Маркетер хүн юу хийдэг вэ?
Маркетер хүн компанийн үйл ажиллагааны тасралтгүй эрэлтийг бий болгодог гэж товчоор тодорхойлж болно. Ойлгомжтой болгохын тулд дэлгэрэнгүй тайлбарлая.
1. Тухайн нэр төрлийн барааны зах зээлийг тодорхойлох
Зах зээлийн шинж чанар, өсөлт, хэмжээ, хэрэглэгчдийн нас хүйс, сонирхол гэх мэт нарийн мэдээллийг судалж, өрсөлдөгч компаниудын үйл ажиллагаанд үнэлэлт өгч, стратегийг нь судлах. Үүний дараа “Дайснаа таньсны дараа зэвсгээ тань” гэдэгчлэн өөрийн компанийн боломжийг судлах.
2. Уг зах зээлд ямар бүтээгдэхүүн гаргаж чадахыг тодорхойлох
Хэрэглэгчид зах зээлд буй барааны ямар шинж чанарыг таашаан хэрэглэж байгаа, ямар шинж чанарт нь сэтгэл дундуур байдгийг судлан, түүнд нь аль болох ойрхон шинж чанар бүхий бүтээгдэхүүнийг бий болгох. Үүний тулд маркетингийн менежер нь хэрэглэгчийн байр суурьнаас хандаж, дүгнэлт гаргах чадвартай байх ёстой.
3. Өөрийн компанийн бүтээгдэхүүнд зах зээл бий болгох, сурталчилгаа хийх
Бий болгосон бүтээгдэхүүнийхээ давуу тал гэх мэтийг хэрэглэгчдэд мэдрүүлж, сурталчлахгүй бол хичнээн чанартай бүтээгдэхүүн байгаад борлогдохгүй гэдгийг санаж явах хэрэгтэй. Иймээс л том компаниуд зурагт радиогоор урсах зар сурталчилгаанд их мөнгө зарцуулдаг юм.
4. Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэх арга замыг тодорхойлох
Гэхдээ бүтээгдэхүүнийг нь хүмүүс мэддэг болсон хэдий ч бага хэмжээтэйгээр үйлдвэрлэдэг, эсвэл худалдан авахыг хүссэн хэрэглэгчдээ олж түгээж чадахгүй бол мөн л амжилтанд хүрэхгүй. Олонх компанид борлуулалтын хэсэг нь маркетингийн хэсэгтэй тусдаа байдаг ч орчин үеийн компаниуд эдгээрийг хамтад нь хөтлөн явуулах болсон байна.
5. Уг бүтээгдэхүүний “насыг уртасгах” буюу эрэлтийг хангалттай түвшинд аль болох удаан барьж тогтоох
Нэгэнт хүч хөдөлмөр гаргаж бий болгосон бүтээгдэхүүнийг аль болох удаан хугацаанд ашгаа өгөөсэй гэж компани хүсэх нь мэдээж. Тиймээс хэрэглэгчдээс бүтээгдэхүүний тухай санал бодлыг нь сонсч, бүтээгдэхүүнээ сайжруулах, шинэчлэх, дизайныг нь өөрчлөх гэх мэт аргаар хэрэглэгчдийг тогтоон барих хэрэгтэй.
6. Компанийн удирдлагуудад үйл ажиллагааныхаа талаар мэдээлэх
Хэрэглэгчдэд хамгийн ойрхон байдаг маркетингийн хэсэг л хэрэглэгчдийн талаар үнэн зөв мэдээлэл өгч чадах учраас хэдий сайн маркетингийн үйл ажиллагаа явуулсан байлаа ч компанийн бусад хэсэгт мэдээлэхгүй бол компанийн үйл ажиллагааны эргэлт зогсоход хүрнэ.
0 comments:
Post a Comment