Билл Гейтс тэргүүн баян цолоо эргүүлж авав
Америкийн тэрбумтан Билл Гейтс 40 тэрбум ам.долларын хөрөнгөөр “Форбс” сэтгүүлийн дэлхийн толгой баячуудын жагсаалтыг тэргүүлжээ. Энэ нь Биллийн хөрөнгө өнгөрсөн жилийнхээс 18 тэрбумаар багассан үзүүлэлт юм. Удаахь байрт өнгөрсөн жил жагсаалтыг 62 тэрбум ам.доллараар манлайлж Билл Гейтсийн өмнө бичигдэж байсан Уоррен Баффет бичигджээ. Түүний хөрөнгө 25 тэрбумаар багасч 37 тэрбум ам.долларын хөрөнгөөр Билл Гейтсийн дараа орсон байна. Тэргүүн баячуудын эхний гуравт Мексикийн хөрөнгөтөн Карлос Смит 35 тэрбумаар бичигджээ. Сэтгүүлийн сайтад бичсэнээр 2003 оноос хойш анх удаа тэрбумтнуудын рейтингид орсон хүний тоо цөөрсөн байна. Энэ жил дэлхийн 793 тэрбумтанг бүртгэсэн бол өнгөрсөн жил энэ тоо 1125 байсан юм. Мөн баячуудын хөрөнгө 4.4 триллионоос 2.4 триллион ам.доллар болон буурчээ. Рейтингийг 373 хүн “орхисноос” 355 нь “ядуурсан” бол үлдсэн нь хорвоогийн мөнх бусыг үзсэн гэнэ. Харин жагсаалтад 38 хүн шинээр нэмэгджээ.
“Форбс”-ын жагсаалтад Нью-Йоркийн 55 хүн бичигдсэн нь хамгийн олон тэрбумтантай хотоор шалгарах бас нэгэн үзүүлэлт болсон байна. Харин 2008 онд манай хойд хөршийн нийслэл Москвад 74 тэрбумтан амьдарч байсан юм.
“Форбс”-ын нэр хүндтэй рейтингид “Oracle” компанийн эзэн Лоренс Эллисон 22.5 тэрбумаар дөрөвдүгээрт, тавдугаарт Шведийн “Ikea” компанийг үндэслэн байгуулагч Ингвар Кампрад 22 тэрбумын хөрөнгөөр бичигджээ. Тэрбээр одоо 83 настай.
Рейтингийн долдугаарт Германы толгой баян Карл Альбрехт оржээ. Тэрбээр 89 насыг энэ жил зооглож байна. Түүний хөрөнгийг Америкийн сэтгүүл 21.5 тэрбум ам.доллараар үнэлжээ. Долдугаарт Энэтхэгийн Мукеш Амбани 19.5 тэрбум ам.долларын хөрөнгөөр бичигдлээ. Түүний дараа нутаг нэгт, металлын магнат Лакшми Миттал, есдүгээрт Карл Альбрехт Тео орсон байна. Тэрбээр 87 настай, 18.8 тэрбумын хөрөнгөтэй. “Форбс”-ын баячуудын эхний арвыг Испанийн тэрбумтан Амансио Ортега хаажээ. Түүний хөрөнгө 18.3 тэрбум ам.доллар.
“Форбсд бичигдсэн манай хойд хөршийн тэргүүн баянаар Михаил Прохоров шалгарчээ. Тэрбээр 40 дүгээр байрт 9.5 тэрбум ам.долларын хөрөнгөөр бичигдсэн байна. Харин Британид амьдардаг, Оросын иргэншлээ солих дургүй Роман Абрамович 51 дүгээр байрт 8.5 тэрбум ам.долларын хөрөнгөөр оржээ.
“Forbes” 1982 оноос эл жагсаалтыг анх гаргаж эхэлсэн юм. Жагсаалтад орохын тулд саятан байх нь үнэхээр хангалтгүй. Дэлхийн эдийн засгийн өсөлтийг энэхүү рейтингээс тодорхой харагддаг бол энэ удаа хямрал, бууралтыг ч мөн тэрбумтнуудын алдсан хөрөнгөөс харж болно. Энэ оны дүнгээс харахад хүн ам нь тэрбум давсан Энэтхэг, дотоодын нийт бүтээгдэхүүн нь мэдэгдэхүйц өсч байгаа манай хойд хөршийн бизнесмэнүүд хүч түрэн орж иржээ. Анхны рейтингид ердөө л 13 тэрбумтан байсан юм. Рейтингийг Билл Гейтс, Уоррен Баффет тэргүүтэй америкчууд 14 жил тэргүүлж байна.
Д.Баясгалан
1 comments:
bi bill geits shig bayn bolno. He he
Post a Comment