Хямралаас жижиг бизнес аажмаар гарч байна
2007 онд Америкийн экспортонд жижиг бизнесийн хувийн жин 30.2 хувьтай байсан бөгөөд томоохон компаниудтай харьцуулахад 13 дахин их жижиг компаниуд байгуулагдаж байна.
Сүүлийн эдийн засгийн хямралын үеэр 500 орчим ажиллах хүчинтэй жижиг бизнес эрхлэгчид нэлээд алдагдал хүлээсэн. Ялангуяа барилгын салбарынхан хүчтэй хямралд өртжээ. Харин одоо хямралаас гарах үйл ажиллагаа нь олигтой сайн сэргэж чадахгүй байна. Шинжээчид энэ шалтгааныг жижиг бизнест зориулсан банкны зээл нь хатуу нөхцөлтэй гэж үзсэн байна. Мөн түүнчлэн худалдааны нийт хэмжээ доогуур, эдийн засгийн хөгжлийн ойрын ирээдүй тодорхойгүй байна гэж дүгнэжээ.
Америкийн жижиг бизнесийн хөгжилд үл хөдлөх хөрөнгийн үнэ буурсан нь сөрөг нөлөө үзүүлсээр байна. Орон сууцны зах зээлийн өсөлт нь жижиг бизнесийнхэнд өнөөдөр өндийж чадахгүй байгаагийн бас нэгэн шалтгаан нь болоод байна.
Өнгөрсөн онд жижиг бизнесийг дэмжихэд төр нь тусгай хөтөлбөр боловсруулж гаргасан нь юуны өмнө
барилгын секторт хандуулсан байжээ. Тэгвэл саяхан Конгресс нь 2010 онд ажлын байр нэмэгдүүлсэн компаниудыг татвараас хөнгөлөх тухай хуулийг гаргажээ. Гэвч Германы шинжээчид энэ арга хэмжээ бол жижиг бизнест эерэг нөлөө урт хугацаанд үзүүлж чадахгүй гэж үзсэн байна.
Илтгэлд АНУ-ын жижиг бизнесийн салбарыг сайжруулах гол хөшүүрэг нь дотоодын хэрэглээний эрэлтийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн асуудлыг хөнгөлөхөд оршино гэж дурьдсан байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Америкт худалдан авалт нэлээд өссөн байна. Ойрын жилүүдэд хэрэглээний өсөлт тогтвортой байвал жижиг бизнесийн ашиг орлого болон худалдаа нэмэгдэхэд хөшүүрэг болно гэж шинжээчид үзжээ.















