Monday, May 11, 2009

Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал өнгөрөгч дөрөвдүгээр сард


1.Нийгмийн үзүүлэлт
Улсын хэмжээгээр төрсөн хүүхдийн тоо 22070 болж, өмнөх оны мөн үеийнхээс 1886 хүүхдээр, амаржсан эх 21990 болж, 1868 эхээр буюу 9.3 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Нэг хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 480 болж, өмнөх оны мөн үеийнхээс 40 хүүхдээр, эхийн эндэгдэл 17 болж, 10 эхээр тус тус нэмэгдэж, харин 1-5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 62 болж, 22 хүүхдээр буурчээ.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгүүлсэн, ажил идэвхитэй хайж байгаа ажилгүйчүүдийн тоо 36,7 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 4769 хүн буюу 14,9 хувиар өсчээ. Үүнд Увс, Төв, Хэнтий, Булган, Хөвсгөл, Архангай аймаг болон Улаанбаатар хотод бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 18,6-80,8 хувь, Өмнөговь аймагт 2,0 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 12,7 мянга болж өмнөх оны мөн үеийнхээс 99 хүн буюу 0.8 хувиар буурахад вируст гепатитаар өвчлөгчдийн тоо 50.1 хувь, салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 10.8 хувь тус тус буурсан нь нөлөөллөө.

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 7246 болж өмнөх оны мөн үеийнхээс 428 хэрэг буюу 6,3 хувиар өсчээ. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеийнхээс өсөхөд бусдын бие махбодид гэмтэл учруулах, хулгай, дээрэм, залилан, завших, үрэгдүүлэх, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 2,2-71,4 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.


2.Макро эдийн засгийн үзүүлэлт

Хэрэглээний үнийн улсын индекс дөрөвдүгээр сард өмнөх сарынхаас 2,2 хувь, өмнөх оны жилийн эцсийнхээс 5,5 хувь, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12,5 хувиар тус тус өссөн байна.

Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн дүн 4,4 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн дүн өмнөх сарынхаас 2,0 хувь өссөн нь хэрэглээний үнийн улсын индекс өмнөх сартай харьцуулахад 2,2 хувиар өсөхөд голлон нөлөөлөв.

Монгол банкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт дөрөвдүгээр сарын эцэст 2400,6 тэрбум төгрөгт болж өмнөх сарынхаас 12,7 тэрбум төгрөг буюу 0,5 хувиар, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 66,1 тэрбум төгрөг буюу 2,7 хувиар тус тус буурав. Мөнгөний нийлүүлэлт оны эхнээс 81,7 тэрбум төгрөг буюу 3,5 хувиар нэмэгдэхэд бараг мөнгөний өсөлт голлон нөлөөлжээ.

Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 355,6 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаас 17,3 тэрбум төгрөг буюу 5,1 хувиар, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 11,5 тэрбум төгрөг буюу 3,3 хувиар тус тус нэмэгдлээ.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2580,2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 91,5 тэрбум төгрөг буюу 3,4 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 143,7 тэрбум төгрөг буюу 5,9 хувиар өслөө.

Үнэт цаасны арилжаа дөрөвдүгээр сард 22 удаа явагдаж, 15,6 сая ширхэг үнэт цаас арилжигдаж, 2,2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ.

Арилжигдсан үнэт цаасны тоог өмнөх сарынхтай харьцуулбал 22 дахин өсч, гүйлгээний хэмжээ нь 8,3 хувиар нэмэгдсэн ба өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад арилжигдсан үнэт цаасны тоо 12,2 сая ширхэг буюу 4,5 дахин өсч, гүйлгээний хэмжээ 1,5 тэрбум төгрөг буюу 40,8 хувиар буурчээ.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүн 469,5 тэрбум төгрөг, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүн 613 тэрбум төгрөг болж, нийт тэнцэл 143,5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Төсвийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 192,3 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд төсвийн зарлагын өсөлт, орлогынхоосоо 27,8 пунктээр өндөр байгаа нь нөлөөлөв.

Төсвийн урсгал орлого 468,8 тэрбум төгрөг, урсгал зардал 543,6 тэрбум төгрөг болж, урсгал тэнцэл 74,8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.

Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 207,8 тэрбум төгрөг буюу 35 хувиар буурахад зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар 109,4 тэрбум төгрөг буюу 91,8 хувь, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 46,4 тэрбум төгрөг буюу 45,6 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 18,9 тэрбум төгрөг буюу 18,5 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөллөө.

Татварын бус орлого өмнөх оны мөн үеийнхээс 3,9 тэрбум төгрөг буюу 4,4 хувиар буурсан нь төсөвт газрын өөрийн орлого 8,3 тэрбум төгрөг буюу 24,6 хувиар буурснаас голлон шалтгаалсан байна.

Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2009 оны эхний дөрвөн сард 613 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 22,8 тэрбум төгрөг буюу 3,6 хувиар буурчээ. Үүнд татаас ба шилжүүлгийн зардал 12,1 тэрбум төгрөг, эргэж төлөгдөх цэвэр зээл 21,1 тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлжээ.

Хөрөнгийн зардалд 53,3 тэрбум төгрөг зарцуулсан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 3,8 тэрбум төгрөгөөр буурсан байна. Хөрөнгийн зардал буурсан нь дотоод хөрөнгө оруулалт 9,8 тэрбум төгрөгөөр багассанаас шалтгаалжээ.

ДНБ 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2009 оны эхний улиралд 617,1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 27,4 тэрбум төгрөгөөр буюу 4,2 хувиар буурлаа. Үүнд аж үйлдвэр, барилгын салбарын үйлдвэрлэл болон бүтээгдэхүүний цэвэр татвар буурсан нь голлон нөлөөлж байна.

Манай улс 2009 оны эхний 4 сард дэлхийн 87 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 981.9 сая ам.доллар, үүнээс экспорт 444,3 сая ам.доллар, импорт 537,6 сая ам.доллар боллоо.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 653,8 сая ам.доллар буюу 40 хувь, өмнөх cap үүний дотор экспортын хэмжээ 326,8 сая ам.доллар буюу 42,4 хувь, импортын хэмжээ 327 сая ам.доллар буюу 37,8 хувиар тус тус буурчээ.

Гадаад худалдааны тэнцэл 93,3 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 0,2 сая ам.доллараар буурсан байна.

Нийт экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 326,8 сая ам.доллар буюу 42,4 хувиар буурсны 224,7 сая ам.доллар буюу 68,8 хувь нь үнийн бууралтаас, 102,1 сая ам.доллар буюу 31,2 хувь нь биет хэмжээний бууралтаас шалтгаалсан байна.

Нийт экспортын хэмжээ буурахад зэсийн баяжмалын биет хэмжээ 2,5 хувь, үнийн дүн 59,4 хувь, цайрын баяжмалын биет хэмжээ 57,1 хувь, үнийн дүн 80,1 хувь, боловсруулаагүй алтны биет хэмжээ 32,8 хувь, үнийн дүн 35,8 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлөв.

Нийт импортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 327 сая ам.доллар буюу 37,8 хувиар буурсны 21,3 сая ам.доллар буюу 6,5 хувь нь үнийн бууралтаас, 305,7 сая ам.доллар буюу 93,5 хувь нь биет хэмжээний бууралтаас шалтгаалсан байна.

3.Эдийн засгийн салбарын үзүүлэлт
Улсын хэмжээгээр 2009 онд нийт 18.5 сая эх мал төллөнө. 2009 оны эхний 4 сарын байдлаар 11.2 сая мал буюу оны эхний эх малын 60.6 хувь төллөсөн байна.

Улсын хэмжээнд 2009 оны эхний 4 сарын байдлаар 885.4 мянган мал хорогдсон нь өмнөх оны мөн үеийнхээс 207 мянгаар нэмэгдсэн байна.

ХХААХҮЯ-ны мэдээгээр хөрс боловсруулалт, тариалалтад ажиллах техникийн бэлэн байдал 2009 оны тавдугаар сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд 57,1-91,6 хувьтай байна.

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлт 2005 оны зэрэгцүүлэх үнээр 472,4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 38,6 тэрбум төгрөгөөр буюу 7,6 хувиар буурлаа. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлт 8,1 тэрбум төгрөгөөр буюу 2,9 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбар 33,1 тэрбум төгрөгөөр буюу 21,5 хувиар буурсан нь нөлөөлөв.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеийнхээс 2,9 хувиар буурахад газрын тос, зэсийн баяжмал, алт, хайлуур жоншны баяжмал, цайрын баяжмал зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0,2-25,0 хувиар буурснаас шалтгаалжээ.

Харин боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн 21,5 хувийн бууралтад самнасан ноолуур, хивс, дээд гурил, пиво, дарс амтат ус ундаа, тамхи, төмөр замын дэр мод, цемент, төмөр бетон эдлэл, бетон дэр, шохой, молибдений исэл, катодын зэс, металл бэлдэц, цувимал зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 14,2-86,5 хувиар буурсан нь нөлөөлсөн байна.

Улсын хэмжээнд 2009 оны эхний дөрөвдүгээр сард нийт 25,3 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэснээс 23 тэрбум төгрөг буюу 90,9 хувийг дотоодын барилгын байгууллага, 2,3 тэрбум төгрөг буюу 9,1 хувийг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн байна.

Төмөр замын тээврээр 4229 мянган тонн ачаа, давхардсан тоогоор 992,7 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 770,8 мянган тонн буюу 15,4 хувь, зорчигчдын тоо 420,2 мянган хүн буюу 29,7 хувиар буурчээ.

Агаарын тээврээр 315,3 тонн ачаа тээвэрлэж, давхардсан тоогоор 67,9 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 281,5 тонноор буюу 47,2 хувь, зорчигчдын тоо 31,6 мянган хүнээр буюу 31,8 хувиар тус тус буурчээ.

Үндэсний статистикийн хороо

0 comments:

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008