Monday, February 23, 2009

Оргилд хүрэх стратеги (Шинэ үеийн удирдагчидад санамж)


Магадгүй та ямар нэгэн байгууллагын захирал болохыг хүсч байгаа бол, эсвэл энэ байр суурьруу амжилттай урагшилж байгаа бол танд зориулсан алт шиг үнэтэй стратегиуд байна. Энэ судалгаанд ирээдүйн лидер дарга нарын маш онцгой аргуудыг олж мэднэ.

1. Шинэ санаа дэвшүүлэх
Алдаа гаргахаас айлгүй шинэ санаа дэвшүүлэх хэрэгтэй. Тиймээс Роже Оечийн “Дүрэм журмыг ардаа орхин шинийг санаачлагч бай” гэсэн үгийг санаж явахад илүүдэхгүй.

2. Зөвлөгөө хайх
Зөвлөгөө авах гэдэг дээд удирдлагад байгаа хүний ажлын нэг хэсэг юм. Зөвлөгөө гэдэг нь юуг хэрхэн яаж хийх талаар мэргэжилтнүүдийн хэлэх үг юм. Хэзээ, хэрхэн, хаанаас зөвлөгөө авч, түүнийгээ хэрхэн ажил хэрэг болгох зэргийг мэдсэнээр зөвлөгөө авах туршлагатай болно. Зөвлөгөө авах нь ерөнхий захирлын хувьд онцгой чухал чадваруудын нэг юм. Ямар үед, хэнээс авч тухайн хүнтэй яаж зөв харилцахыг сурах хэрэгтэй.

3. Компанийхаа бодлоготой уялдуулан шийдвэр гаргах
Тодорхойгүй нөхцөлд шийдвэр гаргах нь зарим нэгэн удирдлагын хувьд төвөгтэй сорилт болдог. Шүүмжлэл, бодол санаа, итгэл үнэмшил тань бүх нөхцөлийг дүгнэхэд нөлөөлдөг. Өөрийн бодлоо дагах гэж бүү оролд. Тодорхой бус байдлаас гарахад өөр зүйл ч хэрэгтэй болдог. Та удирдлагын хувьд, итгэлтэйгээр шийдвэр гаргахын тулд хэрэгтэй мэдээлэл байхгүй үед ч дарамтанд орохгүй байж сурах хэрэгтэй. Дарга хүний хувьд эхэлсэн ажилаа амжилттай дуусгахын тулд чадах бүхнээ хий. Ялагдаж болох талтайг ч хүлээн зөвшөөр. Энэ нь гайхалтай амжилтанд хүрэх арга юм.

4. Зохион байгуулалт
Нэг хүн таваас найман хүн удирдахаас хэтрэхгүй байх хэрэгтэй. Зохион байгуулалт нь бүрэн болсон, туршлагатай дарга 12 хүнтэй багийг удирдах хэрэгтэй. Хэрэв тайлан гаргадаг хүмүүс нь шинэ, туршлагагүй бол 5-8 хүнтэй байна. Кеннет Лоуден ингэж хэлжээ: “Ерөнхий захирал хүн юу хийхээ шийдэх хүртлээ доорх хүмүүстээ юу хийхийг хэлдэггүй”

5. Байгууллагадаа шинэчлэл хийх
Ер нь шинэ байгууллага гэдэг өөрөө өөрчлөгддөг явц юм. Эхлээд өөрчлөлт хэрэгтэйг хүлээн зөвшөөрдөг. Дараа нь өөрчлөх шалтгаанаа жагсаана. Энэ бүхнийг хийсний дараа шинэчлэлээ хянах хэрэгтэй. Хийх шинэчлэлтийн нөхцөлийн дагуу зохион байгуулалт ч зохицох ёстой. Ерөнхий захирал шинэчлэлтийг хариуцна.

Шинэчлэлтийн аргууд:

1. Ямар үед хийхээ мэддэг байх
2. Хэр зэрэг өөрчлөхөө тодорхойлох
3. Энд гарч ирэх сэтгэл санаа болон оюун ухааны өөрчлөлтийг мэдэх
4. Үймээн бага гаргуулах чадвартай байх.
Байгуулагадаа шинэчлэл хийхэд эдгээр зүйлсийг анхаарахаас гадна хүмүүсийн санал бодлыг мөн анхаарах хэрэгтэй. Хүмүүс шүүмжлэлтэй ханддаг учир эсэргүүцдэг. Ажлаа буруу хийж байна гэж үзэн цаад учрыг мэдэхгүй тул айдаст автан эсэргүүцэл үзүүлдэг. Шинэчлэлтийн дараа ажил нь хэвийн болно гэдэгт итгэдэггүй учир илүү муу зүйл болно гэж үздэг. Шинэчлэл дадсан зүйлийг нь өөрчилдөг тул хүмүүсээ илүү урамшуулах хэрэгтэй. Ер нь хүмүүс өөрт нь өөрчлөлтийг шууд тулгахад дургүй. Шинэчлэлтийн үед хүмүүсийн хоорондын харилцааг дэмжих нь эсэргүүцлийг багасган, хүлээн авахад нь ч хялбар болгодог.

6. Хурал бол захирлын ажлын нэг хэсэг нь юм.
Хурлаас өмнө хэлэлцэх зүйлээ гарган тараах шаардлагатай. Ингэснээр оролцох хүмүүс бэлтгэлтэй ирэх юм. Хурлын зорилго нь мэдээлэл өгөх, тайлбарлах байдаг бол хамгийн тохиромжтой арга нь эхлээд яриа хийгээд дараа нь санал асуулга хэлэлцүүлэх юм. Хурлыг удирдаж байгаа хүн болсон бүхнийг товч дүгнэх шаардлагатай. Судлаачид хурал 60-90 мин үргэлжлэх хэрэгтэй гэжээ. Учир нь 90 минутын дараа анхаарал сарнидаг байна. Хэрэв хурал илүү урт үргэлжлэхээр бол хоёр өдөр хийсэн нь дээр бөгөөд тус бүрийнх нь зорилгыг тодосгох хэрэгтэй.

7. Стратегийн төлөвлөгөө зохиох
Стратегийн төлөвлөгөө нь тактикаас огт өөр байдаг. Тактик гэдэг нь компанид тэр өдөр хийсэн зүйлс юм. Харин стратеги нь тухайн компанийн ирээдүйн төлөвлөгөө байдаг. Тактик нь өдөр тутмын шийдвэр байдаг бол стратеги нь илүү өргөн утгатай.
Төлөвлөнө гэдэг нь ямар нэг зүйлийг хийхийн өмнө ямар алхам хийхээ шийднэ гэсэн үг. Тиймээс ч төлөвлөгөөндөө ирээдүйг харах хэрэгтэй. Ерөнхий захирал болох та ч бас ирээдүйгээ төсөөлөн 2-3 жилийн цаадахыг харах хэрэгтэй юм.

Ирээдүйгээ төсөөлөх арга:
1. Өмнөх 5 жилийн ажлын судалгаа
2. Ажилтайгаа холбоотой өдөр тутмын асуудлаа нягтал
3. Судлаачдын таамаглалыг ч бас бодож үзэх.
Стратегийн төлөвлөх ажил компаний ирээдүйг тодорхойлоход чухал үүрэгтэй. Энэ байгуулага ирээдүйн нөхцөлд амжилтанд хүрч, хөл дээрээ зогсож чадах эсэхийг баттай болгох юм. Роберт Вүүд хэлэхдээ:”Ажил зарим талаараа дайн шиг бөгөөд стратеги нь зөв бол тактикийн алдаа гаргасан ч амжилтанд хүрнэ.”
8. Сайн илтгэгч байх
Ерөнхий захирлын хувиар хийсэн яриа тань лидер хүний хувьд хэр нөлөөтэйг хэмждэг. Сайн төлөвлөөгүй яриа хүмүүст хүрч, нөлөөлж, удирдаж чадахгүй. Эхлээд ярих зүйлээ цаасан дээр буулгаснаар эхэлнэ. Тойм бэлтгэх нь өөр нэг шат юм. Бичсэн зүйлээ уншаад найруулан бич. Тойм нь ярианы эх загвар болно. Хүн бүхэн анхаарал тавин сонсоосой гэж хүсч байгаа бол сонирхол татахуйц оршил бэлтгэ. Хүний анхаарал татах өөр нэг арга бол гайхал төрүүлэхүйц юм хэлэх юм. Нотолгоо баталгаагүй нэгэнд хүн итгэхгүй.
Чухал сэдэвт байгаа мэдээллийг гоёж чимэх нь сонсоход хялбаршуулан, хүлээн авахад бэлэн болгодог. Хөнгөн хошигнол ч хэрэг болж мэднэ. Яриагаа хүнд нөлөөлхүйц хүчтэйгээр дуусгаарай. Хэлэх үгээ бичиж бэлдсэн бол унших дасгал сайн хийгээрэй. Үүний тулд толины өмнө зогсож өөртэйгээ яриарай. Ингэснээр айдсаасаа салж чадна.
Илтгэлийн үед цааснаас харж уншиж байснаас, санаа авах тэмдэглэгээ, дүрс болон сануулах үг бэлтгэ. Энэ нь нөхцөл байдалд зохицуулан өөрчлөлт хийхэд тусална. Ярианы хэсгээ зөв, цэгцтэй бэлтгэхгүй бол хэчнээн сайн бичээд уншсан ч нөлөө үзүүлэхгүй.

9. Онцгой чадвартай удирдагчийг сонгох
Зөв хүмүүсийг чухал байранд сонгох нь дээд удирдлагын гол үүргүүдийн нэг юм. Магадгүй компанийхаа хэд хэдэн хэсэгт хурдан шийдвэр гаргаж байсан байх. Харин хувийн сонголт хийнэ гэдэг хэцүү. Өөр асуудалд алдаа гаргахад дараа нь засаж болно. Харин удирдлага сонгохдоо алдаа гаргавал гамшиг болж болно.

Ер нь дээд шатны удирдлагыг сонгоход 3 шалгуур байдаг:
1. Ажлын чадвар
2. Хувийн зан чанар
3. Удирдах туршлага.
Үүнийг ашиглан удирдлагаа сонгоно. Хурдан дэвшсэн, онцгой ухаантай, хэцүү нөхцөлд тэнцвэр алддаггүй, ажиллах дуртай, ажлын амжилтаар дүүрэн, төлөвлөгөөтэй, асуудал шийдвэрлэх чадвартай хүнийг удирдагчаар сонгох ёстой.

10. Онцгой чадвартай удирдагчийг бэлтгэх
Ерөнхий захирлууд төрөл бүрийн чадвартай хүнийг бэлтгэх үүрэгтэй. Онцгой удирдагч бэлтгэхийн тулд чухал үүрэг өгч, ажлаа хувиарлан, туршлага хуримтлуулахад нь тусал. Багшилж, сургалтанд хамруулж болно. Хамгийн чухал нь боловсролын үзүүлэлт юм.

11. Хэсгүүдийн хоорондох зөрчлийг шийдвэрлэх
Ямар нэг байгууллагад зөрчил байдаг. Үүнийг шийдэхийн тулд хөнөөлтэй зөрчлийг багасган, бүтээлч байдлыг гаргах хэрэгтэй. Шийдвэр гаргахын өмнө доод хүмүүсийнхээ саналыг асуун, нэгтгэх нь чухал. Зөрчилтэй холбоотой хүмүүс уур хилэнгээ ил гаргахыг нь зөвшөөрч, хоёр талыг хүлээн зөвшөөрөх арга замыг олж шийдвэрлэнэ. Ингэснээр аз жаргалтай, бүтээлч хамт олон болно.

12. Хамгийн боломжтой, сайн тохиролцоонд хүрэх
Ерөнхий захирал хүн ярианы чадвартай, хоорондоо уялдаа холбоотой мэдээллийг хэрэглэдэг туршлагатай байх ёстой. Нөгөө талын уналтын хэрээр ашиг олох боломж байвал үүнийгээ та орхих ёстой. Асуудлыг ашиглах, эрч хүч, ухаан санаагаа цагийг нь олж хэрэглэх сэтгэлийн хөдөлгөөнөө барих нь энэ чадварын хэсэг юм.
13. Харилцаа холбоо бий болгох
Имиж чухал бөгөөд байгуулагын хүмүүсийн таныг үнэлэх үнэлгээ болдог. Хүнд үлдээсэн төрх тань тэдний үүрэг, хариуцлагийг тодосгож өгдөг. Ерөнхий захирлын имиж нь сэтгэл булаам, хүчирхэг төрхтэй байна. Ер нь имиж бол таны хэлсэн, хийсэн бүхний үр дүн юм. Компаний тайлан бол компаний зорилго, ажлаа гүйцэтгэх илэрхийлэлийг харуулдаг. Энэ зорилгоо компаний елементүүдийн уриа болговол сэтгэл булаам чанарыг олж авна.
14. Дээд шатныхаа хүмүүсийн ажиллах урамыг нь бадраах
Ажиллах хүслийг нь бадраах гол хүмүүс нь хамгийн ойр ажилладаг захирлын туслах, хэсгийн дарга, зөвлөх болон удирдлагын зөвлөл юм. Энэ хүмүүсийн ажиллах урмыг нь бадраах нь бусад хүмүүсийнхтэй ижил. Ажлаа хийлгэхийг бодож байгаа бол танд ажиллаж байгаа хүмүүсийн хэрэгцээг анхаар. Эндээс бүтээлч байх хэрэгцээ гарч болно. Мөн тэдний асуудал, уйтгар гуниг, ганцаар ажиллах гэсэн хүсэл гээд бүхнийг ойлгох хэрэгтэй.

15. Мэдээллийн сүлжээг гаргаж ирэх
Чухал асуулт асуун, сайн сонсогч байж, хэзээ хэнээс асуух, юуг лавлахаа мэддэг байх нь хэрэгтэй.

Эх сурвалж: “Шинэ ертөнц” сэтгүүл

Цааш нь...

Saturday, February 21, 2009

Японы брэндүүд дэлхийн зах зээлд хамгийн чанартайд тооцогддог


Японы дижитал камер, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, хавтгай дэлгэц бүхий зурагт зэрэг нь дэлхийн зах зээлд хамгийн өндөр чанартай бүтээгдэхүүнд тооцогддог байна. Дэлхийн II дайны үнс нурмын дараа Японы компаниуд чанар чансаа дээр нь найдвартай, баталгаатай гэх нэр хүндийг олж авч чадсан. Автомашины үйлдвэрлэлээс эхлээд цахилгаан бараа хүртэлх Японы брэндүүд өнөөгийн зах зээлийн байдалд үргэлж хүчтэй өрсөлдөгч байсаар ирсэн байна. Техник, технологи өндөр төвшинд хөгжсөн өнөөдрийн нийгэмд Японы бараа бүтээгдэхүүн өрсөлдөөнтэй зах зээлд томоохон байр суурь эзлэх болсон бөгөөд харин өрсөлдөгчдийн хувьд Японы брэндээс чанараар давуу байх эсэх нь гол үзүүлэлт болжээ.

Японд төвтэй зар сурталчилгааны агентлаг өнгөрсөн онд гурван сарын турш судалгаа хийж, үр дүнг нь олон нийтэд танилцуулсан байна. Судалгаанд Хятад, Вьетнам, Энэтхэг болон ОХУ-ын 14 хотын оршин суугчид хамрагджээ. Өрхийн орлого нь хоорондоо харилцан адилгүй, 15-54 насны эрэгтэй, эмэгтэй 500-800 хүн судалгаанд хамрагдаж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хоол хүнсний зүйл, үйлчилгээ болон гэр ахуйн бараа, автомашины хэрэглээтэй холбоотой мэдээлэл өгсөн байна. Нийт зургаан ангиллаар бараа бүтээгдэхүүний үнэлэмжийг судалж үзэхэд Европ, АНУ, Өмнөд Солонгос, Хятад болон Японы бүтээгдэхүүн таван ангилалд тус бүрт нь хамгийн дээд үнэлгээг авчээ. Харин бараа бүтээгдэхүүний чанарын ангилалд Японы брэндүүд тасархай оноогоор тэргүүлсэн бол сэтгэл ханамжийн тухайд 35.5 хувийн үнэлгээ авч, хоёрдугаарт бичигдсэн байна. Энэ ангилалд Өмнөд Солонгосын бараа бүтээгдэхүүнүүд хамгийн шилдгээр нэрлэгджээ.

Эх сурвалж: News.mn

Цааш нь...

Дамдаа байвал яах уу?



Дамдаа энд тууж явна гээд бод доо. "Нялх маркетер" хааяа нэг юм нэмж бай гээд, тээд би бичих гэж байгаа юм. Юутай ч Залуу маркетерийн уншигчидад "Хай олл" гээд мэндэлчие даа. За тэгээд маркетинг гээд л хамаг байдагаа маркетингаар будах гэж оролдоод ч яахав дээ, тийм ээ, яг сайн мэдэхгүй байж. Магадгүй энэ чиглэлтэй ойрхон хавиар давхиад байдагийн хувьд бусад салбартайгаа яг яаж авцалдаад байна гэдэг дээр жаахан долиорч магадгүй ээ.

За тэгээд анхны бичлэгээ эрэлтийн муруй ба маркетинг хоёр яг яаж уялдаад байдагийг Дамдаа өөрийн бие дээр хэрхэн ойлгож авсан аа бичие. Тэгээд нилээд хэд хоног баая баая.

Ер нь бол өнөө эрэлтийн муруй гээд нэг уруудсан муруй хаа сайгүй л зурсан байдаг даа. Тэрний чинь нөгөө тайлбар нь тухайн бараанд хэрэглэгч хэдийг ТӨЛӨХӨД БЭЛЭН БАЙДАЛ-ыг харуулдаг айхтар эд шүү дэ. Юу гэдгийн энэ барааны үнэ хэд болчихвол та худалдан авах вэ? гэдгийг харуулдаг муруй ч гэж хэлж болно.

Тэгэхээр ингэсийн.

Би энд анх 2002 онд анх ирлээ, миний уулзсан япон хүн бүр намайг ядуу оюутан, нөхөр чинь оюутан, тэгээд нэг хүүхэдтэй яаж ийм бага тэтгэлэг дээр та 3 амьдарна аа гээд л толгой сэгсрээд л үнэн хэцүү. Би ч одоо яах вэ дээ, хаа газрын оюутан ядуу л байдаг хойно, гүрийж байгаад л зэрэг ахиулаад л буцна л гэж бодож байсан.

Нэг өдөр гэртээ иртэл манай шуудангийн хайрцаганд хэрэв та гэртээ кабель, интэрнээт тавиулахыг хүсвэл сард ердөө 1800-г хоёр дахин үржээд 3600-хан иен төлнө өө гэсэн зар бичээд хийчихсэн байвал яах уу?

Миний тэтгэлэг сарын 184 мянган иен гээд бодохоор 3600 иен гэдэг бол 24 цагийн интэрнээт, тэгээд 10-д англи хэлний сувгийг 24 цаг үнэгүй үзнэ гэхээр үнэн төлчихмөөр үнэ байгаа биз. Өнөө ядуугийн ядуу гэж үзэгддэг, нийгмийн эмзэг давхаргын Дамдаа шууд энэ үйлчилгээг худалдан авахаар шийдэв. За тэгээд л яг яаж өнөө газар руугаа хэлэх үү гээд л эрэл хайгуул болох гэтэл та зүгээр л хаалганы дугаараа, утастайгаа бичээд дор байгаа хайрцагт хийнэ үү, гэсэн заавар зарын дор нь байвал яах уу? Бичээд хайрцаганд нь хийлээ, бараг тэр дороо утас дуугараад л та хэдэн цагт гэртээ байх вэ гээд л аягүй эелдэг дуугаар япон хүн асуугаад л Дамдаа уярахгүй яах вэ дээ. Би хагас сайны өдөр гэртээ байна гээд цагаа хэлсэн. Яг хэлсэн өдөр цагтаа 2 япон гозойж байгаа юм чинь.

Гэртээ сууж байгаад л энэ нээрээ зүгээр юм байна, кавель, нээт тавиулая гэж бодонгуут л "өөрөө бүтээд" хаяж байхад би нээт хэрэглэж кавель үзэхгүй яахын? Гол нь тэгээд тийм бага үнээр ш дээ.

Тэрнээс Дамдаа ирсэн даруйдаа "Ээ, бүү үзэгд энэ үнэтэй газар маны интернээт хэрэглэж, кабель үзнэ гэж юу байхав" гэсэн нэг тийм битүү итгэл үнэмшилдээ бүүр автчихсан гэртээ тэгээд л таг харанхуйгээр гүрийхээр тас шийдээд явж байлаа гэж.

Тэгээд хамгийн сонин нь, дахиад хэлэхэд, тэр үнэ, 1800 иень гэдэг бол яалт ч үгүй миний кавель, эсвэл интернээтэд ТӨЛӨХӨД БЭЛЭН ҮНЭ байсан байж л дээ, Дамдаа тэрийгээ ч мэдэхгүй тийм болохоор тэр үйлчилгээг огтоосоо сонирхохгүй явж байсан байгаа юм. Тэгэхээр туршлагатай макетерууд бол дундаж хэрэглэгчийн хар хайрцаг руу нэвтрэн ороод л яг энэ үйлчилгээнд энэ нөхөр яг хэдийг төлөх бол гэдгийг нь олон долоон юм асууж сурж байгаад мэдчихдэг нөхдүүд байна л даа. Тэгж байгаад зорилтот зах зээлдээ энэ мэдээлэлээ хүргэж өгдөг, бас үйлчилгээг захиалахад тэг зардал гардаг ийм аймаар байхаар чинь одоо зах зээлээ байлдан эзэлж тэлэхээс ч яах уу дээ тиймээ.

Гэтэл нөгөө нэг үйлчилгээ. Манай газны компаны 300 иен сар бүр нэмээд төлчүүл ямарч үед гэр дэхь газны хэмжээг чинь 24 цагийн турш хэмжиж гал гарах түвшинд хүрвэл дохио өгч дуугардаг тийм лаг хэрэгсэл залгаж өгнө гэв. Би үгүй чиш, үхнэ л гэж байхгүй наадах чинь манайд хэрэггүй гэж байгаа юм. Нөхөр гэтэл яаж байна, чухам л тэр багажгүй бол гай болж шөнө угаартаад үхэх юм гэнэ, тэгээд бид сар бүрийн 300 иен дээр "маргаж маргаж" нөхөр дийлээд тавиулахаар болж ч байх шиг.

3600 vs.300 иен гээд л та бодохгүй юу?

Төсөв бус, төлөхөд бэлэн байдал ч бараа сонголтонд нөлөөлдөг ч юм шиг гэж бодооол.

Хүүеэ, их дээд сургуульд уншдаг лекцнээсээ хэсэглээд явлаа шүү, мөнгийг нь төлөөрэй, хэ хэ хэ.

Цааш нь...

Хятад улс дэлхийн Авто Машины хамгийн том зах зээл болох цаг ойртсоор


Хятадын төрийн хэвлэлийн мэдээлснээр өнгөрсөн сарын судалгаан дээр үндэслэн БНХАУ дэлхий дээрх хамгийн том авто зах зээлтэй улс болжээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын турш Хятадад 735 мянган автомашин борлогдсон байна. Харин дэлхийн зах зээлд тэргүүлэгч Америкт мөн хугацаанд 656976 ширхэг автомашин борлогджээ. Шинжээчдийн үзэж буйгаар нэгдүгээр сард Хятадад үндэсний томоохон баяр болох Цагаан сар тохиосон нь автомашины худалдааг сайжруулсан хэмээн тайлбарлаж байна. АНУ-ын хувьд ч ялгаагүй Зул сарын баярын үеэр автомашины худалдаа эрс сайжирдаг ажээ. Гэхдээ нэг сарын дүнгээр Хятад тэргүүлсэн ч жилийн ерөнхий дүнгээр АНУ дэлхийд тэргүүлэгч, дэлхийн хамгийн томд тооцогдох авто зах зээлтэй улс орон хэвээр байна гэдэгт шинжээчид итгэлтэй байна.

Цааш нь...

Friday, February 20, 2009

Цахим номнууд /цуврал/ № 5

Залуу Маркетерууддаа зориулан e-bay, e-commerce, Online Marketing чиглэлээрх цахим номнуудыг цуврал байдлаар хүргэж байна.
Танд амжилт хүсэе.

Цааш нь...

Цахим номнууд /цуврал/ № 4

Нийт Залуу Маркетерууддаа зориулан e-bay, e-commerce, Online Marketing чиглэлээрх цахим номнуудыг цуврал байдлаар хүргэж байна.
Танд амжилт хүсэе.

Цааш нь...

Thursday, February 19, 2009

Дэлхийн эдийн засгийн хямралаас хэзээ гарах вэ?


Энэ сарын эхээр Наран улсад дэлхийн санхүүгийн хямралын талаар өргөн хүрээний санал асуулга явагджээ. Тус улсын 100 томоохон компаниудын дунд телевизийн NHK компаниас явуулсан энэ санал асуулгын дүнгээр 2010 он гэхэд л хямралаас гарна гэсэн хариултыг дийлэнх нь өгсөн байна.

Харин гурван компанийн захирлууд хямралаас энэ оны эхний хагас жилд гарна гэж үзжээ. Тэгвэл 15 компани сүүлийн хагаст гарна гэж тооцоолсон бол ирэх жилийн эхний хагаст 24 компани, харин 33 нь 2010 онд хямралыг давах болно гэж хариулсан байна. Үлдсэн 11 компани 2011 онд гэжээ. Түүнээс гадна 44 компани энэ онд байдал улам ширүүснэ, 23 нь арай нааштай эргэнэ гэж үзсэн байна.

Цааш нь...

Wednesday, February 18, 2009

Монгол улсын нийгэм эдийн засгийн байдал 2008 оны арванхоёрдугаар сарын байдлаар


Монгол улсын нийгэм эдийн засгийн байдал 2008 оны арванхоёрдугаар сарын байдлаарУлсын нэгдсэн төсөв

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүн 2008 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2156.4 тэрбум төгрөг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээл 2462.0 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн алдагдал 305.7 тэрбум төгрөг болсон байна...

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүн 2008 оны урьдчилсан гүйцэтгэлээр ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээл 40.2 хувь, нэгдсэн төсвийн алдагдал 5.0 хувийг тус тус эзэлж байна.

Төсвийн урсгал орлого 2136.1 тэрбум төгрөг, урсгал зардал 1749.5 тэрбум төгрөг болж, урсгал тэнцэл 386.6 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. ДНБ-д төсвийн урсгал ашгийн хэмжээ 2008 оны урьдчилсан гүйцэтгэлээр 6.3 хувь болж 2007 оныхоос 4.3 пунктээр буурчээ.

Татварын нийт орлого 2007 оныхоос 386.6 тэрбум төгрөг буюу 25.7 хувь, үүнээс гадаад худалдааны татварын орлого 48.4 тэрбум төгрөг буюу 47.2 хувь, онцгой албан татварынх 44.7 тэрбум төгрөг буюу 33.4 хувь, нэмэгдсэн өртгийн албан татварынх 90.0 тэрбум төгрөг буюу 33.9 хувиар тус тус нэмэгдэв.

Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүнд урсгал зардал 71.1 хувь, хөрөнгийн зардал 25.4 хувь, эргэж төлөгдөх цэвэр зээл 3.6 хувийг эзэлж байгаа нь 2007 оныхоос урсгал зардлын эзлэх хувийн жин 7.2 пункт, эргэж төлөгдөх цэвэр зээл 1.0 пунктээр тус тус буурч, хөрөнгийн зардлын эзлэх хувийн жин 8.2 хувиар өссөн байна.

ДНБ-д хөрөнгийн зардлын эзлэх хувь 2008 оны урьдчилсан гүйцэтгэлээр 10.2 хувь болж 2007 оныхоос 3.7 пунктээр нэмэгдсэн байна.

Мөнгө, зээл, үнэт цаасны зах зээл
Mонголбанкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт (M2) 2008 оны 12 дугаар сарын эцэст 2341.4 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаас 99.6 тэрбум төгрөгөөр буюу 4.4 хувиар өссөн боловч 2007 оныхтой харьцуулахад 59.9 тэрбум төгрөгөөр буюу 2.5 хувиар буурсан байна.

Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2008 оны 12 дугаар сарын эцэст 407.2 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаас 76.3 тэрбум төгрөгөөр буюу 23.0 хувь өсч, 2007 оныхтой харьцуулахад 43.1 тэрбум төгрөгөөр буюу 11.8 хувиар нэмэгдлээ. Иргэд, байгууллагын төгрөгийн хадгаламж өмнөх сарынхаас 67.9 тэрбум төгрөгөөр буюу 6.7 хувиар, 2007 оныхоос 169.6 тэрбум төгрөгөөр буюу 15.2 хувиар тус тус буурч 944.1 тэрбум төгрөгт хүрэв. Гадаад валютын хадгаламж 452.8 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаас 50.4 тэрбум төгрөгөөр буюу 12.5 хувь өсч, 2007 оныхтой харьцуулахад 76.8 тэрбум төгрөгөөр буюу 20.4 хувиар илүү байна. 2008 оны 12 дугаар сарын эцэст аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2007 оныхоос 28.2 хувиар өсч, 2635.6 тэрбум төгрөгт хүрсэн байна. Иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2007 оныхоос 20.9 хувиар, хувийн байгууллагынх 34.7 хувиар, улсын байгууллагынх 27.3 хувиар, санхүүгийн бусад байгууллагынх 20.6 хувиар тус тус өссөн бол бусад байгууллагынх 36.8 хувиар буурчээ.

Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 53.0 тэрбум төгрөгөөр буюу 2.3 дахин, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 120.6 тэрбум төгрөгөөр буюу 2.8 дахин өсөв. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 188.7 тэрбум төгрөгт хүрч, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.2 хувийг эзэлж байгаа бөгөөд 2007 оныхоос 3.85 пунктээр нэмэгдсэн байна.

Гадаад валютын цэвэр албан нөөц 2007 оны 11 дүгээр сарын эцсийн байдлаар 606.3 сая ам.долларт хүрсэн нь манай улсын импортын 8.7 долоо хоног буюу 2.2 сарын хэрэгцээг хангахуйц түвшинд хүрсэн байна. 2007 оныхтой харьцуулахад гадаад валютын цэвэр албан нөөц 400.9 сая ам.доллар буюу 39.8 хувиар буурсан байна.

Төгрөгийн ам. доллартай харьцах нэрлэсэн ханш 2008 оны 12 дугаар сарын эцэст 1267.51 төгрөгт хүрч 2007 оны 12 дугаар сарынхтай харьцуулахад 8.3 хувь, 2008 оны 11 дүгээр сарынхаас 8.3 хувь тус тус суларчээ. Төгрөгийн евротой харьцах нэрлэсэн ханш 1786.75 төгрөгт хүрч 2007 оны 12 дугаар сарынхаас 4.1 хувь, 2008 оны 11 дүгээр сарынхаас 18.3 хувь тус тус сулрав. Төгрөгийн юаньтай харьцах нэрлэсэн ханш 185.25 төгрөг болж 2007 оны 12 дугаар сарынхаас 15.7 хувь, 2008 оны 11 дүгээр сарынхаас 8.1 хувь тус тус суларсан байна.

Хөрөнгийн биржид үнэт цаасны арилжаа 2008 оны 12 дугаар сард 23 удаа явагдаж, 2.4 сая ширхэг үнэт цаас арилжигдаж, 740.4 сая төгрөгийн гүйлгээ хийгдэв. Арилжигдсан үнэт цаасны тоог 2008 оны 11 дүгээр сарынхтай харьцуулбал 61.6 хувиар, гүйлгээний хэмжээ нь 37.5 хувиар тус тус буурсан байна. 2007 оны 12 дугаар сарынхтай харьцуулахад арилжигдсан үнэт цаасны тоо 8.5 дахин, гүйлгээний хэмжээ 22.2 дахин буурсан байна.

ТОП-20 дундаж индекс 2008 оны 12 дугаар сард 5777.7 болж, өмнөх сарынхаас 623.7 нэгжээр буурчээ. Хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаний нийт үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 2008 оны 12 дугаар сард 515.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 46.5 тэрбум төгрөгөөр буюу 8.3 хувиар буурсан байна.

Хэрэглээний үнийн индекс
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын дүнгээр 2008 оны жилийн эцэст өмнөх сарынхтай харьцуулахад 0.04 хувь, 2007 оны жилийн эцсийнхээс 22.1 хувиар өслөө.

Хэрэглээний үнийн өсөлт нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2008 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд дэвшүүлсэн хэрэглээний үнийн индексийг 6.0 хувьд байлгахаар тавьсан зорилтоос 3.7 дахин өндөр байна.

Түүнчлэн хэрэглээний үнийн индексийн жилийн дундаж түвшин 2008 онд 28.0 хувь байгаа нь сүүлийн 10 жилд гараагүй өндөр үзүүлэлт юм. Хэрэглээний үнийн улсын индекс 2008 онд 22.1 хувь өссөний дотор боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 39.9 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээнийх 31.4 хувь, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээнийх 27.0 хувь, тээврийнх 25.8 хувь, хүнсний барааных 24.0 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшнийх 22.6 хувь, хувцас, гутал, бөс барааныx 16.5 хувь, гэр ахуйн бараа, тавилгынх 15.4 хувь, бусад бараа, үйлчилгээнийх 14.6 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийнх 12.4 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээнийх 9.7 хувиар өсч, харин холбооны үйлчилгээнийх 3.0 хувиар буурчээ.

Хэрэглээний үнийн улсын индексийн 2008 оны 22.1 хувийн өсөлтийн 10.2 нэгж нь хүнсний барааны бүлгийн үнийн өсөлтөөс; 2.4 нэгж нь орон сууц, ус цахилгаан, түлшний бүлгийн; 2.4 нэгж нь тээврийн бүлгийн, 2.3 нэгж нь хувцас, гутал, бөс барааны бүлгийн, 2.2 нэгж нь боловсролын бүлгийн үнийн өсөлтөөс голлон шалтгаалсан байна. Аймгуудад хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2008 оны жилийн эцэст 2007 оныхтой харьцуулахад 11.9-29.4 хувь өссөний дотор Булган аймагт хэрэглээний үнэ 29.4 хувь нэмэгдсэн нь хамгийн өндөр өсөлттэй байв.

Гадаад худалдаа
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2008 оны урьдчилсан гүйцэтгэлээр 6155.1 сая ам.доллар, үүнээс экспорт 2539.3 сая, импорт 3615.8 сая ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 1076.5 сая ам.долларын алдагдалтай гарлаа.

Гадаад худалдааны алдагдлын хэмжээ 2007 оныхоос 855.6 сая ам.доллараар нэмэгдсэн байна. Үүнд импортын бэлэн бүтээгдэхүүн болон шатах тослох материалын үнийн өсөлтөөс шалтгаалж импортын өсөлт экспортынхоос 36.3 пунктээр илүү байгаа нь нөлөөлөв. Нийт бараа эргэлт 2007 оныхоос 49.4 хувь, экспорт 30.3 хувь, импорт 66.6 хувиар тус тус өслөө.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2008 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд гадаад худалдааны тэнцлийг сайжруулж, гадаад валютын цэвэр албан нөөцийг өсгөх зорилт тавьсан боловч гадаад худалдааны нийт тэнцэл 2008 оны урьдчилсан гүйцэтгэлээр 1076.5 сая ам.долларын алдагдалтай гарч, 2007 оныхоос алдагдлын хэмжээ 855.6 сая ам.доллараар буюу 4.9 дахин өссөн дүн гарч байна. 2007 оныхтой харьцуулахад экспортын дүнд өндөр хувийн жин эзэлдэг эрдэс бүтээгдэхүүн 224.1 сая ам.доллараар, үнэт ба хагас үнэт чулуу, металл, гоёлын зүйлс 365.3 сая ам.доллараар, хими, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн 31.7 сая ам.доллараар, мал, амьтад, тэдгээрээс гаралтай бүтээгдэхүүн 4.7 сая ам.доллараар тус тус нэмэгдэж, харин нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн 37.1 сая ам.доллараар, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 3.3 сая ам.доллараар, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэл 1.6 сая ам.доллараар буурсан байна.

Нийт экспортын хэмжээ 2007 оныхоос 590.1 сая ам.доллараар буюу 30.3 хувиар өссөний 207.5 сая ам.доллар буюу 35.2 хувь нь үнийн өсөлт, 382.6 сая ам.доллар буюу 64.8 хувь нь биет хэмжээний өсөлт байжээ. Зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 2007 оныхоос 4.1 хувиар буурч, үнийн дүн нь 3.0 хувиар өссөн байна. 2007 онд нэг тонн зэсийн баяжмалын үнэ дунджаар 1335.2 ам.доллар байсан бол 2008 оны урьдчилсан гүйцэтгэлээр 1433.6 ам.доллар болж, 7.4 хувиар өсчээ.

Боловсруулаагүй алтны экспортын биет хэмжээ 2007 оныхоос 91.2 хувиар, үнийн дүн нь 2.5 дахин өссөн байна. 2007 онд нэг кг боловсруулаагүй алтны үнэ дунджаар 20.3 мянган ам.доллар байсан бол 2008 оны урьдчилсан гүйцэтгэлээр 27.1 мянган ам.доллар болж, 33.6 хувиар нэмэгдэв.

2007 оныхтой харьцуулахад импортын дүнд өндөр хувийн жин эзэлдэг эрдэс бүтээгдэхүүний импорт 362.7 сая ам.доллараар, авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт 235.5 сая ам.доллараар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, тэдгээрийн сэлбэг, эд ангийн импорт 183.1 сая ам.доллараар, үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүн 102.7 сая ам.доллараар, хүнсний бэлэн бүтээгдэхүүн 71.1 сая ам.доллараар, ургамлын гаралтай бүтээгдэхүүний импорт 81.2 сая ам.доллараар, хими, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн 42.6 сая ам.доллараар тус тус өсч, харин нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүний импорт 10.2 сая ам.доллараар буюу 21.0 хувиар буурсан байна.

Импортын хэмжээ 2007 оныхоос 66.6 хувиар буюу 1445.7 сая ам.доллараар өссөний 64.2 хувь буюу 928.8 сая ам.доллар нь үнийн өсөлт, 35.8 хувь буюу 516.9 сая ам.доллар нь биет хэмжээний өсөлт байна.

2007 оныхоос автобензиний импортын биет хэмжээ 20.3 мянган тонноор, үнийн дүн нь 123.1 сая ам.доллараар; хөнгөн тэрэгний импортын биет хэмжээ 16.3 мянган ширхэгээр, үнийн дүн 88.9 сая ам.доллараар; гурилын импортын биет хэмжээ 19.9 мянган тонноор, үнийн дүн 25.5 сая ам.доллараар нэмэгдэж; харин цахилгаан эрчим хүчний импортын биет хэмжээ 9.9 сая квт.цагаар буурч, үнийн дүн 1627.9 мянган ам.доллараар тус тус өслөө.

Аж үйлдвэр
Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2008 онд 2005 оны зэрэгцүүлэх үнээр 1764.6 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 47.7 тэрбум төгрөгөөр буюу 2.8 хувиар өсчээ.

2007 оныхтой харьцуулахад бусад ашигт малтмал олборлолт, ус ариутгал, усан хангамж, нэхмэлийн үйлдвэрлэл, цахилгаан, дулаан, уур үйлдвэрлэл, нүүрс олборлолт, тамхи үйлдвэрлэл, мебель тавилга үйлдвэрлэл, боловсруулах салбарын бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэл, машин тоног төхөөрөмжөөс бусад төмөр эдлэл үйлдвэрлэл, мод, модон эдлэл үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл, газрын тос, шатдаг хий олборлолт, нийтлэх, хэвлэх, дуу бичлэг хийх ажиллагаа, төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл үйлдвэрлэл, бичиг хэргийн болон тооцоолох техник үйлдвэрлэл, цахилгаан машин хэрэгсэл үйлдвэрлэл, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, кокс, шингэн болон цацраг идэвхт түлш үйлдвэрлэл, тээврийн бусад хэрэгсэл үйлдвэрлэл, зэрэг салбарын үйлдвэрлэл 0.7 хувиас 9.0 дахин өсч, харин металлын хүдэр олборлолт, цаас, цаасан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, төмрийн үйлдвэрлэл, эмнэлгийн багаж хэрэгсэл, нарийн хэмжүүр, хараа зүйн хэрэгсэл, цаг үйлдвэрлэл, хувцас үйлдвэрлэл, үслэг арьс боловсруулалт, резин болон хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэл, арьс, шир боловсруулах, ширэн эдлэл, гутал үйлдвэрлэл, машин тоног төхөөрөмж үйлдвэрлэл зэрэг салбарын үйлдвэрлэлт 3.2-66.7 хувь буурсан байна.

Аж үйлдвэрийн мэдээнд хамрагдсан гол нэрийн бүтээгдэхүүнийг 2007 оныхтой харьцуулбал 61.8 хувийнх нь үйлдвэрлэл өсч, 38.2 хувийнх нь үйлдвэрлэл буурчээ.

Аж үйлдвэрийн салбарт хөдөлмөрийн бүтээмж (2005 оны зэрэгцүүлэх үнээр) 2008 онд 34.8 сая төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 5.3 хувиар өссөн байна. Хөдөлмөрийн бүтээмжийн үзүүлэлт 2007 оныхоос боловсруулах салбарт 13.8 хувь, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэлтийн салбарт 5.5 хувиар өсч, харин уул уурхай, олборлох салбарт 1.3 хувиар буурчээ. Аж үйлдвэрийн гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс цахилгаан, дулаан, нүүрс, түгээсэн цэвэр ус, газрын тос, хайлуур жоншны баяжмал, малын мах, боловсруулсан шингэн сүү, хиамны зүйл, тараг, талх, нарийн боов, гоймон, спирт, архи, пиво, цэвэр ус, жүүс, тамхи, хивс, шахмал эм, шохой, төмөр бетон эдлэл, шавардлагын зуурмаг, хөөсөнцөр хавтан, металл бэлдэц, металл цувимал зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл биет хэмжээгээр өсч, харин 35 хувийн агуулгад шилжүүлсэн зэсийн баяжмал, 47 хувийн агуулгад шилжүүлсэн молибдений баяжмал, алт, цайрын баяжмал, өлөн гэдэс, гурил, чихэр, дарс, тарилгын эм, катодын зэс, бетон дэр, цул бетон, ган төмөр хийц, нэг удаагийн тариур, лаа зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл биет хэмжээгээр буурсан байна. Аж үйлдвэрийн салбарын дүнгээр 2008 онд 2920.8 тэрбум төгрөгийн (оны үнээр) бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд борлуулав.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн 2008 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан махны хэмжээ 19.0 мянган тонн, дотоодын үйлдвэрлэлээр хангах гурилын хангалтын хувь 43, үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан сүүний хэмжээг 25.9 сая литр, цементний үйлдвэрлэл 300.0 мянган тн, экологийн цэвэр түлшний үйлдвэрлэл 150 мян.тн байхаар тусгасан бөгөөд 2008 оны гүйцэтгэлээр үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан мах 12.0 мянган тонн, үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан сүүний хэмжээ 7.4 сая литр, цементийн үйлдвэрлэл 269.3 мянган тонн, экологийн цэвэр түлшний үйлдвэрлэл 2.6 мянган тонн болсны дээр дотоодын үйлдвэрлэлээр хангах гурилын хувийн жин 31.9 байна.

Тээвэр
Бүх төрлийн тээврээр 2008 онд 23.9 сая тонн ачаа, давхардсан тоогоор 231.6 сая зорчигч тээвэрлэсэн нь 2007 оныхоос тээсэн ачаа 574.1 мянган тонн буюу 2.5 хувь, зорчигчдын тоо 21.7 сая хүн буюу 10.3 хувиар тус тус өсчээ. Төмөр замын тээврээр 2008 онд 14.6 сая тонн ачаа, давхардсан тоогоор 4.4 сая зорчигч тээвэрлэсэн нь 2007 оныхоос тээсэн ачаа 525.6 мянган тонн буюу 3.7 хувиар өсч, зорчигчдын тоо 125.4 мянган хүн буюу 2.8 хувиар буурлаа. 2008 оны 12 дугаар сард өмнөх сарынхаас тээсэн ачаа 139.1 мянган тонн буюу 11.1 хувь, зорчигчдын тоо 68.0 мянган хүн буюу 20.0 хувиар буурчээ. Төмөр замын дотоодод тээвэрлэсэн ачаа 472.8 мянган тонн буюу 6.3 хувь, олон улсад тээвэрлэсэн ачаа 52.9 мянган тонн буюу 0.8 хувиар нэмэгджээ.
Дамжин өнгөрөх тээврийн ачааны хэмжээ 2337.1 мянган тонн болж, 2007 оныхоос 1136.2 мянган тонн буюу 32.7 хувиар буурсан байна.

Агаарын тээврээр 2008 онд 1.8 мянган тонн ачаа, давхардсан тоогоор 365.5 мянган зорчигч тээвэрлэж, 2007 оныхоос тээсэн ачаа 0.1 мянган тонн буюу 2.4 хувь, зорчигчдын тоо 22.9 мянган хүн буюу 5.9 хувиар буурлаа. 2008 оны 12 дугаар сард өмнөх сарынхаас агаарын тээврээр тээсэн ачаа 7.4 тонн буюу 5.6 хувь, зорчигчдын тоо 1.3 мянган хүн буюу 5.7 хувиар тус тус буурчээ. Агаарын тээврээр олон улсад тээвэрлэсэн зорчигчдын тоо 2007 оныхоос 3.5 мянган хүн буюу 1.3 хувь, дотоодод тээвэрлэсэн зорчигчдын тоо 19.5 мянган хүн буюу 15.9 хувиар буурав.

Авто тээврээр 2008 онд 9.3 сая тонн ачаа, давхардсан тоогоор 226.9 сая зорчигч тээвэрлэсэн нь 2007 оныхоос тээсэн ачаа 48.6 мянган тонн буюу 0.5 хувь, зорчигчдын тоо 21.9 сая хүн буюу 10.7 хувиар тус тус өссөн байна.
Бүх төрлийн тээвэрлэлтийн нийт орлого 2008 онд 412.1 тэрбум төгрөгт хүрч, 2007 оныхоос 20.4 хувь буюу 69.8 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Авто техникийн улсын үзлэг, тооллогын дүнгээр 2008 онд 190.5 мянган тээврийн хэрэгсэл тоологдсон нь 2007 оныхоос 17.6 хувь буюу 28.5 мянгаар нэмэгдсэн байна. Нийт авто тээврийн хэрэгслийн 40.1 хувь нь 10 хүртэлх жил, 59.9 хувь нь 10-аас дээш жил ашиглагдсан байна.

Ажилгүйчүүд
Засаг захиргааны бүртгэлд үндэслэсэн ажил эрхлэлтийн 2007 оны жилийн эцсийн тайлангаар янз бүрийн шалтгаанаар улсын хэмжээнд нийтдээ 261.4 мянган хүн хөдөлмөр эрхлээгүй, үүнээс, хүүхэд, өндөр настан, өвчтөн асардаг, өвчтэй, гэр бүлийн хүний ажлын онцлог, гэрийн ажилтай зэрэг хүндэтгэх шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийг хасвал 165.4 мянган хүн хүндэтгэх биш шалтгаанаар тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй байжээ.

Эдгээр хүмүүсээс 2008 оны жилийн эцсийн байдлаар 29.8 мянга нь аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст ажил идэвхитэй эрж хайж байгаа ажилгүйчүүд гэж бүртгүүлсэн байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 2008 оны жилийн эцэст 29.8 мянга болж, 2007 оны жилийн эцсийнхээс 0.4 хувь буюу 0.1 мянган хүнээр буурсан байна. Улсын хэмжээгээр 17.6 мянган эмэгтэй ажилгүй гэж бүртгүүлсэн нь нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 59.1 хувийг эзэлж байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн мэдээгээр 2008 оны жилийн эцсийн байдлаар 52.7 мянган хүн ажилд зуучлагдаж орсон нь 2007 оныхтай харьцуулахад 4.9 хувь буюу 2.7 мянган хүнээр буурчээ. Ажилд орсон хүмүүсийн 13.3 хувь буюу 7.0 мян.хүн төрийн өмчит үйлдвэрийн газар, төсөвт байгууллагад, 86.7 хувь буюу 45.7 мян.хүн компани, хоршоо, бусад байгууллагад ажилд зуучлагдан орсон мэдээтэй байна.

Эрүүл мэнд
Амьд төрсөн хүүхдийн тоо 2008 онд 63.3 мянга, амаржсан эхийн тоо 63.1 мянга болж 2007 оныхоос 7.5 мянгаар буюу 13.4 хувиар өссөн байна. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2008 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдлийг 18; тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 24; 100 000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдлийг 69-д хүргэх зорилт тавьсан болно. 2008 онд 100000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 49, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 23 болж дэвшүүлсэн зорилт хэрэгжсэн байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2008 онд 20 болж 2007 оныхоос 2 пунктээр өссөн ч 2008 оны үндсэн чиглэлд тавьсан зорилтоо биелүүлж чадсангүй. Харин 1000 амьд төрөлтөд ногдох тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2007 оныхоос 1 пунктээр буурсан байна.

Нялхсын эндэгдэл /1000 амьд төрөлтөд ногдох/ Өвөрхангай, Дорноговь, Говьсүмбэр, Архангай, Хэнтий, Баянхонгор, Хөвсгөл, Говь-Алтай, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Завхан аймгуудад улсын дунджаас дээгүүр байна. Харин эхийн эндэгдэл 31 болсон нь 2007 оныхоос 38.0 хувь буюу 19 эхээр буурсан эерэг үр дүн байгаа боловч 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1.5 мянга болсон нь 2007 оныхоос 249 хүүхдээр буюу 20.2 хувиар нэмэгджээ.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 43.8 мянга болж, 2007 оныхоос 2.7 мянган хүнээр буюу 6.6 хувиар нэмэгдэв. Улсын хэмжээнд 10 000 хүнд ногдох халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 163 болж 2007 оныхоос 7 хүнээр нэмэгджээ. Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо өвчлөл Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Хөвсгөл, Дорноговь, Хэнтий, Булган, Говь-Алтай аймгууд болон нийслэлд улсын дунджаас дээгүүр байна. Тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 2007 оныхоос 50.6 хувь, трихомониазаар өвчлөгчдийн тоо 49.5 хувь, гонококкт халдвараар өвчлөгчдийн тоо 34.8 хувь, вируст гепатитаар өвчлөгчдийн тоо 3.7 хувь, салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 1.8 хувиар өсч, харин сүрьеэгээр өвчлөгчдийн тоо 3.2 хувь, цусан суулгаар өвчлөгчдийн тоо 1.9 хувиар тус тус буурсан байна. Вируст гепатит өвчний дэгдэлт хүн амын дунд ялангуяа цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийн дунд илүү эрчтэй тархсан байна. Нийт вируст гепатитаар өвчлөгчдийн 89.4 хувь нь “А” хэлбэрийн вируст гепатитаар өвчилжээ. Энэ онд 3.2 мянган хүн “гар, хөл, амны өвчин” (энтеровирус)-өөр өвчлөв. 2008 онд ХДХВ/ДОХ-ын тохиолдол 13 илэрч, улсын хэмжээнд нийт 49 тохиолдол бүртгэгдээд байна. Улсын хэмжээнд 2008 онд нийт 15.0 мянган хүн нас барснаас 26.4 хувь буюу 4.0 мянга нь эмнэлэгт нас баржээ. Эмнэлэгт нийт 638.4 мянган хүн хэвтэж эмчлүүлэв. Хувийн эмнэлгүүд 2008 онд 908.0 мянган хүнд үйлчилсэн байна.


Цааш нь...

Tuesday, February 17, 2009

Нэгдүгээр сард видео тоглоомын борлуулалт 13 хувиар өсчээ



Өнгөрсөн нэгдүгээр сард видео тоглоомын консол, программ хангамж болон туслах хэрэгслүүдийн борлуулалт өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 13 хувиар өсч, видео тоглоомын салбарт нийт 1.33 тэрбум ам.долларын борлуулалт хийгджээ.

Зах зээлийн судалгааны "NPD" группын хийсэн судалгаагаар энэ нэг сарын хугацаанд америкчууд 445.4 сая ам.долларыг видео тоглоомын техник хангамжинд зарцуулсан нь 2008 оны мөн үеийнхтэй харьцуулахад 17 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Нэгдүгээр сарын хугацаанд хамгийн олон хувь борлогдсон тоглоомын консол нь Японы "Nintendo" компанийн Wii тоглоомын консол байлаа. Тодруулбал, 679.200 хувь борлогдсон бол хоёрдугаарт мөн л "Nintendo"-гийн зөөврийн тоглоомын хэрэгсэл болох DS бичигджээ. Өнгөрсөн нэг сарын хугацаанд DS консол 510.800 хувь борлогдсон байна.

"Nintendo" компанийн Америк дахь салбарын ерөнхийлөгч Регги Филс-Эймигийн хэлснээр тус компанийн үйлдвэрлэсэн Wii тоглоомын консол 16 дахь сардаа дараалан жагсаалтыг тэргүүлж байгаа гэнэ. 250 ам.доллараар худалдаалагдаж буй Wii 2006 онд худалдаанд гарсан ч өдийг хүртэл хуучралгүй, тоглоом сонирхогчдын анхаарлын төвд байсаар байна.

Wii-н гол өрсөлдөгчид болох "Microsoft" корпорацийн Xbox-360 консол 309 мянган хувь борлогдсон бол хамгийн үнэтэйд тооцогдож буй "Sony" корпорацийн "PlayStation-3" 203.200 хувь борлогдсон байна.

Харин видео тоглоомын программ хангамжийн хувьд нэгдүгээр сард борлуулалт 10 хувиар өсч, 676.6 сая ам.долларт хүрчээ. Борлуулалтаараа тэргүүлсэн видео тоглоомын эхний гуравт "Nintendo"-гийн бүтээл бичигдсэн байна. Тодруулбал, "Wii Fit" тоглоомын жагсаалтыг тэргүүлж, эхний тавд "EA"-ын бүтээл "Left 4 Dead" болон "Activision Blizzard"-ын "Call of Duty: World at War" тоглоомууд багтжээ.

Цааш нь...

Monday, February 16, 2009

Дэлхийн эдийн засаг хямраад байгаа ч Италийн мафи өдөрт 250 саяыг олж байна


Add Image
"Bloomberg''-ийн нийгэм соёл судалгааны хүрээлэнгийн болон "SOS impresa" гэдэг бизнесмэнүүдийн байгууллагын мэдээгээр хямралын үед Италийн гэмт бүлэглэлүүдийн (мафи) орлого буурах бус харин ч эсрэгээрээ өссөн тоо гарчээ. Тэдний орлого өнгөрсөн жилд 40 млрд-аар өссөн бөгөөд 2007 оны байдлаар тэдний орлого 90 млрд байсан байна.

Хэзээнээс зартай Италийн гэмт бүлэглэлүүд өөрсдийн гол наймаа болох хар тамхины худалдаанаас жилд 59 орчим млрд, зэвсгийн наймаанаас 5,9 гаруй млрд-ийг олдог бол "рэкет"-ийн үр дүнд 90 млрд-ийг халаасладаг байна. Мөн мэдээнд Италийн бүлэглэлүүд өдөрт л 250 сая еврогийн орлоготой байдаг талаар ч дурьсанаас үзэхэд Италийн мафи хямралын үед хамгийн ашиг орлоготой ажиллажээ.

Цааш нь...

Saturday, February 14, 2009

Зах зээлд манлайлагч 2008 ёслолын ажиллагаа



Цааш нь...

Маркетингийн нэр томьёо ны тайлбар № 14 "P" /Positioning - Хоногшуулалт. Тухайн бүтээгдэхүүн өрсөлдөгч бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад ямар давуу тал/


Public Reletions /PR/- Олон нийтийн харилцаа. Байгууллагын төрөл бүрийн харилцагчидтай зөв зохистой харилцснаар эерэг сэтгэгдэл үлдээх байгууллагын дүр төрхийг (Имиджийг) бүрдүүлэх, таниулах, нэр хүндийг өргөх, элдэв таагүй үйл явдал, цуу яриаг зохицуулан шийдвэрлэх, үйл ажиллагаа.

Perceptual Map
- Хоногшилтын бүдүүвч. тухайн бүтээгдэхүүн тодорхой үзүүлэлтүүдээс хамааран бусадтайгаа харьцуулахад ямар байр суурь эзэлж байгааг харуулж тодорхойлох бүдүүвч зураг.

Personal Selling - Биечилсэн борлуулалт. Компаний борлуулалтын ажиллагчдын хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх, бүтээгдэхүүнээ борлуулах зорилгоор тэдэнтэй биечилэн уулзаж харилцах үйл ажиллагаа.

Positioning - Хоногшуулалт. Тухайн бүтээгдэхүүн өрсөлдөгч бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад ямар давуу талтай, хэрэглэгчийн ухамсарт ямар байр суурь эзэлж байгааг, ямар сэтгэгдэл төрүүлж байгааг илэрхийлнэ.

Promotion Mix - Идэвхжүүлэлтийн иж бүрдэл. Зар сурталчилгаа, борлуулалтын урамшуулал, Олон нийтийн харилцаа, биечилсэн борлуулалт болон шууд маркетинг зэрэг идэвхжүүлэлтийн арга хэрэгсэлүүд.


Цааш нь...

Friday, February 13, 2009

Дэлхийн эдийн засгийн хямрал ба түүхэн сургамжууд


Хямралын үед бидэнд юу тохиолдох вэ?

Юуны өмнө хямралын үе дэх гол хүндрэл нь юу юм бэ гэдгийг авч үзье. Бараа, үйлчилгээний борлуулалт муудаж, орлого багасаад ирэх үед компаниуд боломжтойгоор нь хувьсах зардал буюу ажиллах хүчний цалинг багасгах, орон тоог цомхотгохоос өөр мэхгүй болжээ. Дээр нь дампуурсан жижиг худалдаачид, малгүй болсон малчид нэмэгдээд ажилгүйчүүдийн арми өдөрт хэдэн мянгаараа үржиж байна. Маш олон хүн ажилгүй суухаар яах нь ойлгомжтой. Өлсөнө, бухимдана, тэгээд ажил хайж янз бүрийн газраар явна. Цөхрөхдөө бусдаас гуйх, хулгайлах, булаах, алах зам руу орно. Гэмт хэрэг гаарна. Хүмүүнлэгийн хямрал болно.

Төр жаахан орлого олж байсан үедээ болзошгүй хямралд бэлтгээгүй хамаг мөнгөө цацаж, тарааж байсан болохоор хавтгайрсан тэтгэлэг, тэгэмжүүд ч ингэсгээд зогсоно. Яагаад гэвэл тараах мөнгийг бүрдүүлдэг бизнес эрхлэгчдийн орлого буурахаар татварт олигтой юм орохоо болино. Товчхондоо гол хүндрэл бол ажилгүйдэл болох гээд байна.

Ажилгүйдэл нь хийх ажил байхгүйгээс л үүдэж байгаа нь тодорхой. Тэгвэл " иргэдээ ажилтай болгож байж л ажилгүйдлийг давна" гэсэн энгийн санаа гарна даа. Тэрнээс биш дан ганц хэмнэх, үл хэрэглэх зарчим нь хямралыг сааруулахаас, гаргах арга биш.

Дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямралыг "12-18 сар үргэлжилж дуусна" гэж мэдэмхийрэх хүн байхад "10 жил үргэлжлэх юм гэнэ лээ" хэмээн айлгах нэгэн ч таарах юм. Бодитойгоор авч үзвэл ойрын гурван жилдээ бид эдийн засгийн хэвийн хэмнэлдээ орж чадахгүй болов уу. Учир нь хямрал монголд эхлэж байна. Уналтын үедээ очоод, яаж ийгээд зогсоолоо гэхэд сэргээхэд багагүй цаг орно. АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Буш "Дэлхий нийтэд тулгараад буй эдийн засгийн хямрал нь нэг шөнө бий болоогүй тул нэг өдөрт шийдэгдэхгүй" хэмээн онож хэлжээ.

Нэг шөнө, нэг өдөрт шийдэгдэхгүй нь тодорхой болохоор одоо дэмий ярьж цагаа баралгүй хийж эхлэх цаг тулгарлаа. Бэлэн жор биш ч санаа авах, өөрийн болгож хийх түүхэн туршлагууд ч байна.

Бусдын туршлага ба сургамж

Жишээ 1. Америк. Дэлхийн эдийн засгийн энэ удаагийн хямралыг 1929-1930 онд Америкаас эхлэсэн Их Хямралтай зүйрлэсээр байна. Маш олон хямрал болж байснаас 1929 оны 10 дугаар сарын 29-ний хямралыг хамгийн удаан үргэлжилсэн гэж үздэг юм билээ. Тэгвэл тэр цагт АНУ хямралыг яаж давсан нь бидэнд сургамжтай байх нь мэдээжийн хэрэг.

Америкийн эдийн засаг Дэлхийн I дайнаас хойш 1929 он хүртэл огцом өсчээ. Цатгалдсан үнэт цаасны наймаачид хувьцааны ханшийг хөөсрүүлэн өсгөж, тоглох болсон нь хямралын өрнөл болсон юм. Хэдийгээр Америкийн эрдэмтэд 1924 оны үеэс “Хувьцааны үнэлэмж гэнэт унаснаар аюул болно, манай эдийн засаг хэт халж байна, хямрал нүүрлэж байна ” хэмээн анхааруулж сэрэмжлүүлж байсан ч хэн ч тоосонгүй. Хямрал нэг л өдөр гамшиг болж хувирлаа. Тэр хар мягмар гаригт Хөрөнгийн биржүүд нээгдмэгцээ л хаалгаа барьцгаажээ. Индекс нь 381 нэгжээс 200 хүртлээ бараг 50 хувиар унасан учраас арилжаа хийгдсэнгүй. Ажилгүйдэл-ядуурал-хоосрол-гэмт хэрэг ар араасаа хөвөрч зовлонгийн гинжин хэлхээг үүсгэжээ. Уналт 1932 оны 7 дугаар cap хүртэл гурван жил ургэлжилж 1939 оноос 10 жил зогсонги байдалд үргэлжилсэн юм.

Их хямрал нь Дэлхийн хоёрдугаар дайнг үүсгэх, өдөөх үндсэн шалтгааны нэг болсон ажээ. Хямрал дайныг дамжсаар 1955 оноос л эдийн засаг сүйрлийн өмнөх үеийн түвшинд хурчээ. Үүгээр нь тооцвол нийт 26 жил үргэлжилжээ.

Франклин Рузвельт 1933 онд Америкийн Ерөнхийлөгч болмогцоо хямралыг давахын тулд "төр эдийн засагт оролцож, зохицуулалт хийх ёстой" гэсэн Кейнсийн бодлогуудыг хэрэгжүүлж эхлэв. Юуны өмнө ажлын өргөн фронт бий болголоо.

Холбооны Орон сууцжуулах алба байгуулагдан ядуу, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах ажил өрнүүлэв. Үр дүнд нь нийгмийн асар том бэрхшээлийг арилгаж, АНУ хүн төрөлхтний түүхэнд анх удаа орон сууцны асуудлыг иж бүрэн шийдвэрлэсэн орон болсон юм. Дэд бүтцийн салбар луу хөрөнгө оруулалтыг чиглүүлж олон сая хүнийг ажилтай болгосноор нийгмийн болон хүмүүнлэгийг хямралыг зогсоож чадав. Дайн гарцаагүй болж ирсэн үе тул төрийн захиалгыг хүнд үйлдвэрүүдэд өгч зэвсэг, техник хийлгэсэн нь ажилгүйдлийг арилгах, экспортын орлогыг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр болжээ. Дайны дараа ч гэсэн төрийн зохицуулалт оролцоог хадгалж нефтийн болон хөлөг онгоц босгох салбаруудад хөрөнгө оруулалтыг дэмжиж ажлын байрыг олноор нь бий болгож байсан ажээ.

Жишээ 2. Герман. Дэлхийн II дайны дараахь үнс нурман дундаас хүчирхэг Герман орныг босгосон түүх нь ажилгүйдлийг устгасан түүхээс өөр юу ч биш. 1945 оны сүүл гэхэд Германы төр үндсэндээ устгагдчихсан байсан юм. Ихэнх германчууд zusammenbruch буюу «ялагдлын гутралд» орчихсон гутранги үе. Ядаж байхад 1947 оны өвөл хахир хатуу болж өлсгөлөн нүүрлэлээ.

Герман төдийгүй бүх Европ хэрэгцээнээсээ хамаагүй бага үйлдвэрлэл явуулж дээр нь их хэмжээний өрөнд баригдсан, хэн ч, юу ч худалдан авч чадахгүй болтлоо дампуурсан байжээ. Дайтаж явсан хэдэн зуун мянган цэрэг эрс, юу ч үгүй болтлоо сүйдэж балгас болсон хотууд, сэтгэл санааны гүн дарамттай, идэх хоол, өмсөх хувцасгүй ард түмнийг хэрхэн, юугаар хооллож, ирээдүйгээ яаж бий болгох вэ гэсэн хүндхэн асуултын хариуд Конрад Аденауэр "Ажлын байр бий болгох" гэсэн товчхон шийдэл олсон байна. Европын эдийн засгийн асуудлыг шийдэхийн тулд америкууд Маршалын төлөвлөгөөг сэдэв. Хэрэв германчууд сэргээн босголтын энэ төлөвлөгөөг зөвшөөрвөл Америк хуучин дайсан байсан гэж үзэлгүй их хэмжээний зээл олгох болжээ. Америкийн ашиг сонирхол нь баруун Герман өөрийгөө аваад явчих эдийн засгийн чадвартай, хамгийн гол нь тоталитар дэглэм рүү хальтирчихгүй байхад оршиж байв. Аденауэр шууд л зөвшөөрчээ. Түүнд мөнгө, бас дахин мөнгө хэрэгтэй байлаа.

"Герман улс эдийн засгаар ядмаг байвал өөрийгөө хамгаалах чадвар дагаад муудна" гэж тэр үзсэн тул АНУ-ын саналыг даруй зөвшөөрч, ирээдүйд олох орлогоороо дэнчин тавьж тохиролцсон юм. Гэрээний дагуу баруун Берлин дайралтад өртвөл Канзас Сити өртсөнтэй адил үзнэ гэж тохиролцжээ.

К.Аденауэр их хэмжээний зээлийн хажуугаар 1948 онд санхүүгийн шинэтгэл хийж, маш хатуу арга хэмжээ явуулсны үр дүнд үндэсний валют тогтворжиж, далд эдийн засаг шахагдсан байна. Ингэснээр 1953 он гэхэд Германы эдийн засаг дайны өмнөх төвшиндөө эргэн иржээ. Аденауэрын бодлого хоёр тулгууртай байжээ. Нэгд, нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засаг, нөгөө нь шинэ Европ дахь шинэ Герман улс. Эхний алхам болгож нийгмийн орон сууцжуулах хөтөлбөрүүдийг (бага орлоготой иргэдэд зориулсан) дэвшүүлж хэрэгжүүлж харьцангуй хямд байруудыг бариулж ипотекийн зээлээр олгож эхэлсэн байна.

Аравхан хувь нь бүтэн үлдсэн Берлин хотыг шинээр барилгажуулах, орон сууцжуулах нүсэр ажлыг эхлүүлснээр ажилгүй, орлогогүй аргаа баран холхиж байсан цэрэг эрсийн хүчийг нийгмийн сайн сайханд чиглүүлж чадлаа. Улс орон даяар бүтээн байгуулалт сэргээн босголтын ажил ундарч, хүн бүр ажлын байртай болж улмаар ажиллах хүчний хомсдолд орж ирэхэд тэд Туркчуудыг олноор нь урин залсан юм. Аденауэрын толгойлсон эхний таван жилд л ДНБ 48 хувь, цалин 80 хувиар өсчээ. Дэлхий даяар «Германы эдийн засгийн гайхамшиг»-ийн талаар ярьж байлаа.

Ажлын байрыг төрөөс бодлогоор бий болгож, иргэдийн хүч, боломжийг зөв залуурдсан нь үйлдвэржилтийн хөдөлгөгч хүчин болж, эдүгээ Герман улс эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийд эхний хоёрт бичигдэж байна.

Жишээ 3. Өмнөд Солонгос. Японы эзлэн түрэмгийллээс чөлөөлөгдөөд тусгаар тогтнолоо олсон ч Aзийн хамгийн ядуу орны нэг байв. Япончууд дарлаж байх үедээ хамаг байгалийн баялгийг нь олборлоод, зөөгөөд дуусгасан ажээ. 1960-аад оныг хүртэл хэрхэн хөгжих, яаж хүчирхэгжих ухаанаа олохгүй мунгинаж өөр хоорондын улс төрийн хэрүүл тэмцэлд сульдаж байсан Солонгос орон мөн л төрийн зохицуулалт, оролцоогоор сэргэн мандлын замдаа орсон юм.

1962 онд засгийн эрхийг авсан Пак Чон Хи генерал хүн амын 80 хувийг эзэлж асан ядуусын армийн хүчийг ажлын фронт руу татаж чадсанаараа гавъяатай. Загасны аж ахуй, тариалангаас өөр юм эрхэлдэггүй байсан улсаа орчин үеийн үйлдвэржсэн орон болгохын тулд Пак тэрбум тэрбумаар зээл тавьж, үйлдвэр, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулан ажлын өргөн фронтыг бий болгожээ. Тэрээр гадаадад ажиллах хүч гаргах бодлогыг санаачилж, арабын орнууд руу ажилчид гаргахын зэрэгцээ Вьетнамын дайнд оролцож байгаа Америкийн армийн арын алба, харуул хамгаалалтанд солонгосчуудыг олноор нь ажиллуулах гэрээ хийж чадсанаар АНУ-аас их хэмжээний хөнгөлөлттэй зээл, тусламж авч чадсан юм. Энэ нь тухайн цагтаа ажлын байр, хөрөнгө оруулалтын хомсдлыг нөхсөн оновчтой бодлого болж чаджээ.

Пак Чон Хи 5 жил тутмын макро эдийн засгийн төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн ба 1965 онд дайсагнаж ханддаг байсан Япoнтoй харилцаагаа хэвийн болгож, Японы хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татсанаар эхлээд хөнгөн үйлдвэр, дараа нь хүнд үйлдвэрүүд олноор байгуулагдаж ажилгүйдэл үндсэндээ ариллаа.

Ажилтай, орлоготой болсон иргэдэд үндэсний ухамсар, итгэл үнэмшил сэргэж ирдгийг Солонгосын түүх харуулдаг. Хэрвээ тэр үед Солонгосын удирдлага зах зээлийн "үл үзэгдэх гар" зохицуулна биз гэж найдаад суусан бол өнөөгийн цэцэглэл хөгжилтөнд хүрэх эсэх нь эргэлзээтэй. Өмнөд Солонгосын эдийн засаг өнөөдөр дэлхийд 12-т, Азидаа 3-т орж байна.

Өмнөд Солонгостой яг ижил нөхцөлтэй байсан Зүүн Өмнөд Азийн орнуудын төрөөс ажилгүйдлийг арилгах, бүтээн байгуулалтыг өрнүүлэх цэгцтэй бодлого явуулаагүйн харгайгаар байрандаа хоцорсон юм.

Дээрх орнуудын туршлагаас харахад Хямрал болоод нийтийг хамарсан ажилгүйдэл, ядуурлын үед Төр ажлын өргөн фронт, бүтээн байгуулалтыг бий болгож байж л иргэдээ орлоготой болгохын зэрэгцээ эдийн засаг сэргэсэн үед шийдвэрлэх ач холбогдлоо үзүүлэх дэд бүтэцтэй болох ажлыг гардан хийж иржээ.

Нэг сумаар хоёр туулай буудахын үлгэр энэ. Өнөөгийн хямралын үед ч улс орнууд ийм жишгээр ажиллаж байна. Чилийн Засгийн газар гэхэд л 4 тэрбум доллараар 100 мянга гаруй ажлын байр бий болгохоор зорьжээ. Үүний 700 сая доллараар эмнэлэг, сургууль, олон нийтийн цэцэрлэгт хvрээлэнг засварлаад, үлдсэнээр нь дэд бүтцээ хөгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Хятадын Засгийн газар ажлын байр бий болгох 586 тэрбум долларын төсөв баталж, төмөр зам, гvvр, далан байгуулах томоохон төслvvдээр иргэдээ цалинжуулснаар эдийн засгийн хямралыг хохирол багатай давна гэж байна.

Эх сурвалж: ГөГө

Монгол улс маань энэ хямралын үед яг юу хийх хэрэгтэй талаар та бүхэн сэтгэгдэлээ үлдээгээрэй.

Цааш нь...

Thursday, February 12, 2009

Logo ямар байх ёстой вэ?


Лого хэмээх ойлголт нь маркетингийн шинжлэх ухаантай салшгүй холбоотой билээ. Лого нь компаний таних тэмдэг нь болж хэрэглэгчдийн хар хайрцагт тухайн компанийг санаж байх хамгийн гол зүйл болдог гэдгийг хэн бүхэн мэдэх байх. Иймд энэхүү таних тэмдэг маань ямаршуу байвал зохимжтой байх талаар бичлээ.
Өнөөдөр төрөл бүрийн хэлбэртэй, загвар дизайнтай логонууд бидний алхам тутамд тааралдсаар байна.
Жишээ нь босоо хэлбэр бүхий логонууд маш түгээмэл ашиглагдах болсон байна. Шарсан үхрийн махтай сэндвичээрээ алдартай Arbys-ийн лого энэхүү ангилалд хамаарна.

Мөн хэвтээ хэлбэртэй логонууд өргөнөөр ашиглагдаж байна. Үүнд дотуур хувцас үйлдвэрлэгч компани болох Victoria’s Secret-ийн лого орно.

Квадрат хэлбэртэй логонууд ч түгээмэл ашиглагдаж байна. Үүнд автомашин түрээслэгч компани Avis-ийн лого орно.

Эндээс гарч ирж буй нэг асуулт бол “Лого ямар хэлбэртэй байх ёстой вэ?” гэсэн асуулт юм. Ер нь лого ямар хэлбэртэй байх ёстой юм бол?

Лого сурталчилгааны хуудсанд зохицох ёстой юу? Жишээ нь: Hilton зочид буудлын лого хэвлэлийн нүүрэнд маш сайн зохицдог.


Эсвэл лого телевизийн дэлгэцэнд маш сайхан дүрслэлтэйгээр харагдаж байх ёстой юу? Жишээ нь: Coca Cola-ийн логог гүйцэхээр сайхан дүрслэлтэй лого байхгүй байх.



Аль эсвэл лого бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодол дээр гоё харагдаж байх ёстой юу? Жишээ нь Volvo-ийн эмблем автомашиныхаа хамар дээр зохицдог шиг.

Лого хүний нүдэнд харагдахдаа зохимжтой байх ёстой. Лого ямар ч хэлбэр хэмжээтэй байсан гэсэн хэрэглэгчид л нүдээрээ хардаг. Иймд лого хүний нүдэнд зохицдог байх ёстой.

Хүн аливаа зүйлийг хоёр нүдээрээ хардаг тул лого зөвхөн ганц нүдэнд биш 2 нүдэнд зохицохоор байх ёстой. Иймд лого хүний хоёр нүдэнд зохицохын тулд тэгш өнцөгт хэлбэртэй байвал зохимжтой.

Лого хүний нүдэнд зохицохоор харагдахын тулд төгс харьцаатай байх ёстой. Төгс харьцаа бол өндрөөшөө 1 нэгж, уртаашаа 2.25 нэгж юм.

Өнөөдөр зар сурталчилгаанаас их зүйл алга байна. Иймд логог үр дүнтэй бүтээхийн тулд төгс харьцааг баримтлах шаардлагатай.

Victoria’s Secret-ийн лого урьд нь хэтэрхий урт, өргөөшөө сунасан хэлбэртэй байжээ.Тэдний логог дэлгүүрт олж харахад нэлээд хүндрэлтэй байв.

Харин шинэ лого нь нэлээд тохиромжтой хэлбэртэй болсон байна.

Төгс хэлбэртэй логонуудын зарим нэг жишээг орууллаа.



Цааш нь...
:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008