Tuesday, June 2, 2009

Цахилгаан, дулааны үнэ өсөх хандлагатай байна


Өнөөдөр Эдийн засгийн сэдвээр бичиж, нэвтрүүлдэг сэтгүүлчдэд зориулж, тэдний эрчим хүчний салбарын зарим чухал ойлголтыг дээшлүүлэх, мэдээлэл тайланд шинжилгээ хийх чадавхийг бэхжүүлэх сургалтыг Хэвлэлийн Хүрээлэнд Эрчим хүчний зохицуулах газраас зохион байгууллаа.

Энэхүү сургалтын дараа Эрчим хүчний зохицуулах газрын зохицуулагч н.Мягмараас сэтгүүлчид зарим зүйлийг тодруулсан юм.

-Танай байгууллагыг нээлттэй бус гэж их ярьдаг. Тэгээд үнээ нэмэх болохоор л олон нийтэд ханддаг гэдэг шүүмжлэл байдаг?
-Эрчим хүчний зохицуулах газар маань зөвхөн үнэ тарифыг нэмэх асуудлыг ярьдаггүй. Лиценз олгож, түүгээрээ дамжуулаад эрчим хүчний алдагдал, дотооддоо хэрэглэж байгаа цахилгаанаа бууруулах чиглэлээр ажиллаж байгаа. Шугаман дээрх алдагдлыг бууруулах талын арга хэмжээ авснаар сүүлийн таван жилд 20,5 тэрбум төгрөгийн хэмнэлтийг гаргасан. “Дэлхийн банк”-ны төсөл “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”-н дээр хийгдэж байгаа. Энэ төсөл дуусахад элдэв алдагдлын хэмжээ буурна. Манай зохицуулах газар ил тод байж чаддаг. Бид тарифтай холбоотой болон бусад мэдээллүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сар бүр мэдээлж байгаа. Эрчим хүчний байгууллагуудын удирдлагын үйл ажиллагаа нууж хаагаад байх зүйлгүй гэдгийг хэлмээр байна. Хэрэглэгчид өөрсдийн цахилгааны зарцуулалтын талаарх мэдээллийг чөлөөтэй авах боломжтой.

-Цахилгаан, дулааны үнэ нэмэгдэх үү?

-Эрчим хүчний үнэ нэмэгдэх хандлагатай байгаа. Эрчим хүчний үйлдвэрүүдийн сэлбэг материал бүх зүйл нь валютаар хэмжигдэж байна. Монголд үйлдвэрлэдэг зүйл нэг ч алга. Валютын ханшны өөрчлөлтөөс болж эхний нэгдүгээр улиралд өндөр алдагдалтай ажиллалаа. Зөвхөн “IV цахилгаан станц” гэхэд 8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Энэ бол үнэ нэмэгдэх болсныг харуулж байна. Гэхдээ хэзээнээс эхэлж, хэдэн төгрөгөөр нэмэгдэх вэ гэдгийгээ тооцож байж шийдвэрээ гаргана. Ерөнхийдөө прогноз гарсан байна /та бүхэн доорх хүснэгтээс үнэ нэмэгдэх прогнозыг харна уу/. Бид эхний ээлжинд энэ онд 70 төгрөг орчим, дараагийн жил 80 гээд 90 төгрөг хүртэл шат дараалалтай нэмэх юм.

Ойрын хугацаанд цахилгааны дулааны үнийг нэмэх прогноз:

Цахилгааны үнийн өсөлтийн прогноз төг/кВтц

Айл өрхийн дулааны үнийн өсөлтийн прогноз Төг/м2

Өнөөдрийг хүртэл цахилгаан дулааны үнийг хэрхэн нэмэгдүүлж ирснийг та бүхэн харна уу.
-2002 онд цахилгааны үнийг 4.4 хувь, дулааны үнийг дунджаар 12.4-30.0 хувь нэмэгдүүлсэн. (Орон сууцны гал зуухны өрөөний талбайг халаалтын төлбөр тооцох нийт талбайд оруулах болсон)
-2005 онд цахилгааны үнийг 8.5 хувь, дулааны үнийг дунджаар 19.3 хувь нэмэгдүүлсэн.
-2007 онд цахилгааны үнийг 4.3 хувь нэмэгдүүлсэн.
-2007 онд Дархан, Эрдэнэт хотуудад дулааны үнийг 20.1-26.4 хувь нэмэгдүүлсэн.
-2008 онд цахилгааны үнийг 27.8 хувь, Улаанбаатар хотын халаалтын үнийг 39 хувь, ахуйн хэрэгцээний халуун усыг халаасан дулааны үнийг 61.3-141.9 хувь нэмэгдүүлсэн.

Дэлхийн банк”, “Азийн хөгжлийн банк”-аас цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлт, дамжуулалт, түгээлтийн бодит зардлыг нэмэх зайлшгүй шаардлагатай гэсэн зөвлөмжийг гаргажээ. Түүнчлэн тоног төхөөрөмж нь хуучирч, удаан жил ашиглагдсанаас шинэчлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа. Эрчим хүчний салбарын үйлдвэрүүдийн найдвартай тасралтгүй ажиллагааг хангахын тулд нийт 170 орчим тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа гэнэ.

Эрчим хүчний салбарынхан нилээд их шүүмжлэлд өртдөг. Ялангуяа үргүй зардал өндөртэй, хяналтгүй зэрэг нийтлэг зөрчлүүдтэй байдаг. Тус салбарт аудит хийхэд дараах нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.

Үүнд:
-Тарифын орлогын тодорхой хэсгийг үр ашиггүй зарцуулах, бэлэн мөнгөний менежмент хангалтгүй байгаагаас өр төлбөрийг их хэмжээгээр нэмэгдүүлэх
-Зардлын гүйцэтгэл болон өнгөрсөн онуудын тоо мэдээлэлд хийсэн дүгнэлт, шинжилгээ, судалгаа хангалтгүй, төлөвлөлтийн арга зүй, төлөвлөгөөний эрх зүйн үндэслэл, хяналт, тооцоолол хангалтгүй түвшинд байна
-Компанийн цех, алба, хэлтэс, удирдлага, ялангуяа бүртгэл санхүү, эдийн засаг, инженер техникийн ажилтнуудын ажлын уялдаа холбоо хангалтгүй
-Нягтлан бодох бүртгэл хөтлөлт, санхүүгийн үйл ажиллагаа нь СТОУС-д бүрэн нийцээгүй, МУ-ын НББ-ийн тухай хууль бусад холбогдох дүрэм журмыг мөрдлөг болгоогүй, бүртгэл, төлөвлөлтийн эмх цэгц, зохион байгуулалт хангалтгүй гэжээ. Тиймээс Зохицуулах газраас нь аудитын явцад илэрсэн зөрчлүүдийг арилгах талаар зөвлөмж өгч байгаа бөгөөд зарим тохиолдолд хугацаатай үүрэг өгч дүгнэж байгаа ажээ.

О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn/

0 comments:

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008