Tuesday, May 12, 2009

Чавес, Обама хоёрын ачаар бестселлер болов


Америк тивийн улсуудын чуулга уулзалтын үеэр Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад Колумбийн зохиолч Эдуардо Галеаногийн "Las Venas Abiertas de America Latina" гэдэг номыг бэлэглэсэн нь энэ долоо хоногийн бестселлерүүдийн жагсаалтад оржээ.

Учир нь өнгөрсөн долоо хоногт Amazon.com интернэт худалдааны жагсаалтад 734-р байрт жагсч байсан бол энэ долоо хоногт хоёрт бичигдээд байна. Мөн "Las Venas Abiertas de America Latina" ном нь испани хэл дээрх эрэлттэй номын жагсаалтад 47468-аас дээшлэн, 283-д бичигдэж.

Нэрт нийтлэгч Эдуардо Галеано номондоо Латин Америкийг анхны колончлогчдоос эхлэн даяарчлалын корпорациуд хэрхэн тоносон түүхийг өгүүлсэн бөгөөд анх 1971 онд хэвлэгджээ. Чавес АНУ-ын ерөнхийлөгчид бэлэглэсэн .номдоо "For Obama, with affection" буюу "Обамад, чин сэтгэлийн угаас" гэж бичсэн байна.

Цааш нь...

Monday, May 11, 2009

Зар сурталчилгаа ба Үнэн худал-Япон луйвар


Луйвар 1:
Өнөөдөр эндэхийн нэг бизнесийн "луйвар" олж сонслоо. Тэр нь эдний Sharp компани эко гэсэн хөргөгч шинээр худалдаанд гаргаж гэнэ. Түүнийгээ юу гэж эрэхлаамдсан гэхээр хуучин пластикийг дахин боловсруулж хийсэн тул байгаль орчинд тустай, өөрөөр хэлбэл ЭКО хөргөгч гээд хаяж.

Гэтэл үнэн чанартаа энэ хөргөгчинд дахин боловсруулсан нэг ч зүйл байхгүй, дан шинэ эд анги орсон байсан тул хэрэглэгчийг хууран мэхэллээ хэмээн буруутгаж байна гэнэ. Шарфийн ерөнхийлөгч нь дахин хэрэглэгчдийн итгэл үнэмшлээ олж авахын тулд чармайн ажиллах болно гэж мэдэгдэж, бодвол бөхөлзсөн байх даа гэж би тааж байна.

Яах уу яагаад тэгж ЭКО гэв гэхээр, энд эко гэсэн бараа болгон асар их гүйлгээтэй байгаа гэнэ. Машин гэхэд л хайбрид гэвэл хүмүүс илүүтэй унахсан гэж боддог ч юм уу, ер нь байгаль орчинд хор нөлөөгүй, эсвэл хаягдлыг бид дахин боловсруулж байна гэвэл хэрэглэгчид илүү уярах жишээтэй байгаа энэ хандлага дээр эрхэм Шарф гуай "ажиллаж" байж баригдаж байгаа юм байна л даа.

Луйвар2:
Дээр бас эндэхийн нэг компани японд ургуулсан алимаар хийсэн алимны жүүс гэж савлагаан дээрээ бичээд жүүсээ худалдаад байсан байгаа юм. Гэтэл өнөөх нь үнэн чанартаа Хятадаас импортоор оруулж ирсэн алимаар жүүс хийж байсан нь ил болоод тэр компани газрын хөрснөөс арчигдаа. Тэр жүүс мэдээж 100%-н байсан нь ойлгомжтой, эндхийн зах зээл дээр борлуулагдаж байгаа тул, гээд гээд худал мэдээлэл л бол худал мэдээлэл.

Луйвар 3:
За бүр "хүнд гарын" луйвар нь гэхээр нэг шокладны компаны хугацаа дууссан шокаладаа шинэ шокалад хийхдээ хольж хайлуулж байгаад дахин савладаг байсан байгаа юм. Хэ хэ хэ, манайхаар бол одоо "хоносон хоол оо" идээд хаясан маягийн. Эд нар ёстой сүйд болж байгаа юм чинь, би энд сүртэй ш дээ гэж бодоод л. Тэр бас татан буугдсан.

Цааш нь...

Apple-ийн ашиг 15 хувиар нэмэгджээ


Дэлхий даяараа эдийн засгийн хямралд өртөөд байгаа хэдий ч Apple корпораци энэ жилийн эхний гурван сард анх удаа 15 хувиар нэмэгдсэн байна.

iPhone-ийн худалдаа өнгөрсөн жилийн мөн үеийг бодоход хоёр дахин нэмэгдгсэн бол iPod-ийнх ч өссөн байна. Харин "Macintosh" компьютерын эрэлт хэрэгцээ болоод худалдан авалт буурчээ. Apple-ийн цэвэр ашиг өнгөрсөн жилийн эхний гурван сард 1.05 тэрбум ам.доллар байсан нь одоо 1.21 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь худалдаа 8.7 хувь буюу 8.16 тэрбум ам.долларт хүрсэн гэсэн үг.

Үүний үр дүнд тус компанийн хувьцаа хэдхэн цагийн дотор 2,5 хувиар өсчээ. Мэргэжилтнүүд энэхүү үр дүнг сайшааж, эдийн засгийн уур амьсгалыг тусгайлан авч үзсэн ч "Энэ нь өргөн хэрэглээний зах зээл дээр ийм зүйлс сайжирч байна гэсэн үг биш" хэмээжээ.

"Northstar Investment Management''-ийн хөрөнгө оруулалтын ахлах ажилтан Эрик Куби "Apple” эдийн засгийн уналттай үед хүчтэй байгаа компаниудын нэг. Энэ үр дүн үйлдвэрлэн гаргагч "Apple" компанийн хувьд эерэг нөлөөтэй байгаа. Харин бүхэл бүтэн зах зээл сэргэж байна гэсэн үг биш" хэмээн мэдэгдсэн байна.

Цааш нь...

Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал өнгөрөгч дөрөвдүгээр сард


1.Нийгмийн үзүүлэлт
Улсын хэмжээгээр төрсөн хүүхдийн тоо 22070 болж, өмнөх оны мөн үеийнхээс 1886 хүүхдээр, амаржсан эх 21990 болж, 1868 эхээр буюу 9.3 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Нэг хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 480 болж, өмнөх оны мөн үеийнхээс 40 хүүхдээр, эхийн эндэгдэл 17 болж, 10 эхээр тус тус нэмэгдэж, харин 1-5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 62 болж, 22 хүүхдээр буурчээ.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгүүлсэн, ажил идэвхитэй хайж байгаа ажилгүйчүүдийн тоо 36,7 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 4769 хүн буюу 14,9 хувиар өсчээ. Үүнд Увс, Төв, Хэнтий, Булган, Хөвсгөл, Архангай аймаг болон Улаанбаатар хотод бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 18,6-80,8 хувь, Өмнөговь аймагт 2,0 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 12,7 мянга болж өмнөх оны мөн үеийнхээс 99 хүн буюу 0.8 хувиар буурахад вируст гепатитаар өвчлөгчдийн тоо 50.1 хувь, салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 10.8 хувь тус тус буурсан нь нөлөөллөө.

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 7246 болж өмнөх оны мөн үеийнхээс 428 хэрэг буюу 6,3 хувиар өсчээ. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеийнхээс өсөхөд бусдын бие махбодид гэмтэл учруулах, хулгай, дээрэм, залилан, завших, үрэгдүүлэх, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 2,2-71,4 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.


2.Макро эдийн засгийн үзүүлэлт

Хэрэглээний үнийн улсын индекс дөрөвдүгээр сард өмнөх сарынхаас 2,2 хувь, өмнөх оны жилийн эцсийнхээс 5,5 хувь, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12,5 хувиар тус тус өссөн байна.

Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн дүн 4,4 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн дүн өмнөх сарынхаас 2,0 хувь өссөн нь хэрэглээний үнийн улсын индекс өмнөх сартай харьцуулахад 2,2 хувиар өсөхөд голлон нөлөөлөв.

Монгол банкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт дөрөвдүгээр сарын эцэст 2400,6 тэрбум төгрөгт болж өмнөх сарынхаас 12,7 тэрбум төгрөг буюу 0,5 хувиар, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 66,1 тэрбум төгрөг буюу 2,7 хувиар тус тус буурав. Мөнгөний нийлүүлэлт оны эхнээс 81,7 тэрбум төгрөг буюу 3,5 хувиар нэмэгдэхэд бараг мөнгөний өсөлт голлон нөлөөлжээ.

Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 355,6 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаас 17,3 тэрбум төгрөг буюу 5,1 хувиар, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 11,5 тэрбум төгрөг буюу 3,3 хувиар тус тус нэмэгдлээ.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2580,2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 91,5 тэрбум төгрөг буюу 3,4 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 143,7 тэрбум төгрөг буюу 5,9 хувиар өслөө.

Үнэт цаасны арилжаа дөрөвдүгээр сард 22 удаа явагдаж, 15,6 сая ширхэг үнэт цаас арилжигдаж, 2,2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ.

Арилжигдсан үнэт цаасны тоог өмнөх сарынхтай харьцуулбал 22 дахин өсч, гүйлгээний хэмжээ нь 8,3 хувиар нэмэгдсэн ба өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад арилжигдсан үнэт цаасны тоо 12,2 сая ширхэг буюу 4,5 дахин өсч, гүйлгээний хэмжээ 1,5 тэрбум төгрөг буюу 40,8 хувиар буурчээ.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүн 469,5 тэрбум төгрөг, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүн 613 тэрбум төгрөг болж, нийт тэнцэл 143,5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Төсвийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 192,3 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд төсвийн зарлагын өсөлт, орлогынхоосоо 27,8 пунктээр өндөр байгаа нь нөлөөлөв.

Төсвийн урсгал орлого 468,8 тэрбум төгрөг, урсгал зардал 543,6 тэрбум төгрөг болж, урсгал тэнцэл 74,8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.

Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 207,8 тэрбум төгрөг буюу 35 хувиар буурахад зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар 109,4 тэрбум төгрөг буюу 91,8 хувь, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 46,4 тэрбум төгрөг буюу 45,6 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 18,9 тэрбум төгрөг буюу 18,5 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөллөө.

Татварын бус орлого өмнөх оны мөн үеийнхээс 3,9 тэрбум төгрөг буюу 4,4 хувиар буурсан нь төсөвт газрын өөрийн орлого 8,3 тэрбум төгрөг буюу 24,6 хувиар буурснаас голлон шалтгаалсан байна.

Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2009 оны эхний дөрвөн сард 613 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 22,8 тэрбум төгрөг буюу 3,6 хувиар буурчээ. Үүнд татаас ба шилжүүлгийн зардал 12,1 тэрбум төгрөг, эргэж төлөгдөх цэвэр зээл 21,1 тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлжээ.

Хөрөнгийн зардалд 53,3 тэрбум төгрөг зарцуулсан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 3,8 тэрбум төгрөгөөр буурсан байна. Хөрөнгийн зардал буурсан нь дотоод хөрөнгө оруулалт 9,8 тэрбум төгрөгөөр багассанаас шалтгаалжээ.

ДНБ 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2009 оны эхний улиралд 617,1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 27,4 тэрбум төгрөгөөр буюу 4,2 хувиар буурлаа. Үүнд аж үйлдвэр, барилгын салбарын үйлдвэрлэл болон бүтээгдэхүүний цэвэр татвар буурсан нь голлон нөлөөлж байна.

Манай улс 2009 оны эхний 4 сард дэлхийн 87 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 981.9 сая ам.доллар, үүнээс экспорт 444,3 сая ам.доллар, импорт 537,6 сая ам.доллар боллоо.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 653,8 сая ам.доллар буюу 40 хувь, өмнөх cap үүний дотор экспортын хэмжээ 326,8 сая ам.доллар буюу 42,4 хувь, импортын хэмжээ 327 сая ам.доллар буюу 37,8 хувиар тус тус буурчээ.

Гадаад худалдааны тэнцэл 93,3 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 0,2 сая ам.доллараар буурсан байна.

Нийт экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 326,8 сая ам.доллар буюу 42,4 хувиар буурсны 224,7 сая ам.доллар буюу 68,8 хувь нь үнийн бууралтаас, 102,1 сая ам.доллар буюу 31,2 хувь нь биет хэмжээний бууралтаас шалтгаалсан байна.

Нийт экспортын хэмжээ буурахад зэсийн баяжмалын биет хэмжээ 2,5 хувь, үнийн дүн 59,4 хувь, цайрын баяжмалын биет хэмжээ 57,1 хувь, үнийн дүн 80,1 хувь, боловсруулаагүй алтны биет хэмжээ 32,8 хувь, үнийн дүн 35,8 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлөв.

Нийт импортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 327 сая ам.доллар буюу 37,8 хувиар буурсны 21,3 сая ам.доллар буюу 6,5 хувь нь үнийн бууралтаас, 305,7 сая ам.доллар буюу 93,5 хувь нь биет хэмжээний бууралтаас шалтгаалсан байна.

3.Эдийн засгийн салбарын үзүүлэлт
Улсын хэмжээгээр 2009 онд нийт 18.5 сая эх мал төллөнө. 2009 оны эхний 4 сарын байдлаар 11.2 сая мал буюу оны эхний эх малын 60.6 хувь төллөсөн байна.

Улсын хэмжээнд 2009 оны эхний 4 сарын байдлаар 885.4 мянган мал хорогдсон нь өмнөх оны мөн үеийнхээс 207 мянгаар нэмэгдсэн байна.

ХХААХҮЯ-ны мэдээгээр хөрс боловсруулалт, тариалалтад ажиллах техникийн бэлэн байдал 2009 оны тавдугаар сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд 57,1-91,6 хувьтай байна.

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлт 2005 оны зэрэгцүүлэх үнээр 472,4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 38,6 тэрбум төгрөгөөр буюу 7,6 хувиар буурлаа. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлт 8,1 тэрбум төгрөгөөр буюу 2,9 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбар 33,1 тэрбум төгрөгөөр буюу 21,5 хувиар буурсан нь нөлөөлөв.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеийнхээс 2,9 хувиар буурахад газрын тос, зэсийн баяжмал, алт, хайлуур жоншны баяжмал, цайрын баяжмал зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0,2-25,0 хувиар буурснаас шалтгаалжээ.

Харин боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн 21,5 хувийн бууралтад самнасан ноолуур, хивс, дээд гурил, пиво, дарс амтат ус ундаа, тамхи, төмөр замын дэр мод, цемент, төмөр бетон эдлэл, бетон дэр, шохой, молибдений исэл, катодын зэс, металл бэлдэц, цувимал зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 14,2-86,5 хувиар буурсан нь нөлөөлсөн байна.

Улсын хэмжээнд 2009 оны эхний дөрөвдүгээр сард нийт 25,3 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэснээс 23 тэрбум төгрөг буюу 90,9 хувийг дотоодын барилгын байгууллага, 2,3 тэрбум төгрөг буюу 9,1 хувийг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн байна.

Төмөр замын тээврээр 4229 мянган тонн ачаа, давхардсан тоогоор 992,7 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 770,8 мянган тонн буюу 15,4 хувь, зорчигчдын тоо 420,2 мянган хүн буюу 29,7 хувиар буурчээ.

Агаарын тээврээр 315,3 тонн ачаа тээвэрлэж, давхардсан тоогоор 67,9 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 281,5 тонноор буюу 47,2 хувь, зорчигчдын тоо 31,6 мянган хүнээр буюу 31,8 хувиар тус тус буурчээ.

Үндэсний статистикийн хороо

Цааш нь...

Sunday, May 10, 2009

Хөгжилтэй бөгөөд үнэн Менежментийн ухааныг 5 минутад сурцгаая!


Хөгжилтэй бөгөөд үнэн Менежментийн ухааныг 5 минутад сурцгаая!

Хичээл #1

Нөхөр нь эхнэртэйгээ зөрөөд шүршүүрт орж явахад хаалганы хонх дуугарав. Дөнгөж душнээс гарсан эхнэр нь биеээ алчуураар ороогоод доошоо бууж хаалгаа тайллаа.

Хажуу айлын Боб хаалган дээр зогсоно. Эхнэр юм асуухаас өмнө Боб - Би чамайг наад алчуураа тайлвал 800 доллар өглөө гэх нь тэр. Хэсэг зуур бодсоны дараа хүүхэн зөвшөөрч алчуураа тайллаа. Хэдэн хормын дараа Боб түүний гарт 800 доллар атгуулаад яваад өгөх нь тэр.
Хүүхэн ч биеээ алчуураар эргэж ороогоод дээшээ өрөө лүүгээ явлаа. Дээшээ гарахад нөхөр нь хэн байсан бэ? гэж асуув.

Хажуу айлын Боб л байна гэж эхнэр нь хариулахад нөхөр нь цаадах чинь надаас зээлсэн 800 доллароо чамд өгөөгүй биз гэж асуусан байна.

Энэ түүхээс суралцах нь:

Хөрөнгө оруулагч нартаа зээлийн болон бодит эрсдэлийн талаар мэдээллийг цаг тухайд нь хуваалцвал эрсдэлээ ил тод гаргахаас зайлсхийх боломжтой юм.

*********
Хичээл #2

Нэгэн гэлэнмаа ламтантай машинд явж байж гэнэ. Гэлэнмаа машинд орж суугаад хөлөө ачиж суухад гуя нь ил гарч ламтан золтой л замын осол гаргасангүй. Машинаа бариж яваа ламтан эвтэйхэн гэлэнмаан хөлийг илж эхлэв.

Гэлэнмаа: Ламтаан та Псалм 129 ишлэлийг санаж байгаа биз дээ?

Ламтан гараа татаж аваад араагаа солив. Тэр эргээд гуяан дээр нь гараа аваачив.

Гэлэнмаа дахиад л Ламтаан та Псалм 129 ишлэлийг санаж байгаа биз дээ? гэж асуухад Ламтан: Намайг уучлаарай гэхдээ бие махбодь минь хүчгүйдэж байна гэж хэлэв.

Зорьсон газраа хүрээд гэлэнмаа нууцхан санаа алдаад яваад өгөв.

Ламтан Псалм 129 ишлэлийг яаран гаргаж ирж уншвал "Аажмаар яваад бай, дээшлээд гайхамшгийг мэдрэх болно" гэсэн байв.

Энэ түүхээс суралцах нь:

Ажил дээрээ хэрвээ мэдээлэлгүй байвал гайхамшигтай боломжийг ч алдаж мэднэ.


*********

Хичээл #3

Борлуулалтын төлөөлөгч, ахлах худалдагч болон дэлгүүрийн менежер 3 өдрийн хоолондоо орохоор алхаж явна. Тэд нилээд хуучны бололтой дэнлүү олоод үрж үзтэл Шидтэн гарч ирэх нь тэр.

Шидтэн: Би та бүхний нэг хүслийг биелүүлье.

Ахлах худалдагч: Би эхэнд нь, би эхлээд гэж хэлээд. Намайг Бахамийн арал дээр аваачаад би тэнд завь худалдан авч сайхан амьдармаар байна гэж хэлэв.
Хүслээ хэлж дуусмагц худалдагч алга болчихов.

Дараа нь би, дараа нь би гээд худалдааны төлөөлөгч би Хавайн арал дээр хувийн массажист-тай амарч Пина Колада шимэн хайртайгаа баймаар байна гэж хэлээд мөн алга боллоо.

Одоо чиний ээлж гэж хэлэхэд менежер Би энэ 2-ыг цайны цаг дуусмагц буцааж авчирахыг хүсэж байна гэж хэлжээ.

Энэ түүхээс суралцах нь:

Эхлээд боссоо юу ярихийг сонсох нь чухал юм.

*********

Хичээл #4

Нэгэн бүргэд модны оройд суугаад юу ч хийхгүй байж байв. Жижиг туулай тэр бүргэдийг хараад би бас тань шиг суугаад юу ч хийхгүй байж болох уу? гэж асуув. Бүргэд болно гэж хариуллаа.

Тэгээд туулай бүргэдийн доор суугаад юу ч хийхгүй сууж байв. Гэв гэнэт үнэг гарч ирээд түүнийг идэж орхиж.

Энэ түүхээс суралцах нь:

Юу ч хийхгүй суух хүсэлтэй бол маш өндөрт суух нь чухал юм.


*********

Хичээл #5
Нэгэн цацагт хяруул бухтай ярилцана. Би чам шиг наад модон дээр чинь гармаар л байна гээд санаа алдаад даанч надад тийм хүч чадал алга гэхэд бух чи миний бааснаас идвэл хүчтэй болно. Эдгээр нь дүүрэн енергитэй гэж хэлжээ.

Цацагт хяруул бааснаас ч идэж гарч тэрээр эхний өдөр модны хамгын доод талын мөчир дээр гарч чаджээ.

Энэ мэтээр явсаар дөрөв дэх өдрөө модны дээр бахархалтайгаар гарч ирлээ. Тэрээр модны орой гарсантай баярлаж байтал фермер түүнийг хараад буудаж унагав.

Энэ түүхээс суралцах нь:

Бухын баас нь чамайг өндөрлөгт гаргаж болно гэхдээ чи тэндээ удахгүй юм.

*********

Хичээл #6
Жижигхээн шувуу өвлийн хүйтэнд өмнө зүгт нисэж явна. Маш хүйтэн салхитай байсан тул тэрээр газарт унасан байна. Газар унаад хөдөлж чадахгүй хэвтэж байтал үхэр хажуугаар нь гарахдаа түүн дээр баачихаад яваад өнгөрчээ. Баасан дунд хэвтэж байхдаа тэрээр ямар дулаан болохыг нь мэдэрч эхлэв.

Баас нь түүнийг сайхан дулаацуулж байв. Дулаацаж урам орсон шувуухай баярлаад дуулж эхлэв.

Хажуугаар өнгөрч байсан муур дууг сонсоод хүрч ирлээ. Тэр баасан дундаас шувууг олж бааснаас гаргаад идсэн байна.

Энэ түүхээс суралцах нь:

(1) Чамд дээр баасан хүн бүр чиний дайсан биш юм.

(2) Чамайг бааснаас татаж гаргасан хүн бүр чиний найз биш юм.

(3) Хэрвээ чи баасан дунд гүнзгий орсон бол амаа хамхисан нь дээр!

Орчуулж, Монголчилсон Лхагва.Э
3 дугаар сарын 27, 2009 он

Цааш нь...

Friday, May 8, 2009

Брэнд: Өнгөний сэтгэл зүй


Брэндийн стратегийн нэгэн гол хүчин зүйл нь Өнгөний сэтгэл зүй юм. Маркетерууд хэрэгэлгчиддээ өөрийн брэндийг хэрхэн яаж ямар өнгөөр хоногшуулах талаар байнга судалж байдаг билээ.
Иймд өнгөний зохицолын талаар болон өнгө ямар утга илэрхийлдэг танай бүтээгдэхүүн үйлчилгээг илэрхийлж буй өнгө хэр зохцож байгааг эндээс сонирхоорой.

Улаан өнгө – сэтгэл хөдлөл, сэрэл мэдрэмж, хүч чадал, хайр дурлал, хурд хүч, осол аюул, анхаарал болгоомж
Цэнхэр өнгө – (хамгийн түгээмэл өнгө) итгэл найдвар, бат бөх үнэн зөв байдал, хүйтэн харьцаа
Шар өнгө – халуун дулаан, баяр хөөр, урам зориг, магтаал сайшаал, аз жаргал
Улбар шар – томоогүй, алиа зан, халуун дулаан илч, доргио
Ногоон – Байгаль дэлхий, шинэ ариун, амар тайван, өсөлт, элбэг дэлбэг, тоо томшгүй
Хөх Ягаан – эрхэм дээд, сүсэг бишрэл, нэр хүнд, өндөр цол
Ягаан – зөөлөн намуун тайван, аюулгүй байдал баталгаа, хамгаалалт
Цагаан – цэвэр ариун, цэмцгэр, залуу бага нас, зөөлөн, номхон дөлгөөн
Хар – Гоёмсог, гоё ганган дэгжин, нууц далд
Алтан шар – нэр алдар, нэр хүнд, үнэтэй

Цааш нь...

Мерседес - ийн сурталчилгааны компанит ажил - "Acts when you are distracted. Pre-safe. The intelligent brake system."




"Acts when you are distracted. Pre-safe. The intelligent brake system."

Цааш нь...

Thursday, May 7, 2009

Сонины зах зээл хийгээд сонин уншигчид



Саяхан “Нийслэл таймс” сонин шинээр гарсанаар өдөр тутмын сонины тоо 16-д хүрлээ. Сүүлийн үеийн судалгаагаар өдөр тутмын болон 7 хоног тутмын сонины тоо нэмэгдэж, түүнээс бага давтамжтай сонины тоо буурах хандлага ажиглагдлаа. Мөн сонины борлуулалтын тоо өмнөх жилээс гурван сая гаруй ширхэгээр буурсаныг интернэтийн хэрэглээ нэмэгдсэнээр сонины хэрэглээ буурч байгаа, залуучуудаас илүү дунд насныхан сонин уншдаг учир шинэ залуу уншигчдыг бэлтгэх хэрэгцээ шаардлага тулгарч байгаа, мөн шар болон сенсаацитай мэдээлэл бүхий чөлөөт сонины эрэлт эрс буурсан зэрэг хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байна

Дэлхийн сонины зах зээлийг ажиглахад өдөр тутмын сонины ноёрхол бий болж, өндөр хөгжилтэй улс орны сонины борлуулалтын 80-90 хувийг өдөр тутмын сонинууд эзэлж байна. Энэ үзэгдэл ч манайд давтагдаж жилдээ 24,5 сая ширхэг сонин борлогддогоос 1,6 сая буюу 70 орчим хувийг өдөр тутмын 15 сонин борлуулж байгаа юм.

Хэвлэлийн хүрээлэнгийн 2009 оны дөрөвдүгээр сарын “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-гаар хэвлэл уншигчдын тухай мэдээлэлд голлон анхаарч, энэ талын мэдээллийг түлхүү оруулсан байна.

Нийслэлчүүдийн тал хувь нь дор хаяж 7 хоногт нэг удаа сонин уншдаг бол сэтгүүлийг 29 хувь нь тогтмол уншиж байна. Гэвч өдөр тутам сонин уншдаг хүмүүсийн тоо өмнөх оны мөн үеэс 1,3 хувиар буурч харин сэтгүүлийг өдөр бүр ашигладаг хүмүүсийн тоо 3,5 хувиар өсжээ.

Нийт уншигчдын 15 хувь буюу 113 мянга орчим уншигчтайгаар “Өдрийн сонин” тэргүүлсэн бол удаах байранд “Өнөөдөр”, “Зууны мэдээ” сонинууд оржээ. Чөлөөт сониноос “Сэрүүлэг”, “Хүмүүс” сонинуудын уншигчдын тоо харьцангуй сайн байна.

Түүнчлэн интернэт хэмээх технологийн дэвшлээр өдөр тутмын сонинууд онлайн хэлбэрээр давхар гарч хэвлэл мэдээллийн салбар шинэ шатруу ахисаар байна. Сонин сэтгүүлийг хэн, хаана, яагаад хамгийн их уншдаг, аль сонин бусдаасаа тэргүүлж байгаа, ямар мэдээлэл уншихыг хүсдэг зэрэг хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн зах зээлийн бодит, дэлгэрэнгүй, цогц мэдээллийг манайхаас аваарай.

Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Мэдээлэл Судалгааны Алба:
Харилцах утас: 7011-3475

Цааш нь...

Wednesday, May 6, 2009

2007 оны дэлхийн шилдэг брэнд: INDITEX групп


2007 оны дэлхийн шилдэг брэнд

Interbrand компаниас Дэлхийн хамгийн алдартай 100 брэндийн жагсаалтыг гаргажээ. 2007 оны шилдэг брэндийн жагсаалтыг мөн л Coca-Cola тэргүүлсэн байна. Тус брэнд нь сүүлийн хэдэн жил тасралтгүй энэ жагсаалтыг тэргүүлж байгаа бөгөөд нэр хүнд нь хурдацтайгаар өсч байгаа брэндүүдийн тоонд Google, Zara, Apple болон Nintendo багтжээ.

Zara брэндийн үүсгэн санаачлагч Inditex Group-ын талаар:

INDITEX группын товч танилцуулга:
Үүссэн он: 1963
Ажилчдын тоо: 39.760
Борлуулалт: 4.59 тэрбум евро (5.09 тэрбум доллар) 2003 оны байдлаар
Нөөцийн нийлүүлэлт: Madrid
Бүтээгдэхүүний төрөл болон үзүүлж байгаа үйлчилгээний төрөл: Эмэгтэй хүн болон охидын бэлэн хувцас, эрэгтэй хүн болон хөвгүүдийн бэлэн хувцас, нялх хүүхдийн хувцас, бөөний худалдааны нийлүүлэлт, гэр бүлийн хувцасны дэлгүүрүүд, гутлын дэлгүүрүүд, хэрэглэгчдэд зээл олгох, үл хөдлөх хөрөнгө болон эд хөрөнгийн агент болон зуучлагч
INDITEX групп

Inditex, Industrias de Diseсo Textil (англиар Textile Design Industries, Inc.) компани нь Испаний том корпораци төдийгүй дэлхийн хамгийн том загварын группуудын нэг. Inditex Group нь нэхмэл эдлэлийн загвар, үйлдвэрлэл, дистрибютерийн бизнесийн хамтарсан 100 гаруй компаниудыг багтаадаг.

Inditex нь дэлхий дээрх хамгийн том загварын дистрибютэр бөгөөд худалдааны найман брендтэй. Үүнд: Zara, Pull and Bear, Massimo Dutti, Bershka, Stradivarius, Oysho, Zara Home болон Kiddy's Class ордог бөгөөд нийт 68 улсад 3777 дэлгүүртэй.

Inditex нь шинэ санаачилга болон уян хатан чанарт үндэслэгдсэн удирдлагын ер бусын загварынхаа амжилтын ачаар хамгийн том загварын дистрибютерийн групп болж чадсан. Тэдний загварын философи нь:
 Бүтээлч байдал болон зах зээлийн эрэлтийн хурдан хариу үйлдлээс гаргасан загварын шинж чанар
 Олон улсын зах зээлийн түргэн өсөлтийн үр дүн болон тэдний борлуулалтын маш сайн хариу үйлдэл зэрэг болдог.
Группын шинэ загварууд болон үйлдвэрлэлүүд бараг бүх зүйл нь хоёр долоон хоногийн дотор Zara дэлгүүрүүдэд хүргэгддэг.

Inditex группын соёл нь багийн ажиллагаа, нээлттэй харилцаа болон эрэлтийн дээд зэрэглэлийн түвшингээр тодорхойлогддог. Эдгээр бодлогууд нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжтай байдал хүртэл ажилчдын хувийн үүрэг даалгаврыг чиглүүлсэн баримт юм.

Inditex группын зорилтот зах зээл болон сегментүүд:

Бизнесийн сегмент:
Inditex группын үндсэн үйл ажиллагаа нь хувцас, гутал болон айл гэрийн нэхмэл эдлэлийн бүтээгдэхүүний жижиглэн худалдаа зэрэг худалдааны ялгаатай сегментүүдийг зорилгоо болгон ажилладаг юм. Эдгээр худалдааны бүрдэл нь группын эрсдэл болон шан харамжийн туршлага дээр үндэслэгдэн бий болсон бизнесийн сегментүүдийг байдаг. Inditex-ийн 8 бизнесийн бүрдэл байдаг. Эдгээр нь Zara, Kiddy’s Class, Pull & Bear, Massimo Dutti, Bershka, Stradivarius, Oysho and Zara Home юм. Бүрдэл бүр өөрсдийн эзэмшил сүлжээ дэлгүүр болон корпорацийн бодлогод захирагддаг.

Газарзүйн сегмент:
Inditex группын бүх худалдааны бүрдлүүдээ өөрчлөгдөж байгаа эдийн засагтай ялгаатай зах зээлүүд, худалдааны болон хууль зүйн орчин болон түүнчлэн ялгаатай эрсдэл болон шан харамжийг судалж байж ажиллуулдаг. Групп газарзүйн 4 сегментэд хуваасан.
 Испани
 Европын зарим улсууд
 Америк
 Ази зэрэг дэлхийн бизнес нь хөгжих хамгийн боломжтой газруудыг авсан бөгөөд
эдгээр нь улс төр, эдийн засаг болон худалдааны нөхцөл байдлын ижил төсөөтэй байдалд үндэслэн товлосон. Газарзүйн сегментийн байршлыг сонгохдоо хэрэглэгчдийн орлогын түвшин болон сегментийн хөрөнгийг үндэслэсэн.

Цааш нь...

Monday, May 4, 2009

КтМС-ийн багш Д.Ганбаатар: Маркетингийн тулаан III - Архины зах зээлийн өрсөлдөөн


Маркетингийн тулаан III - Архины зах зээлийн өрсөлдөөн-

Уншигч та бүхэндээ маркетингийн тулаан булангаараа Монголын томоохон зах зээлийн компаниудын маркетингийн стратегуудийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаараар архины зах зээл дэх маркетингийн тулааныг хүргэж байна.

Том жижиг 2 өрсөлдөгч тулалдаанд ороход бурхан томынх нь талд л ордог. Эзлэгдээгүй талбар дээр худалдааны олон ажилтантай компани нь бүхнээс илүү хувийг эзлэх болно. Зах зээл хуваагдсаны дараа том хувь эзэлж байгаа компани мөн жижгүүдийнхээ үйлчлүүлэгчдийг зулгаасаар байдаг. Том компани зар сурталчилгаанд их мөнгө гаргаж, судалгааний том баг хөлсөлж, борлуулалтын олон цэгтэй байж чадна. Баян нь улам л баяжаад ядуу нь улам л хоосроод байдаг нь гайхах зүйл биш.

Тэгэхээр жижиг өрсөлдөгчид огт ирээдүйгүй гэсэн үг үү? яалаа гэж дээ, тийм байгаа болохоор гол нь зах зээл дээр бага хувьтай байгаа компаниуд энэ талаар цэргийн жанжин шиг бодох хэрэгтэй. Тэд байлдаан явуулах анхны зарчим -хүчний зарчмыг санаж явах нь чухал. Наполеон - хүн цөөтэй армийн байлдах урлаг нь дайрах юм уу хамгаалах цэг дээрээ дайснаасаа илүү цэрэг хуримтлуулахад оршино гэж хэлсэн удаатай.

Цэргийнхэн хүчний зарчмын чухлыг сайн ойлгодог. Тийм ч учраас тагнуулын мэдээг судлахдаа их цаг зарцуулдаг. Энэ нь маркетингийн хувьд судалгаа, шинжилгээний зардал юм. Ихэнх компаниуд маркетингийн судалгаа шинжилгээнд хөрөнгө зарахгүйгээр борлуулалтаа нэмэгдүүлэх өсгөх талаар ярьдаг. Энэ бол мөрөөдөл. Иймээс та зах зээл дээр хувиа өсгөх борлуулалтаа нэмэгдүүлэх гэж бодож байгаа бол зардал гаргахаа мартаж болохгүй. Жанжингууд цэргүүдийнхээ сэтгэл санааг өргөх зорилгоор тэд үргэлж л манай цэргүүд шиг цэрэг алга, манай зэвсгийг гүйцэх зэвсэг алга гэцгээдэг.

Маркетингийн олонхи удирдагчид тэдэн шиг аашилж, тэгснээрээ өөрсдийнхөө гоё үгэнд хууртдаг. Өөрсдийгөө хамгийн шилмэл хүмүүс, өөрсдийнхөө барааг хамгийн шилдэг гэж төөрөгдүүлснээр унадаг.

Монголын архины зах зээлд АПУ, Спирт бал бурам, Жем интернейшнл, UFC гэсэн компаниуд голлох байр суурийг эзэлж байгаа. Эдгээр компаниуд үнийн өөр өөрийн стратегийг хэрэглэсээр ирсэн. Энэ зах зээл нь өөрөө онцлог зах зээл учраас үнэ, бүтээгдэхүүн, хувиарлалтын стратегийг зөв барьснаар амжилт гаргах магадлал өндөр.

“АПУ” нэр хүндийн стратеги
АПУ компанийг мэдэхгүй, бүтээгдэхүүнийг нь хэрэглэж үзээгүй хүн ховор. Байгуулагдаад удсан, үйлдвэрлэлтийн олон жилийн туршлагатай, бүтээгдэхүүний чанар нь хэрэглэгчдэд танигдсан архины зах зээлд өөрийн гэсэн байр суурийг эзэлсэн гээд давуу тал ихтэй. Тиймээс нэр хүндийн буюу манлайлагчийн стратегийг хэрэгжүүлж байгаа. Бүтээгдэхүүний чанар сайн, үнийг нь өндөр түвшинд байлгах бодлого барьдаг. Өндөр чанартай бүтээгдэхүүнийг өндөр үнээр гаргах, дунд чанартай бүтээгдэхүүнийг дундаж үнээр гаргах, эсвэл чанарын түвшин доогуур бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдах стратегиуд нэг ижил зах зээл дээр зэрэгцэн оршино. Нэр төрлөө олшруулах гэж нэг их яардаггүй. Хуваарилалтын сувагтаа анхаарал тавьдаг. Гэхдээ сувгуудын борлуулалтын мэдээлэлийг авдаггүй сул тал ажиглагддаг. Бүтээгдэхүүн нь сегмент бүрт тохирсон байдаг ба зах зээлийн талбарыг бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, ажиллагчдын хүчээр эзэлж байгаа. Бөөний буюу жижиглэнгийн худалдаанд идэвхижүүлэлт бага хийдгээс зах зээлийг бүрэн хамарч чаддаггүй сул талтай. Архины зах зээлд хүчтэй өрсөлдөгчийн тоонд зүй ёсоор ордог.

“Спирт бал бурам” өндөр үнэлгээний стратеги
“Спирт бал бурам” компани бүтээгдэхүүнийхээ чанарт анхаарч, үнийг дунд түвшинд барих бодлого барьдаг. Энэ нь масс хэрэглэгчдийг татах маркетингийн аргуудын нэг. Баяр ёслолын үеэр хэрэглэгчид СББ компанийн бүтээгдэхүүнийг их худалдан авдаг. Хэрэглэгчдийн худалдан авах чадварт тохируулж бүтээгдэхүүнийхээ үнийг тогтоодог давуу талтай. Хэрэглэгчдийн сэтгэлзүйд брэнд бүтээгдэхүүнээ хоногшуулахад их анхаарсаар ирсэн. СББ компанийн “Хар Чингис” хэрэглэгчдийн сэтгэлзүйд хоногшсон нэр хүндтэй брэнд болж чадсан. Идэвхижүүлэлтэд анхаарал хандуулдаг компаниудын нэг. Хувиарлалтын зохион байгуулалт өндөр. Гол арга нь маркетингийн компанит бодлого болох Сайн үйлсийн аян, нийгэмд хандсан үйл ажиллагаа нь талбарыг эзлэх боломжийг олгож байна. Тулаанд орохдоо өөрийгөө бусдад хүчтэй, сул талгүй гэдгээ сайн ойлгуулж чаддаг. Хэрэглэгчдийн худалдан авах чадвар болгонд тохируулсан бүтээгдэхүүнийг санал болгодог. СББ компани хэзээ ямар стратеги хэрэгжүүлэхээ мэддэг. Брэнд бүтээгдэхүүнийг сайжруулан тулаанд орвол манлайлагчийн стратегийг хэрэгжүүлж байр сууриа сэлгэх магадлалтай.


“Жем интернейшнэл” дэврүүлсэн стратеги
“Жем интернейшнэл” компани бүтээгдэхүүнийхээ сав баглаа, боодолд анхаарал хандуулдаг. Худалдааны энэ арга нь тухайн бүтээгдэхүүний хувьд тохиромжтой боловч түүнийгээ төгс сайн хийж чадахгүй байна. Бүтээгдэхүүнийхээ чанарыг дундаж, үнийг өндөр түвшинд барьж дэврүүлсэн стратеги хэрэгжүүлсээр ирсэн. Хэрэв чанар нь мэдэгдэхүйц өндөр байвал хэрэглэгчид эдгээр өрсөлдөгчдөд итгэж тэднээс илэрхий худалдан авч, мөнгөө хэмнэнэ. Бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийн толгойд өндөр зэрэглэлийнх гэж хоногшуулахыг хичээдэг. Лидерыг дагаж дууриадаг. Ижил төрлийн бүтээгдэхүүнд үнэ өндөр гэж амладаг. Зах зээлд хүчтэй өрсөлдөгч гарч ирсэн үед үнээ тогтвортой барьдаг.
“UFC” гойд сайн үнэлгээний стратеги
Шинэ брэнд гаргаж, хямд үнийн бодлогоор хэрэглэгчдийг татахыг зорьдог. Тиймээс чанар өндөр, үнээ хямд байлгах бодлого барьдаг. Архины зах зээлд гойд сайн үнэлгээний стратегийг хэрэгжүүлсээр ирсэн. Тэд зах зээлийг үнэд мэдрэмжтэй гэж төсөөлөн үнээ доогуур тогтоодог. Үүнийг зах зээлд гүн нэвтрэх үнэ гэж нэрлэдэг. Доорхи нөхцөлд үнийг доогуур тогтоож болно.
- Зах зээл нь үнийн мэдрэмж өндөртэй бөгөөд доогуур үнэ нь зах зээлийн илүү өсөлтийг урамшуулж байх
- Үйлдвэрлэлийн туршлага хуримтлагдахын хэрээр үйлдвэрлэл, хуваарилалтын зардал буурч байх
- Доогуур үнэ нь одоогийн болон далд өрсөлдөгчдийг шахаж байх

“АПУ” компанийн алдаа
Хэрэглэгчдийн сэтгэлзүйд хоногшсон зах зээлд нэр хүнд бүхий Болор брэндийг эвдсэн нь АПУ компанийн хувьд алдаа болсон. Бүтээгдэхүүний шинэчлэлтийг хийхдээ хоногшлийг тооцож үзээгүй. Зах зээлд тэргүүлэгч бүтээгдэхүүнээ тэр хэвээр нь хадгалж чадсан бол зах зээлээ алдахгүй байж болох байсан. Брэндээ хүчирхэг болгохоор эрс шинэчлэл хийж, сансрын хөлөгийн зураг бүхий шошгыг өөрчилсөн. Ингэснээр цоо шинэ бүтээгдэхүүн бий болж байгаа учраас зах зээлд дахин нэр хүндийг нь өсгөхөд асар их хөрөнгө, зарцуулах талтай. Coca-Cola өөрийн борлуулалтаа буурснаас болж 1985 онд New Coke!- ийг зах зээл дээр гарган ирлээ. Зах зээл хуучин бүтээгдэхүүнээ санагалзаж өдөрт 2000 илүү хүн залгаж хуучин Cola-г эргүүлэн өгөхийг шаардаж байлаа. Нэг хүн 1000$ оор хуучин Cola-г худалдан авсан нь бүр их сенсааци тарисан. Гэвч 79 хоногийн дараа Classic Coca-Cola- г зах зээлд буцааж гаргахаас өөр аргагүй болов. Бүтээгдэхүүнийг шинэчлэхдээ хоногшлоо тооцож үзэх хэрэгтэй.Зах зээлд тэргүүлэгч байхын тулд анхдагч байх. Харин энэ байр сууриа хадгалж үлдэхийн тулд бүх чадлаа дайчлах хэрэгтэй

“СББ” компанийн алдаа
Өмч хувьчлалын үеэр АПУ компанийн ажил нэг хэсэг доголдож, түр зогсолт хийсэн. Энэ үед СББ компани архины зах зээлийн хоосон орон зай руу довтолсон. Үүний үр дүн ч гарч “Хараа” брэндийн нэр хүнд маш огцом өссөн. Амжилтандаа хэтэрхий эрдсэн. Энэ үйл явдалд маркетингийн гол бодлого нөлөөлөөгүй бөгөөд харин АПУ компаний алдаа гаргасан гэж ойлгож болно. Иймээс энэ давуу талаа хадгалах үүднээс маркетингийн бодлогоо идэвхижүүлэх шаардлагатай. Үйл ажиллагаагаа идэвхижүүлэхгүй байгаа сул тал ажиглагдаж байна. Хөдлөхгүй бол өрсөлдөгчид орж ирэх аюултай.

“Жем интернейшнэл” компанийн алдаа
Хэрэглэгчдэд чанарыг мэдрүүлэх гэж хичээдэг. Ингэж бүтээгдэхүүндээ хэтэрхий өндөр үнэ тогтоох нь дайны талбарт хүчирхэг зэвсэгтэй хэрнээ явган цэрэггүй тулаанд орж байгаатай адил. Энэ нь нэг жигүүрийг нь эзлэж нөгөө жигүүрийг алдах магадлалыг нэмэгдүүлдэг. Тиймээс шинэ зах зээлийг хайх хэрэгтэй. Жижиг сегментийг орхигдуулсан сул тал ажиглагдаж байна. Хэтэрхий нэг тал руу зүтгэх нь өрсөлдөгчийнхөө давуу талыг анзаарахгүй байх нөхцлийг бүрдүүлдэг. Хэтэрхий лидер компанийн стратегийг дагах нь оновчтой бус.

“UFC” компанийн алдаа
Архины зах зээлд хамгийн бага үнэ тогтоосон компани. Бусад өрсөлдөгчид өндөр үнэ тогтоож байхад “UFC” хямд үнээ барьдаг. Энэ нь дайны талбарт явган цэрэгтэй, хүчирхэг зэвсэггүй тулаанд орж байгаатай ижил. Мэдээж техник технологийн хүч бага болохоор хүчтэй цохилтонд өртөж, эрсдэл учрах магадлалтай. Өөрийн давуу тал болох чанарыг зах зээл дээр төдийлөн сайн ялгаруулж өгч чадаагүй. Тансаг зэрэглэлийн брэндийг бий болгох шаардлагатай.

Цааш нь...
:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008