Monday, June 1, 2009

Орос орон бусдын нүдээр


Би-би-си-гийн захиалгаар явуулсан жил бүрийн санал асуулгын дүнгээс үзвэл 2008 онд Оросын Холбооны Улс дэлхийн бусад орны ард түмний нүдээр харвал нэр хүндээ дэлхийн аль ч орноос илүү их алджээ. Орос улс дэлхий дээр зохисгүй үүрэг гүйцэтгэж байна гэж үзэгчдийн тоо даруй найман хувь нэмэгдэж, санал асуулгад оролцогчдын 34 хувийг эзэлж байснаа 42 хувь болтлоо өсчээ.

Тухайлбал, Европт Оросын эерэг чансаа 51 хувиас 31 хувь хүртэл буурчээ. Оршин суугчид нь санал асуулгад оролцсон 21 орны дотроос 12-т нь Орос улс зохисгүй үүрэг гүйцэтгэж байна гэсэн санал давамгайлжээ. Оросын талаар үүнээс өөр бодолтой хүмүүс санал асуулгад оролцогчдын 30 хувийг эзэлж байна.Судалгааны ихэнх хэсгийг энэ оны нэгдүгээр сард Орос, Украины хооронд үүсч, нийт Европыг хамарсан хийн хямралаас бүр өмнө хийсэн байна. Оросын чансаа дэлхий дахинд буурсаны шалтгааныг мэргэжилтнүүд Кавказын дайнтай, Орост Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш улс төрийн олон ургалч үзэл, хүний эрхийн асуудлаар ахиц гарахгүй байгаатай холбон үзэж байна. Оросууд ч гэсэн өнгөрсөн онд АНУ, Европын Холбоонд, Францаас бусад Өрнөдийн голлох орнуудад урьдынхаасаа муу хандах болжээ.Орост хамгийн сайн хандаж буй орнууд: Хятад 74 хувь, Гана 50 хувь, Энэтхэг 39 хувь, Нигер 37 хувь, Филиппин 38 хувь.

Орост хамгийн муугаар хандаж буй орнууд: Герман 70 хувь, Франц 66 хувь, АНУ 64 хувь, Их Британи 55 хувь, Испани 55 хувь, Канад 54 хувь.Чансаа нь мэдэгдэхүйц буурсан өөр нэг орон бол Хятад юм. Нааштай үнэлгээний хувь 45 байснаа 39 хүртэл буурчээ. Гэхдээ Оросыг бодвол Хятадын талаар дэлхийн олон нийтийн санаа бодол үнэн чанартаа яг тэнцүү хуваагджээ. Хятадыг зохисгүй үүрэг гүйцэтгэж байна гэж санал асуулгад оролцогчдын 40 хувь нь үзжээ.АНУ-д хандах нааштай хандлага бага зэрэг дээшилсэн байна /АНУ-ын эерэг чансаа 35 хувь байснаа 40 хувь болтол дээшилж, сөрөг үнэлгээ 47 хувиас 43 хуь болтол доошилжээ/. Хятадын нэгэн адил АНУ-ыг дэмжигчид хийгээд шүүмжлэгчдийн тоо барагцаалбал тэнцүү байгаа бөгөөд шүүмжлэлт үнэлгээ ялимгүй давуу байна. АНУ-ын олон улсын нэр хүнд дээшилж байгааг шинжээчид юуны өмнө Барак Обама Ерөнхийлөгчөөр сонгогдсонтой холбон үзэж байна.

Иймэрхүү санал асуулга явуулсан хугацаанд Америкийн чансаа анх удаагаа Оросынхоос давжээ."Хайр татсан" орнуудТүрүүчийн жилүүдийн нэгэн адил дэлхий дээр Баруун Европын орнууд, Канад, Японд бусдаас илүү сайн хандаж байна. Энэ талаар эерэг чансаа нь жилийн дотор 55 хувиас 61 хувь болтол өссөн Герман Улс аврага болжээ. Тус орны сөрөг чансаа дөнгөж 15 хувь байна. Санал асуулгад оролцсон бүх орны хүн амын олонхи нь Германд нааштайгаар ханджээ. Германы дараа Канад / эерэг хандлага 57 хувь, сөрөг нь 14 хувь/, Япон /эерэг хандлага 56 хувь, сөрөг нь 23 хувь/ орж байна. Нэгдсэн Вант Улсыг талархагчид жилийн дотор 7 хувиар өсчээ.ДундчуудЕвропын Холбоо, Францын бодлогыг санал асуулгад оролцогчдын 51 хувь нь нааштайгаар үнэлсэн байна. Европын бодлогыг санал асуулгад оролцогчдын 20 хувь нь, Францын бодлогыг 21 хувь нь сөрөгөөр үнэлжээ. Бразил, Энэтхэг, Өмнөд Африкийн бүгд Найрамдах улсын хувьд эерэг үнэлгээний эзлэх хувь санал асуулгад оролцогчдын тэн хагаст хүрэхгүй байгаа боловч сөрөг үнэлгээнээс даваагүй байна.Сүүл мушгигчидОрос Улс чансаагаараа сүүлчээсээ тавдугаарт бичигдэж, Иран, Пакистан, Израиль, Умард Солонгосын л өмнө гишгэсэн байна. Сүүлчийн дөрвөн байр эзлэгчид өнгөрсөн оны судалгаатай харьцуулахад дэс дараагаа нь өөрчлөгдөөгүй байна. Дэлхийд Ираны гүйцэтгэж буй үүргийг санал асуулгад оролцогчдын 55 хувь нь сөргөөр, 17 хувь нь эерэгээр, Пакистаныхыг 53 хувь нь сөргөөр, 17 хувь нь эерэгээр, Израилийнхыг 51 хувь нь сөргөөр, 17 хувь нь эерэгээр, БНАСАУ-ынхыг 48 хувь нь сөргөөр 20 хувь нь эерэгээр үнэлжээ.Хүн амын олонх нь бодлогыг нь сайшаахгүй байгаа орны тоогоор Израиль тэргүүн байранд гарчээ. Санал асуулгад хамрагдсан 22 орны 19 орны хүн амын олонх нь Израилийн бодлогыг сөргөөр үнэлжээ. Санал асуулгад оролцсон улсуудын дотроос хоёрхон орон - АНУ, Орост Израилийн талынхан давамгайлжээ.2008 оны арваннэгдүгээр сарын 21-нээс 2009 оны хоёрдугаар сарын нэгэн хүртэл 21 орны хүн амын дотор утсаар явуулсан санал асуулгын талаарх мэдээллийг нэгтгэн дүгнэсэн Торонтод төвтэй олон нийтийн санал бодлыг судлах олон улсын Глобескан төвийн ерөнхийлөгч Дуг Миллер санал асуулгын дүнг тайлбарлахдаа "Хятад Улс хүмүүсийн зүрх сэтгэлийг татах талаар цаашид үргэлжлүүлэн суралцах хэрэгтэй.

Олимпийн наадмыг амжилттай зохион байгуулан явуулсан ганц үзүүлэлт бусад болгоомжлолыг үгүй болгоход хангалтгүйг санал асуулгын дүн харууллаа. Оросын тухайд бол хуучин Зөвлөлт Холбоот улстай хэдийчинээн их адилхан байх тусам тус улсад төдийчинээн муу хандсаар байх болно" гэжээ.Ийм санал асуулгыг 2005 оноос эхлэн явуулж байгаа ажээ.

Ц.Даваажав

0 comments:

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008