Wednesday, October 14, 2009

Бизнесийн талаарх ойлголт ба түүний хамрах хүрээ


Хэрэв бид "бизнес"-ийн талаарх ойлголтыг өргөн утгаар нь авч үзвэл энэ нь аз туршсан бизнесийн үйл ажиллагаа юм. Практик туршлагаас харахад хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, төсөл, хөтөлбөр нь "бизнес" гэдэг утгаараа шинэ санаа, төлөвлөлт, хэрэгжүүлэлт, амжилттай төгсгөл, үр дүн гэсэн 5 үндсэн үе шат дамждаг байна.

Хэрэв та эдгээр алхам бүрийг өдөр тутмын амьдралдаа системтэйгээр мөрддөг бол та "бизнес"-ийн харилцаанд орсон хүн юм. "Бизнес"-ийн талаарх ойлголтыг судалснаар бидний дийлэнх нь энэ чиглэлээрх ажил хэргийн харилцаанд оролцогч болохоо ойлгож авна. Хэрвээ ажил хэргийн харилцаанд нэг хэлбэрээр оролцож, өдөр тутмын тулгамдсан асуудлаа шийдвэрлэж чаддаг хүнийг энэ талаарх ажил хэргийн харилцаанд ороогүй хүнтэй харьцуулахад тэд ямагт бэрхшээл болон асуудалтай тулгардаг байна. Аливаа асуудалд ажил хэрэгч хандах нь танд бие хүний чинь хувьд олон нааштай өөрчлөлтийг авч ирэх төдийгүй, таныг гэр бүл, нийгэм, хамт олныхоо дунд нэр хүндтэй хүн болоход тус болдог.

Асуудалд системтэй, ажил хэрэгч хандах нь таны амьдралд зорилгодоо хүрэн олон боломжийг олгодог. Ажил хэрэгч байдал нь асуудлыг давж гарахад туслах төдийгүй тулгамдсан чухал сорилтыг шийдвэрлэх үед өөрийн зөв шийдвэрийг гаргахад тань тусална.

"Ажил хэрэгч" хүн болоход тань...
Эрч хүч
Хөдөлмөрч, хичээнгүй бас ухаантай байх нь ажил хэрэгч хүний гол чанар юм. Аливаа үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад тулгамдаж байгаа бэрхшээлийг зөв шийдвэрлэх, амжилттай дуусгах биеийн болоод ухааны эрч хүчтэй байх нь чухал юм. Энэ эрч хүчийг өөртөө бий болгохын тулд өөрийн бие мах бодь, харах, сонсох, хүртэх, үнэрлэх мэдрэхүйгээ тулгамдсан асуудалд бэлэн байхаар зөв удирдах хэрэгтэй. Нөгөө талаас бие бялдрын дасгал сургууль, эрүүл хооллолтыг өдөр тутмынхаа амьдралд мөрдлөг болгосноор эрүүр чийрэг бие бялдартай иргэн байх нь чухал юм.

Амжилтанд хүрэх эрмэлзэл
Танд амжилтанд хүрэх хүсэл тэмүүлэл байх хэрэгтэй. Асуудалд хандах таны ажил хэрэгч хандлага тодорхой үр дүнд хүрэх тэмүүллийг бий болгодог. Энэ тэмүүлэл нь танаас жирийн хүмүүсээс илүү их шаргуу хөдөлмөрийг шаардаж болно.

Зорилготой байх
Үйл ажиллагааг төлөвлөсөн цаг хугацаанд өндөр үр ашигтай хэрэгжүүлэх зорилготой байх нь чухал. Үр дүнг тооцох, цаг хугацааны зөв менежмент танд маш хэрэгтэй. Амжилтанд хүрэх зорилтуудаа тодорхойлж авах нь танд тус болно.

Бусдаас суралцах чадвар
Та өөрөө нөлөөлөхийг хүсэж байгаа хувь хүн болон хамт олны байранд өөрийгөө орлуулан тавиад үз. Мэдээж та тэдний ямар бодолтой байгааг ойлгохыг хүсэж байгаа. Иймд бусдын байр суурин дээр өөрийгөө тавьж асуудалд хандах чадвартай байх хэрэгтэй. Энэ нь ажил хэрэг явуулах үед хэрэглэгч, үйлчлүүлэгч юу хүсэж байгааг төсөөлөх чадварыг хэлж байна.

Авхаалж самбаа /манлайлал/
Бизнес эрхлэхэд шаардагдах хувь хүний манлайлал, бусдыг дагуулах урлаг танд хэрэгтэй. Нөөцийг тодорхойлох, бүрдүүлэх, үр ашигтай хуваарилах ур чадвар нь ажил хэргийг явуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Төлөвлөх
Ажил хэргийг амжилттай явуулах дүр зургийг гаргахын тулд үйл ажиллагааг ямар зорилгоор хийж байгаа, юу хийх, ямар аргаар хийх, хэн үүнийг хийх, хэзээ үүнийг хийхийг тодорхойлсон төлөвлөгөөг зайлшгүй цаасан дээр буулгана. Төлөвлөгөөтэй болсноор энэ нь нөхцөл байдлыг ойлгомжтой болгож ажил хэргийг эхлүүлэх, эс эхлүүлэхийг хэлж өгдөг. Эрсдэлтэй, аз туршсан бизнесийн үйл ажиллагаанд төлөвлөгөө гаргах нь ирээдүйн ашиг орлого, алдагдлыг тооцох хэмжүүр болдог.

Эрсдэлийг хүлээх
Эхэл!, Бизнесийнхээ ажиллагааг эхэл!, Үүнд заавал шийдвэр гардаг. Иймд бүхий л явуулах гэж байгаа үйл ажиллагааг эхлэхээс өмнө эрсдэлийг зайлшгүй урьдчилан тооцсон байхыг шаарддаг. Ингэж чадвал ажил хэргээ хугацаанд нь амжилттай, үр дүнтэй явуулж чадна. Жирийн хүнээс ажил хэрэгч хүний ялгагдах нэг онцлог бол тэд хамгийн түрүүнд эрсдлээ тооцдогоороо ялгаатай юм. Амжилт бол зөв шийдвэрийг зөв цаг хугацаанд гаргаснаар эхэлдэг.

Шинийг эрэлхийлэгч
Ажил хэрэгч хүний бусдаас ялгарах өөр нэг чанар бол ажил хэргийг илүү үр дүнтэй явуулах шинэ санааг эрэлхийлэгч байдаг. Хувь хүний шинэ санаа, төсөөлөл, түүнд хандах хандлага нь өөрийн хэрэгцээг хангах явцдаа хүрээлэн байгаа орчноо өөрчлөхөд нөлөөлдөг. Төрөл бүрийн салбарын, янз бүрийн мэдээлэлтэй байх нь шинийг сэдэгч хүнд чухал асуудал бөгөөд шинээр мэдлэг, мэдээлэл олж авах явцдаа шинэ санааг олж авдаг нь ийм төрлийн хүмүүсийн үндсэн хэв шинж юм.

Чадвар
Ажил хэрэгч хүмүүс өөрийн үйл ажиллагааг эрхлэх ноу-хау буюу тухайн ажлыг гүйцэтгэх чадвартай байдаг. Ийм төрлийн хүмүүсийн ихэнх нь өөрийн бизнест амжилт авчрах мэдлэг, чадвар, амьдралын туршлагатай байдаг. Ийм ч учраас өөрийнхөө аж ахуй эрхлэх дадлага, чадварыг үнэлэх чадвар танд зайлшгүй байх шаардлагатай. Үүнээс гадна авьяас, ур чадварыг хөсөрдүүлэхгүйн тулд байнга өөрийн үйл ажиллагаандаа ашиглаж, туршиж байх хэрэгтэй.

Тэсвэр хатуужил
Аж ахуй эрхлэх гэж байгаа хүн тулгарах саад бэрхшээлд бэлэн байх хэрэгтэй. Эмэгтэй бизнес эрхлэгчид тулгарах бэрхшээлд мохох сөрөг хандлага ажиглагддаг тул тэднээс нэмэлт хатуужил тэвчээр шаардана. Өөрийн аж ахуйг хүссэн хэмжээндээ амжилттай эрхлэн явуулахад тулгарсан бэрхшээлийн өмнө цөхрөнгүй тэмцэх хатуужил танд юу юунаас илүү чухал. Тэвчээр, хатуужил, итгэл нь тулгарч байгаа бодит болон сэтгэл зүйн бэрхшээлийг амжилттай давж гарах үндэс юм.

Бизнесийн төрөл
Хүмүүс өөрийн тэмүүлэл, эрэлт хэрэгцээний дагуу төрөл бүрийн сонирхолд хөтлөгдөж байдаг. Аж ахуй эрхлэх хүн энэ хүсэл тэмүүлэл, эрэлт хэрэгцээний үр дүнд бий болсон сонирхлоо хангахын тулд сонирхсон аж ахуйгаа сэтгэл ханамжтай байгуулах зорилготой байдаг. Амжилттай байгуулсан аж ахуй бүр хүнд өөрт нь сэтгэл ханамжийн шагнал авчирдаг. Аж ахуйн төрөл, загварыг гаргахын тулд энэ нь хувийн болон төрийн өмчийн, албан болон албан бус, хувь хүний эсвэл бүлэг хамт олны, орон нутгийн болон олон улсын, том болон жижиг, бизнесийн болон нийгмийн, үйлдвэрлэлийн болон үйлчилгээний алин болохыг тодорхойлдог. Аж ахуйн төрөл хэлбэрээс үл хамаарч тулгарч байгаа бэрхшээлийг хэрхэн давж гарах шийдвэрийг зөв гаргах нь байгууллагыг амжилтанд хүргэж боломж өгдөг. Байгууллага хоорондын гол ялгаа нь амжилт, түүнээс хүртэх сэтгэл ханамж, үр дүнгээр хэмжигдэнэ. Ашгийн байгууллага ашиг олдог бол ашгийн бус байгууллагууд биеийн болоод сэтгэл зүйн амжилт ололтыг чухалчилдаг. Иймээс ажил хэрэгч хүмүүс өөрийн хэрэгцээ сонирхолд нийцсэн ажлыг л сонгодог. Тодорхой хэсэг аж ахуй бусад аж ахуйн нэгж байгууллагын оршин тогтнох хэрэгцээг хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Нэг аж ахуйн бүтээгдэхүүн бусад аж ахуйн нэгж байгууллагын хэрэгцээнд хэрэглэгдэж улмаар нийгмийг бүхэлд нь мөнгөн хөрөнгийн хөдөлгөөнд оруулдаг байна. Хичнээн их мөнгө эргэлтэнд орж байвал нийгэм төдий чинээ баян байдаг. Байгууллагуудын харилцан хамааралтай үйл ажиллагаа нь нийгэмд төдийгүй хүмүүст маш олон боломжийг ашиглах нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Иймд ажил хэрэгч хүмүүс энэ боломжуудыг тодорхойлж дараа нь түүнийг ашигладаг байна.

Бидний хүрээлэн байгаа орчинд илүү өндөр түвшинд харилцан ашигтай ажиллаж болох ашиглагдаагүй олон тооны боломжууд оршдог бөгөөд хүн бүрт ийм боломж нээлттэй байдаг. Эргэн тойронд чинь байгаа төрөл бүрийн бизнесийн байгууллагуудыг анхааралтай судлах, хэрхэн тэдэнтэй харилцан ашигтай хамтарч ажиллах боломж байгааг зөв дүгнэх хэрэгтэй. Ингэж та чадах зүйлээ, өөртөө байгаа тэр л чадвараар амжилттай хэрэгжүүлэхээр ажилладаг.

1 comments:

Anonymous said...

sonirholtoi bailaa. bayarlalaa. biznet-d eniigee nemsen u. eh survalj ni ooroo yu te

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008