалж байж ажиллуулдаг. Групп газарзүйн 4 сегментэд хуваасан.
 Испани
 Европын зарим улсууд
 Америк
 Ази зэрэг дэлхийн бизнес нь хөгжих хамгийн боломжтой газруудыг авсан бөгөөд
эдгээр нь улс төр, эдийн засаг болон худалдааны нөхцөл байдлын ижил төсөөтэй байдалд үндэслэн товлосон. Газарзүйн сегментийн байршлыг сонгохдоо хэрэглэгчдийн орлогын түвшин болон сегментийн хөрөнгийг үндэслэсэн.

Цааш нь...

Monday, May 4, 2009

КтМС-ийн багш Д.Ганбаатар: Маркетингийн тулаан III - Архины зах зээлийн өрсөлдөөн


Маркетингийн тулаан III - Архины зах зээлийн өрсөлдөөн-

Уншигч та бүхэндээ маркетингийн тулаан булангаараа Монголын томоохон зах зээлийн компаниудын маркетингийн стратегуудийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаараар архины зах зээл дэх маркетингийн тулааныг хүргэж байна.

Том жижиг 2 өрсөлдөгч тулалдаанд ороход бурхан томынх нь талд л ордог. Эзлэгдээгүй талбар дээр худалдааны олон ажилтантай компани нь бүхнээс илүү хувийг эзлэх болно. Зах зээл хуваагдсаны дараа том хувь эзэлж байгаа компани мөн жижгүүдийнхээ үйлчлүүлэгчдийг зулгаасаар байдаг. Том компани зар сурталчилгаанд их мөнгө гаргаж, судалгааний том баг хөлсөлж, борлуулалтын олон цэгтэй байж чадна. Баян нь улам л баяжаад ядуу нь улам л хоосроод байдаг нь гайхах зүйл биш.

Тэгэхээр жижиг өрсөлдөгчид огт ирээдүйгүй гэсэн үг үү? яалаа гэж дээ, тийм байгаа болохоор гол нь зах зээл дээр бага хувьтай байгаа компаниуд энэ талаар цэргийн жанжин шиг бодох хэрэгтэй. Тэд байлдаан явуулах анхны зарчим -хүчний зарчмыг санаж явах нь чухал. Наполеон - хүн цөөтэй армийн байлдах урлаг нь дайрах юм уу хамгаалах цэг дээрээ дайснаасаа илүү цэрэг хуримтлуулахад оршино гэж хэлсэн удаатай.

Цэргийнхэн хүчний зарчмын чухлыг сайн ойлгодог. Тийм ч учраас тагнуулын мэдээг судлахдаа их цаг зарцуулдаг. Энэ нь маркетингийн хувьд судалгаа, шинжилгээний зардал юм. Ихэнх компаниуд маркетингийн судалгаа шинжилгээнд хөрөнгө зарахгүйгээр борлуулалтаа нэмэгдүүлэх өсгөх талаар ярьдаг. Энэ бол мөрөөдөл. Иймээс та зах зээл дээр хувиа өсгөх борлуулалтаа нэмэгдүүлэх гэж бодож байгаа бол зардал гаргахаа мартаж болохгүй. Жанжингууд цэргүүдийнхээ сэтгэл санааг өргөх зорилгоор тэд үргэлж л манай цэргүүд шиг цэрэг алга, манай зэвсгийг гүйцэх зэвсэг алга гэцгээдэг.

Маркетингийн олонхи удирдагчид тэдэн шиг аашилж, тэгснээрээ өөрсдийнхөө гоё үгэнд хууртдаг. Өөрсдийгөө хамгийн шилмэл хүмүүс, өөрсдийнхөө барааг хамгийн шилдэг гэж төөрөгдүүлснээр унадаг.

Монголын архины зах зээлд АПУ, Спирт бал бурам, Жем интернейшнл, UFC гэсэн компаниуд голлох байр суурийг эзэлж байгаа. Эдгээр компаниуд үнийн өөр өөрийн стратегийг хэрэглэсээр ирсэн. Энэ зах зээл нь өөрөө онцлог зах зээл учраас үнэ, бүтээгдэхүүн, хувиарлалтын стратегийг зөв барьснаар амжилт гаргах магадлал өндөр.

“АПУ” нэр хүндийн стратеги
АПУ компанийг мэдэхгүй, бүтээгдэхүүнийг нь хэрэглэж үзээгүй хүн ховор. Байгуулагдаад удсан, үйлдвэрлэлтийн олон жилийн туршлагатай, бүтээгдэхүүний чанар нь хэрэглэгчдэд танигдсан архины зах зээлд өөрийн гэсэн байр суурийг эзэлсэн гээд давуу тал ихтэй. Тиймээс нэр хүндийн буюу манлайлагчийн стратегийг хэрэгжүүлж байгаа. Бүтээгдэхүүний чанар сайн, үнийг нь өндөр түвшинд байлгах бодлого барьдаг. Өндөр чанартай бүтээгдэхүүнийг өндөр үнээр гаргах, дунд чанартай бүтээгдэхүүнийг дундаж үнээр гаргах, эсвэл чанарын түвшин доогуур бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдах стратегиуд нэг ижил зах зээл дээр зэрэгцэн оршино. Нэр төрлөө олшруулах гэж нэг их яардаггүй. Хуваарилалтын сувагтаа анхаарал тавьдаг. Гэхдээ сувгуудын борлуулалтын мэдээлэлийг авдаггүй сул тал ажиглагддаг. Бүтээгдэхүүн нь сегмент бүрт тохирсон байдаг ба зах зээлийн талбарыг бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, ажиллагчдын хүчээр эзэлж байгаа. Бөөний буюу жижиглэнгийн худалдаанд идэвхижүүлэлт бага хийдгээс зах зээлийг бүрэн хамарч чаддаггүй сул талтай. Архины зах зээлд хүчтэй өрсөлдөгчийн тоонд зүй ёсоор ордог.

“Спирт бал бурам” өндөр үнэлгээний стратеги
“Спирт бал бурам” компани бүтээгдэхүүнийхээ чанарт анхаарч, үнийг дунд түвшинд барих бодлого барьдаг. Энэ нь масс хэрэглэгчдийг татах маркетингийн аргуудын нэг. Баяр ёслолын үеэр хэрэглэгчид СББ компанийн бүтээгдэхүүнийг их худалдан авдаг. Хэрэглэгчдийн худалдан авах чадварт тохируулж бүтээгдэхүүнийхээ үнийг тогтоодог давуу талтай. Хэрэглэгчдийн сэтгэлзүйд брэнд бүтээгдэхүүнээ хоногшуулахад их анхаарсаар ирсэн. СББ компанийн “Хар Чингис” хэрэглэгчдийн сэтгэлзүйд хоногшсон нэр хүндтэй брэнд болж чадсан. Идэвхижүүлэлтэд анхаарал хандуулдаг компаниудын нэг. Хувиарлалтын зохион байгуулалт өндөр. Гол арга нь маркетингийн компанит бодлого болох Сайн үйлсийн аян, нийгэмд хандсан үйл ажиллагаа нь талбарыг эзлэх боломжийг олгож байна. Тулаанд орохдоо өөрийгөө бусдад хүчтэй, сул талгүй гэдгээ сайн ойлгуулж чаддаг. Хэрэглэгчдийн худалдан авах чадвар болгонд тохируулсан бүтээгдэхүүнийг санал болгодог. СББ компани хэзээ ямар стратеги хэрэгжүүлэхээ мэддэг. Брэнд бүтээгдэхүүнийг сайжруулан тулаанд орвол манлайлагчийн стратегийг хэрэгжүүлж байр сууриа сэлгэх магадлалтай.


“Жем интернейшнэл” дэврүүлсэн стратеги
“Жем интернейшнэл” компани бүтээгдэхүүнийхээ сав баглаа, боодолд анхаарал хандуулдаг. Худалдааны энэ арга нь тухайн бүтээгдэхүүний хувьд тохиромжтой боловч түүнийгээ төгс сайн хийж чадахгүй байна. Бүтээгдэхүүнийхээ чанарыг дундаж, үнийг өндөр түвшинд барьж дэврүүлсэн стратеги хэрэгжүүлсээр ирсэн. Хэрэв чанар нь мэдэгдэхүйц өндөр байвал хэрэглэгчид эдгээр өрсөлдөгчдөд итгэж тэднээс илэрхий худалдан авч, мөнгөө хэмнэнэ. Бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийн толгойд өндөр зэрэглэлийнх гэж хоногшуулахыг хичээдэг. Лидерыг дагаж дууриадаг. Ижил төрлийн бүтээгдэхүүнд үнэ өндөр гэж амладаг. Зах зээлд хүчтэй өрсөлдөгч гарч ирсэн үед үнээ тогтвортой барьдаг.
“UFC” гойд сайн үнэлгээний стратеги
Шинэ брэнд гаргаж, хямд үнийн бодлогоор хэрэглэгчдийг татахыг зорьдог. Тиймээс чанар өндөр, үнээ хямд байлгах бодлого барьдаг. Архины зах зээлд гойд сайн үнэлгээний стратегийг хэрэгжүүлсээр ирсэн. Тэд зах зээлийг үнэд мэдрэмжтэй гэж төсөөлөн үнээ доогуур тогтоодог. Үүнийг зах зээлд гүн нэвтрэх үнэ гэж нэрлэдэг. Доорхи нөхцөлд үнийг доогуур тогтоож болно.
- Зах зээл нь үнийн мэдрэмж өндөртэй бөгөөд доогуур үнэ нь зах зээлийн илүү өсөлтийг урамшуулж байх
- Үйлдвэрлэлийн туршлага хуримтлагдахын хэрээр үйлдвэрлэл, хуваарилалтын зардал буурч байх
- Доогуур үнэ нь одоогийн болон далд өрсөлдөгчдийг шахаж байх

“АПУ” компанийн алдаа
Хэрэглэгчдийн сэтгэлзүйд хоногшсон зах зээлд нэр хүнд бүхий Болор брэндийг эвдсэн нь АПУ компанийн хувьд алдаа болсон. Бүтээгдэхүүний шинэчлэлтийг хийхдээ хоногшлийг тооцож үзээгүй. Зах зээлд тэргүүлэгч бүтээгдэхүүнээ тэр хэвээр нь хадгалж чадсан бол зах зээлээ алдахгүй байж болох байсан. Брэндээ хүчирхэг болгохоор эрс шинэчлэл хийж, сансрын хөлөгийн зураг бүхий шошгыг өөрчилсөн. Ингэснээр цоо шинэ бүтээгдэхүүн бий болж байгаа учраас зах зээлд дахин нэр хүндийг нь өсгөхөд асар их хөрөнгө, зарцуулах талтай. Coca-Cola өөрийн борлуулалтаа буурснаас болж 1985 онд New Coke!- ийг зах зээл дээр гарган ирлээ. Зах зээл хуучин бүтээгдэхүүнээ санагалзаж өдөрт 2000 илүү хүн залгаж хуучин Cola-г эргүүлэн өгөхийг шаардаж байлаа. Нэг хүн 1000$ оор хуучин Cola-г худалдан авсан нь бүр их сенсааци тарисан. Гэвч 79 хоногийн дараа Classic Coca-Cola- г зах зээлд буцааж гаргахаас өөр аргагүй болов. Бүтээгдэхүүнийг шинэчлэхдээ хоногшлоо тооцож үзэх хэрэгтэй.Зах зээлд тэргүүлэгч байхын тулд анхдагч байх. Харин энэ байр сууриа хадгалж үлдэхийн тулд бүх чадлаа дайчлах хэрэгтэй

“СББ” компанийн алдаа
Өмч хувьчлалын үеэр АПУ компанийн ажил нэг хэсэг доголдож, түр зогсолт хийсэн. Энэ үед СББ компани архины зах зээлийн хоосон орон зай руу довтолсон. Үүний үр дүн ч гарч “Хараа” брэндийн нэр хүнд маш огцом өссөн. Амжилтандаа хэтэрхий эрдсэн. Энэ үйл явдалд маркетингийн гол бодлого нөлөөлөөгүй бөгөөд харин АПУ компаний алдаа гаргасан гэж ойлгож болно. Иймээс энэ давуу талаа хадгалах үүднээс маркетингийн бодлогоо идэвхижүүлэх шаардлагатай. Үйл ажиллагаагаа идэвхижүүлэхгүй байгаа сул тал ажиглагдаж байна. Хөдлөхгүй бол өрсөлдөгчид орж ирэх аюултай.

“Жем интернейшнэл” компанийн алдаа
Хэрэглэгчдэд чанарыг мэдрүүлэх гэж хичээдэг. Ингэж бүтээгдэхүүндээ хэтэрхий өндөр үнэ тогтоох нь дайны талбарт хүчирхэг зэвсэгтэй хэрнээ явган цэрэггүй тулаанд орж байгаатай адил. Энэ нь нэг жигүүрийг нь эзлэж нөгөө жигүүрийг алдах магадлалыг нэмэгдүүлдэг. Тиймээс шинэ зах зээлийг хайх хэрэгтэй. Жижиг сегментийг орхигдуулсан сул тал ажиглагдаж байна. Хэтэрхий нэг тал руу зүтгэх нь өрсөлдөгчийнхөө давуу талыг анзаарахгүй байх нөхцлийг бүрдүүлдэг. Хэтэрхий лидер компанийн стратегийг дагах нь оновчтой бус.

“UFC” компанийн алдаа
Архины зах зээлд хамгийн бага үнэ тогтоосон компани. Бусад өрсөлдөгчид өндөр үнэ тогтоож байхад “UFC” хямд үнээ барьдаг. Энэ нь дайны талбарт явган цэрэгтэй, хүчирхэг зэвсэггүй тулаанд орж байгаатай ижил. Мэдээж техник технологийн хүч бага болохоор хүчтэй цохилтонд өртөж, эрсдэл учрах магадлалтай. Өөрийн давуу тал болох чанарыг зах зээл дээр төдийлөн сайн ялгаруулж өгч чадаагүй. Тансаг зэрэглэлийн брэндийг бий болгох шаардлагатай.

Цааш нь...
:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008