Monday, February 22, 2010

КтМС-ийн багш Д.Ганбаатар: Маркетингийн тулаан VI ''Ноос ноолуурын салбар''



Зах зээл судлаачид цаг үргэлж л худалдан авагчаар баримжаа хийдэг. Тэд менежерүүдэд үйлдвэрлэлээсээ илүүтэй худалдан авагчдаа л түлхүү ажиглаж байхыг ахин дахин анхааруулдаг. Дэлхийн II дайнаас хойш чухамдаа эрхэмсэг худалдан авагч гуай л зах зээлийн ертөнцийг захирах болсон. Гэвч сүүлийн жилүүдэд эрхэмсэг эзэнтэн маань үхлүүт байгааг анзаарах боллоо. Компаниуд ингэж байгаад тааламжтай нөхцөлд ч унаад өгдгийг ойлгохын тулд бизнес дан үйлдвэрлэлээр баримжаалдаг байсан 20-иод онд эргэн очицгооё. Хенри фордын алдар нэр цэцэглэж байсан тэр үед Форд -Та дуртай өнгөтэй машинаа худалдан авч болно. Гэхдээ тэр чинь хар л байх болно гэж хэлж чадаж байлаа. Тэр цагт бизнес реклам гэгч юмыг өөртөө нээсэн юм. Нийтийг хамарсан зар сурталчилгаа нь нийтийг хамарсан эрэлтийг бий болгож нийтийг хангах үйлдвэрлэлд түлхэж байлаа.
Дайн дуусмагц тэргүүлэх компаниуд худалдан авагчаараа баримжаа хийх болов. Тоглолтыг зах зээл судлаачид хөтлөн зах зээлийн судалгаагаа үүндээ ашигладаг байсан.
Одоо ч гэсэн бүгдээрээ худалдан авагчаараа л бүхнийг баримжаалж байна. Хүмүүс юу хүсдгийг мэдэх нь бизнес эрхлэгчдэд төдий л тус болохгүй. Учир нь тэр хэрэгцээг хангахаар өөр хэдэн арван компани зүтгэж байгаа шүү дээ. Ийм нөхцөлд American Motors- ийн бэрхшээл нь худалдан авагчид бус General Motors, Ford, Chrysler болон гадаадын машин үйлдвэрлэгчид л байсан юм.

Асуудлын мөн чанараас жаахан холдож маркетингийг америк хөл бөмбөгтэй зүйрлэе. Илүү олон оноо авсан баг нь хождог биз дээ. Тэгвэл илүү их борлуулалт хийсэн маркетингийн баг л ялалт байгуулна. Ялалтын тухай ойлголт нь адил. Гэвч хөл бөмбөгийг маркетингийн дүрмээр тоглох гэвэл юу болох вэ ?

Маркетингийн менежерийг хөл бөмбөгийн талбай дээр зогсож байна гэж төсөөлье. Тэр юуны өмнө оноо авах өөрөөр хэлбэл борлуулалтаа өсгөх гол цэг болсон хаалганы байрлалыг тодорхойлж таарна. Дараа нь багаа хаалга руу чиглүүлж бөмбөгөө тоглолтод оруулна. Гэвч ийм бүдүүвч шулуун ойлголт нь шууд л сүйрэлд хүргэнэ гэдгийг ойлгохын тулд америк хөл бөмбөгийн дасгалжуулагч байх шаардлагагүй. Хөл бөмбөгт ялахын тулд хуурах хөдөлгөөн хийх, жигүүрээр довтлох, өөрөөр хэлбэл нөгөө багтайгаа хөөцөлдөж тоглох хэрэг гардаг. Өрсөлдөгчөө хэрхэн мэхлэж, яаж зөв довтлох чадвараас чинь оноо хамаарна. Дайнд ч гэсэн ялахын тулд шуудхан уухай хашгираад дайрах бус дайснаа хуурах, жигүүрээр хумиж бүслэх, дарамтлах зэргээр есөн шидийг хийх хэрэгтэй болдог. Жанжны эзэлж авсан нутаг дэвсгэр бол түүний уран чадварын тусгал юм.

Ноос, ноолуурын салбар бол Монголын нэлээд чухал салбарын нэг юм. Хэрэглэгчид бодож магадгүй ийм жижиг зах зээл дээр ноос, ноолуурын үйлдвэрлэгчид ийм олон байх хэрэг байна уу ? Дотоод зах зээлийг булаацалдах хэрэг юу байгаам бэ? Дэлхий гэж том зах зээл байна шдээ гэж. Энэ нь 2 талтай гэж ойлгож болно. Нэгдүгээрт хэрэглэгчидийн хувьд олон компани байх тусам сонголт ихтэй, хоёрдугаарт гадаад зах зээл дээр өрсөлдөөнд орохын тулд дотоод зах зээл дээр нэр хүндтэй байх хэрэгтэй болдог. Гадаадын компаниуд хамтрагчаа сонгохын тулд хэн ч мэдэхгүй нэг компанитай харьцсанаас харин дотооддоо нэр хүндтэй хэрэглэгчид мэддэг компанитай харьцах нь илүү дээр байдаг. Тэгэхээр зах зээлийн жижиг гэж голох биш харин яаж түүнийг эзлэх талаар бодох хэрэгтэй. Дотоод зах зээл маань гадаад зах зээл дээр гарах анхны гишгүүр юм. Иймээс л компаниуд дотоод зах зээлийг эзлэх сонирхолтой байдаг.

Энэ салбарын өрсөлдөөн намар, өвөл идэвхждэг. Зах зээлд улирлын чанартайгаар тулаан хийдгээрээ онцлог. Одоо ноолуурын компаниудын хоорондох өрсөлдөөн ид хүчээ авч, олон шинэ компани гарч ирж байгаа. Тиймээс ч шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зар сурталчилгаа хийн, урамшуулал зарлаж эхэллээ.

Монголын ноолуурын компаниудын бүтээгдэхүүн чанарын хувьд бол ив ижил. Харин загварын хувьд ялгаатай. Загвараар “Алтай кашмир”, “Гоёо”, “Говь”, дараа нь “Ээрмэл” орно. Будаг болон боловсруулалтын хувьд өөр байдаг. Хэрэглэгчиддээ гэж хэлэхэд 100 хувийн цэвэр ноолуураар хийсэн хувцас бөөсөрдөг. Харин торгоны холио болон өөр зүйл хольсон ноолуур бөөсрөхгүй. Хятадаас торгоны хольцтой ноолууран бүтээгдэхүүн импортоор их орж ирж байгаа. Торгоны холиог хийснээр бүтээгдэхүүний өртөг хямдардаг. Тиймээс зах зээлд хямд үнээр зарагддаг. Одоогийн байдлаар “Говь” компани торгоны хольцтой ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Торгоны хольц оруулах нь дотоодын чанартай ноолуурын нэр хүндийг бууруулах сөрөг талтай. Дэлхийн зах зээл дэхь ноолууран бүтээгдэхүүний загварын чиг хандлага, өнгөнөөс Монголын компаниуд хоцордоггүй. Монголчууд хуваарилалтын сувгаа зөв зохион байгуулж чаддаггүй. Тиймээс олон улсын зах зээлд дээд зэргийн чанартайд тооцогддоггүй.

Монголд ноолуурын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг 20-иод компани бий. Эдгээр компаниуд дотроос “Говь”, “Алтай Кашмир”, “Гоёо”, “Ээрмэл” голлох байр суурь эзэлж байгаа. Тиймдээ ч энэ салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж зах зээлийг хуваан эзлэдэг. Ингээд дээрхи дөрвөн компанийн маркетингийн тулааныг хүргэж байна.

“Говь”компанийн хамгаалах стратеги

“Говь” компани зах зээлд эзэлсэн байр сууриа хамгаалах стратеги баримталдаг. Ноос, ноолуурын үйлдвэрлэл, худалдааны чиглэлдээ томоохон компаниудын тоонд орно. Зах зээлийг дангаараа эзлэж байсан цаг саяхан ч хувьчлагдсанаасаа хойш маркетингийн оновчтой бодлого төдийлөн хэрэгжүүлж чадаагүй. Нэлээд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн улсын үндсэн үйлдвэрүүдийн нэг байсан учраас нөөц бололцоо ихтэй, хуучин гол бааз суурь сайтай. Одоогийн байдлаар “Говь” компанийн эзлэсэн өндөрлөг рүү маш олон компаниуд мацаж байгаа. Өөрийн эзлэсэн байр суурийг хамгаалах, өндөрлөгөөсөө яаж буухгүй байх вэ гэдэгт анхаардаг. Тиймээс ч зах зээлд өөрийн мөн чанарыг мэдрүүлсэн, хүчирхэг давуу гэдгээ бусдад харуулах алхам хийж байгаа. Саяхан намар, өвлийн ноолууран хувцасны коллекциар үзэсгэлэн зохион байгуулсан. “Говь” хамгаалалтын стратегид шилжсэнээр бусад компани маркетингийн бодлогоо хэрэгжүүлсэний дараа зах зээлд шинэлэг бүтээгдэхүүн гаргадаг. Үүний илрэл нь жишээлбэл үйлвэрийн дэлгүүрээ сүүлд нээсэн явдал. Энэ тохиолдолд маркетингийн зардал харьцангүй бага гарна. Ихэнх удирдагч нар өндөрлөгрүү гарах хэцүү гэдэг харин эсрэгээрээ өндөрлөгийг эзлэх нь амархан харин өндөрлөгөө хамгаалах хэцүү гэж хэлмээр байна.

“Алтай Кашмир”-ийн нэр хүндийн стратеги
Ноолуурын зах зээлийн хоёр дахь том компани бол “Алтай Кашмир”. Энэ компаний үндсэн стратеги нь нэр хүндийн стратеги. Байгуулагдаад олон жил болсон, тухайн зах зээлдээ нэр хүндтэй компанийн тоонд зүй ёсоор орно. Цөөхөн тооны бүтээгдэхүүнийг олон загвараар үйлдвэрлэдэг. Олон загвараар бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зардал их гарч зах зээлд өндөр өртөгөөр зарагддаг. Өндөр өртгийг дагаад чанар, өртөгийн хослолыг бий болгох шаардлага урган гарч буй. Тиймээс “Алтай кашмир” нэр хүндийн стратеги баримталдаг. Нэр хүндийн стратегийг бий болгохын тулд маркетингийн зардал өндөр гаргах хэрэгтэй болно. Энэ тохиолдолд давуу талаа хэрэглэгчдэд мэдрүүлэх ёстой. Зар сурталчилгаа, идэвхижүүлэлтэнд ч их хэмжээний мөнгө зарах хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл өөрийн сүр хүчийг үзүүлэх хэрэгтэй. “Говь”-ийн байр суурийг эзлэж өндөрлөгт хүрэхийн тулд илүү хүч хөдөлмөр гаргах шаардлагатай. Дайтаж байна гэж үзвэл их цэрэг, техникийг ашиглаж хүчин чадлыг бүрэн дайчилна гэсэн үг. Маркетингийн зөв бодлого хэрэгжүүлбэл “Говь”-ийн байр суурийг эзлэх боломжтой.

“Гоёо”-гийн манлайлагчийн шинэчлэлтийг зогсоох стратеги

“Гоёо” манлайлагчийн шинэчлэлтийг зогсоох стратеги барьдаг. “Говь”-ийн зах зээлд хийж буй алхам бүрийг даган дууриаж, эсвэл эсрэг арга хэмжээ авдаг. Энэ нь тухайн зах зээлийг хүчээр эзлэх бодлого хэрэгжүүлнэ гэсэн үг. “Гоёо” компани нь “МСS”-ийн охин компанийн тоонд ордог. “МСS” дэлхийн томоохон компаниудын гэрээт борлуулагч учраас ихэнх брэндүүд нь маркетингийн зардалтайгаа орж ирдэг. Тэр хүрээнд хамтад нь маркетингийн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг учраас зардал харьцангүй бага гарах боломжтой. Бусад өрсөлдөгчдийн хувьд өөрсдийн хүчээр маркетинг хийдэг учраас энэ асуудал нь нэлээд хүндээр тусдаг. “Гоёо” компанийн хувьд цэргийнхээр бааз суурь сайтай. Томоохон хэмжээний тулаан ороход бэлэн. Цохилтонд орсон ч даагаад гарна. “Говь” компанийн дараа ноолууран хувцасны коллекциор худалдаа зохион байгуулсан ч олон нийтэд төдийлөн мэдэгдээгүй. Энэ нь “Гоёо”, “Говь”-ийн асаасан галыг намжаах зорилгоор энэ арга хэмжээг зохион байгуулсантай холбоотой. Манлайлагчийн шинэчлэлтийг зогсоохын тулд “Гоёо” олон бодлого хэрэгжүүлдэг. Дагах стратеги барьж байсан бол стратегиа өөрчлөн манлайлагчийг сөрж зогсох хэмжээний том компани болж өргөжсөн. Өдгөө “Говь”, “Гоёо” хоёр зах зээлд өөд өөдөөсөө халз тулсан байдалтай байна.
“Ээрмэл”-ийн манлайлагчийг дагах стратеги

“Ээрмэл” компани зах зээлд манлайлагчийг дагах стратеги барьдаг. Салбартаа олон жил түүхтэй компани. Зах зээлд хэдэн жилийн өмнө хүчтэй алхам хийж байсан боловч тулаанд гарч ирж чадаагүй. Өнөөдөр үйл ажиллагаа нь зогсонги, шийдэмгий бус байдалтай байна.. Ямар нэг шинэ зүйл санаачилахгүй ерөнхийдөө жижиг өрсөлдөгчийн хэмжээнд очсон. Өмнөх нэр хүндээр нь аваад үзвэл манлайлагчийн байр суурийн төлөө өрсөлдөх компанийн тоонд зүй ёсоор орно. Гэсэн ч давуу талаа ашигладаггүй. Арслан мөртөө туулай зүрхтэй байдал анзаарагдаж байгаа. Манлайлагч компанийг давах зоригтой алхам хийх ёстой. Өөрөөр хэлбэл өрсөлдөөнд орж тухайн зах зээлийг эзлэн авах шинэ төрлийн бүтээгдэхүүнийг бий болгох, маркетингийн хүчтэй бодлого явуулах хэрэгтэй. Энэ компанид зах зээлд ойртон очиж шинэ стратеги боловсруулбал хөгжих бололцоо бий. Сайн маркетингийн бодлого, чадварлаг менежер дутаж байгаа.

“Говь” компанийн давуу болон сул тал

“Говь” компани зах зээлд өндөр байр суурь эзлэж байсан. Хүчтэй компани. Одоогийн зах зээлд өөрийн байр суурийг улам баталгаажуулах боломж байгаа боловч нарийн аргачлал боловсруулж чаддаггүй. Хуучин нэр хүндээрээ явж байгаа. Шинэлэг арга хэмжээг төдийлөн хэрэгжүүлдэггүй. Дотоодын зах зээлийг орхигдуулж байгаа сул талтай. Нэр хүндээ хадгалж маркетингаа бататгаж чаддаггүй. Идэвхижүүлэлтийн бодлого муу. Хувьчлалд орсноор “Говь” компани нэр хүндээ алдаагүй. Ингэснээр удирдлагын зардлаа бууруулж, өөрсдийн алхамуудыг хийх боломжтой болсон. Үйлдвэрийн дэлгүүрээ нээсэн, Италиас шинэ технологи оруулж ирсэн гээд давуу талууд байгаа.

Алтай кашмир” компанийн давуу болон сул тал
“Алтай кашмир” нэр хүндтэй компани. Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг давуу талыг хэрэглэгчдийн сэтгэл зүйд хоногшуулж чадсан. Давуу байдлаа хадгалах нийгэм олон нийт рүү чиглэсэн маркетингийн бодлого дутуу хийсэн. Брэндийн буюу массын бүтээгдэхүүн зах зээлд гаргах шаардлагатай. ISO 9000 Олон улсын чанарын байгууллагаас ноолуурын салбартаа анх удаа гэрчилгээ авсан. Энэ нь “Алтай Кашмир” компанийн ноолууран бүтээгдэхүүний технологи чанарын өндөр түвшинд байгаагийн нотлогоо болсон. Өөрөөр хэлбэл түүхий эд бэлтгэлээс эхлээд хэрэглэгчийн гар дээр очих хүртэлх бүтээгдэхүүн үйлдвэрлэх шат стандартын дагуу хийгдсэн гэсэн үг. “Алтай Кашмир” бүтээгдэхүүнийхээ чанарыг ингэж баталгаажуулсанаараа бусад компаниудаасаа давуу талтай. Ноолууран бүтээгдэхүүний хэрэглээ талд анхаарч ноолууран хувцасны угаалгын нунтагийг худалдан авсан бүтээгдэхүүний үнийн дүнтэй тэнцүүлэн хэрэглэгчдэд олгож байгаа энэ нь ч нэлээд шинэлэг болсон. Гадаадаас дизайнер урьж ажиллуулж байгаа нь бүтээгдэхүүний загварыг сайжруулж байгаа нь дэвшилтэт алхам болсон. Дотоодын зах зээлд түлхүү анхаардаг.

“Гоёо” компанийн давуу болон сул тал
“Гоёо” бааз суурь сайтай. Зах зээлийн борлуулт болон идэвхижүүлэлтэнд бага анхаардаг ч хүчирхэг компанийн тоонд зүй ёсоор орно. Анх гарч ирэхдээ нэлээд өргөн далайцтай орж байсан боловч одоо төдийлөн сайн харагдахгүй байна. Боловсон хүчин санхүү, нэр хүнд зэрэг давуу тал ихтэй учраас давшилтанд орох бүрэн боломжтой. Шинэ бодлого хэрэгжүүлэхгүй, хуучныг даган дууриах, бусад компанийн хийсэн шинэчлэлтийг зогсоохоор оролддог сул талтай. Урьд нь хийж байсан зоригтой давшилтуудаа зах зээлд дахин сэргээх хэрэгтэй. Мэргэжилтнүүдийн дунд нэр хүнд нь буурч байгаа гэсэн мессеж хүчтэй тарж байгаа. Нэр хүндээ өсгөх талд илүү анхаарах шаардлагатай. Гоёо компани ноолуураар хүүхдийн хослол үйлдвэрлэж байгаа. Хүүхдийн хөдөлгөөн тоглох орчин эрс өөр. Энэ нь зах зээлд төдийлэн оновчтой сегмент байж чадахгүй. Ноолуур бол тансаг хэрэглээний бүтээгдэхүүн. 40-өөс дээш насныхан их хэрэглэдэг. Тэгэхээр хүүхдийн залуусын гэж сегментлэх нь нь буруу. Түүний оронд албаны, энгийн баяр ёслолын гэж сегментлэх нь тохиромжтой.

“Ээрмэл” компанийн давуу болон сул тал
Ноолуураас гадна ноосоор бүтээгдэхүүн хийх чадалтайгаараа бусад компаниудаасаа давуу. Урьдны өндөр нэр хүндийг ерөөсөө ашигладаггүй. Шилдэг удирдагч, маркетер, сайн боловсон хүчин дутмаг. Зах зээлээ судлан хүчтэй маркетингийн бодлого хэрэгжүүлбэл манлайлагчийн байр суурь эзлэх боломжтой. Хуучны хүчирхэг байсан давуу талаа тодотгон тулаанд орох боломжийг судлах ёстой.

Ноолуурын зах зээлийн тулаанд ялахын тулд
Ноолуурын зах зээлд хөрөнгө оруулж буй гадныхан энэ чиглэлээр Монголд аль компани нэр хүндтэй байгаа юм бэ гэдгийг илүү сонирхдог. Нэр хүндтэй компаниудтай л хамтрахыг хүсдэг. Тиймээс ноолуурын салбарын өрсөлдөгчид зах зээлд илүү сайн ажиллаж, нэр хүндээ сэргээх ёстой. Гэхдээ гадаад зах зээлд нэр хүндээ өсгөн, бүтээгдэхүүнээ гаргахад ч давхар анхаарах хэрэгтэй. Монголын ноолуурын жилдээ зах зээлд 20 тэрбум төгрөг эргэлддэг. 20 тэрбумын дийлэнхи хэсгийг “Говь” компани эзлэдэг. Гаднын жуулчид ихэнхи орлогыг оруулдаг. Соц нийгмийн үеийн ноолуурын зах зээлийн өрсөлдөөн хэвээр байгаа. Шинэчлэгдэж байгаа дүр зураг төдийлэн харагдахгүй байна.

Маркетингийн бодлогын гол нь бүтээгдэхүүний чанар болон нэр хүндийг нэмэгдүүлэх тал дээр ажиллагааг эрчимжүүлэх ёстой. Шинэлэг үйлчилгээг бий болгох, үйлдвэрийн болон нэрийн дэлгүүрийн тохижилтыг сайжруулах, үнийн урамшууллын аргуудыг ашиглах, үзэсгэлэн худалдааг зохион байгуулах, бүтээгдэхүүний каталоги хийх зэрэг ажлууд илүү тохиромжтой байдаг.

Хэн нэгнээ даган дуурайснаар хождоггүй. Зах зээлд анхдагч байсан нь хождогийг сана.

КтМС-ийн багш Д.Ганбаатар


7 comments:

igdada said...

Bayan haachchihwaa?

Unknown said...

“Говь” хамгаалалтын стратегид шилжсэнээр бусад компани маркетингийн бодлогоо хэрэгжүүлсэний дараа зах зээлд шинэлэг бүтээгдэхүүн гаргадаг. Үүний илрэл нь жишээлбэл үйлвэрийн дэлгүүрээ сүүлд нээсэн явдал.
“Говь”-ийн зах зээлд хийж буй алхам бүрийг даган дууриаж, эсвэл эсрэг арга хэмжээ авдаг.
Ер ойлгомжгүй бйна, аль нь түрүүлээд байгаа юм бэ?

Unknown said...

Би Москвад амьдардаг орос хүн байна, монгол ноолуураар занималддаг. www.mediatest.eu гэдэг монгол ноолуурт зориулсан сайттай. Надад монгол ноолуурыг Орос Улсын (142 сая хүн амтай), Украин (46 сая), Казахстаны (16 сая), Беларусь (9.5 сая) зах зээлд таниулан гаргаж партнер олж өгөх арга зам байна. Энэ тал дээр туслаж чадна. Надтай
alexander_zaharov2004@yahoo.com харьцаж болно.

Anonymous said...

Ta buhen jaahan buruu oilgolttoi bh shig bna. Unuudur GOBI shig ashigtai ajildag, zah zeel deeree hamgiin undur huvi ezeldeg company bhgui.
GOBI delhiin hamgiin undur huchin chadaltai 5 uildveriin neg.
GOBI turuunh baihdaa Sedvanchig gej neg gishuun boltson sair jinhen taraasan. Odo ystoi sergej bgaa. Ta nar asgig orlogo, borluulaltiif ni harval yun Altai cashmare geh blgui dee.

Anonymous said...

barimt notolgoogui mash muu ongotshon dugnetl baina da hehe. 1,2 r kursiin oyutnuud l neg iimerhuu biy daalt hiideg yum. Sanaa zovdgui neree yasan tom bichij baihiimde

Anonymous said...

Zuw l bichsen bn shd.... Cashmere-n talaar ui ch medehgui baij. Gekdee "Gobi" zuwhon buteegdekuund une nemj l dotood zah zeelees ashig olj bn. Goyo ene baidlaaraa bol 1-2 jil-n daraa damp usernee... Zah zeeld togtoe gewel guicetgeh zakiral ni gej neg show baagii-gaa solikgui bol butekgui ee...Altai cashmere, Blue sky gd jijig company-uud odookon zugeer dagaskiigeed zah zeeld ajillawal bolno doo.

Anonymous said...

sain baitsgaana uu? bi nooluuriin zah zeeliin talaar sudlagaa hiiheer tolovloj bna. Dongoj sudalgaa hiij ehlej bgaa bolohoor yg mongoliin nooluuriin zah zeel delhiin zah zeel deer hvreegee teleehed tulgamdaad bgaa shiideh asuudal ni yu yum be gedgiig sain todruulj chadahgui bna. Mash olon zuiliig unshlaa l daa. Mongol nooluuriin vildverleleeree delhiid Hyatadiin daraa 2t bichigddeg. Ingeed harahad bid bas amjilttai l bna. Gevch yg yun deer ni bid tovlorch ajillah estoi ve?? Jishee ni Hyatad uls mongoliin nooluuriin zah zeeliig zalgih mash togs togoldor Strategy geh metiin yumiig ashiglaj ehlej bgaa gene?? ta bvhnees nooluuriin zah zeeltei holbootoi yg yug sudalbal onoogiin ediin zasagt maani heregtei bgaag todruulah gesen yum. Turshlagatai zaluu ve demjsen saihan sanaluudiin hvleen avna gedegt itgej bna.

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008