Sunday, September 20, 2009

Үйлдвэрлэгчид тоног төхөөрөмж татваргүй оруулж ирнэ


Жижиг, дунд үйлдвэрийн тоног, төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хоёр хуулийг өнгөрсөн долдугаар сарын дундуур баталсан. Үүнтэй холбоотойгоор Жижиг, дунд үйлдвэрийн газар бүх салбарын төлөөллөөс ямар төрлийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлүүлэхийг хүсч байгаа талаарх саналыг авсан байна. Яам, агентлаг, төрийн бус байгууллага, бизнес эрхлэгч гээд олон газраас 8000 гаруй төрлийн тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлүүлэх саналаа илэрхийлжээ. Эдгээр саналыг шүүж жижиг, дунд үйлдвэрийн зориулалтад хамаарах 2400 гаруй тоног төхөөрөмжийг ялган авсан байна. Салбараар нь авч үзвэл эмнэлэгийнх 130, зам тээвэр, барилгынх 270, хөнгөн үйлдвэрийнх 280, хүнснийх 350 төрлийн тоног төхөөрөмж байгаа аж. Энэ дундаас дахин шалгаруулалт хийж, 470-500 тоног төхөөрөмжийг гааль болон НӨАТ-ын хөнгөлөлтөд гурван жилийн хугацаанд хамруулах юм. Гол шалгуур нь импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мөн тэргүүлэх чиглэлийн тоног төхөөрөмж байх ёстой аж.

Татварын хөнгөлөлтөд хамрагдах тоног төхөөрөмжийг Гаалийн ерөнхий газартай хамтран кодлоно. Уг кодын дагуу тоног төхөөрөмжийг хилээр татваргүй оруулах болно. Үйлдвэрлэл эрхлэгчид үүнд талархалтай хандаж, уг салбарыг хөгжүүлэхэд бодит дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байгаа аж. Тоног төхөөрөмжийн жагсаалтыг Засгийн газар баталснаар хууль үйлчилж эхлэнэ. Энэ талаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Ц.Ням-Осороос зарим зүйлийг тодрууллаа.

-Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлүүлэх тоног төхөөрөмжийн жагсаалтыг Засгийн газарт хэзээ өргөн барих вэ?
-Бүх салбараас жижиг, дунд үйлдвэрийн ямар тоног төхөөрөмжийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх талаарх саналыг нь авсан. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр болон Сангийн яамнаас ажлын хэсэг гараад ажиллаж байна. Нийт 470-500 төрлийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлүүлэх талаар ярьж байгаа. Энэ долоо хоногт жагсаалтыг бүрэн нэгтгэж дуусна. Ингээд ирэх долоо хоногт Засгийн газарт өргөн барина.

-Ихэвчлэн ямар салбарын тоног төхөөрөмж татварын хөнгөлөлтөд хамрагдах вэ?
-Олон салбарынх байгаа. Энэ дундаас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, барилгын салбарынх дийлэнх хувийг эзлэж байна. Жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг кодолсон байгаа. Үүний дагуу татварын хөнгөлөлтөд хамрагдана.

-Жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлснөөр үйлдвэрлэгчдэд ямар боломж нээгдэх талаар тойм тоо бий юу?
-Мэдээж энэ нь үйлдвэрлэгчдийг дэмжиж буй том алхам. Би нэг жишээ хэлье. Аж ахуйн нэгж, иргэн 100 сая төгрөгийн тоног төхөөрөмж оруулж ирлээ гэхэд 15-16 сая төгрөгийн татвараас чөлөөлөгдөх юм. Эндээс том дэмжлэг гэдэг нь харагдаж байгаа байх. Бидний тооцоогоор хууль хэрэгжих гурван жилийн хугацаанд 2000-2500 жижиг, дунд үйлдвэрлэгч хөнгөлөлтөд хамрагдана. Гэхдээ энэ нь тойм тоо. Хэрэв эдийн засаг сэргээд, банкууд зээл сайн олгох юм бол үйлдвэрлэгчид илүү олон тоног төхөөрөмж оруулж ирнэ. Олон улсын шаардлага хангасан тоног төхөөрөмжүүд байх болно.

Г.Батзориг

Эх сурвалж: news.gogo.mn


0 comments:

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008