Thursday, June 11, 2009

Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал (2009 оны эхний 5 сарын байдлаар)


I.Нийгмийн үзүүлэлт
Улсын хэмжээгээр төрсөн хүүхдийн тоо (амьд төрөлтөөр) 2009 оны эхний 5 сарын байдлаар 27 808 болж, өмнөх оны мөн үеийнхээс 2723 хүүхдээр, амаржсан эх 27 727 болж, 2733 эхээр буюу 10.9 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Нэг хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 595 болж, өмнөх оны мөн үеийнхээс 56 хүүхдээр, эхийн эндэгдэл 23 болж, 15 эхээр тус тус нэмэгдэж, харин 1-5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 80 болж, 27 хүүхдээр буурчээ.

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны дүнгээр нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2009 оны 1 дүгээр улирлын байдлаар 344.7 мян.төг болж өмнөх оны мөн үеийнхээс 60.7 мян.төг буюу 21.4 хувиар нэмэгдлээ. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2009 оны 1дүгээр улирлын байдлаар 355.7 мян.төгрөгт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 30.7 мян.төг буюу 9.5 хувиар өссөн байна.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-т бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүйчүүдийн тоо 2009 оны 5 дугаар сарын эцсийн байдлаар 38.8 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 6571 хүн буюу 20.4 хувиар нэмэгдсэн байна. Үүнд Баян-Өлгий, Говь-Алтай, Сэлэнгэ аймгийн бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.1-32.6 хувиар буурсан бол Увс, Хэнтий, Төв Булган аймаг болон Улаанбаатар хотод 30.9-85.5 хувь, Өмнөговь аймагт 2 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна...

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 16.1 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 1252 хүн буюу 7.2 хувиар буурахад цусан суулгаар өвчлөгчдийн тоо 62.7 хувь, тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 34.8 хувь, гоноккокт халдвараар өвчлөгчдийн тоо 23.1 хувиар тус тус өссөн хэдий ч вируст гепатитаар өвчлөгчдийн тоо 47.8 хувь, салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 15.5 хувиар тус тус буурсан нь нөлөөллөө.

Улсын хэмжээнд 2009 эхний 5 сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 9 077 болж өмнөх оны мөн үеийнхээс 417 хэргээр буюу 4.8 хувиар өсчээ. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеийнхээс өсөхөд бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх, залилан дээрэмдэх, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, бусдын бие махбодид гэмтэл учруулах, бусдыг амиа хорлоход хүргэх зэрэг хэргүүд 4.0-37.4 хувиар тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

II.Макро эдийн засгийн үзүүлэлт
Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2009 оны 5 дугаар сард өмнөх сарынхтай харьцуулахад 0.1 хувь, өмнөх оны жилийн эцсийнхээс 5.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 8.0 хувиар өссөн байна.

Тээврийн бүлгийн дүн 3.7 хувиар буурч, согтууруулах ундаа, тамхины бүлгийн дүн 2.1 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн дүн 3.3 хувь, бусад бараа үйлчилгээний бүлгийн дүн 1.8 хувиар өмнөх сарынхаас өссөн нь хэрэглээний үнийн улсын индекс 2009 оны 5дугаар сард өмнөх сарынхтай харьцуулахад 0.1 хувиар өсөхөд голлон нөлөөлөв.

Mонгол банкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт (M2) 2009 оны 5 дугаар сарын эцэст 2461.4 тэрбум төгрөг болж өмнөх сарынхаас 60.8 тэрбум төгрөг буюу 2.5 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 55.2 тэрбум төгрөг буюу 2.2 хувиар буурав. Мөнгөний нийлүүлэлт оны эхнээс 142.5 тэрбум төгрөг буюу 6.1 хувиар нэмэгдэхэд бараг мөнгөний өсөлт голлон нөлөөлжээ.

Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2009 оны 5 дугаар сарын эцэст 384.6 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаас 29.0 тэрбум төгрөг буюу 8.1 хувиар, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 11.0 тэрбум төгрөг буюу 2.9 хувиар тус тус нэмэгдлээ.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2009 оны 5 дугаар сарын эцэст 2548.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 32.0 тэрбум төгрөг буюу 1.2 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 60.7 тэрбум төгрөг буюу 2.4 хувиар өслөө.

Үнэт цаасны арилжаа 2009 оны 5 дугаар сард 21 удаа явагдаж, 6.8 сая ширхэг үнэт цаас арилжигдаж, 2.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ. Арилжаалсан үнэт цаасны тоог өмнөх сарынхтай харьцуулбал 8.8 cая ширхэг буюу 56.3 хувь, гүйлгээний хэмжээ нь 5.6 сая төгрөг буюу 0.3 хувиар буурсан ба өмнөх оны мөн үеийнхээс арилжаалсан үнэт цаасны тоо 48.8 сая ширхэг буюу 87.7 хувиар, гүйлгээний хэмжээ 23.6 тэрбум төгрөг буюу 91.6 хувиар буурчээ. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүн 2009 оны эхний 5 сард 633.1 тэрбум төгрөг, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүн 824.9 тэрбум төгрөг болж, нийт тэнцэл 191.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Төсвийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 199.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд төсвийн зарлагын өсөлт, орлогынхоос 24.3 пунктээр өндөр байгаа нь нөлөөлөв.

Төсвийн урсгал орлого 632.2 тэрбум төгрөг, урсгал зардал 702.4 тэрбум төгрөг болж, урсгал тэнцэл 70.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 212.4 тэрбум төгрөг буюу 29.8 хувиар буурахад зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар 124.3 тэрбум төгрөг буюу 86.9 хувь, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 54.7 тэрбум төгрөг буюу 45.5 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 9.0 тэрбум төгрөг буюу 7.4 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.

Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хувьцааны ногдол ашгийн орлого 41.4 тэрбум төг, навигацийн орлого 9.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн боловч газрын тосны орлого 11.2 тэрбум төг, төсөвт газрын өөрийн орлого 7.9 тэрбум төг, бусад нэр заагдаагүй орлого 5.5 тэрбум төгрөгөөр буурснаас шалтгаалж татварын бус орлого 27.8 тэрбум төгрөгөөр өслөө.

Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2009 оны эхний 5 сард 824.9 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 11.9 тэрбум төг буюу 1.5 хувиар өсчээ. Үүнд цалин, хөлсний зардал 17.4 тэрбум төгрөг буюу 8.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Хөрөнгийн зардалд 2009 оны эхний 5 сард 77.2 тэрбум төгрөгийг зарцуулсан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 4.6 тэрбум төгрөг буюу 5.7 хувиар буурсан байна. Хөрөнгийн зардал буурсан нь дотоодын эх үүсвэрээс хийгдсэн хөрөнгө оруулалт 13.3 тэрбум төгрөг буюу 16.5 хувиар багассанаас шалтгаалжээ. Манай улс 2009 оны эхний 5 сард дэлхийн 90 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 1287.0 сая ам.доллар, үүнээс экспорт 592.9 сая ам.доллар, импорт 694.1 сая ам.доллар боллоо.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 858.8 сая ам.доллар буюу 40.0 хувь, үүний дотор экспортын хэмжээ 403.3 сая ам.доллар буюу 40.5 хувь, импортын хэмжээ 455.5 сая ам.доллар буюу 39.6 хувиар тус тус буурчээ.

Гадаад худалдааны тэнцэл 2009 оны эхний 5 сард 101.2 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 52.2 сая ам.доллараар буурсан байна.

Нийт экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 403.3 сая ам.доллар буюу 40.5 хувиар буурсны 334.6 сая ам.доллар буюу 83.0 хувь нь үнийн бууралтаас, 68.7 сая ам.доллар буюу 17.0 хувь нь биет хэмжээний бууралтаас шалтгаалсан байна.

Нийт экспортын хэмжээ буурахад зэсийн баяжмалын биет хэмжээ 1.3 хувь, үнийн дүн 58.7 хувь, цайрын баяжмалын биет хэмжээ 38.3 хувь, үнийн дүн 68.7 хувь, боловсруулаагүй алтны биет хэмжээ 27.0 хувь, үнийн дүн нь 29.9 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлөв.

Нийт импортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 455.5 сая ам.доллар буюу 39.6 хувиар буурсны 52.7 сая ам.доллар буюу 11.6 хувь нь үнийн бууралтаас, 402.8 сая ам.доллар буюу 88.4 хувь нь биет хэмжээний бууралтаас шалтгаалсан байна.

III.Эдийн засгийн салбарын үзүүлэлт
Улсын хэмжээнд 2009 онд нийт 18.5 сая эх мал төллөнө. 2009 оны эхний 5 сарын байдлаар 13.4 сая эх мал буюу төллөх эх малын 72.2 хувь нь төллөсөн байна. Улсын хэмжээгээр энэ оны эхний 5 сарын байдлаар 1033.1 мянган том мал зүй бусаар хорогдcон нь өмнөх оны мөн үеийнхээс 124.1 мянгаар буюу 10.7 хувиар буурчээ.

Улсын хэмжээнд энэ оны 6 дугаар сарын 1-ний байдлаар 243.3 мян.га талбайд тариалалт хийснээс үр тариа 227.5 мян.га-д, төмс 10.8 мян.га-д, хүнсний ногоо 3.6 мян.га-д, тэжээлийн ургамал 1.1 мян.га-д, техникийн ургамал 0.3 мян.га-д тус тус тариалаад байна.

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлт 2009 оны эхний 5 сарын байдлаар 2005 оны зэрэгцүүлэх үнээр 615.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 47.9 тэрбум төгрөгөөр буюу 7.2 хувиар буурлаа. Үүнд: уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлт 5.3 тэрбум төгрөгөөр буюу 1.5 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбар 44.9 тэрбум төгрөгөөр буюу 21.8 хувиар буурсан нь нөлөөлөв. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеийнхээс 1.5 хувиар буурахад 35 хувийн агуулгад шилжүүлснээр зэсийн баяжмал, цайрын баяжмал, хайлуур жоншны баяжмал, алт, гянтболдын баяжмал зэрэг уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.6-42.8 хувиар буурсан нь нөлөөлжээ.

Харин боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн 21.8 хувийн бууралтад пиво, бетон дэр, катодын зэс, шохой, тамхи, самнасан ноолуур, дээд гурил, дарс, металл бэлдэц, цувимал, спирт, хивс, цул бетон, бетон зуурмаг, төмөр бетон эдлэл, молибдений исэл зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 11.1-83.6 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Улсын хэмжээнд 2009 оны эхний 5 сард нийт 35.9 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэснээс 33.3 тэрбум төгрөг буюу 92.7 хувийг дотоодын барилгын байгууллагууд, 2.6 тэрбум төгрөг буюу 7.3 хувийг гадаадын барилгын байгууллагууд гүйцэтгэсэн байна.

Төмөр замын тээврээр 2009 оны эхний 5 сард 5467.2 мян.т ачаа, давхардсан тоогоор 1266.6 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 653.7 мян.т буюу 10.7 хувь, зорчигчдын тоо 514.9 мян.хүн буюу 28.9 хувиар буурчээ.

Агаарын тээврээр 2009 оны эхний 5 сард 410.2 тонн ачаа, давхардсан тоогоор 87.9 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 375.8 тонн буюу 47.8 хувь, зорчигчдын тоо 41.4 мян.хүн буюу 32.0 хувиар тус тус буурчээ.

1 comments:

khurleee said...

haanaas garsan medeelel boloh, eh survalj ni haanaas gedgiig ni duridaj baival baylahsan.

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008