Tuesday, June 2, 2009

Хятад улс дэлхийн автомашины зах зээлийг “жолоодож” байна


АНУ-ын автомашин үйлдвэрлэгч их гурвал өрөнд дарагдаж, хүндхэн байдалд ороод буй энэ үед дэлхийн авто салбарын манлайлагчид дэлхийд хамгийн хурдацтай өсч буй Хятадын авто зах зээлд нэвтрэхээр шамдаж байна.

Энэ долоо хоногт болж буй Шанхайн авто шоунд авто ертөнцийн “акулууд” бүхэлдээ оролцож байна. Уг шоу зургаан өдөр үргэлжлэх бөгөөд 1500 гаруй автомашин үйлдвэрлэгчид оролцож байгаагаас гадна 13 цоо шинэ загварын автомашин тавигджээ. Тэдгээрийн дотор Поршегийн Панамэра гэх хамгийн анхны дөрвөн хаалгатай суудлын тэрэг багтаж байгаа юм байна. Зохион байгуулагчид уг шоуг ойролцоогоор 600 мянга гаруй зочид үзэх байх хэмээн найдаж байгаа гэнэ.

Женерал Моторс дампуурах магадлалтай байгаа энэ үед Хятадын зах зээл тэдний хувьд өчүүхэн боловч гэрлийг асааж байна. “Одоогийн байдлаар худалдан авалт 17 хувьтай буюу дөрөвний нэг байгаа бөгөөд бид бодохдоо энэ жил бидний хувьд бага боловч дэвшил гарна хэмээн найдаж байна” хэмээн Хятад улс дахь Женерал Моторсын гүйцэтгэх захирал Кевин Уэйл хэлсэн байна.

Энэ жил дэлхийн автомашины борлуулалт найман хувиар буурна хэмээн таамаглаж байгаа хэдий ч Хятад улсын хувьд арван хувиар өсөх хандлагатай байгаа бөгөөд тансаг хэрэглээний автомашины хувьд борлуулалт хоёр дахин их байх бололтой.

Уламжлал ёсоор дэлхийн хамгийн том авто машины зах зээлтэй хэмээгдэж байсан АНУ энэ жил Хятад улсад уг байр сууриа алджээ. Тухайлбал энэ оны нэгдүгээр улиралд АНУ-д нийт 2,2 сая автомашин борлогдсон байхад Хятадад борлуулалтын тоо 2,7 саяд хүрчээ. Өнгөрсөн сард гэхэд Хятадын худалдан авагчид нэг сая гаруй авто машин худалдан авсан байна.

Унадаг дугуй өргөн хэрэглэдэг байсан Хятадын уламжлалт дүр төрх нэгэнт өөрчлөгдөж, өдгөө Хятадад дотоодын 100 гаруй автомашин үйлдвэрлэгч барууны компаниудтай өрсөлдөн, үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ салбарын шинжээчид Хятадын автомашины үйлдвэрлэл өргөжихийн хэрээр чанаржиж, бэхжинэ хэмээн дүгнэж байгаа юм.

Н.Туяа

0 comments:

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008