Monday, March 23, 2009

Тамирчин уу? Сурталчилгааны хэрэгсэл үү?


Энэ аварга том эрийг үндсэндээ “мөнгөний машин” буюу маркетингийн хэрэгсэл гэж ойлгож болно. Мэдээж тамирчин мөн л дөө. Гэхдээ Шанхайд төрсөн, одоо Хьюстон Рокетс багийн төвийн тоглогч Яог мэргэжилтнүүд спортын ховорхон авьяастан гэхээсээ илүү 1.3 тэрбум хүн амтай, дэлхийн хамгийн том зах зээл болох Хятадыг эзэмдэх гэсэн америк брэндүүдийн сурталчилгааны хэрэгсэл гэх нь бий.
Үнэхээр ч тэр өөрөө “Яо” нэртэй брэнд болчихсон гэхэд болно. 2.3 метр өндөр, 140 кг жинтэй Яо 9-р сарын 24-нд төрсөн өдрөө тэмдэглэхээр Хайнан аралдаа ирэхэд зөвхөн түүнийг харах гэж ирсэн үй олон жуулчид Хайнанд ирсэн байв. Түүнийг өглөө дадсан ёсоороо гүйж, бэлтгэл хийхэд өнөөх жуулчид даган гүйж, хамт зургаа авахуулж, гарын үсгийг нь авч огт зүгээр байлгасангүй.
Яогийн цэвэрхэн, даруухан төрх, үл ялиг ичимтгий инээмсгэлэл нь АНУ-ын томоохон пүүсүүдэд хятадын зах зээлд амжилттай гарах цорын ганц ашигтай, зөв зам болжээ. Яо одоо Хьюстонтой 4 жилийн хугацаатай, 18 сая ам.долларын гэрээтэй байдгаас гадна Пепси, МакДональдс, Рибок, Гаторэйд зэрэг компаниудаас жилд 15 сая долларын рекламанд тоглосны урамшуулал авч байна. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл бөгөөд Яо НБА-д тоглох эхний 10 жилдээ багтаан 300 сая долларын орлого олно гэсэн төлөвлөгөөтэй яваа юм.
Энэ тооцоог түүний ард нь ажилладаг маркетингийн баг хийжээ. Энэ баг бол хэрхэн Яог ашигтайгаар “худалдах вэ” гэдэг бодлого боловсруулдаг мэргэжлийн баг юм. Чикагогийн их сургуулийн MBA-д сурдаг хятад оюутнуудтай хамтран хийсэн энэ төлөвлөгөөгөөр Яо-маниа 2008 онд оргилдоо хүрэх аж. Одоо гэхэд 200 сая хүн орой бүр цэнхэр дэлгэцийнхээ өмнө Яогийн тоглолтыг хүлээн, хөдөлгөөн, үг бүрийг нь анхааралтай ажиглан суудаг. Энэ бол АНУ-ын нийт хүн амын 70%-тай тэнцэх тоо. Үүгээрээ Яо НБА-д Жорданы дараа төрсөн дэлхийн хамгийн олон үзэгчийг байлдан дагуулсан од болжээ.
Хэдийгээр тэр Жордангийн хаана ч хүрэхгүй ч НБА-д дөнгөж орж ирүүтээ бүх оддын тоглолтод шалгарчээ. Энэ нь ч түүнийг Хятадын ард түмний дунд “баатар” болоход нь нөлөөлсөн. Өнгөрсөн хоёрхон жилийн дотор “Яогийн он жил” нэртэй баримтат кино бүтээгдсэн. Мөн амьдралынх нь тухай бичсэн “Хоёр ертөнц дээрх амьдрал” нэртэй ном худалдаанд гарсан гээд бодоход Яо хэрхэн өндрөө авсан нь харагдана. Хийрхсэн хятадууд түүнийг “АНУ болон Хятадын хоёр талт харилцааны гүүр”, “Хятадын шинэ нүүр царай”, “Эх орныхоо донор” гэх мэтээр нэрлэж байна. Алдарт МакДо­нальдс хүртэл “Дэлхий дахины брэндийн элчин сайд” гээд магтаад авсан.

Үнэхээр ч Яо брэндийн “элчин сайд” болжээ. Пепси Яогаар рекламдуулдаг болсноор хятадад борлуулалтаа 30%-р нэмсэн байх юм. Мөн түүнийг Уолт Дисней маш ихээр со­нирхож байна. Тэд Хонк Конгод 2005-2006 оны хооронд нээх шинэ цогцолбортоо Яог хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна гэж Ерөн­хий­лөгч Роберт А.Игэр хэлжээ. Цаашид видео тоглоомын сал­барт ч Яог ашиг­лаж магадгүй бө­гөөд Яо ч үүнд таа­тай байгаа. Учир нь аварга биет хүн өөрөө тоглоо­моор тоглох маш дуртай.
Яо зөвхөн гадаад брэндийг сурталчилдаггүй. Тэр Чайна Юником болон интернэт тоног төхөөрөмжийн Sohu компаниудыг АНУ-ын худалдааны картны салбарт ажилладаг Upper Deck компанитай холбож, 2 жилийн гэрээ байгуулахад нь тусалсан гавьяатай. Үүгээрээ тэр хятадын компаниудыг ч дэлхийн зах зээлд буюу АНУ-ын зах зээлд гарахад нь тусалж байна.
Яогийн баг United Airlines, Citibank, Haneywell зэрэг томоохон компаниудын маркетингийн төлөвлөгөөг боловсруулж байсан ч хувь хүний маркетингийн төлөвлөгөөг хэзээ ч боловсруулж байсангүй. Гэхдээ тэд энэ бүгдэд маш сайн суралцаж байгаа. Багийн гишүүн бүр Яогийн харилцдаг байгууллагуудыг хариуцан авч төсөл хэлбэрээр ажилладаг. Түүний NIKE-ыг хариуцсан төслийн менежер Аарон Абрахам “Бидний үйл ажиллагаа бол ямар нэгэн санхүүгийн зорилго агуулсан үйл ажиллагаа гэхээсээ илүү стратегийн үйл ажиллагаа бөгөөд бид Яог аль болох урт хугацаанд брэнд байлгахыг зорьж байна” гэжээ. Тэдний тооцоолсноор Яогийн энэ “давалгаа” нь 2008 оны Бээжингийн олимпоор төгсгөл хэсэгтээ орох бөгөөд дараагийн хүнд халаагаа өгөх аж.
Яогоос бизнесийнх нь талаар асуухад тун эвгүйцдэг. Тэр “Би өөрийн хэрэглэдэг нэг доллар бүрийнхээ төлөө хөлсөө урсгадаг. Бүх зүйл үнэ цэнэтэй. Хэрэв дараа жил миний Рокетстэй хийх гэрээний хөлс өссөн бол би Рокетст тэр хэмжээгээр илүү үнэ цэнэтэй болжээ л гэсэн үг. Тиймээс мөнгөтэй болж байгаадаа огт санаа зовдоггүй” гэж хариулдаг. Олны таамагладагаар Яо АНУ-д тоглохын тулд Хятадын Засгийн газраас зөвшөөрөл авч, санхүүгийн гэрээ хийсэн гэдэг. Түүний орлогоос чухам хэдий хэмжээний мөнгө нь Хятадын Засгийн газраар дамжин түүний хуучин баг болох Шанхайн Акулууд, Хятадын Сагсан бмөбөгийн холбоонд очдогийг өнөөг хүртэл хэн ч “илрүүлээгүй” байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар түүний орлогын 30 орчим хувь нь Бээжинд очдог гэдэг.
Одоо Яо Хьюстонд өөрийн тохилог байшиндаа тайван амьдардаг. Түүний эцэг эх байнга ирж хүүгээ халамжилдаг. Тэгээд ч Яо бол айлын ганц хүүхэд. 1980 оны 9-р сарын 12-нд Шанхайд төрсөн. 2.3 метр өндөртэй Яогийн ээж нь 191 см өндөртэй бөгөөд хятадын үндэсний шигшээ багийн ахлагч байсан. Харин аав нь 2 метр гаруй өндөр, мөн л Шанхайн сагсаг бөмбөгийн багийн тамирчин байсан хүн. Яогийн найз бүсгүй нь 1.9 метр гаруй өндөр, Шанхайн сагсан бөмбөгийн баг, хятадын үндэсний шигшээ багийн тамирчин, мөн Яо шиг 11 номертой тоглодог тоглогч бий.
Тэр Toyota маркийн тэвштэй жип машинаас гадна өөрөө захиалан хийлгэсэн ардаа суудалгүй BMW-745-г унадаг. Түүний англи хэл сайжирч байгаа ч өнөөг хүртэл орчуулагчтай явахыг илүүд үздэг. Хэрэв Яо ямар нэгэн зүйлийг ойлгохгүй бол үргэлж баруун талд нь явж байдаг 30 настай орчуулагч залууруугаа зөөлөн ёвроход л болно.

Яо одоо аварга гэсэн цолыг зүүхээр зүтгэж байна.
Хьюстон Рокетст Яо ирснээс хойш Рокетсийн ивээн тэтгэлгээс ордог орлого 300%-иар нэмэгдсэн. Зарим томоохон компаниуд ивээн тэтгэлгийнхээ хэмжээг бүр 40 орчим хувиар нэмэгдүүлсэн бөгөөд Рокетсийн түүхэнд анх удаа 18.500 ширхэг тоглолтын суудлын билет худалдаалагдсан.

Эх сурвалж: http://batmunkh.blogmn.net


2 comments:

Naranbat said...

Манайхан бас хүмүүсээ ингэж ашиглах ёстой юм. жишээлхэд Японы зах зээлд брэнд бүтээгдхүүнээ гаргахдаа бөхчүүдээ ашиглаж болно. Гэхдээ болж өгвөл од болсон хойно нь биш өмнө нь олоод авбал сайн,

алтаргана said...

тийш дээ, Яо Минээс сайн тоглогчид зөндөө бий, гэхдээ тэр илүү алдартай нь үнэн. Тэр хятаддаа байсан бол мэдээж ийм дэлхийн хэмжээний хүн болтол хугацаа хэрэгтэй л байсан байх.Дэвид Бэкхэм бас л бизнэст хөл тавьсан. Америкийн зах зээл аргагүй том л даа

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008