Friday, February 13, 2009

Дэлхийн эдийн засгийн хямрал ба түүхэн сургамжууд


Хямралын үед бидэнд юу тохиолдох вэ?

Юуны өмнө хямралын үе дэх гол хүндрэл нь юу юм бэ гэдгийг авч үзье. Бараа, үйлчилгээний борлуулалт муудаж, орлого багасаад ирэх үед компаниуд боломжтойгоор нь хувьсах зардал буюу ажиллах хүчний цалинг багасгах, орон тоог цомхотгохоос өөр мэхгүй болжээ. Дээр нь дампуурсан жижиг худалдаачид, малгүй болсон малчид нэмэгдээд ажилгүйчүүдийн арми өдөрт хэдэн мянгаараа үржиж байна. Маш олон хүн ажилгүй суухаар яах нь ойлгомжтой. Өлсөнө, бухимдана, тэгээд ажил хайж янз бүрийн газраар явна. Цөхрөхдөө бусдаас гуйх, хулгайлах, булаах, алах зам руу орно. Гэмт хэрэг гаарна. Хүмүүнлэгийн хямрал болно.

Төр жаахан орлого олж байсан үедээ болзошгүй хямралд бэлтгээгүй хамаг мөнгөө цацаж, тарааж байсан болохоор хавтгайрсан тэтгэлэг, тэгэмжүүд ч ингэсгээд зогсоно. Яагаад гэвэл тараах мөнгийг бүрдүүлдэг бизнес эрхлэгчдийн орлого буурахаар татварт олигтой юм орохоо болино. Товчхондоо гол хүндрэл бол ажилгүйдэл болох гээд байна.

Ажилгүйдэл нь хийх ажил байхгүйгээс л үүдэж байгаа нь тодорхой. Тэгвэл " иргэдээ ажилтай болгож байж л ажилгүйдлийг давна" гэсэн энгийн санаа гарна даа. Тэрнээс биш дан ганц хэмнэх, үл хэрэглэх зарчим нь хямралыг сааруулахаас, гаргах арга биш.

Дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямралыг "12-18 сар үргэлжилж дуусна" гэж мэдэмхийрэх хүн байхад "10 жил үргэлжлэх юм гэнэ лээ" хэмээн айлгах нэгэн ч таарах юм. Бодитойгоор авч үзвэл ойрын гурван жилдээ бид эдийн засгийн хэвийн хэмнэлдээ орж чадахгүй болов уу. Учир нь хямрал монголд эхлэж байна. Уналтын үедээ очоод, яаж ийгээд зогсоолоо гэхэд сэргээхэд багагүй цаг орно. АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Буш "Дэлхий нийтэд тулгараад буй эдийн засгийн хямрал нь нэг шөнө бий болоогүй тул нэг өдөрт шийдэгдэхгүй" хэмээн онож хэлжээ.

Нэг шөнө, нэг өдөрт шийдэгдэхгүй нь тодорхой болохоор одоо дэмий ярьж цагаа баралгүй хийж эхлэх цаг тулгарлаа. Бэлэн жор биш ч санаа авах, өөрийн болгож хийх түүхэн туршлагууд ч байна.

Бусдын туршлага ба сургамж

Жишээ 1. Америк. Дэлхийн эдийн засгийн энэ удаагийн хямралыг 1929-1930 онд Америкаас эхлэсэн Их Хямралтай зүйрлэсээр байна. Маш олон хямрал болж байснаас 1929 оны 10 дугаар сарын 29-ний хямралыг хамгийн удаан үргэлжилсэн гэж үздэг юм билээ. Тэгвэл тэр цагт АНУ хямралыг яаж давсан нь бидэнд сургамжтай байх нь мэдээжийн хэрэг.

Америкийн эдийн засаг Дэлхийн I дайнаас хойш 1929 он хүртэл огцом өсчээ. Цатгалдсан үнэт цаасны наймаачид хувьцааны ханшийг хөөсрүүлэн өсгөж, тоглох болсон нь хямралын өрнөл болсон юм. Хэдийгээр Америкийн эрдэмтэд 1924 оны үеэс “Хувьцааны үнэлэмж гэнэт унаснаар аюул болно, манай эдийн засаг хэт халж байна, хямрал нүүрлэж байна ” хэмээн анхааруулж сэрэмжлүүлж байсан ч хэн ч тоосонгүй. Хямрал нэг л өдөр гамшиг болж хувирлаа. Тэр хар мягмар гаригт Хөрөнгийн биржүүд нээгдмэгцээ л хаалгаа барьцгаажээ. Индекс нь 381 нэгжээс 200 хүртлээ бараг 50 хувиар унасан учраас арилжаа хийгдсэнгүй. Ажилгүйдэл-ядуурал-хоосрол-гэмт хэрэг ар араасаа хөвөрч зовлонгийн гинжин хэлхээг үүсгэжээ. Уналт 1932 оны 7 дугаар cap хүртэл гурван жил ургэлжилж 1939 оноос 10 жил зогсонги байдалд үргэлжилсэн юм.

Их хямрал нь Дэлхийн хоёрдугаар дайнг үүсгэх, өдөөх үндсэн шалтгааны нэг болсон ажээ. Хямрал дайныг дамжсаар 1955 оноос л эдийн засаг сүйрлийн өмнөх үеийн түвшинд хурчээ. Үүгээр нь тооцвол нийт 26 жил үргэлжилжээ.

Франклин Рузвельт 1933 онд Америкийн Ерөнхийлөгч болмогцоо хямралыг давахын тулд "төр эдийн засагт оролцож, зохицуулалт хийх ёстой" гэсэн Кейнсийн бодлогуудыг хэрэгжүүлж эхлэв. Юуны өмнө ажлын өргөн фронт бий болголоо.

Холбооны Орон сууцжуулах алба байгуулагдан ядуу, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах ажил өрнүүлэв. Үр дүнд нь нийгмийн асар том бэрхшээлийг арилгаж, АНУ хүн төрөлхтний түүхэнд анх удаа орон сууцны асуудлыг иж бүрэн шийдвэрлэсэн орон болсон юм. Дэд бүтцийн салбар луу хөрөнгө оруулалтыг чиглүүлж олон сая хүнийг ажилтай болгосноор нийгмийн болон хүмүүнлэгийг хямралыг зогсоож чадав. Дайн гарцаагүй болж ирсэн үе тул төрийн захиалгыг хүнд үйлдвэрүүдэд өгч зэвсэг, техник хийлгэсэн нь ажилгүйдлийг арилгах, экспортын орлогыг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр болжээ. Дайны дараа ч гэсэн төрийн зохицуулалт оролцоог хадгалж нефтийн болон хөлөг онгоц босгох салбаруудад хөрөнгө оруулалтыг дэмжиж ажлын байрыг олноор нь бий болгож байсан ажээ.

Жишээ 2. Герман. Дэлхийн II дайны дараахь үнс нурман дундаас хүчирхэг Герман орныг босгосон түүх нь ажилгүйдлийг устгасан түүхээс өөр юу ч биш. 1945 оны сүүл гэхэд Германы төр үндсэндээ устгагдчихсан байсан юм. Ихэнх германчууд zusammenbruch буюу «ялагдлын гутралд» орчихсон гутранги үе. Ядаж байхад 1947 оны өвөл хахир хатуу болж өлсгөлөн нүүрлэлээ.

Герман төдийгүй бүх Европ хэрэгцээнээсээ хамаагүй бага үйлдвэрлэл явуулж дээр нь их хэмжээний өрөнд баригдсан, хэн ч, юу ч худалдан авч чадахгүй болтлоо дампуурсан байжээ. Дайтаж явсан хэдэн зуун мянган цэрэг эрс, юу ч үгүй болтлоо сүйдэж балгас болсон хотууд, сэтгэл санааны гүн дарамттай, идэх хоол, өмсөх хувцасгүй ард түмнийг хэрхэн, юугаар хооллож, ирээдүйгээ яаж бий болгох вэ гэсэн хүндхэн асуултын хариуд Конрад Аденауэр "Ажлын байр бий болгох" гэсэн товчхон шийдэл олсон байна. Европын эдийн засгийн асуудлыг шийдэхийн тулд америкууд Маршалын төлөвлөгөөг сэдэв. Хэрэв германчууд сэргээн босголтын энэ төлөвлөгөөг зөвшөөрвөл Америк хуучин дайсан байсан гэж үзэлгүй их хэмжээний зээл олгох болжээ. Америкийн ашиг сонирхол нь баруун Герман өөрийгөө аваад явчих эдийн засгийн чадвартай, хамгийн гол нь тоталитар дэглэм рүү хальтирчихгүй байхад оршиж байв. Аденауэр шууд л зөвшөөрчээ. Түүнд мөнгө, бас дахин мөнгө хэрэгтэй байлаа.

"Герман улс эдийн засгаар ядмаг байвал өөрийгөө хамгаалах чадвар дагаад муудна" гэж тэр үзсэн тул АНУ-ын саналыг даруй зөвшөөрч, ирээдүйд олох орлогоороо дэнчин тавьж тохиролцсон юм. Гэрээний дагуу баруун Берлин дайралтад өртвөл Канзас Сити өртсөнтэй адил үзнэ гэж тохиролцжээ.

К.Аденауэр их хэмжээний зээлийн хажуугаар 1948 онд санхүүгийн шинэтгэл хийж, маш хатуу арга хэмжээ явуулсны үр дүнд үндэсний валют тогтворжиж, далд эдийн засаг шахагдсан байна. Ингэснээр 1953 он гэхэд Германы эдийн засаг дайны өмнөх төвшиндөө эргэн иржээ. Аденауэрын бодлого хоёр тулгууртай байжээ. Нэгд, нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засаг, нөгөө нь шинэ Европ дахь шинэ Герман улс. Эхний алхам болгож нийгмийн орон сууцжуулах хөтөлбөрүүдийг (бага орлоготой иргэдэд зориулсан) дэвшүүлж хэрэгжүүлж харьцангуй хямд байруудыг бариулж ипотекийн зээлээр олгож эхэлсэн байна.

Аравхан хувь нь бүтэн үлдсэн Берлин хотыг шинээр барилгажуулах, орон сууцжуулах нүсэр ажлыг эхлүүлснээр ажилгүй, орлогогүй аргаа баран холхиж байсан цэрэг эрсийн хүчийг нийгмийн сайн сайханд чиглүүлж чадлаа. Улс орон даяар бүтээн байгуулалт сэргээн босголтын ажил ундарч, хүн бүр ажлын байртай болж улмаар ажиллах хүчний хомсдолд орж ирэхэд тэд Туркчуудыг олноор нь урин залсан юм. Аденауэрын толгойлсон эхний таван жилд л ДНБ 48 хувь, цалин 80 хувиар өсчээ. Дэлхий даяар «Германы эдийн засгийн гайхамшиг»-ийн талаар ярьж байлаа.

Ажлын байрыг төрөөс бодлогоор бий болгож, иргэдийн хүч, боломжийг зөв залуурдсан нь үйлдвэржилтийн хөдөлгөгч хүчин болж, эдүгээ Герман улс эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийд эхний хоёрт бичигдэж байна.

Жишээ 3. Өмнөд Солонгос. Японы эзлэн түрэмгийллээс чөлөөлөгдөөд тусгаар тогтнолоо олсон ч Aзийн хамгийн ядуу орны нэг байв. Япончууд дарлаж байх үедээ хамаг байгалийн баялгийг нь олборлоод, зөөгөөд дуусгасан ажээ. 1960-аад оныг хүртэл хэрхэн хөгжих, яаж хүчирхэгжих ухаанаа олохгүй мунгинаж өөр хоорондын улс төрийн хэрүүл тэмцэлд сульдаж байсан Солонгос орон мөн л төрийн зохицуулалт, оролцоогоор сэргэн мандлын замдаа орсон юм.

1962 онд засгийн эрхийг авсан Пак Чон Хи генерал хүн амын 80 хувийг эзэлж асан ядуусын армийн хүчийг ажлын фронт руу татаж чадсанаараа гавъяатай. Загасны аж ахуй, тариалангаас өөр юм эрхэлдэггүй байсан улсаа орчин үеийн үйлдвэржсэн орон болгохын тулд Пак тэрбум тэрбумаар зээл тавьж, үйлдвэр, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулан ажлын өргөн фронтыг бий болгожээ. Тэрээр гадаадад ажиллах хүч гаргах бодлогыг санаачилж, арабын орнууд руу ажилчид гаргахын зэрэгцээ Вьетнамын дайнд оролцож байгаа Америкийн армийн арын алба, харуул хамгаалалтанд солонгосчуудыг олноор нь ажиллуулах гэрээ хийж чадсанаар АНУ-аас их хэмжээний хөнгөлөлттэй зээл, тусламж авч чадсан юм. Энэ нь тухайн цагтаа ажлын байр, хөрөнгө оруулалтын хомсдлыг нөхсөн оновчтой бодлого болж чаджээ.

Пак Чон Хи 5 жил тутмын макро эдийн засгийн төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн ба 1965 онд дайсагнаж ханддаг байсан Япoнтoй харилцаагаа хэвийн болгож, Японы хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татсанаар эхлээд хөнгөн үйлдвэр, дараа нь хүнд үйлдвэрүүд олноор байгуулагдаж ажилгүйдэл үндсэндээ ариллаа.

Ажилтай, орлоготой болсон иргэдэд үндэсний ухамсар, итгэл үнэмшил сэргэж ирдгийг Солонгосын түүх харуулдаг. Хэрвээ тэр үед Солонгосын удирдлага зах зээлийн "үл үзэгдэх гар" зохицуулна биз гэж найдаад суусан бол өнөөгийн цэцэглэл хөгжилтөнд хүрэх эсэх нь эргэлзээтэй. Өмнөд Солонгосын эдийн засаг өнөөдөр дэлхийд 12-т, Азидаа 3-т орж байна.

Өмнөд Солонгостой яг ижил нөхцөлтэй байсан Зүүн Өмнөд Азийн орнуудын төрөөс ажилгүйдлийг арилгах, бүтээн байгуулалтыг өрнүүлэх цэгцтэй бодлого явуулаагүйн харгайгаар байрандаа хоцорсон юм.

Дээрх орнуудын туршлагаас харахад Хямрал болоод нийтийг хамарсан ажилгүйдэл, ядуурлын үед Төр ажлын өргөн фронт, бүтээн байгуулалтыг бий болгож байж л иргэдээ орлоготой болгохын зэрэгцээ эдийн засаг сэргэсэн үед шийдвэрлэх ач холбогдлоо үзүүлэх дэд бүтэцтэй болох ажлыг гардан хийж иржээ.

Нэг сумаар хоёр туулай буудахын үлгэр энэ. Өнөөгийн хямралын үед ч улс орнууд ийм жишгээр ажиллаж байна. Чилийн Засгийн газар гэхэд л 4 тэрбум доллараар 100 мянга гаруй ажлын байр бий болгохоор зорьжээ. Үүний 700 сая доллараар эмнэлэг, сургууль, олон нийтийн цэцэрлэгт хvрээлэнг засварлаад, үлдсэнээр нь дэд бүтцээ хөгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Хятадын Засгийн газар ажлын байр бий болгох 586 тэрбум долларын төсөв баталж, төмөр зам, гvvр, далан байгуулах томоохон төслvvдээр иргэдээ цалинжуулснаар эдийн засгийн хямралыг хохирол багатай давна гэж байна.

Эх сурвалж: ГөГө

Монгол улс маань энэ хямралын үед яг юу хийх хэрэгтэй талаар та бүхэн сэтгэгдэлээ үлдээгээрэй.

8 comments:

Anonymous said...

Эдгээр орны адил бас азийн бар улс болох Сингапур улс мөн адил төрийн оролцоотойгоор,ажилгүйдлийг бууруулсанаар одоогийн хэмжээнд хүрсэн юм байна лээ. Сингапурын талаар: Буурай орноос Бусдын манлайд хүрсэн замнал номыг уншаарай.

Anonymous said...

¯ã¿é ÿàõàâ õººðõºí ë áè÷ñýí áàéíà. Ãýõäýý õÿìðàëààñ ãàðàõ àðãà çàìûã áóðóó òîäîðõîéëñîí íü õàðàìñàëòàé. Àæëûí áàéð áèé áîëãîõîîð õÿìðàëààñ ãàðíà ãýæ ñýòãýæ ë äýý. Õººðõºí ë áîäñîí áàéíà ø äýý. Ýíý ÷èíü áóðóó. Õ¿ì¿¿ñèéí àøèã ñîíèðõëûí ¿¿äíýýñ ë êàïèòàë áèé áîëäîã ãýäãèéã àíõààðàõ õýðýãòýé. Àøèã ñîíèðõîë ø¿¿. Òºð çîõèîìëîîð êàïèòàëûã áèé áîëãîæ ÷àäàõã¿é. Îþóòíóóäàä áèòãèé áóðóó îéëãîëò ºãººä áàé. Ýíý íèéòëýëèéã òàâüñàí áè÷ñýíä õ¿íä íýã çºâëºãºº ºãºå. Ìèëòîí Ôðååäìàíû "Õóâü çàÿàãàà ñîíãîõ íü" îéëãîõã¿é áîë ¿ã¿é ÿäàõäàà Êåí Ñê¿¿ëàäûí "Æîíàòàí Ãóëèáýëèéí àÿëàë" äýëãýð¿¿ëæ óíøèõûã õ¿ñâýë Àéí Ðýíäèéí "Êàïèòàëèçìû㠺캺ðºõ íü" ãýýä çîõèîëûã óíø çà. ªºðèéí ¿çýë áîäîëã¿é õ¿í ë òºðèéã ø¿òäýã þì. Òà ººðèéí ãýñýí áîäîëã¿é ãýæ ¿¿? ªºðèéí ñàíàëàà íàä ðóó E-mail-ýýð ÿâóóëáàë òóéëûí èõ áàÿðëàõ áîëíî. akiura_87@yahoo.com

Anonymous said...

Яг л бусдын бодож байгаа шиг

Anonymous said...

Zevuun Enhbayar Bayar p...iig zailyylj yls ornoo ood tatah hunee songoh ni mglchyydiin uureg shuu dee.garch irsen hun ni avrana biz geed garaa hymhiad gaihaad haraad syygaad bdg mglyydiin byryy temzeh heregtei.hiih hunee demjij hereggui hunee halj chaddag bh heregtei.

Unknown said...

Манай Алтанхуяг ЕСайд асан яасан. Фортуна-тай нийлж баахан бонд авсан. Мөнгөөр нь Гансүхийг шоронд суулгаж, Хятадын барилга, замын компаниудыг хооллосон. Тэгээд өө яахав хойч үе дарчихна биз хэмээх алдарт үгээ хэлжээ.

Unknown said...

өө нээрээ сурагчийн дүрэмт хувцас хийдэг Хятад команиуд, монголын үнээний сүү үйлдвэрлэдэг хятад компани, өө бас Үүл дарга хотын айл болгонд Хятадад үйлдвэрлэсэн хогийн уут. Ер нь монголд наалдсан юм байна уу. Яахав их мөнгө болохоор хэдэн замын уулзвар, хэдэн аймгийг холбосон зам байгаа байгаа. Бас хэдхэн тооны барилга байгаа байгаа хэ хэ хэ. Ард иргэд нь тэрийг нь харин махаа идэн байж ипотекийн зээлээр төлөх болж байх шив дээ. МОНГОЛ ТӨРИЙН ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО...

Unknown said...

өө нээрээ сурагчийн дүрэмт хувцас хийдэг Хятад команиуд, монголын үнээний сүү үйлдвэрлэдэг хятад компани, өө бас Үүл дарга хотын айл болгонд Хятадад үйлдвэрлэсэн хогийн уут. Ер нь монголд наалдсан юм байна уу. Яахав их мөнгө болохоор хэдэн замын уулзвар, хэдэн аймгийг холбосон зам байгаа байгаа. Бас хэдхэн тооны барилга байгаа байгаа хэ хэ хэ. Ард иргэд нь тэрийг нь харин махаа идэн байж ипотекийн зээлээр төлөх болж байх шив дээ. МОНГОЛ ТӨРИЙН ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО...

Unknown said...

Манай Алтанхуяг ЕСайд асан яасан. Фортуна-тай нийлж баахан бонд авсан. Мөнгөөр нь Гансүхийг шоронд суулгаж, Хятадын барилга, замын компаниудыг хооллосон. Тэгээд өө яахав хойч үе дарчихна биз хэмээх алдарт үгээ хэлжээ.

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008