Бүтэн нүүр реклам хамгийн үр нөлөөтэй
Нийслэлийн хүн амын 50 орчим хувь нь сонинг захиалж болон худалдан авч уншдаг гэсэн судалгааны дүн бий. Мэдээж хот суурин газар, аймгийн төвүүдийн оршин суугчид хамгийн их хэвлэл уншдаг. Харин суманд өдөр тутмын сонин хүрэхэд 7 хоногийн хугацаа зарцуулдаг учир өдөр тутмын сонин төдийлөн хүрдэггүй байна. Дээрх шалтгаан болон интернетийн хэрэглээ нэмэгдэхийн хирээр сонины борлуулалт буурах хандлага ажиглагдаж байна. 2004 онд 30 сая гаруй сонин Монголын зах зээлд борлогдсон бол 2007 онд энэ тоо гурван саяар буурчээ. Сонины нийт борлуулалтын тал орчим хувийг өдөр тутмын 12 сонин эзэлдэг бөгөөд одоогоор насанд хүрсэн нэг хүнд жилд 15 ширхэг өдөр тутмын сонин оногдож байгаа юм.
Сонины хүртээмжтэй байдлыг судлахад “Өнөөдөр” сонинг нийслэлийн 12 ба түүнээс дээш насны нийт хүн амын 18.0 хувь /142.370 уншигч/ ямар нэгэн байдлаар уншдаг ажээ. Удаагаар нь Өдрийн сонин, Сэрүүлэг, Зууны мэдээ сонинууд орж байна. Харин сэтгүүлийн хүртээмжээр “Uptown” сэтгүүл 32 мянга орчим уншигчтайгаар тэргүүлжээ. Гялбаа, Цаг төр сэтгүүлүүд мөн уншигчдын хүрээ өргөн байгаа нь судалгаагаар харагдлаа.
Сонин сэтгүүлийн рекламны байрлалыг судлахад сонины аль нэг булан, эсвэл нийтлэлийн доор байрлах рекламнаас илүү бүтэн нүүрийг эзэлсэн реклам олон нийтийн анхааралд илүү өртдөг байна. Судалгаанд оролцогсдын 22.6 хувь нь сонингийн бүтэн нүүр реклам хамгийн хүртээмжтэй, үр нөлөөтэй байдаг гэжээ.
Хэвлэлийн Хүрээлэнгийн “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-ны XII сарын тайлан хоёр оны зааг дээр хэрэглэгчиддээ хүрч байна. Энэ сарын судалгаандаа бид уншигчдын тухай мэдээллийг түлхүү судалж, сонин сэтгүүлийн зах зээлийг тодорхойллоо.
Монголын Хэвлэлийн хүрээлэн
0 comments:
Post a Comment