Thursday, September 18, 2008

Д.Хардел: “Зуун төгрөгтэй явснаас зуун нөхөртэй байсан нь дээр” гэдэг цэвэр маркетинг шүү


Франц улсын иргэн, маркетингийн ухаанаар дэлхийд нэрд гарсан профессор Доминик Хардел лекц уншив. Тэрбээр дэлхийн бизнесийн сургуулиудыг эрэмбэлсэн энэ оны жагсаалтын долдугаарт орсон Парис дахь “ESSEC” сургуулийн профессор юм.

Монголын маркетингийн холбооны урилгаар ирж, хоёр өдөр ажилласан Доминик Хардел манай менежерүүдэд “Олон улсын маркетингийн шинэ стратеги” сэдвээр лекц уншиж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн, дэлхийн зах зээлд гарах ухааны нууцыг задалсан юм. Түүнтэй маркетингийн ухааны талаар ярилцлаа.

-Та манай маркетингийн менежерүүдэд уншсан лекцийнхээ гол агуулгыг цөөн үгээр илэрхийлнэ үү?
-Сургалтад суусан залуусыг хамгийн сайн ойлгоосой гэж хүссэн зүйл нь маркетингийн амин сүнс болох өдөр тутмын харилцаа, хэрэглэгч түншүүдээ гэсэн чин сэтгэл. Үүнд анхаарлаа төвлөрүүлээч ээ гэдгийг онцолсон. Мэдээлэл солилцоод, өөрийгөө таниулаад, бусдаас юм олж авах хэрэгтэй. Авсан мэдээлэлдээ үндэслэн ойлголцож, зах зээлийн араншинг таньж мэдэх нь чухал. Монголын залуу маркетеруудыг харахад сурах идэвх, шинийг мэдье гэсэн тэмүүлэл их байгаа нь сайхан санагдаж байлаа. Орчин үеийн маркетинг гэхээр мэдээллийн технологийн хөгжлийг бүрэн гүйцэд ашиглаж, үнэнч хэрэглэгчээ яаж торгоон барих стратеги, тактикийг хэлж өглөө.

-Мэдээллийн технологийг бүрэн дүүрэн ашиглах нь маркетинг хийх бас нэг чухал хөшүүрэг байх нь ээ?
-Тэгэлгүй яах вэ, миний ярьсан чухал санаануудын нэг нь мэдээллийн технологи. Мэдээллийн зуунд газрын хол гэж байхгүй. Бизнест орон зайн тухай ойлголт үгүй болсон. Өрсөлдөгч чинь дэлхийн өнцөг булан бүрт байгаа. Токиод өчигдөр байсан өрсөлдөгч өнөөдөр таны хажууд сууж байж болно. Тээвэр, харилцаа холбоо, ялангуяа интернэт бизнесийн харилцааг эрчимжүүлж байна. Иймээс мэдрэмжтэй, хурдтай ажиллахын чухлыг ойлгуулахыг хичээсэн.

-Маркетингийг хөгжүүлэхийн тулд манайхан юу хийх хэрэгтэй юм шиг санагдаж байна вэ?
-Хүнд өөрийгөө зөв ойлгуулах, хүмүүсээс шинэ мэдээлэл олж авах нь чухал. Бусдаас авсан мэдээллээ эргүүлээд олон хүнд түгээн дэлгэрүүлэхэд суралцах хэрэгтэй гэж бодогдож байна. Тэгэхийн тулд өөрийн авьяас чадвараа хөгжүүлэх шаардлагатай. Чадвартай хүн амжилтад хүрнэ. Монголын маркетингийн холбооны ерөнхийлөгч, профессор Д.Дагвадорж “Зуун төгрөгтэй явснаас зуун нөхөртэй явсан нь дээр” гэж монголчууд ярьдаг гэж хэлсэн. Энэ бол цэвэр маркетингийн санаа байсан шүү. Маркетинг гэдэг бол практик амьдралтай шууд холбоотой, харилцаа юм. Монголчууд маркетингийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхэд багагүй урт хугацаа туулах хэрэгтэй юм уу гэж санагддаг. Монгол хүмүүстэй ярихад битүү, нээлттэй биш юм шиг бодогдож байна л даа.

-Тэгэхээр маркетингийг хөгжүүлэхийн тулд манайхан юу хийх хэрэгтэй юм шиг санагдав?
-Бусдаас авсан мэдээллээ эргүүлээд олон хүнд түгээн дэлгэрүүлэхийн тулд авьяас, чадвараа хөгжүүлэх шаардлагатай. Чадвартай хүн амжилтад хүрэхэд хол биш. Манайд нөөц байгаа гэдгийг монголчууд мэддэг болсон нь сайн хэрэг. Үүнийгээ цааш нь хүнд хүргэж, ойлгуулах ёстой гэдгийг ч ухамсарлажээ.

-Монголын маркетингийн хөгжил тодорхой шатанд хүрлээ. Европын орнуудтай харьцуулахад манайханд ялгаатай ямар зүйл ажиглагдаж байна вэ?
-Европын маркетингийн хөгжил 100, Монголынх 10 гаруй жилийн түүхтэй болохоор ялгаа байлгүй яах вэ. Барууны бизнес бүхэлдээ маркетингид суурилдаг гэхэд болно. Хэдийгээр цөөн жилийн түүхтэй ч монголчууд өнөөдөр маркетингийн үзэл баримтлал, нарийн ойлголтуудыг эзэмшин бизнестээ ашиглаж байгаа юм байна. Маркетинг хийнэ гэж экспортолж болох бүтээгдэхүүн эсвэл байгалийн баялаг зэрэг биетэй зүйлийг л хамруулан ярих нь явцуу. Монгол хүн оюуны хүч, мэдлэг чадвараа таньж, оюун ухаан шингэсэн бүтээгдэхүүнийг экспортлоход түлхүү анхаараасай гэж бодож байна. Монголын хувьд харилцааны ухааныг сурч мэдэн, хэлхээ холбоогоо өргөжүүлж шинэ санаа шинэчлэлээр дүүрэн байх нь амжилтын үндэс болов уу. Монголын маркетингийн холбоо гишүүддээ болон нийт бизнес эрхлэгчдэд Азиас гадна дэлхий дахины маркетингийн ноу-хауг эзэмшүүлж байгаа нь сайхан үйлс юм. Энэ холбоо Азийн маркетингийн холбооны гишүүн учир танай орон дэлхийн маркетингийн сүлжээний салшгүй хэсэг нь болж байна гэсэн үг.

-Дэлхийд танигдсан том компаниудын маркетингийн жишээ их сонирхолтой байлаа гэж энэ сургалтад оролцогчид ярьж байна?
-Тийм ээ. Дэлхий даяар сүлжээ байгуулж, хэрэглэгчийг үй олноор нь татсан “Делл”, “Амазон”, “Боди шооп” зэрэг компанийн дэлхийн зах зээлийг эзэлсэн маркетингийн стратеги бодлогууд, тэдгээрийг үүсгэн байгуулагчдын амьдрал үйл ажиллагааны сонирхолтой түүхийг өгүүлсэн юм.

-Манай уншигчдад нэг жишээ сонирхуулаач?
-Компьютер үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг АНУ-ын “Делл” корпорацийн ерөнхийлөгч Майкл Делл 20 гаруйхан насандаа дэлхийд нэртэй бизнесмэн болно гэсэн зорилго тавьсан. Эднийх одоо 35 сая хэрэглэгчтэй. Зорьсондоо хүрсэн нууц нь хэрэглэгчтэйгээ байнгын харилцаа тогтоож, тэдний итгэлийг хүлээж чадсаных. Компьютер авсан хэрэглэгч бүхэн рүү утас цохиж, “Таны компьютер таалагдаж байна уу?” гэж асуудаг. Шинэ бүтээгдэхүүн гарвал хэрэглэгчтэйгээ дахин холбоо барьж “Манайх ийм компьютер гаргалаа, таны өмнө авснаас ийм ийм давуу талтай” гэж санал болгодог. Хэрэглэгчдийнхээ хүрээг тэлж, нэр хүндээ алдаагүйн нууц ердөө энэ.

-Та энэ чиглэлээр хэр удаан ажиллаж байна вэ?
-Маркетингийн чиглэлээр 47 жил ажиллажээ. Маркетингийн тухай хичээлийг 30 жил заасан. Онолоор авсан мэдлэгээ ажил болгож, дэлхийд нэртэй компаниудад ажиллаж байлаа, “Юнилевр”-т ажиллаж байсан. Би 17 жил маркетинг хийж байна. Мөн Америк, Орос, Солонгос зэрэг оронд ажилласан. Танай маркетингийн залуу менежерүүд, их, дээд сургуулийн маркетингийн профессор багш нар миний лекцийг сонирхон сонсож, сургалтад идэвхтэй оролцсонд баяртай байна.

Маркетингийн сэтгэлгээ монголчуудад их ойрхон шүү. Манайхны сэтгэлгээнд маркетингийн санаа олон байдаг. “Зан сайтай айлд хүн болгон ирдэг, Замаг сайтай усанд шувуу болгон цуглардаг” гэдэг ардын зүйр үг хэрэглэгч түншүүдээрээ хүрээлүүлэхийг сургасан ухаан” гэж холын зочны түнш Д.Дагвадорж профессор онцолж байв.

Эх сурвалж: Өдрийн сонин


2 comments:

БОРОО said...

Sainuu Munkhbayaraa. Naiz ni blogspot deer blog neechlee orj garj yawaarai. Chinii blogoor oird orj irsengui shuu. goe bna

Anonymous said...

okii

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008